- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (хүний эрх)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 357
Улаанбаатар хот
ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Олон улсын гэрээний тухай хуулийн 24.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр"-ийн 3.1.1.1 дэх заалт, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс 2021 онд болсон 50 дугаар чуулганы үеэр гаргасан зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.
2.Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах арга хэмжээг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулж, хангах, төлөвлөгөөний биелэлтийг жил бүрийн 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор Гадаад харилцааны яаманд хүргүүлж байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлаг, байгууллагын дарга нарт даалгаж, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисст тус тус зөвлөсүгэй.
3.Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгасугай:
3.1.Холбогдох яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, албан тушаалтан, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүхий ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг байгуулж ажиллуулах;
3.2.Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 1 дүгээр сард багтаан энэ тогтоолын 3.1-д заасан орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлж, хэрэгжилтийн тайланг, цаашид авах арга хэмжээний саналын хамт тухайн жилийн 2 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулах;
3.3.Ерөнхий төлөвлөгөөний дунд хугацааны хэрэгжилтийн тайланг бэлтгэж, 2024 оны 2 дугаар сард багтаан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлэх;
3.4.Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний дөрөвдүгээр илтгэлийг ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд тулгуурлан иргэний нийгмийн байгууллага болон холбогдох бусад байгууллагатай зөвшилцөн 2025 оны 6 дугаар сард багтаан боловсруулж, Засгийн газарт танилцуулах.
4.Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар, уг үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт тус тус үүрэг болгосугай.
5.Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр улс болон орон нутгийн төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгаж, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисст тус тус зөвлөсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A
