A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 363

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хүнсний тухай хуулийн 8.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам батлах тухай" Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 130 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам"-д доор дурдсан агуулга бүхий 4.1.7 дахь заалт нэмсүгэй:

"4.1.7.Малын тоо толгойн албан татварын тухай хуульд заасан албан татвараа тухайн татварын жилд төлөөгүй бол."

2.Мөн тогтоолын 3 дахь заалтын "2025 оны 6 дугаар сарын 1" гэснийг "2026 оны 12 дугаар сарын 31" гэж, мөн "Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын 1.5 дахь заалтын "таван зуун" гэснийг "нэг мянган" гэж, 4.1.6 дахь заалтын "сүүний чиглэлийн үхрийн" гэснийг "саалийн малын" гэж тус тус өөрчилсүгэй.

3.Мөн журмын 1.1 дэх заалтын "ундны" гэснийг, 1.3.1 дэх заалтын ", "ундны сүү"" гэснийг тус тус хассугай.

4.Сүүний урамшуулалд олгох зардлыг батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН