A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
ОЛОН УЛСЫН БОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖААР ЗОРЧИЖ БАЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/226 дугаар тушаалын хавсралт

ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1.  Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам, замын байгууламж ашигласны төлбөр (цаашид "авто зам ашигласны төлбөр" гэх) авахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

1.2.  Авто зам ашигласны төлбөрийн орлогыг улсын авто замын санд төвлөрүүлж, Авто замын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 24.4, 24.5-д заасны дагуу зарцуулна.

 

1.3.  Тусгай зориулалтын авто замаар зорчиж буй тусгай зориулалтаас бусад тээврийн хэрэгслээс авах төлбөр нь Засгийн газраас тогтоосон олон улс, улсын чанартай авто замд авах төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй байна.

 

1.4.  Авто зам ашигласны төлбөр авах үйл ажиллагааг авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага (цаашид "Зам, тээврийн хөгжлийн төв" гэх) зохион байгуулж хэрэгжүүлнэ.

 

Хоёр. Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагаанд тавигдах шаардлага

 

2.1. Авто зам ашигласны төлбөр авахдаа тээврийн хэрэгслийн төрөл, ангилал, бүх жинг харгалзан Засгийн газраас тогтоосон төлбөрийн хэмжээг баримтална.

 

2.2.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан албан үүргээ гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тээврийн хэрэгсэл төлбөр төлөхөөс чөлөөлөгдөнө. Мөн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд үйл ажиллагааг явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, Улаанбаатар хот-"Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын чиглэлд баталсан цагийн хуваарийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа автобус, Нийслэлийн дүүрэг, аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлаж байгаа төлбөр авах цэгийн гадна талд байрлах тухайн дүүрэг, хороо, багт ажиллаж, амьдардаг иргэний холбогдох баримтыг /иргэний үнэмлэх, гэрээ, ажлын үнэмлэх/ үндэслэн тухайн төлбөр авах цэгээр өнгөрөхөд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлж болно. Эдгээрийг нэгдсэн жагсаалт (цаашид "цагаан жагсаалт" гэх)-д бүртгэж авна. Цагаан жагсаалтыг Зам, тээврийн хөгжлийн төв баталж, мөрдүүлнэ.

2.3. Энэ журмын 2.2 зааснаас бусад бүх тээврийн хэрэгсэл авто зам ашигласны төлбөр төлнө.

2.4. Авто зам ашигласны төлбөр авах үйл ажиллагааг төлбөр авах цэгт (цаашид "төлбөр авах цэг" гэх) зохион байгуулна.

2.5. Авто зам ашигласны төлбөр авах үйл ажиллагааг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хэрэгжүүлэх ба байгалийн гамшиг, осол сүйрэл, давагдашгүй хүчин зүйлийн нөлөө үүссэн нөхцөлд гарцыг яаралтай чөлөөлж, тээврийн хэрэгслийг саадгүй өнгөрүүлж, үүссэн нөхцөл байдлаас гарах, сэргээн босгох үйл ажиллагааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зохион байгуулна.

2.6. Бэлэн мөнгөөр төлбөр төлөхөд авто зам ашигласны төлбөрийн хэмжээг заасан баримтыг төлбөр төлөгчдөд олгоно. Төлбөр төлсөн тухай баримтад төлбөр авах цэгийн нэр, төлбөрийн хэмжээ, огноо, цаг хугацааг тусгасан байна. Цахимаар төлбөр төлсөн тохиолдолд тухайн хүнд цахимаар мэдээлнэ.

2.7. Авто зам ашигласны төлбөр авах цэг нь "Авто замын төлбөр хураах цэг" MNS6592:2016 стандартын дагуу шаардлагатай техник, тоног төхөөрөмж, тэмдэг тэмдэглэлээр тоноглогдож, аюул осолгүй ажиллах нөхцөл боломжоор хангагдсан, камерын хяналт, дуу, дүрсний бичлэгээр баталгаажуулах боломжтой байна.

2.8. Тээврийн хэрэгсэл нь төлбөр авах цэгээр дамжин өнгөрөх бүр заавал бүртгүүлж, авто зам ашигласны төлбөрийг шууд болон дараа төлбөртэйгөөр төлнө.

2.9. Бэлэн төгрөгөөр болон банкны картаар төлбөр төлөхөд төлбөр  авах цэгийн орох хэсэгт тээврийн хэрэгслээс төлбөр авсныг нотлох баримт олгон бүртгэлжүүлнэ. Өмнөх төлбөр авах цэгт бүртгэл үүсээгүй, төлбөр төлөөгүй тохиолдолд зорчсон зам болон цааш зорчих замын төлбөрийг төлүүлж, баримт өгнө. Цахимаар төлбөр төлж байгаа тохиолдолд өмнөх төлбөр авах цэгээр өнгөрсөн тухай мэдээлэл дараагийн төлбөр авах цэгт бүртгэгдсэн байна.

2.10. Тухайн авто замаар байнга зорчиж, тээвэрлэлт хийдэг тээврийн хэрэгсэл эзэмшигчтэй гэрээ байгуулан авто зам ашигласны төлбөрийг урьдчилан төлж болно. Төлбөрийг урьдчилан төлсөн тохиолдолд 30 хүртэлх хувиар хөнгөлөлт үзүүлнэ.

2.11. Зам, тээврийн хөгжлийн төвийн ажилтан нь олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчих тээврийн хэрэгслийн тэнхлэгийн ачаалал, бодит жин, овор хэмжээ, тээвэрлэлт хийх баримт бичгийг нягтлан шалгаж, MNS4598:2020 стандартад нийцсэн эсэхийг тогтооно.

2.12. Төлбөр авах цэгээс хоёр тийш авто замын дагууд 500 метр дотор аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхгүй, зар сурталчилгааны самбар байрлуулахгүй бөгөөд төлбөр авах цэгийг тойруулан түр зам гаргахгүй.

Гурав. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

3.1. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтөлж, олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх олон улсын тээврийн хэрэгслээс төлбөр авах үйл ажиллагааг бодлого, зохицуулалтаар хангаж, төлбөрийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулна.

3.2. Төлбөртэй авто зам, замын байгууламж, төлбөр авах цэгийн байршлыг авто замын сүлжээний зурагт тэмдэглэж, мэдээлэх ажлыг зохион байгуулна.

3.3. Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь авто зам ашигласны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан нөхцөлд зам, тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх энгийн болон тусгай зөвшөөрөл авах, гэрээ байгуулах, автотээврийн хэрэгсэл эзэмшихтэй холбоотой аливаа үйлчилгээ авдаг байх бодлого баримталж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгч, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авна.

Дөрөв. "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын чиг үүрэг

4.1. Зам, тээврийн хөгжлийн төв нь олон улс, улсын чанартай авто замын тогтоосон чиглэлд төлбөр авах цэг байгуулан үйл ажиллагааг  зохион байгуулж, авто зам ашигласны төлбөр, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх олон улсын тээврийн хэрэгслээс авах төлбөрийн орлогыг улсын авто замын сангийн дансанд төвлөрүүлнэ.

4.2. Төлбөр авах цэгийн байр, автопүү, түр саатуулах зогсоолын талбайн бүрэн бүтэн байдал,  ажилчдын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг хангаж, хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчилсан мэдээллийн самбар байрлуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана.

4.3. Төлбөр авах үйл ажиллагааг цахимжуулах, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж, төлбөр авах цэгээр өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг төрөл, улсын дугаараар бүртгэж, цахим сан бүрдүүлнэ.

4.4. Төлбөр авах цэгүүдийн орлогыг дараа өдөрт багтаан улсын авто замын сангийн дансанд төвлөрүүлж, сар бүрийн тайланг тухайн сарын 25-ны өдрийн дотор Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Мөн олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх олон улсын тээврийн хэрэгслээс төлбөр авах үйл ажиллагааны орлого, зарлагын улирал, жилийн тайланг тогтоосон хугацаанд гарган холбогдох байгууллагад хүргүүлнэ.

4.5. Авто зам, замын байгууламжийн бүртгэл мэдээллийн санг эрхлэн хөтөлж, нэгдсэн санг бүрдүүлж ажиллана.

4.6. Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжаар задрах боломжгүй, овор ихтэй даац хэтэрсэн ачаа тээвэрлэхэд Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан зөвшөөрлийг олгож, төлбөр авах, олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх олон улсын тээврийн хэрэгслээс төлбөр авах үйл ажиллагааг тус тус зохион байгуулна.

Тав. Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг цахимаар авах үйл ажиллагаа

5.1. Төлбөр авах цэгээр өнгөрөх ачаатай тээврийн хэрэгслийн тэнхлэгийн ачаалал, бодит жин, овор хэмжээг нягтлан шалгаж, жолоочид баримт хэвлэж өгнө. Тус баримтад Зам, тээврийн хөгжлийн төвөөс тогтоосон загварын дагуу тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар, төлбөр авах цэгийн нэр, хэмжилт хийсэн огноо, цаг хугацаа, хэмжилтийн үр дүн зэргийг багтаасан байна.

5.2. Төлбөр авах цэгт ирсэн тээврийн хэрэгсэл гарцын өмнөх хурд сааруулах төхөөрөмжийг болгоомжтой давж, цааш хөдөлгөөнөө аажим үргэлжлүүлэх үед түүний улсын дугаар болон цахим гэрчилгээний дугаарыг таньж, уг тээврийн хэрэгсэлд хамаарах төлбөрийн мэдээллийг дэлгэцээр харуулж, мэдээллийн сан уруу илгээнэ. Хэрэв улсын дугаар, цахим гэрчилгээг таних боломжгүй тохиолдолд төлбөр авах цэгийн ажилтан гараас бүртгэж оруулна.

 

5.3. Авто зам ашигласны төлбөрийг урьдчилан төлөх, төлбөр авах цэгээр нэвтрэх үед төлөх, дараа төлөх гэсэн хувилбаруудаас зам хэрэглэгч сонгож хэрэгжүүлнэ.

 

5.4. Урьдчилан төлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ тухайн тээврийн хэрэгслийг төлбөр авах цэгээр саадгүй өнгөрүүлж, түүний эзэмшигч, өмчлөгчийн урьдчилан төлсөн төлбөрөөс хасаж тооцон төлбөрийг төлүүлнэ. Төлбөр төлсөн талаарх мэдээллийг тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчид цахимаар дамжуулан хүргэнэ.

 

5.5. Дараа төлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ төлбөрийн нэхэмжлэл үүсэх дээд хязгаараас хэтрээгүй үнийн дүн бүхий төлбөр тооцоотой тээврийн хэрэгслийг төлбөр авах цэгээр саадгүй өнгөрүүлж, түүний эзэмшигч, өмчлөгч рүү нэхэмжлэл илгээн төлбөрийн боломжит арга хэрэгсэл /Е-Mongolia, Е-баримт, Еzam.mn, бусад цахим хэтэвчүүд/-ээр дамжуулан төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авна.

 

5.6. Дараа төлөх үйл ажиллагаанд төлбөрийн нэхэмжлэл үүсэх дээд хязгаар нь Засгийн газраас тогтоосон авто зам ашигласны төлбөрийн хэмжээг 20 дахин үржүүлсэнтэй тэнцүү байна. Авто зам ашигласны төлбөрийн нэхэмжлэл үүсэх дээд хэмжээ нь хэтэрсэн тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг төлбөр авах цэг дээр саатуулж, (Е-Mongolia, Е-баримт, Ezam.mn, интернет банк, мобайл банк, Pos terminal гэх мэт) боломжит арга хэрэгслээр төлбөрийг бүрэн төлүүлэх арга хэмжээ авна.

 

5.7. Дараа төлөх төлбөрийг 30 хоногийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлнэ.

 

5.8. Автотээврийн хэрэгслийн "RFID наалт" буюу цахим гэрчилгээг өөрийн харилцах банкны данстай холбохыг зөвшөөрч авто зам ашигласны төлбөрийг шууд татан авах боломжийг бүрдүүлсэн эсхүл И-баримтын буцаан олголтоос авто зам ашигласны төлбөрийг шууд татан авах боломжийг бүрдүүлсэн тээврийн хэрэгсэл эзэмшигчид авто зам ашигласны төлбөрөөс 10 хүртэлх хувиар хөнгөлөлт үзүүлнэ.

 

5.9. Тээврийн хэрэгсэл төлбөр авах цэгээр өнгөрсөн тухай мэдээллийг нэн даруй Төрийн мэдээллийн сүлжээ (цаашид "ХУР систем" гэх) рүү илгээж, холбогдох эрх бүхий байгууллагад түгээнэ. Энэ үйл ажиллагаанд өндөр хурдны интернет эсвэл үүрэн холбооны найдвартай, тасралтгүй сүлжээ ашиглана.

 

5.10. Тээврийн хэрэгсэл "цагаан жагсаалт"-д бүртгүүлсэн тохиолдолд төлбөр авах цэгээр саадгүй өнгөрүүлж, төлбөр тооцоо үүсээгүй талаарх мэдээллийг дэлгэцээр харуулж, мэдээллийн санд илгээнэ.

 

5.11. Тээврийн хэрэгслийг таних үйл ажиллагаанд алдаа гарч төлбөр авах цэгээр нэвтрээгүй тээврийн хэрэгслээс төлбөр авсан бол энэхүү төлбөрийн хэмжээгээр Зам, тээврийн хөгжлийн төвд өглөг, алдаатай тооцуулсан тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчид авлага үүсгэнэ. Авлага, өглөгийг авто зам ашигласны төлбөрт тооцуулан ашиглаж болно. Эдгээр үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн төв байнгын хяналт тавьж, шуурхай зохицуулах арга хэмжээ авна.

Зургаа. Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжаар задрах боломжгүй, овор ихтэй ачааг даац хэтрүүлэн тээвэрлэхэд зөвшөөрөл олгож, төлбөр авах үйл ажиллагаа

 6.1. Тээвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто зам, замын байгууламж ашиглан задрах боломжгүй, овор ихтэй ачааг даац хэтрүүлэн тээвэрлэх тохиолдолд Засгийн газраас тогтоосон хэмжээгээр төлбөр төлж, холбогдох чиглэлийн дагуу зөвшөөрөл авч зорчино.

 6.2. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан зөвшөөрөл олгох байгууллага задрах боломжгүй, овор ихтэй ачааг даац хэтрүүлэн тээвэрлэх зөвшөөрлийн хүсэлтийг хүлээн авч хуулийн хугацаанд шуурхай хариу хүргүүлэх, цахим программ хангамжийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулан ажиллана.

6.3. Задрах боломжгүй, овор ихтэй ачаа тээвэрлэх зөвшөөрөл олгох маягтын загварыг Зам, тээврийн хөгжлийн төвийн захирал батална.

6.4. Тээвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж нь зөвшөөрөл авах маягтын дагуу холбогдох хүсэлтийг цаасаар болон цахимаар Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан зөвшөөрөл олгох байгууллагад хүргүүлнэ.

6.5. Задрах боломжгүй, овор ихтэй ачаа тээвэрлэх эхлэлийн цэгт ажиллаж байгаа Зам, тээврийн хөгжлийн төвийн холбогдох ажилтан нь автотээврийн хяналтын улсын байцаагч эсхүл тээврийн цагдаагийн ажилтны хамтаар уг ачаа нь задрах боломжгүй, овор ихтэй ачаа мөн эсэхийг тогтооно. Задрах боломжгүй, овор ихтэй ачаа болох нь тогтоогдсон тохиолдолд ачаатай тээврийн хэрэгслийн бодит жингийн хэмжээ болон нэг тэнхлэг дээрх ачааллын хэмжээг тогтоож, Зам, тээврийн хөгжлийн төвд мэдээллийг хүргүүлнэ.

6.6. Тээвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж нь Засгийн газраас тогтоосон даац хэтэрсэн ачаанд ноогдох төлбөрийг Авто замын сангийн дансанд төлсөн баримтыг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн төвөөс зөвшөөрлийг олгож, олон улс, улсын чанартай авто замаар тогтоосон чиглэлд тээвэр хийх зөвшөөрөл олгоно.

6.7. Энэхүү журмын 6.5-д заасан ажилтан нь үзлэг шалгалт хийж, задрах боломжтой ачаа болохыг тогтоосон, эсхүл задрах боломжгүй, овор ихтэй ачааны тэнхлэгийн ачаалал стандартаас хэтэрсэн тохиолдолд уг ачааг шаардлага хангахгүй гэж үзээд Зам, тээврийн хөгжлийн төвөөс тээвэр хийх зөвшөөрөл олгохгүй ба энэ талаар тээвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэнэ.

6.8. Зөвшөөрөл олгосон чиглэл маршрутыг зөрчсөн, зөвшөөрөл авахгүйгээр даац хэтрүүлэн тээвэрлэлт хийсэн тохиолдолд төлбөр авах цэгийн холбогдох ажилтан, автотээврийн хяналтын улсын байцаагч, тээврийн цагдаагийн ажилтан нар тээврийн хэрэгслийг төлбөр авах цэгт саатуулан Засгийн газраас тогтоосон хэмжээгээр төлбөр, торгуулийг төлүүлэх арга хэмжээ авна.

6.9. Задрах боломжгүй, овор ихтэй даац хэтэрсэн ачааны тээвэрлэлт холбогдох зөвшөөрлийн дагуу хийгдэж байгаа эсэхэд тухайн чиглэлийн зам хариуцагч байгууллага, төлбөр авах цэгийн ажилтан, авто замын болон автотээврийн хяналтын улсын байцаагч, тээврийн цагдаагийн ажилтан нар хяналт тавин ажиллана.

6.10. Задрах боломжгүй, овор ихтэй даац хэтэрсэн ачааны тээвэрлэлтэд зөвшөөрөл олгох, хяналт тавих, мэдээлэл солилцох үйл ажиллагааг цахимжуулах ажлыг Зам, тээврийн хөгжлийн төв зохион байгуулна.

Долоо. Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх олон улсын тээврийн хэрэгслээс төлбөр авах үйл ажиллагаа

7.1. Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх олон улсын тээврийн хэрэгслээс Засгийн газраас тогтоосон хэмжээгээр холбогдох зөвшөөрөл, батлагдсан маршрут чиглэлийн дагуу төлбөр авч, Авто замын сангийн дансанд төвлөрүүлэх, тухайн тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын нутгаар дамжин өнгөрч дараагийн хилийн боомтоор гарах үед зорчсон чиглэл маршрутыг шалган баталгаажуулж, хяналт тавих ажлыг Зам, тээврийн хөгжлийн төв, "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ (цаашид "Автотээврийн үндэсний төв" гэх) нь тус тус хариуцах чиг үүргийн хүрээнд зохион байгуулж, хамтран ажиллана.

7.2. Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх олон улсын тээврийн хэрэгслээс авах төлбөрийг бэлэн бусаар, төлбөрийн карт болон бусад цахим гүйлгээний аргуудыг ашиглан авах бөгөөд Зам, тээврийн хөгжлийн төв, Автотээврийн үндэсний төвийн ажилтан ажиллаж байгаа хилийн боомт эсхүл ойролцоох төлбөр авах цэг дээр дамжин өнгөрөх тээврийн зөвшөөрлийг шалгаж, зорчих замын чиглэл, уртын хэмжээг тогтоож, холбогдох төлбөрийг төлүүлж, төлбөр төлсөн баримтыг тээврийн хэрэгслийн жолоочид өгнө. Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн зөвшөөрөлгүй олон улсын тээврийн хэрэгслээс Засгийн газраас тогтоосон 1,000,000.0 төгрөгийн төлбөр авч Авто замын сангийн дансанд төвлөрүүлнэ. Төлбөрөө төлөөгүй тохиолдолд түр саатуулах арга хэмжээ авч болно.

7.3. Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх олон улсын тээврийн хэрэгслийг хилийн боомтоор орж ирсэн бүртгэл үүсгэх, дамжин өнгөрөх төлбөр авах цэгүүдэд мэдээлэл дамжуулах, нэвтэрч гарах дараагийн хилийн боомттой цахим системээр шууд холбогдох, төлбөрийн системтэй холбогдох цахим программ хангамжийг нэвтрүүлж, ашиглах, хөгжүүлэх үйл ажиллагааг Зам, тээврийн хөгжлийн төв хариуцан зохион байгуулна.

7.4. Төлбөр авах цэг дээр Монгол Улсын нутгаар дамжин өнгөрч байгаа олон улсын тээврийн хэрэгслийн зөвшөөрөл, тогтоосон чиглэлийн дагуу зорчиж байгаа эсэх, төлбөр төлсөн эсэхийг хянан шалгаж, шаардлага хангасан тохиолдолд шуурхай нэвтрүүлнэ.  

7.5. Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх төлбөр төлсөн олон улсын тээврийн хэрэгслээс төлбөр авах цэгүүд дээр авто зам ашигласны төлбөр авахгүй бөгөөд энэ нь автотээврийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналт шалгалт хийгдэхээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

7.6. Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх олон улсын тээврийн хэрэгслээс үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөрийг авах бөгөөд шаардлагатай тохиолдолд тухайн өдрийн Монгол банкны ханшийг харгалзан валютаар төлүүлж болно.

Найм. Бусад

8.1. Авто зам ашигласны төлбөр авах цэгийн ажиллах дотоод журмыг Зам, тээврийн хөгжлийн төв тогтоож хэрэгжүүлнэ.

8.2. Төлбөр авах цэгийн хэвийн үйл ажиллагаа, ажилтны аюулгүй байдлыг Зам, тээврийн хөгжлийн төв, түүнээс томилогдсон ажилтан, төлбөр авах цэгийн ахлагч бүрэн хариуцна.

8.3. Авто замын тухай хууль болон энэхүү журмын заалтыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

---о0о---