A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 351

Улаанбаатар хот

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3, 8.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтад тусгагдсан хилийн Бичигт боомтыг хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд Эрээнтолгой нүүрсний уурхайгаас Бичигтийн боомт хүртэлх 110.3 км тусгай зориулалтын авто зам, Бичигт боомтын авто зам, гадна инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолоор баталсан солбицол бүхий талбайд авто зам, инженерийн шугам сүлжээний барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгохыг Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбатад даалгасугай.

3.Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах болон зам, замын байгууламж барих ажлын явцад соёлын биет өв илрэх тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагад нэн даруй мэдээлэх, ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт, нормын дагуу нөхөн сэргээж, орон нутгийн эрх бүхий байгууллагад зохих ёсоор хүлээлгэн өгөхийг ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нарт үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР