- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 16.4 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙН ЗӨВ ХЭРЭГЛЭХ АЛБАН ЁСНЫ ТАЙЛБАР

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 31
Улаанбаатар хот
Нэг.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;" гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт "Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.8.4.шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх;" гэж тус тус заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэв.
Хоёр.Тайлбарын хэрэгцээ, шаардлага
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор баталсан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (§16.3, §16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар"[1]-ын Хоёрдугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 16.4, 16.5, 16.6, 16.7 дугаар зүйлүүдэд заасан нотлох баримтын төрөл тус бүрийн нотолгооны ач холбогдол, онцлог, шалгаж үнэлэхэд баримтлах шаардлагыг тодорхойлж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд нэг мөр хэрэглэх шаардлагатай болох нь холбогдох шүүхийн шийдвэрүүд, давж заалдах болон хяналтын журмаар гаргасан эсэргүүцэл, дүгнэлт, 2021 онд хэрэгжүүлсэн "Авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн дүн шинжилгээний тайлан"[2], Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хийж гүйцэтгэсэн "Авлигын гэмт хэргийн нотолбол зохих байдалд хийсэн харьцуулсан судалгаа"[3] зэргээр тогтоогдсон талаар дүгнэжээ.
Мөн нотлох баримтын төрөл бүрээр тайлбарыг хэсэгчлэн, шат дараалалтай гаргахаар тогтсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд заасан эд мөрийн баримтад хамаарах энэхүү тайлбарыг гаргах болсон хэрэгцээ, шаардлага нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тайлбар гаргахыг зөвшөөрсөн шийдвэр, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор тус тус тодорхойлогдсон болно.
Гурав.Тайлбарын цар хүрээ
3.1.Энэхүү тайлбарын цар хүрээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "эд мөрийн баримт" гэсэн ойлголт, нотолгооны ач холбогдол, онцлогийг харгалзан нотлох ажиллагаанд оновчтой хэрэглэх асуудлаар хязгаарлагдана.
Дөрөв.Тайлбарын арга зүй
4.1.Тайлбарын холбогдох хэсэг тус бүрд тохирох хууль тайлбарлах аргаар, тухайлбал, нэр томьёог үгийн шууд утга болон хэл зүйн дүрмээр, хуульд нэр томьёоны тодорхойлолт хийсэн бол тэр утгаар нь, хууль зүйн ойлголт, ухагдахууныг эрх зүйн онол, нийтлэг зарчимд нийцүүлэн тайлбарлах, хэд хэдэн ойлголтын нийцлийг хангах, зөрчлийг шийдвэрлэх үүднээс логик болон системчлэлийн, ойлголтуудыг цэгцлэн тайлбарлах болон хуулийн зорилго, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн тайлбарлах аргыг тайлбарын шаардлагатай үе шат бүрт хэрэглэнэ.
Тав.Тайлбарын дэлгэрэнгүй үндэслэл
5.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (цаашид хуулийн гэх)-ийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нотолгооны эх сурвалж болох эд мөрийн баримтыг "... гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс ..." гэж нэрлэн заасан бол эд мөрийн баримтад тооцох бусад эд зүйлийг нотолгооны ач холбогдлоор нь "... гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйл ..." гэж хуульчилсныг хууль зүйн ойлголт, зарчмуудад үндэслэн үгийн шууд утга болон зорилгоор тайлбарлах аргыг хэрэглэв.
Хуульд "... тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл ... мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс ..." гэж нэрлэн заахдаа гэмт хэргийн обьектив талын шинж болох гэмт үйлдлийг хэрэгжүүлэхэд ашигласан болон түүний үр дүнд олж авсан гэдэг агуулгатай уялдуулан тодотгож өгсөн учраас эдгээр эд зүйл нь анхдагч, шууд нотлох баримт болохоос гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхойлсон "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэсэн ойлголттой давхцах тул хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл болно.
Харин хуульд нэрлэн зааснаас бусад бичмэл болон цахим баримт, бусад эд зүйл нь хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал, эсхүл гэм бурууг үгүйсгэхэд ач холбогдолтой тохиолдолд эд мөрийн баримт гэж үзэх бөгөөд зөвхөн нотлох ажиллагаанд ашиглаж, гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэсний дараа хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь буцаан өгөх, гүйлгээнд хориглосон болон цаашид ашиглах боломжгүй эд зүйлийг устгах буюу зохих байгууллагад шилжүүлэх, бичмэл эд мөрийн баримтыг хэрэгт хавсарган үлдээх зэргээр шийдвэрлэдэг онцлогтой.
Эд мөрийн баримт нь нотолгооны ач холбогдлоос хамаарч харилцан адилгүй хууль зүйн үр дагаврыг үүсгэх тул мөрдөгч, прокурор, шүүхээс гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн, гэмт үйлдлийн замаар олсон, эсхүл хэргийн ул мөр үлдсэн, агуулсан, хэргийн үйл баримтыг батлах, үгүйсгэх, эсхүл гэм бурууг хөнгөрүүлэх ач холбогдолтойн аль нь болохыг тодорхой заах үүрэгтэй.
5.2.Хуульд "... бичмэл болон цахим баримт ..." гэж ерөнхий агуулгаар тусгагдсанаас тус бүрийн онцлог, нотлох баримтын бие даасан төрөл болох баримт бичгээс ялгагдах шинжийг тодорхойлох шаардлага үүсч байна.
Бичмэл эд мөрийн баримт нь уншиж болохуйц байх гэсэн ерөнхий шаардлагын хүрээнд нотлох баримтын "баримт бичиг" гэсэн төрөлтэй зарим талаар төстэй боловч хуулийн 16.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Бичмэл нотлох баримт энэ хуулийн 16.4 дүгээр зүйлд заасан шинжтэй байвал эд мөрийн баримт болно" гэсэн зохицуулалтаас үзвэл бичмэл баримт нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эсхүл гэмт хэргийн ул мөрийг өөртөө агуулсан, хэргийн бодит байдлыг тогтоосон шинжтэй бол эд мөрийн баримт болохыг тодруулсан байна. Жишээ нь, хуурамч гэрээ, хэлцэл, зөвшөөрөл, гэрчилгээ, хэргийн талаарх мэдээллийг агуулсан гар зураг, дүрслэл, хад, чулуу, хана, шал, цонхон дээр бичиж, тэмдэглэсэн хэсэг нь бичмэл эд мөрийн баримтад тооцогдоно.
Бичмэл эд мөрийн баримтыг биет байдлаар цуглуулж, бэхжүүлэн, шүүх хуралдаанд түүний бодит шинж чанарыг танилцуулах байдлаар шинжлэн судалдаг бол баримт бичгийг нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлэхэд эх хувиар, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авах болон эрх бүхий байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулах зэрэг хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага тавигдах бөгөөд шүүх хуралдаанд аман хэлэлцүүлгийн нотлох дүрмийн дагуу уншиж сонсгох байдлаар шинжлэн судалдаг зэрэг ялгаатай.
Цахим төхөөрөмжид үүсгэсэн, боловсруулсан, хадгалсан, өөрчилсөн, илгээсэн, дамжуулсан, хүлээн авсан бүх хэлбэрийн мэдээлэл нь гэмт хэрэг үйлдэхэд, эсхүл гэмт хэрэгт бэлтгэх, завдахад ашигласан, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан тохиолдолд эд мөрийн баримт болно.
5.3.Хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ" гэж заасны дагуу эд мөрийн баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх үндсэн шаардлага нь дараах байдлаар тодорхойлогдоно.
5.3.1.Хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1, 24.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нотлох баримтыг цуглуулах үндсэн хэлбэр болох үзлэг, нэгжлэг хийх замаар эд мөрийн баримтыг олж, хураан авах журмыг тогтоожээ. Хууль тайлбарлах системчлэлийн аргаар авч үзвэл, үзлэг, нэгжлэг нь хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "... нэгжлэг хийх, эд зүйл, баримт бичиг хураан авах ... мэдээлэл, баримт бичгийг гаргуулан авах ... ажиллагааг ... прокурорын зөвшөөрлөөр явуулна", 23.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт "Үзлэгийн үед хэв загвар, дээж авах, битүүмжлэх, хураан авах ажиллагааг даруй хийх шаардлага гарвал энэ хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан явуулна.", 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч эд мөрийн баримтыг прокурорын зөвшөөрлөөр түр хураан авна" гэж тус тус заасан нь прокурорын зөвшөөрөлтэй хийгдэх мөрдөн шалгах ажиллагаанд хамаарч байна.
Прокурорын зөвшөөрлийн талаар хуулийн 22.3 дугаар зүйлд зохицуулсан ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Прокурор энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан саналыг хүлээн авсан даруй мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргана." гэж прокурорт эрх олгосон боловч зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах нөхцөлийн талаар тухайлан заагаагүй байна.
Хуулийн 22.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... энэ хуульд заасан үндэслэл байвал ..." мөрдөгч, прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах ажиллагаа явуулах санал гаргахаар, 22.3 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад мөрдөгчийн саналд "ажиллагаа явуулах зорилго, үндэслэл;"-ийг тусгахаар тус тус заасан нь прокурорын зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэхэд харгалзан үзэх тодорхой нөхцөл юм. "Хуульд заасан үндэслэл" гэдгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын хүрээнд хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу нотолгооны зүйлийг тогтооход ач холбогдол бүхий эд мөрийн баримт байгаа гэх бодит нөхцөл байдлыг ойлгох ба энэ нь баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.
Хүний бие, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан, хэргийн газар, цогцост үзлэг хийх, хүний бие, орон байр, бусад газарт нэгжлэг хийх зэрэг ажиллагаа нь хувийн халдашгүй байх эрхийг хөнддөг учир прокурор зөвшөөрөл олгохдоо хуульд заасан үндэслэл бүрдсэн эсэхийг хянахын зэрэгцээ хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур ... өмчлөх эрхэд нь халдах ...-г хориглоно.", 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Орон байранд хийх нэгжлэгийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна.", 1.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны мэдээллийг хуулиар хамгаалах ба энэхүү эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлаж болно." гэсэн хүний үндсэн эрхийг хамгаалсан суурь зарчмууд хуулиас гадуур зөрчигдсөн эсэхэд хяналт тавьж, шүүх үнэлэлт дүгнэлт өгөх ёстой.
Дээрх зарчмуудын хүрээнд хувийн халдашгүй байдал болон гэр бүл, захидал харилцааны нууцад мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль бусаар, дур зоргоор халдахаас хамгаалах нөхцөлийг баталгаажуулсан бөгөөд "... хууль бусаар ..." гэдэг нь хуульд зааснаас бусад хэлбэрээр хөндлөнгөөс оролцох, "... дур зоргоор ..." гэдэг нь хуулийн хүрээнд хувийн халдашгүй байдлыг хөндөхдөө үүссэн нөхцөл байдалд тохирох арга хэмжээг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байхыг ойлгоно. Тухайлбал, үзлэг, нэгжлэг хийх хуульд заасан үндэслэл бүрдээгүй, хуулиар тогтоосон үндэслэл, журмыг зөрчсөн, эсхүл прокурорын зөвшөөрөл аваагүй, олгосон зөвшөөрлийн хүрээ хязгаараас хэтрүүлэн явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хууль бус гэж үзнэ.
Эд мөрийн баримтыг хувийн орон зайд нэвтэрч олж илрүүлэх, хураан авах ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцсэн, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, хүний үндсэн эрхийг хамгийн бага хэмжээнд хязгаарласан байх шаардлагатай.
Хуулийн 22.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу прокурорын зөвшөөрөлд ажиллагааны нэр, зорилго, гүйцэтгэх байгууллага, албан тушаалтан, явуулах газар, байршил, хамрагдах обьект, нэвтрэх арга, явуулах хугацаа, ажиллагааны явцад хүний эрхийг хангах арга хэмжээ /Principle of proportionality/[4], зөвшөөрлийн хүчинтэй хугацаа зэргийг тусгахаар заасан нь эд мөрийн баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан эсэхийг нэг бүрчлэн, тухайлан шалгах нөхцөл юм.
Мөрдөгч хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй зарим мөрдөн шалгах ажиллагааг явуулах эрхтэй боловч бие даан явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг прокурорт хянуулж хүчинтэйд тооцуулах үүрэгтэй. Тухайлбал, үзлэгийн явцад эд мөрийн баримтыг даруй хураан авахгүй бол гэмтэх, устах, зөөвөрлөх, нуун далдлах бодит эрсдэл бий болсон нөхцөлд мөрдөгч энэ талаар прокурорт мэдэгдэж, уг ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор эд мөрийн баримтыг хураан авах зайлшгүй шалтгаан бий болсон үндэслэл, баримт, нотолгоо, тайлбарын хамт прокурорт танилцуулах, прокурор хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэхээр зохицуулсан тул прокурорын зөвшөөрлөөр хийгдэх ажиллагаанд хамаарна. /Хуулийн 22.4, 23.1 дүгээр зүйлийн 7, 23.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэг/
Иймд эд мөрийн баримтыг олж илрүүлэх, хураан авах мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл нь прокурорын зөвшөөрөл бөгөөд тухайн ажиллагааг явуулах хуульд заасан үндэслэл бүрдсэн эсэх, хувийн халдашгүй байх эрхийг хөндсөн арга хэмжээ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилгод нийцсэн, хэргийн үйл баримтыг тогтооход зайлшгүй шаардлагатайгаас гадна хувийн халдашгүй байх эрхийг хөндсөн арга хэмжээ болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан үнэт зүйл хоорондын тэнцвэрийг хангасан эсэхийг прокурор заавал хянан үзсэний үндсэн дээр зөвшөөрөл олгоно.
Нэгжлэг хийх, үзлэгийн явцад эд мөрийн баримт илрүүлж хураан авах ажиллагааг шүүх шалгаж, үнэлэхдээ прокурорын зөвшөөрлийг мөрдөгчийн санал, хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнтэй, үзлэгийн явцад хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулсан мөрдөн шалгах ажиллагаа, хураан авсан эд мөрийн баримтыг прокурорын хүчинтэйд тооцсон тогтоолтой тус тус тулгах замаар шалгана.
5.3.2.Эд мөрийн баримт нь биет нотлох баримтын хувьд түүнд агуулагдаж буй гэмт хэргийн талаарх мэдээлэл нь анх олж авсан байдлаараа шүүхэд шинжлэн судлагдаж, нотлох баримтын эх сурвалж болох ёстой. Энэхүү шаардлага нь нотлох баримтыг бэхжүүлэх ажиллагаагаар хангагдах бөгөөд хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар хэн, хэзээ, ямар эх сурвалжаас хэрхэн олж авсан талаар, түүний онцлог шинж, хэлбэр дүрс, тоо хэмжээ зэрэг хувийн мэдээллийн талаар, мөн хадгалсан, шилжүүлсэн, хүлээн авсан шилжилт хөдөлгөөний талаар мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлд нэг бүрчлэн тусгах ба нотолгооны бусад арга хэрэгсэл болох дуу, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг хийх зэргээр давхар бэхжүүлж болно.
Цахим баримт нь биет бус, олон байршилд хадгалах, олон хэрэглэгч зэрэг нэвтрэх боломжтой, тогтвортой бус түргэн хугацаанд хувирч өөрчлөгдөх, устах эрсдэлтэй, технологийн хурдацтай хөгжил мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлдөг зэрэг онцлог шинж чанартай эд мөрийн баримтын төрөл юм. Энэ төрлийн баримтыг хайх, олж илрүүлэх, бэхжүүлэх, хадгалах, зөөвөрлөх, шалгах ажиллагаанд цахим мэдээллийн бүрэн бүтэн, найдвартай байдал нь нотлох баримтаар үнэлэхэд чухал ач холбогдолтой.
Цахим төхөөрөмжид агуулагдаж буй мэдээлэл нь түүний онцлог шинж чанараас шалтгаалан эх хувийг тогтооход бэршээлтэй, цуглуулах, бэхжүүлэх, хадгалах, зөөвөрлөх явцад амархан өөрчлөгдөх, устах эрсдэлтэй тул энэ төрлийн эд мөрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэхдээ хуулийн 9.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тусгай мэдлэг, туршлага бүхий хүнийг мэргэжилтнээр оролцуулбал зохино.
Хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ" гэж зааснаас үзвэл системчлэлийн хувьд нотлох баримтыг бэхжүүлэх үндсэн хэлбэр нь тэмдэглэл бөгөөд хуульд заасан бусад аргаар баримтат мэдээллийг давхар бэхжүүлж болохоор байна. Өөрөөр хэлбэл, эд мөрийн баримтыг тэмдэглэлд тусгаж, бусад аргаар давхар бэхжүүлэх гэсэн дарааллыг баримтлах бөгөөд тэмдэглэл үйлдэхгүйгээр бусад аргыг дангаар хэрэглэхгүй гэж ойлгоно.
5.3.3.Хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, эсхүл хуулиар зөвшөөрөгдөөгүй арга хэрэгслээр цугларсан бол хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7, 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг үндэслэн шүүх тухайн эд мөрийн баримтыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нотлох баримтаар тооцохгүй. Хэрэгт холбоо хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтаар шинжлэн судлахгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
Эд мөрийн баримт нь хэргийн бодит байдалтай уялдаа холбоотой буюу батлах, эсхүл үгүйсгэх байдлаар нөлөөлж буй бол хэрэгт хамааралтай гэж үзнэ. Харин хэргийн талаар нотолбол зохих байдал буюу нотолгооны зүйлтэй шууд хамааралтай бол нотлох чадвараар нь хэрэгт ач холбогдолтой эд мөрийн баримтад тооцно.
Мэдүүлэгт суурилсан нотлох баримтын эх сурвалж нь мэдүүлэг өгөгч хэргийн талаар мэдэх болсон бодит үндэслэл, шалтгаан байдаг бол биет нотлох баримтын эх сурвалж нь түүнийг илрүүлсэн, олж тогтоосон арга болно. Хэрэв эд мөрийн баримтыг илрүүлсэн, олж тогтоосон эх сурвалж нь тодорхойгүй тохиолдолд үнэн эсэх нь эргэлзээтэй нотлох баримт гэж үзэх бөгөөд хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болохгүй.
5.4.Эд мөрийн баримт нь хүн, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан нууц мэдээллийг агуулсан байх боломжтой. Энэ тохиолдолд тухайн баримтыг хууль ёсны гэж үзэхийн тулд хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хөндсөн арга хэмжээ нь Principle of Proportionality-ыг хангасан эсэхийг хянан үзнэ. Өөрөөр хэлбэл, хувийн халдашгүй байх эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлах нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан үнэт зүйлсийн зохист харьцаанд нийцэж байгаа эсэхэд хяналт болон үнэлгээ зайлшгүй хийнэ.
Эрүүгийн процессын эрх зүйд тус зарчмыг зайлшгүй, шаардлагатай нөхцөлд хүний эрхэд хуульд заасан арга хэрэгслээр халдах аливаа ажиллагаанд хязгаарлалт тогтоох зорилгоор хэрэглэдэг.
Нийтийн ашиг сонирхол болон хувь хүний ашиг сонирхол хоорондын зөрчлийг дүгнэх замаар тухайн баримтыг нотолгоонд ашигласан ХБНГУ-ын шүүхийн шийдвэрийн талаар[5]
Хэргийн үйл баримт: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолооч Б автомашин жолоодож явсан нь гэрч Г-ийн автомашины камерт үлдсэн ба уг бичлэгийг эд мөрийн баримтаар тооцжээ. Бичлэгийг шинжлэн судлахад шүүгдэгчийн автомашин гэрчийн жолоодож явсан автомашины урд мурилзан явах ба гэрч тухайн автомашиныг 3 км гаруй зайд дагаж, гэрлээр хэд хэдэн удаа дохио өгсний дараа тухайн автомашин замын баруун тал руу эргэж, энэ үед цагдаагийн автомашин саатуулж байгаа нь харагдана.
Шүүхийн дүгнэлт: Хориглосон аргаар цуглуулаагүй тохиолдолд дүрс бичлэгийг нотлох баримтаар ашиглаж болно. Гэрчийн гаргаж өгсөн дүрс бичлэг нь гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийгдээгүй тул Холбооны хувь хүний өгөгдлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байна. Гэвч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхол болон хувь хүний ашиг сонирхлыг хооронд нь харьцуулан дүгнэх бөгөөд зөвхөн сүүлийн буюу хувь хүний хамгаалалт нь илэрхий давамгайлж байгаа тохиолдолд тухайн баримтыг нотлох баримтаар тооцохыг хориглоно. Энэ тохиолдолд шүүх замын хөдөлгөөний аюулгүй байдал нь хувь хүний нууц хамгаалах ашиг сонирхлоос дээгүүр тул бичлэгийг нотлох баримтаар ашигласан нь хууль зөрчөөгүй гэж үзсэн байна.
Дээрх зарчмын дагуу хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хөндсөн эд мөрийн баримт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоох, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилтод нийцсэн, эрх бүхий этгээд хуульд заасан арга, хэрэгслээр олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан үнэт зүйлийг хамгаалах нь зохистой гэж үзвэл нотлох баримтаар ашиглаж болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийг зөв хэрэглэх талаар ТАЙЛБАРЛАХ нь:
1.Эд мөрийн баримт нь нотолгооны ач холбогдлоос хамаарч харилцан адилгүй хууль зүйн үр дагавар үүсгэдэг тул мөрдөгч, прокурор, шүүхээс гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн, гэмт үйлдлийн замаар олсон, эсхүл хэргийн үйл баримтыг батлах, үгүйсгэх ач холбогдолтой эд мөрийн баримтын аль нь болохыг шийдвэртээ заана.
2.Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, гэмт хэргийн ул мөр үлдсэн баримт бичиг нь эд мөрийн баримт болно. Агуулагдаж буй мэдээллийг нотолгоонд ашиглаж буй тохиолдолд баримт бичгийн төрөлд хамаарна.
3.Прокурор нэгжлэг хийж, эд мөрийн баримт хураан авах зөвшөөрөл олгох үндэслэлийг хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал буюу нотолгооны зүйлийг тогтооход ач холбогдол бүхий эд мөрийн баримт байгаа гэх бодит нөхцөл байдал гэж ойлгох ба энэ нь баримтаар тогтоогдсон байна.
4.Хуулийн 22.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын зөвшөөрөлд тусгах шаардлагатай нөхцөлүүд нь эд мөрийн баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан эсэхийг шалгах нөхцөл болно.
5.Эд мөрийн баримтыг олж илрүүлэх, хураан авах ажиллагаа явуулах үндэслэл нь прокурорын зөвшөөрөл бөгөөд тухайн ажиллагааг явуулах хуульд заасан үндэслэл бүрдсэн эсэх, хувийн халдашгүй байх эрхийн хязгаарлалт нь тухайн нөхцөл байдалд тохирсон эсэхийг прокурор зөвшөөрөл олгохдоо хянан үзэх үүрэгтэй.
Прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, эд мөрийн баримт цуглуулсан тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн прокурорын зөвшөөрлийг, мөрдөгчийн санал, хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнтэй тулгаж, зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн эсэхийг хянан үзнэ.
Хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулсан ажиллагаа, түүний үр дүнд цугларсан нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, өөрчлөгдөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит эрсдэл байсан эсэх, хойшлуулшгүй явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол үндэслэлтэй эсэхэд шүүхээс хууль зүйн дүгнэлт өгнө.
Прокурорын зөвшөөрлийг зөрчсөн, эсхүл зөвшөөрлөөс хэтрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тохиолдолд тухайн эд мөрийн баримтыг хууль зөрчиж цуглуулсан гэж үзнэ.
Хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд хүний хувийн мэдээлэл агуулсан болон хамгаалалттай цахим төхөөрөмжид нэвтэрч цахим баримт цуглуулах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулна.
Үзлэгийн явцад түгжээтэй зүйлийг нээхийг шаардах болон цахим төхөөрөмжийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй нээх арга хэмжээ авахдаа хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд прокурорын зөвшөөрөл авна.
Цахим баримтыг илрүүлэх, бэхжүүлэхдээ хуулийн 9.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тусгай мэдлэг, туршлага бүхий хүнийг мэргэжилтнээр оролцуулбал зохино.
6.Эд мөрийн баримтыг хэн, хэзээ, ямар эх сурвалжаас хэрхэн олж авсан талаар, түүний онцлог шинж, хэлбэр дүрс, тоо хэмжээ, хадгалсан, шилжүүлсэн, хүлээн авсан шилжилт хөдөлгөөний талаар мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана. Шаардлагатай тохиолдолд нотолгооны бусад арга хэрэгсэл болох дуу, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг хийх зэргээр давхар бэхжүүлнэ.
Эд мөрийн баримтыг тэмдэглэлд тусгаж, хуулиар зөвшөөрсөн бусад аргаар давхар бэхжүүлэх гэсэн дарааллыг баримтлах бөгөөд тэмдэглэл үйлдэхгүйгээр бусад аргыг дангаар нь хэрэглэхгүй.
Цахим баримт нь түүний онцлог шинж чанараас шалтгаалан өөрчлөгдөх, устах, хуурамчаар үйлдэгдэх эрсдэлээс сэргийлэх үүднээс цуглуулах, бэхжүүлэх, хадгалах, зөөвөрлөх явцад мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар авсан арга хэмжээ, хэрэглэсэн техник хэрэгслийг бэхжүүлсэн тэмдэглэл үйлдэж, гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр давхар баталгаажуулна.
Мэргэжлийн байгууллага, ур чадвар бүхий мэргэжилтнийг цахим баримтыг эрж хайх, олж илрүүлэх, бэхжүүлэх ажиллагаанд оролцуулсан бол тэдний хийсэн үйлдэл, үйл ажиллагаа бүрийг нэг бүрчлэн тэмдэглэлд тусгана.
Цахим төхөөрөмжөөс өөрчлөгдсөн, устгасан мэдээллийг нарийн мэргэшсэн шинжээчийн тусламжтайгаар сэргээсэн тохиолдолд нотлох баримтад тооцогдоно.
7.Эд мөрийн баримтыг олж авсан арга, эх сурвалж тодорхойгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болохгүй.
8.Хувь хүний нууц мэдээлэл, эмзэг мэдээллийг агуулсан эд мөрийн баримтыг нотлох баримтаар ашиглахад хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хөндөх нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн эрх ашгийг хамгаалахад зохистой гэж үзвэл ийнхүү үзсэн үндэслэлээ шүүх, прокурор шийдвэртээ заавал тусгана.
9.Энэ тайлбарт дурьдсан үндэслэл, журмыг зөрчсөн эд мөрийн баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7, 14 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаар тооцохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
10.Энэ тогтоолыг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
[1] https://supremecourt.mn/files/20238/0_1695113132.pdf
[2] Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны ТА-9692 төсөл, "Монгол Улс дахь авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь: Авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн дүн шинжилгээний тайлан", 2021, 45 дугаар тал
[3] Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэн, "Авлигын гэмт хэргийн нотолбол зохих байдалд хийсэн харьцуулсан судалгаа", 2022, 6 дугаар тал
[4] Principle of proportionality- эрх зүйн үндсэн зарчим бөгөөд үйл ажилагааны хууль ёсны байдал нь тухайн үйлдлийн зорилго, ашигласан арга, хэрэгсэл, үр дагавар хоорондын тэнцвэрт байдлыг харгалзан тогтооно гэсэн үзэл санааг илэрхийлнэ.
[5] Der Strafprozess-Straegie und Taktik i der Hauptverhandlung. https://www.deubner-recht.de/produkte/strafprozess/doc//der-augenscheinsbeweis-947452, Сүүлд хандсан: [2023.04.12]
Текст томруулах
A
A
A
