- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 136 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 339
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 17 дугаар хавсралтын 18 дугаар нэмэлт, өөрчлөлтөд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам батлах тухай" Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 136 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Иргэний нисэхийн аюулгүй байдлын журам"-д доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт тус тус нэмсүгэй:
1/Журмын 1.5.42-1.5.44 дэх заалт:
1.5.42."ачаа" гэж агаарын хөлгөөр тээвэрлэх шуудан, хангамж, дагалдах, эсхүл буруу чиглэлд тээвэрлэгдсэн тээшнээс бусад эд зүйлийг;
1.5.43."аюулгүй байдлын соёл" гэж иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын ажилтнуудын үйлдэл, сахилга батаар илрэх өдөр тутмын үйл ажиллагаанд хамаатай аюулгүй байдлын хэм хэмжээ, үнэт зүйл, хандлагын цогц ойлголтыг;
1.5.44."Танигдаагүй тээш" гэж нисэх буудалд тээшний зүүлттэй болон зүүлтгүйгээр ирсэн, зорчигч нь тогтоогдоогүй, эсхүл хүлээн аваагүй тээшийг;
2/Журмын 1.6-1.8 дахь хэсэг:
1.6.Энэ журмыг 1944 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Чикаго хотноо батлагдсан Олон улсын иргэний нисэхийн тухай конвенц болон түүний Хавсралт 2 (Нислэг үйлдэх журам), Хавсралт 6 (Агаарын хөлгийн ашиглалт), Хавсралт 8 (Агаарын хөлгийн нислэгт тэнцэх), Хавсралт 9 (Хялбаршуулах), Хавсралт 10 (Нисэхийн холбоо), Хавсралт 11 (Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ), Хавсралт 13 (Агаарын хөлгийн осол, сүйрлийг шинжлэн шалгах), Хавсралт 14 (Аэродром), Хавсралт 17 (Аюулгүй байдал), Хавсралт 18 (Аюултай ачааг агаараар аюулгүй тээвэрлэх)-д тусгасан нисэхийн аюулгүй байдалтай холбоотой олон улсын стандарт болон зөвлөмжид нийцүүлэн боловсруулсан болно.
1.7.Монгол Улсын олон улсын гэрээ, конвенц:
-"Олон улсын иргэний нисэхийн тухай" 1944 оны Чикагогийн конвенц;
-"Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай" 1963 оны Токиогийн конвенц болон түүний нэмэлт протокол;
-"Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай" 1970 оны Гаагийн конвенц болон түүний нэмэлт протокол;
-"Иргэний нисэхийн аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай" 1971 оны Монреалын конвенц болон түүний нэмэлт протокол;
-"Хуванцар тэсрэх бодис илрүүлэх зорилгоор тэмдэг тавих тухай" 1991 оны Монреалын конвенц;
-"Олон улсын иргэний нисэхэд үйлчилдэг нисэх буудал дахь хүч хэрэглэсэн хууль бус үйлдлийг хориглох тухай" 1988 оны Монреалын конвенц болон түүний нэмэлт протокол;
-Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц.
1.8.Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой Монгол Улсын хууль, дүрэм:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Иргэний нисэхийн тухай хууль;
-Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль;
-Галт зэвсгийн тухай хууль;
-Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль;
-Зөрчлийн тухай хууль;
-Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль;
-Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль;
-Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль;
-Монгол Улсын хилийн тухай хууль;
-Эрүүгийн хууль;
-Кибер аюулгүй байдлын тухай хууль;
-Төрийн болон албаны нууцын тухай хууль,
-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль;
-Иргэний нисэхийн багц дүрэм, тэдгээрийн зөвлөмжийн цувралууд.
3/Журмын 2.5.5 дахь заалт:
2.5.5.аюулгүй байдлын үзлэгээр зорчигчоос зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, сэжигтэй эд зүйлс илэрсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу аюулгүй болгох арга хэмжээ авах.
4/Журмын 2.16 дахь хэсэг:
2.16.Энэ журамд заасан нисэхийн аюулгүй байдлын үүрэг хүлээсэн байгууллага нь аюулгүй байдлын соёлыг сурталчлах, хөгжүүлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
5/Журмын 3.17 дахь хэсэг:
3.17.Хөндлөнгийн хууль бус үйлдлийн эсрэг хариу арга хэмжээний зохицуулалтын талаар хэлэлцэн тохиролцогч бусад улстай мэдээлэл солилцож, Олон улсын иргэний нисэхийн байгууллагад мэдэгдэнэ.
6/Журмын 7.15, 7.16 дахь хэсэг:
7.15."Ерөнхий газар нь бүртгэгдсэн тээшинд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл байгаа эсэхийг шалгахад ашиглах аюулгүйн үзлэгийн аргачлалыг баталгаажуулна.
7.16.Нисэх буудал нь эрх бүхий байгууллагаас хийсэн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн танигдаагүй тээш, сэжигтэй эд зүйлстэй харьцах журмыг тогтооно.
7/Журмын 10.8 дахь хэсэг:
10.8.Ерөнхий газар нь нисэх буудлуудыг иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахад шаардагдах туслах нөөц, тоног төхөөрөмжтэй болохыг баталгаажуулна.
8/Журмын 13.13, 13.14 дэх хэсэг:
13.13.Ерөнхий газар нь энэ журмын дагуу нисэхийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн ажилтнуудад зориулсан аюулгүй байдлын сургалтын бүх хөтөлбөрт анхан болон давтан сургалтаар ур чадвар эзэмшүүлэх, хадгалах, үнэлэх талаар тусгаж, баталгаажуулна.
13.14.Ерөнхий газар нь нисэх буудал, агаарын тээвэрлэгч, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, зохицуулалттай ачаа зуучлалын байгууллага болон иргэний нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээ эрхлэх байгууллагын үйл ажиллагаанд хийх аюулгүй байдлын сорилтод ашиглах эд зүйл, хэрэгслийг баталгаажуулж, сорилтыг улирал тутам хийнэ.
2.Мөн журмын 1.5.6 дахь заалтын "аюулгүй байдал" гэсний өмнө "нисэхийн" гэж, 1.5.7 дахь заалтын "хийх" гэсний дараа "бүх талын нарийвчилсан нийцлийн" гэж, 2.1.3 дахь заалтын "хөтөлбөр," гэсний дараа "энэ журмын шаардлагад нийцсэн гадаадын агаарын тээвэрлэгчийн төлөөлөгчийн газрын нэмэлт журам," гэж, 2.1.9 дэх заалтын "мөрдүүлэх" гэсний дараа ", ба нисэх буудлын хориотой бүсэд нэвтрэх хүн, зорчигч, тэдгээрийн гар тээш, тээш болон ачаа, илгээмж, агаарын тээвэрлэгчийн шуудан, эд зүйлсэд аюулгүй байдлын үзлэг хийх байгууллагыг гэрчилгээжүүлэх" гэж, 2.3 дахь хэсгийн "Агаарын тээвэрлэгч" гэсний өмнө "Дотоодын болон гадаадын" гэж, 2.3.2 дахь заалтын "нийцүүлэн" гэсний дараа "нэмэлт, өөрчлөлт оруулж," гэж, 2.10 дахь хэсгийн "ажилтан" гэсний өмнө "бүх" гэж, 3.9 дэх хэсгийн "эрх бүхий байгууллагад" гэсний дараа "тухай бүр" гэж, 3.12 дахь хэсгийн "мэдээллийг" гэсний дараа "зохих хэмжээнд болон өөрийн бүрэн эрхийн хүрээнд" гэж, 6.24 дэх хэсгийн "хэв журам зөрчсөн" гэсний дараа ", эсхүл хууль хяналтын байгууллагын хяналтад байгаа" гэж, 13.7 дахь хэсгийн "авна." гэсний дараа "Энэ үүргийг гүйцэтгэх зохих сургалтад хамрагдсан боловсон хүчинтэй байна." гэж тус тус нэмсүгэй.
3.Мөн журмын дараах заалт, хэсгийг доор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:
1/Журмын 1.5.35 дахь заалт:
1.5.35."аюулгүй байдлын үзлэг шалгалт" гэж энэ журамд заасан нисэхийн аюулгүй байдлын тодорхой арга хэмжээг хэрэгжүүлснээр бий болж байгаа үр дүнг урьдчилан мэдэгдэх, эсхүл гэнэтийн шалгалт хийх үйл ажиллагааг;
2/Журмын 2.1.6 дахь заалт:
2.1.6.энэ журмын хэрэгжилтийг хангах үүрэг бүхий болон бусад оролцогч байгууллагуудын ажилтныг бэлтгэх сургалтын бодлогын баримт бичиг боловсруулж, хэрэгжилтийг эдгээр байгууллагуудаас шаардах;
3/Журмын 6.2.2 дахь заалт:
6.2.2.металл илрүүлэгч хаалга, гар багажаар шалгах.
4/Журмын 10.1 дэх хэсэг:
10.1.Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахуйц дэвшилтэт технологи бүхий техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглахыг зорино.
5/Журмын 12.2 дахь хэсэг:
12.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан иргэний нисэхийн эсрэг хөндлөнгийн хууль бус үйлдлийг газар дээр нь зохицуулах асуудлыг Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөл хариуцна.
4.Мөн журмын 1.5.17 дахь заалтын "хэрэгжүүлэх үүрэг бүхий" гэснийг "хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий" гэж, 2.1.1 дэх заалтын "журмын" гэснийг "журмыг боловсруулах," гэж, 2.1.14 дэх заалтын "тогтмол хугацаанд" гэснийг "жилд нэг удаа" гэж, 2.2 дахь хэсгийн "Нисэх буудлын үйлчилгээний байгууллага" гэснийг "Нисэх буудал" гэж, 4.2 дахь хэсгийн "Ерөнхий газартай" гэснийг "цагдаагийн байгууллагатай" гэж, 4.14 дэх хэсгийн "нэвтрэх үнэмлэхэд дор дурдсан мэдээллийг тусгана" гэснийг "дор дурдсан мэдээллийг агуулсан нэвтрэх үнэмлэхийн загварыг 2 жил тутамд шинэчилнэ" гэж, 4.17 дахь хэсгийн "тусгана" гэснийг "тусгах ба загварыг 2 жил тутамд шинэчилнэ" гэж, 13.6 дахь хэсгийн "сургалтын хөтөлбөрт" гэснийг "сургалтын бодлогын баримт бичигт" гэж тус тус өөрчилсүгэй.
5.Мөн журмын 1.5.27 дахь заалтын "аюулгүй байдлын үзлэгийн цэгээс агаарын хөлөг хүртэлх зорчигчдын танхим, тээш ялгах талбай, перрон, нислэгт бэлтгэгдсэн агаарын хөлөг, аюулгүй байдлын үзлэг хийгдсэн тээш, ачаа, шуудан болон хамгаалагдсан бүсэд байрлах нислэгийн хоол, хүнс бэлтгэх газар, цэвэрлэгээний талбай зэрэг" гэснийг, 2.1.12 дахь заалтын "тогтоож," гэснийг, 2.3.2 дахь заалтын "хянаж," гэснийг, 2.6.5 дахь заалтын "аюулгүй байдлын үзлэгээр зорчигчоос зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, эд зүйл илэрсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу аюулгүй болгох арга хэмжээ авах" гэснийг, 11.7 дахь хэсгийн "Ерөнхий газартай хамтран" гэснийг тус тус хассугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
