A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, БАТАЛГААНЫ ТУХАЙ

1996 оны 2 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 44

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удмрдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Аймгийн Засаг даргыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь дараахь нөхцөл, баталгаагаар хангаж байхаар тогтоосугай:

а/албан тушаалын автомашин хэрэглүүлэх;

б/холбооны хэрэгсэлтэй байлгах;

в/төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд тохируулан Улсын Их Хурлаас тогтоосон цалин, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох;

г/албан хэргээр гадаадад зорчиход нь дипломат ангиллын паспорт олгож байх;

д/гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд Ерөнхий сайдын зөвшөөрөлгүйгээр цагдан хорих, гэр орон, уналга, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглох; /Энэ хэсгийг Засгийн газрын 1996 оны 65 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

е/гэмт хэрэг үйлдэж огцорсноос бусад үндэслэлээр бүрэн эрхийн нь хугацаа дуусгавар болоход түүнийг Засаг даргаар томилогдохоос өмнөх ажилд нь эргүүлэн ажиллуулах буюу тийм боломжгүй бол тухайн жилд амьдралын түвшинг бууруулахгүй байх арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газар авах;

ж/бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон захидал харилцааны нууцыг задруулахгүй байх.

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлийн а, б, в, е хэсэгт заасан арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тухайн аймгийн төсвөөс гаргаж байхаар тогтоосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын шадар сайд Л.ЭНЭБИШ