- Нүүр
- Дүгнэлт
- Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
1
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар 05
Улаанбаатар хот
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонго, Г.Туулхүү /илтгэгч/, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Ж.Батмөнх оролцов. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцоогүй бөгөөд биечлэн оролцох хүсэлт ирүүлээгүй болно.
Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалт болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 3, 5, 6, Тавин нэгдүгээр зүйлийн 2, Тавин зургадугаар зүйлийн 2, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Ж.Батмөнх Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл болон нэмэлт шаардлагыг ирүүлжээ. Үүнд:
"Монгол Улсын төрийн байгуулал нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүх гэсэн төрийн эрх мэдлийн институцид хуваагддаг. Төрийн эрх мэдэл хуваарилах энэхүү зарчмын зорилго нь төрийн эрх мэдлийг засаглалын салаанд хуваарилж, тэдгээр нь бие биедээ харилцан хяналт тавих, тэнцвэрт байдлыг хангахад оршино.
Нөгөөтээгүүр Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг хязгаарлаж, халдаж болохгүй. Гэтэл Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг батлахдаа Ерөнхийлөгчийн бүрэн эрх болон шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдалд халдсан.
Тодруулбал, уг хуулийн 29 дүгээр зүйлийн холбогдох заалтад Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг томилох, Улсын дээд шүүхийн шүүгчтэй танилцахдаа нэр дэвшигчийн сонсгол хийхээр заасан байгаа нь төрийн эрх мэдлийн хяналт харилцан тэнцвэрээ алдах, нэг талын бүрэн эрхэд халдаж, нөлөөлөхөөр байна.
1.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчид дотроосоо сонгосон болон нээлттэй нэр дэвшсэн гишүүдийг Монгол Улсын Их Хурал томилохоор заасан. Гэтэл нэр дэвшигчийн сонсгол хийж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах Шүүхийн ерөнхий зөвлөлийн зорилгод үл нийцсэн, нөлөөлөхүйц оролдлого юм.
Мөн Шүүхийн сахилгын хорооны шүүгчид дотроосоо сонгосон болон нээлттэй нэр дэвшсэн гишүүдийг томилохдоо нээлттэй сонсгол хийж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын шийтгэл ногдуулах Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрхэд халдсан, нөлөөлж болохуйц үйлдэл юм.
Иймд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "… Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, …," гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, 3, 5, 6, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна.
2.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүх санал болгосноор Улсын Их Хурал томилно. Гэтэл Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхийн санал болгож байгаа хүмүүст нэр дэвшигчийн сонсгол хийж байгаа нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч болон Улсын дээд шүүхийн нэр дэвшүүлэх бүрэн эрхэд шууд халдсан үйлдэл юм. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, аливаа байгууллага, албан тушаалтнаас хараат бус байхаар зохицуулсан. Тиймээс нэр дэвшигчийн сонсгол хийх нэрийдлээр Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдалд нөлөөлөх боломж байсаар байна.
Угтаа бол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх нь тодорхой шалгуур, үндэслэлээр сонгон авч санал болгож байгаа тул Монгол Улсын Их Хурал томилох эсэхийг шийдвэрлэх ёстой.
Мөн хуулийн дээрх зохицуулалттай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... нэр дэвшигчийн сонсгол хийж ..." гэж оруулсан нэмэлтийг болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "… энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. … нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш … тухайн тайлан, эрх бүхий этгээдийн ... Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана." гэсэн өөрчлөлт оруулсан байгаа нь дээрх байдлаар Үндсэн хуулиар тогтоосон эрх бүхий этгээдийн бүрэн эрхийг зөрчсөн байна.
3.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Монгол Улсын Их Хуралд танилцуулах болохоос биш нэр дэвшигчийн сонсгол хийх талаар заагаагүй. Гэтэл Монгол Улсын Их Хурал бас л нэр дэвшигчийн сонсгол хийх нэрийдлээр танилцуулсан хүмүүсийг буцаах оролдлого хийх боломжтой болоод байна.
Дээрхээс дүгнэвэл Монгол Улсын Их Хурал нь шүүх эрх мэдлийн байгууллага, түүний гишүүдийг санал болгосон байгууллагын бүрэн эрхэд халдаж, сонсгол хийх зохицуулалтыг "зөвшөөрөл" гэсэн агуулгаар харж, өөрөөсөө хараат байлгах, дангаар ноёрхох гэсэн зорилго бүхий хууль баталсан гэж үзэж байна. Ингэснээр шүүх эрх мэдэл нь хууль тогтоох эрх мэдлийн хууль бус ажиллагааг хянах бус хянуулах эрсдэл үүссэн байна.
Үүнээс үзэхэд, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …", 29.1.2 дахь заалтад "… эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол." гэж заасан нь, түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "… нэр дэвшигчийн сонсгол хийж …", Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн "... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, ... Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана." гэж тус тус хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, 3, 5, 6, Тавин нэгдүгээр зүйлийн 2, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчжээ.
4.Мөн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "… Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, …" гэж зааж үүнтэй уялдуулан Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт "… томилгооны сонсгол хийж …", мөн зүйлийн 21.2 дахь хэсэгт "… томилгооны сонсгол хийж …" гэж хуульчилжээ. Ийнхүү нэр дэвшигчийн сонсгол явуулахаар зохицуулсан нь Авлигатай тэмцэх газрын нэгдмэл удирдлагыг саармагжуулах, бие даасан, хараат бус байх зарчимд нь гаднын хэн нэгэн иргэн болон албан тушаалтны зүгээс нөлөөлөх боломжийг олгох, улмаар үүрэг чиглэл өгөх, амлалт авхуулах зэргээр томилогдсон нөхцөлд цаашид хуулийн дагуу хэвийн үйл ажиллагаагаа ханган ажиллахад сөрөг нөлөө үзүүлэх оролдлого хийх боломжтой байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэснийг зөрчсөн байна. Иймд дээрх шаардлагад дурдсан зохицуулалтуудыг түдгэлзүүлж өгнө үү." гэжээ.
Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
"1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгооны сонсголын тухайд, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.", Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална." гэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын үндсэн зорилт ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино." гэж заасан. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтад "хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;" гэж заасны дагуу Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх тогтолцоо, зорилго, зарчим, арга хэлбэрийг хуульчилж Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан.
Уг хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагаанд тавих Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах бөгөөд энэ хуулийн 29 дүгээр зүйлээр эрх бүхий этгээдээс хуульд заасны дагуу санал болгосон нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлаас "Нэр дэвшигчийн сонсгол" явуулах харилцааг зохицуулдаг. Эдгээр нэр дэвшигчдэд Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон хуульд заасан бусад этгээд хамаардаг бөгөөд сонсголыг зохион байгуулахдаа Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан тохиолдолд нэр дэвшигчийн сонсгол явуулахаар хуульд тусгайлан заасан, эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилохдоо хуульд заасны дагуу томилгооны сонсголыг явуулахаар хуульчилсан.
Улсын Их Хурал хяналт шалгалтын бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд дээрх томилгооны сонсголыг зохион байгуулахын гол ач холбогдлыг хууль тогтоогч үзэхдээ нэр дэвшигч этгээд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, мэдлэг, ур чадвар, ёс зүй, хуулиар тусгайлан заасан шаардлагыг хангаж буй эсэхийг олон нийтийн өмнө нээлттэй хэлэлцэж, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, бусад баримт мэдээлэлтэй бүрэн дүүрэн танилцаж, сонсголын үеэр нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч хэлэлцсэнээр шийдвэр гаргахад бодитой үр дүнтэй гэж үзсэн.
Нөгөө талаар нэгэнт хуулиар нээлттэй сонсгол явуулах зарчмаар томилгоо хийх нөхцөл бүрдсэн тохиолдолд нэр дэвшигчийн шаардлага хангаагүй, урьд өмнө эрхэлж байсан ажил мэргэжил, мэргэшлээрээ салбар, байгууллага, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй, ёс зүйн доголдолтой этгээд нэрээ дэвшүүлэх эрсдэл байхгүй болно.
Парламентын нээлттэй сонсгол бол Улсын Их Хурал хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой, олон нийтийн оролцоотой механизм бөгөөд мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргахдаа ашиглахаас гадна нэр дэвшигчийн талаарх олон нийтийн санаа бодол, тухайн нэр дэвшигчийг дэмжиж байгаа эсэхийг харахад гол хэрэглүүр болгодог.
Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд томилгооны сонсгол зохион байгуулахаар хуульчилснаар парламент Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох бүрэн эрхээ хэвээр хадгалахын зэрэгцээ нээлттэй сонсголоор дамжуулан ард түмний засаглах эрхийг хэрэгжүүлж, ардчиллын легитим шинжийг хангах давуу нөхцөл байдал бий болсон.
2.Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний нэр дэвшигчийн сонсголын тухайд, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд тавих шаардлага, хэрхэн томилох журмыг хуулиар тогтоохоор заасан. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг шүүхээс бусад институцийн тэнцвэртэй оролцоог хангаж нээлттэй нэр дэвшүүлэн сонгон шалгаруулж, томилох талаар үндэслэл бүхий бодлогын хувилбаруудаас сонголт хийж хуульчлах нь Монгол Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа нээлттэй, ил тод байж, олон нийтийн төлөөллийн байгууллагын оролцоог хангаснаар сонгон шалгаруулалт болон томилгоонд аливаа зүй бус нөлөөллийг хаана гэж хууль тогтоогч үзсэн бөгөөд энэ агуулгын хүрээнд эрх бүхий этгээдээс хуульд заасны дагуу санал болгосон нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан тохиолдолд тухайн нэр дэвшигчийн талаар танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд тусгасан.
Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшсэн иргэнийг Монгол Улсын Их Хурал шууд томилохгүй буюу Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан Ажлын хэсэг хамгийн сайн шаардлага хангасан хүнийг олон нийтэд нээлттэй, ил тодоор сонгон шалгаруулж, Улсын Их Хуралд санал болгон нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, мөн цаашлаад Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан тохиолдолд Улсын Их Хурлын танилцах болон зөвшилцөх нэр дэвшигчийн сонсгол явуулах юм. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцнэ гэж хууль тогтоогч үзсэн.
Нөгөөтээгүүр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг Улсын Их Хурал томилох нь асуудлыг үзэмжээрээ шийднэ гэсэн үг биш бөгөөд Улсын Их Хурлын дур зоргыг хязгаарласан зохицуулалтыг олон улсын сайн туршлагад үндэслэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд хуульчилсан. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэх болон хуульчдаас шүүгчийг шилж олох, сонгон шалгаруулж шүүгчээр томилуулах санал гаргах процессыг бүхэлд нь харвал аль нэг институци зүй бусаар илүү эрхтэй оролцох эрсдэлийг бууруулж, институцуудыг тэнцвэртэй оролцох нөхцөлийг бүрдүүлсэн.
Иймд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн ... ", мөн зүйлийн 29.1.2 дахь заалтын "… эсхүл Улсын Их Хурал ... танилцах, зөвшилцөх, ... сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, 3, 5, 6, Тавин нэгдүгээр зүйлийн 2, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй гэж үзэж байна.
3.Мэдээллийн нэмэлт шаардлагын тухайд, хууль тогтоогч энэхүү нээлттэй сонсголыг зохион байгуулахдаа баримтлах дэгийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиас гадна Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн зохицуулалтаар тодорхойлсон.
Мөн үүнтэй холбогдуулан холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ийнхүү нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахаар хуульчилснаар парламент хуульд заасан нэр дэвшигчдийг томилох бүрэн эрхээ хэвээр хадгалахын зэрэгцээ нээлттэй сонсголоор дамжуулан ард түмний засаглах эрхийг хэрэгжүүлж, ардчиллын легитим шинжийг хангах давуу нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна.
4.Монгол Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тус байгууллагын даргыг Монгол Улсын Ерөнхий сайдын санал болгосноор, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор томилгооны сонсголд оролцуулж, томилдог шинэ жишгийг тогтоосон. Ийнхүү Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилохдоо нэр дэвшигчийн томилгооны сонсгол зохион байгуулж энэхүү нээлттэй сонсгол нь иргэд, олон нийтийн оролцоог хангах, нээлттэй ил тод сонсгол байхын чухал ач холбогдлыг нотолсон билээ.
Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтнуудыг томилохдоо сонсгол хийхгүйгээр томилдог байсан өмнөх практикт тухайн нэр дэвшигчийг нэр дэвшүүлсэн бол заавал томилогддог байсан буруу жишгийг халсан. Өөрөөр хэлбэл, тухайн нэр дэвшигч нь хуульд заасан болзол, шалгуурыг хангаж байгаа эсэх, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, эрхэлж байсан ажил, албан тушаал, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх зэрэг мэдээлэлтэй огт танилцахгүйгээр томилогддог байсныг халсан явдал юм.
Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн "... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна.", хоёр дахь өгүүлбэрийн " ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, эрх бүхий этгээдийн ..." гэсэн нь, төгсгөлийн "Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана." гэсэн нь, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.1, 29.1.2 дахь заалтын "... Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, ..." гэсэн нь, мөн Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн " ... томилгооны сонсгол хийж ..." гэсэн нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж энэхүү тайлбарыг хүргүүлж байна." гэжээ.
Гурав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад мэдээлэл гаргагч, иргэн Ж.Батмөнх Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтын "танилцах, зөвшилцөх" гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно." гэж заасныг мөн зөрчсөн байна гэж мэдээллийн шаардлагаа нэмэгдүүлж, холбогдох тайлбарыг хийсэн болно.
1.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. … Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.", мөн зүйлийн 6 дахь хэсэгт "Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно." гэж заасан.
Энэхүү зохицуулалтын дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэгт Улсын Их Хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг тодорхой журмаар нээлттэйгээр нэр дэвшүүлж, томилгооны сонсгол явуулахаар заасан байх бөгөөд мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт "Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож, Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. ..." гэж тусгайлан зааж, Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг тус хуулийн 77 дугаар зүйлийн холбогдох заалтад зааснаар нээлттэй нэр дэвшүүлж томилгооны сонсгол явуулан томилохоор хуульчилжээ.
Ийнхүү Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсгол хийхээр хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан зохицуулалтын дагуу нэр дэвшүүлж томилох ажиллагаа нь нээлттэй байх үзэл баримтлалд нийцсэн байх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зохицуулалттай уялдаатай байх тул Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна.
2.Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Авлигатай тэмцэх газрыг авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага гэж тодорхойлжээ. Мөн тухайн байгууллагын бүтэц, орон тоог батлах; түүнчлэн өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн шийдвэрлэх; Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг холбогдох журмын дагуу томилох, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлэхээр уг хуулийн 15, 17, 21, 22 дугаар зүйлд тус тус хуульчилсан байна.
Үүнээс үзэхэд төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч тухайн байгууллагын холбогдох албан тушаалтанд тавигдах шалгуур, болзлыг нарийвчлан тодорхойлж, нэр дэвшүүлэн томилох журмыг хуульчлан тогтоох нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байна. Иймд Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт "… томилгооны сонсгол хийж …" гэж тус тус заасан нь, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "… Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, …" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна.
3.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.", мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.", Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно." гэж заасан.
Мөн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.", Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар ... Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно." гэж тус тус тогтоожээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн эдгээр зохицуулалт нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч дээд байгууллагуудын бие даасан, хараат бус байдлын баталгааг бүрдүүлсэн байх бөгөөд Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэгч болон шүүх эрх мэдлийн холбогдох албан тушаалд нэр дэвшүүлэх, томилох байгууллага, албан тушаалтныг Үндсэн хуулийн түвшинд тодорхойлон хуульчилсан гэж үзэхээр байна.
4.Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэн санал болгох онцгой бүрэн эрхийг Үндсэн хуулиар тодорхойлж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх зэрэг эрх бүхий этгээдэд олгосон байхад ердийн хуулиар буюу Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилуулахаар санал болгосон нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлаас томилгооны сонсгол хийхээр зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан заалтад заасан бүрэн эрхийг хөндөж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон тухайн институтийн бие даасан, хараат бус байдлын баталгааг алдагдуулах үндэслэлтэй байна.
Тодруулбал, Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх болон холбогдох эрх бүхий этгээд нь нэгэнт сонгон шалгаруулалт хийж нэр дэвшүүлэн санал болгож байхад дээрх зохицуулалтаар тухайн бүрэн эрхэд нь хөндлөнгөөс нөлөөлөх, шууд бусаар халдах боломжийг олгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна.
5.Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг /мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалт/ баталсантай уялдуулж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт нэр дэвшигчийн сонсгол хийхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулсан нь дээр дурдсан үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
6.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтад танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол явуулахаар заасан нь агуулгын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар ... Ерөнхийлөгч томилно. ..." гэсэн заалтад нийцэхгүй байна.
Тухайлбал, уг зохицуулалтын дагуу тодорхой тооны Улсын Их Хурлын гишүүний саналаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчид холбогдуулан сонсгол хийж болох эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа нь Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулж танилцуулах эрх бүхий этгээд болон улмаар тэднийг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар тодорхойлсон бүрэн эрхийг хязгаарлаж хөндлөнгөөс шууд бусаар нөлөөлөх боломжийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.
Мөн дээрх зохицуулалтад "зөвшилцөх" гэж тусгасан нь Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч томилох талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтад харшилж байна.
7.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн заалтууд нь нийтлэг агуулгатай буюу анх болон дахин томилогдож байгаа аль ч нэр дэвшигчид хамаарах ерөнхий утгыг илэрхийлсэн зохицуулалт байна.
Энэ нь маргаан бүхий зохицуулалтын хүрээнд авч үзвэл эрх бүхий этгээд Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох албан тушаалд өмнө томилогдсон хүнийг дахин нэр дэвшүүлэн санал болгох тохиолдолд дахин томилгооны сонсгол хийх үр дагаврыг үүсгэж байх бөгөөд улмаар тухайн албан тушаалтны өмнөх бүрэн эрхийн хугацаанд гаргасан шийдвэр, үйл ажиллагаа /хамтын зарчмаар гаргасан эсэхээс үл хамааран/-г шүүн хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт хийх боломжийг бүрдүүлж, хуулиар баталгаажсан хараат бус байдлын зарчмыг алдагдуулах нөхцөлийг үүсгэсэн гэж үзэхээр байна.
Иймд дээрх зохицуулалтыг боловсронгуй болгож тухайн албан тушаалын онцлогтой холбогдуулан анх болон дахин томилогдохтой холбоотой зохицуулалтыг нарийвчлан хуульчлах шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ:
1.Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …", Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "… нэр дэвшигчийн сонсгол хийж … ", Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, ... Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.", 3 дахь хэсгийн "Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.", Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно." гэснийг тус тус зөрчсөн байна.
2.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтад "… эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол." гэж заасны "… танилцах, зөвшилцөх, ... танилцах, зөвшилцөх, ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.", Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар ... Ерөнхийлөгч томилно. ...", Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно." гэснийг тус тус зөрчсөн байна.
3.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "… Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, …" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, 3, 5, 6, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй байна.
4.Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт "… томилгооны сонсгол хийж …" гэж тус тус заасан нь, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "… Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга …" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.
5.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …", 29.1.2 дахь заалтад "… танилцах, зөвшилцөх, ... танилцах, зөвшилцөх, ..." гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "… нэр дэвшигчийн сонсгол хийж … " гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, ... Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана." гэж тус тус заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
6.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
Текст томруулах
A
A
A