- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 137 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 340
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 9 дүгээр хавсралтын 29 дүгээр нэмэлт, өөрчлөлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам батлах тухай" Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 137 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Агаарын тээврийг хялбаршуулах журам"-д доор дурдсан агуулгатай дараах заалт, дэд заалт тус тус нэмсүгэй:
1/ Журмын 1.2.29-1.2.36 дахь, 2.3.35, 2.3.36 дахь, 2.6.13 дахь, 2.9.11.4 дэх, 2.9.12 дахь, 2.10.7-2.10.11 дэх, 2.11.32 дахь заалт, дэд заалт:
1.2.29."Ойрын хавьтлыг тогтоох" гэж халдварт өвчтэй этгээдтэй ойрын хавьтал болсон, эсхүл халдвар авсан байж болзошгүй этгээдийг илрүүлэх, мэдэгдэх зэрэг үйл ажиллагааг хянах үйл явцыг;
1.2.30."Хортой нөлөө" гэж хүн, амьтны эрүүл мэнд, эсхүл агаарын хөлөг, тоног төхөөрөмжид хор учруулахуйц нөлөөг;
1.2.31."Стандартчилсан эрүүл мэндийн баримт бичиг" гэж Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас стандартчилсан баримт бичгийг;
1.2.32."Буцаан татах тусгай нислэг" гэж өөрийн орны иргэнийг гадаад улсаас эх орон руу нь, эсхүл аюулгүй гуравдагч улс руу тээвэрлэх зорилгоор аль нэг улсаас санхүүжүүлсэн, хялбаршуулан зохион байгуулсан тусгай нислэгийг;
1.2.33."Эрсдэлийн үнэлгээ" гэж эрсдэлийн дүн шинжилгээ хийж, эрсдэлийг тодорхойлох үйл явцыг;
1.2.34."Хөл хорио" гэж халдварт өвчний сэжигтэй этгээдийн хөдөлгөөнийг хязгаарлах, эсхүл халдварын сэжигтэй ачаа тээш, чингэлэг, барааг бусдаас тусгаарлах үйл ажиллагааг;
1.2.35."Нэвтрэх эрхгүй зорчигч" гэж хилийн хяналтын шаардлага хангаагүй, хилээр нэвтрүүлэхээс татгалзсан зорчигчийг;
1.2.36."Эрүүл мэндийн хуудас" гэж зорчигч болон нисэх багийн гишүүн улсын хилээр нэвтрэх, эсхүл дамжин өнгөрөхдөө халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах шаардлагыг хангасан болохыг нотолж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-ийн дагуу олгох бичиг баримтыг;
2.3.35.нисэх багийн гишүүний гэрчилгээг Doc 9303-ын 5 дугаар хэсгийн стандартад заасны дагуу машинаар уншигдах карт хэлбэрээр олгоно;
2.3.36.агаарын тээвэрлэгч нь "Зорчигчийн нэрийн бүртгэл (PNR)"-ийг "Зорчигчийн өгөгдлийн нэг цонх (PDSW)"-д дамжуулахдаа "түлхэх" аргыг ашиглах бөгөөд системд хадгалагдаж байгаа зорчигчийн хувийн мэдээллийн нууцлалыг хангаж, мэдээллийн аюулгүй байдалд хяналт тавих;
2.6.13.агаарын тээвэрлэгчдэд эрүүл мэндийн хуудасны мэдээллийг буруу бөглөсөн, эсхүл хуурамчаар үйлдсэн эсэхийг илрүүлэхэд тусламж үзүүлэх;
2.9.11.14.хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийг өргөж, зөөвөрлөх шаардлагатай бол энэ талаар түүнд урьдчилан мэдэгдэх;
2.9.12.нисэх буудалд халдварт өвчин тархсан үед хариу арга хэмжээ авах зохицуулалтыг онцгой байдлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх;
2.10.7.нислэгийн явцад хөлгийн даргад халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд энэ тухай мэдээллийг нислэгийн хөдөлгөөний удирдагчид нэн даруй мэдэгдэх, агаарын хөлөг буух үед хилийн хяналтын байгууллагууд холбогдох зохицуулалтыг хийж, эмнэлгийн болон бусад тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах;
2.10.8.хүмүүнлэгийн тусламжийн болон буцаан татах тусгай нислэгээр тээвэрлэж байгаа ачаа, тээш болон бусад барааг улсын хилээр хялбаршуулсан журмаар нэвтрүүлэх;
2.10.9.нийтийг хамарсан халдварт өвчин тархах эрсдэл үүссэн үед хилийн хяналтын байгууллагууд, агаарын тээвэрлэгч, нисэх буудлын бэлэн байдлыг хангах хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөтэй байх;
2.10.10.агаарын тээвэрлэгч болон нисэх буудал нь агаарын хөлгийн осол, сүйрэлд өртөгсөд болон тэдгээрийн гэр бүлийнхэнд тусламж, дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөтэй байх;
2.10.11.хилийн хяналтын байгууллагууд, агаарын тээвэрлэгч, нисэх буудал нь халдварт өвчний тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг эрсдэлд суурилсан, олон үе шаттай байхаар зохион байгуулах;
2.11.32.агаарын тээвэрлэгчид болон тийз борлуулалтын төвд зорчигчдын нисэн очих улсын вакцины шаардлагын талаарх мэдээллийг урьдчилан өгөх.
2.Мөн журмын 1.2.28 дахь заалтын "гарцаар" гэсний дараа "визгүй" гэж, 2.6.11 дэх заалтын "халдваргүйтгэлийг", 2.6.12 дахь заалтын "ажиллагааг" гэсний дараа "эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан" гэж тус тус, 2.9.11.9 дэх дэд заалтын "бэлтгэсэн байх" гэсний дараа ", зорчигч, нисэх багийн гишүүд болон газрын үйлчилгээний ажилтнуудад зориулсан эрүүл мэндийн тоног төхөөрөмж, эмнэлгийн үйлчилгээтэй байх" гэж тус тус нэмсүгэй.
3.Мөн журмын 2.6 дахь хэсгийн 2.6.8, 2.6.11, 2.6.12 дахь заалтыг доор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:
1/2.6.8.халдварт өвчний голомттой бүсээс ирсэн зорчигчоос эрүүл мэндийн мэдүүлэг авч, шинжилгээ хийлгэсэн тухай баримтыг шаардаж авахаас гадна дараах арга хэмжээг авах:
2.6.8.1.нийтийг хамарсан цар тахлын үед ойрын хавьтлыг тогтоох зорилгоор нисэх баг болон зорчигчдын мэдээллийг цахимаар, эсхүл Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын Хавсралт 9-ийн 13 дугаар хавсралтад заасан "Ойрын хавьтлыг тогтоох маягт"-ын дагуу цуглуулах;
2.6.8.2."Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)"-ийн 36 дугаар зүйл болон Хавсралт 6-ын дагуу урьдчилан сэргийлэх тун хийлгэснийг нотлох олон улсын загвар гэрчилгээ, эсхүл түүний цахим хэлбэрийг шаардах;
2.6.8.3.зорчигч нь тухайн улсын хилээр нэвтрүүлэхэд тавьдаг эрүүл мэндийн шаардлагыг хангаагүйн улмаас хилээр нэвтрэх боломжгүй болсон тохиолдлын тоог бууруулах, мэдээллийг тухай бүр хүргэх арга хэмжээ авах, энэ чиглэлээр агаарын тээвэрлэгчтэй хамтран ажиллах.
2/2.6.11.халдварт өвчин тархсан, голомттой бүсээс ирсэн агаарын хөлөгт халдваргүйтгэлийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр, дараах шаардлагын дагуу гүйцэтгэх:
2.6.11.1.халдваргүйтгэлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гарын авлагын дагуу эмгэг үүсгэгчийн төрөл болон эрсдэлийн бүлгүүдэд нийцүүлэн хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд тухайн агаарын хөлөг үйлдвэрлэгчийн зөвлөмжийн дагуу хийх;
2.6.11.2.агаарын хөлгийн халдварлагдсан байж болзошгүй хэсгүүдийг тухайн нянг устгах шинж чанартай химийн болон химийн бус бодис ашиглан халдваргүйтгэх;
2.6.11.3.халдваргүйтгэлийг тусгайлан бэлтгэсэн мэргэжилтэн хамгаалах өмсгөлтэй гүйцэтгэх;
2.6.11.4.халдваргүйтгэл хийхэд ашиглаж байгаа химийн болон химийн бус бодис нь агаарын хөлөг, тоног төхөөрөмж, эд анги, зорчигч, амьтанд гэмтэл учруулахгүй, тохирсон байх арга хэмжээ авах;
2.6.11.5.ялгадас, биологийн шингэнээр бохирдсон агаарын хөлгийн гадаргуу болон тоног төхөөрөмжид халдваргүйтгэл хийхэд ашигласан багаж хэрэгсэлд халдваргүйтгэл хийсэн эсэхэд хяналт тавих.
3/2.6.12.агаарын хөлөгт шавж, мэрэгч устгах ажиллагааг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэхэд хяналт тавьж, дараах арга хэмжээг авах:
2.6.12.1.агаарын хөлөгт шавж, мэрэгч устгах ажиллагааг хүн, амьтны эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахгүй, тэдний тав тухыг алдагдуулахгүйгээр зохион байгуулах;
2.6.12.2.агаарын хөлөгт шавж, мэрэгч устгах ажиллагаанд ашиглаж байгаа бодис нь агаарын хөлөг, түүний тоног төхөөрөмжийг гэмтээхгүй, сөрөг нөлөө үзүүлэхгүй байх арга хэмжээг авах;
2.6.12.3.агаарын хөлөгт шавж, мэрэгч устгах ажиллагаанд тухайн агаарын хөлөг үйлдвэрлэгчийн санамжийн дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгосон химийн болон химийн бус аргыг ашиглах.
4.Мөн журмын 1.2.28 дахь заалтын "баримт бичгийг" гэснийг "бичиг баримтыг" гэж, 2.3.34 дэх заалтын "гэрчилгээ" гэснийг "гэрчилгээг" гэж, 2.6.13 дахь заалтын дугаарлалтыг "2.6.14" гэж тус тус өөрчилсүгэй.
5.Мөн журмын 1.2.28 дахь заалтын "болон нисэх багийн гишүүний биеийн байцаалт" гэснийг, 2.3.34 дэх заалтын "болон нисэх багийн гишүүний биеийн байцаалтыг" гэснийг тус тус хассугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 168
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Иргэний нисэхийн тухай хуулийн 7.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Агаарын тээврийг хялбаршуулах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 137 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 340 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
