A

A

A

Бүлэг: 1979

Ойн газрын даргын 2023 оны 08 дугаар

сарын 17-ны өдрийн А/176 дугаар

тушаалын хавсралт

 

ХУШНЫ САМАР ТҮҮХ АРГАЧЛАЛ

 

Нэг. Ерөнхий хэсэг

1.1. Монгол орны ойн сангийн нийт талбайн 5.25%-д буюу 10 аймгийн 63 сум, Улаанбаатар хотын ногоон бүсэд хушин ой тархан ургаж байна. Энэхүү багахан нөөц бүхий хушин ойгоос үйлдвэрлэлийн болон ахуйн, мөн судалгаа шинжилгээний зориулалтаар самар бэлтгэж байна. Хуш модны өсөлт, хөгжилт харьцангуй удаан явагддаг, хушин ой нь нийт ойн сангийн багахан талбайг эзлэн ургадаг зэрэг нь цаашлаад уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг ойг хамгаалах, зохистой ашиглах шаардлагатай болохыг харуулж байна. Хуш модны самар нь манай орны ойн дагалт баялгийн гол түүхий эдийн нэг бөгөөд байгальд ээлтэй аргаар түүснээр үйлдвэрлэлийг тогтвортой явуулах, ойн санг доройтлоос хамгаалах, хушин ойн байгалийн сэргэн ургалтыг дэмжих, биологийн олон янз байдалд хүнс, амьдрах орчныг бүрдүүлэх олон талт ашигт тустай.

1.2. Сүүлийн жилүүдэд хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын тоо өсөн нэмэгдэж, ихээр түүж бэлтгэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнтэй холбогдуулан ойн дагалт баялаг хуш модны самрыг түүж бэлтгэхдээ ойн экологид сөрөг нөлөөтэй аргаар түүж бэлтгэх, нөөцийн даацыг хэтрүүлэн ашиглаж байгаагаас болж ойн сан доройтож байна. Иймд хушны самрыг түүх байгальд ээлтэй арга, аргачлалыг тодорхойлж, нийтээр мөрдөх аргачлалыг боловсруулах нэн шаардлагатай байна.

1.3. Хушны самрыг түүж бэлтгэхдээ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг баримтална.

1.4. Хушны самар бэлтгэх ойг сонгохдоо дараах шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ. Үүнд:

- Ойн моддын төлөв байдлын үнэлгээний дүнгээр "Ойн модод өсөлт саарч доройтож буй" эсвэл "ойн модод хатаж буй" гэж тодорхойлогдсон хушин ойд самар бэлтгэл явуулахгүй байх. Өөрөөр хэлбэл, тухайн ойн моддын 60-аас дээш хувь нь Модны төлөв байдлын зэрэглэлээр III-VI зэрэгт хамаарагдаж байвал тухайн ойд хушны боргоцой бэлтгэх ажлыг 3 жилээр түр зогсоох,

- Тухайн хушин ойн дундаж нас насны ангийн II ба түүнээс дээш ангид хамаарагдаж байх,

- Монгол орны ойн байгалийн нөхөн ургалтын үнэлгээний хэмнүүрээр нөхөн ургалт хангалтгүй ба муу гэж үнэлэгдэж буй хушин ойгоос боргоцой бэлтгэхгүй байх бөгөөд байгалийн сэргэн ургалтыг дэмжих шаардлагатай.

1.5. Энэхүү аргачлалд манай оронд хэрэгжүүлэх боломжтой хушны самар түүх байгальд ээлтэй аргуудыг тусгав. Хушны самар түүх байгальд ээлтэй үндсэн 3 арга байна. Үүнд:

- Газарт унасны дараа түүх

- Модноос авиралгүй түүх

- Модноос авирч түүх

Хоёр. Үндсэн хэсэг

Хушны самар бэлтгэх ажлыг 3 үе шатанд хуваана. Үүнд:

  1.     Бэлтгэл ажлын үе шат
  2.     Самар түүх үе шат
  3.     Самар тээвэрлэх, хадгалах үе шат

2.1. Бэлтгэл ажлын үе шат

Энэ үед тухайн жилийн самрын гарц, нөөцөд суурилан мэргэжлийн байгууллагаас тогтоож өгсөн хугацаанд, хэдий хэмжээтэй түүх талаарх мэдээллээ авч, холбогдох зөвшөөрлөө авна. Түүж бэлтгэх зориулалтаасаа хамаарч түүх аргаа сонгох бөгөөд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд бэлтгэж, хөдөлмөр хамгааллын багаж, хэрэгсэл, хувцсыг сонгож бэлдэнэ. Самар түүх үеийн багаж хэрэгслийг энэхүү аргачлалын 3.1 дэх хэсэгт зааснаар бэлтгэж, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмийг мөрдөнө. Хэрэглэх багаж хэрэгслийг зааврын дагуу ажиллуулж, бүрэн бүтэн байдлыг шалгана.

Самар түүх багийн бүрэлдэхүүнийг тодорхойлж, үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх, модонд авирч түүх аргыг сонгох тохиолдолд багийн гишүүдээс хамгийн багадаа 1 гишүүнийг модонд авирч боргоцой түүх сургалтад хамруулна. Багийн нийт гишүүдэд анхны тусламжийн талаарх мэдээлэл өгч бэлдэнэ. Мөн багийн гишүүдэд самар түүхтэй холбоотой ерөнхий ойлголтыг өгсөн байх шаардлагатай.

2.2. Самар түүх үе шат

Түүх самар нь бүрэн гүйцэд боловсорсон идээтэй, боргоцойн хайрс, шилмүүс, модны холтос, өвснөөс сайн цэвэрлэгдсэн байна. Болц гүйцээгүй боргоцой нь давирхай ихтэй байх бөгөөд модноос амар салахгүй тул болц гүйцэхийг заавал хүлээнэ. Болц гүйцэх хугацаа нь тухайн жилийн цаг агаар, орчны нөхцөлөөс хамаарах ба бүс нутаг тус бүрд харилцан адилгүй өөр байх тул байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас тогтоож өгсөн түүх хугацааг чанд баримтална.

2.2.1. Газарт унасны дараа түүх

Боргоцой болц гүйцсэний дараа салхи юм уу байгалийн бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр газарт унана. Ийнхүү боргоцойг болц нь гүйцэж газарт унасны дараагаар газрын гадаргаас түүх аргаар бэлтгэх нь ойн экосистем, хуш модондоо сөрөг нөлөөгүй байна.

Давуу тал: Ойд хамгийн бага хор хөнөөлтэй, боловсорсон боргоцой нь өөрөө унадаг бөгөөд унасан боргоцойг газраас түүнэ. Ингэж түүх нь аюулгүй бөгөөд хялбар арга юм.

Сул тал: Боргоцой унах хугацаа нь байгалийн олон хүчин зүйлээс хамаардаг.  Хуш мод бүрийн боргоцой боловсорч гүйцэх хугацаа нь тэдгээрийн нас, ургах орчны нөхцөлөөс хамаарч ялгаатай байдаг.  Мөн ойн амьтад унасан боргоцойг хүнс, тэжээлдээ нөөцлөх тул ургацын хэмжээнд нөлөөнө. Энэ арга нь үйлдвэрлэлийн зориулалтаар түүхий эдийг бэлтгэхэд тохиромжгүй бөгөөд ахуйн зориулалтаар ашиглахад тохиромжтой.

Модны үр боргоцойг газрын гадаргуу дээрээс түүж бэлтгэхэд зориулалтын цүнх, үүргэвчийг ашиглаж болох ба газраас түүхдээ савар ашиглаж болно.

A person wearing a green overalls and a white bag

Description automatically generated

Зураг 1. Газар унасан боргоцой түүх уут буюу цүнх, үүргэвч

2.2.2. Ургаа модноос авиралгүй түүх

А. Савар, тармуур, оройн секатор ашиглан түүх

Хушны боргоцойг ургаа модноос түүж бэлтгэх тохиолдолд урт иштэй боргоцой түүгч дэгээнүүд болон оройн секаторууд, зориулалтын тармуур зэрэг энгийн багажуудыг ашиглан модонд авиралгүй түүх боломжтой. Энэ аргаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар боргоцой түүж бэлтгэх боломжтой.

Давуу тал: Энэ арга нь хүмүүст аюулгүй, учир нь модонд авирах шаардлагагүй тул өндрөөс унах аюул байхгүй. Эх модоо гэмтээхгүй.

Сул тал: байхгүй.

 

Screenshot 2023-07-30 19.12.57.png

Зураг 2. Модноос боргоцой түүхэд ашиглах боломжтой багажууд

а) Мөчрөөс боргоцой шүүрдэх самнагч, б) Боргоцой шүүрдэх тармуур-шуайз,

в) Боргоцой таслагч дэгээнүүд ба оройн секатор, г) И.И.Соромотины боргоцой түүгч

Боргоцойг титмээс салган авахад оройн секатор, зориулалтын тармуур ашиглана.

Түүнчлэн салхи, цас зэргээс болж мод булгаран унах тохиолдол бий. Ийм унасан модноос мөн боргоцойг түүж авч болно.

Б. Мөчир сэгсрэгч ашиглан түүх

Уулын ойд ашиглах боломжтой өөр нэг арга нь бага оврын мотор, бензин болон батарей ашиглан ажилладаг мөчир сэгсрэгч ашиглан түүх арга юм. Эдгээр мөчир сэгсрэгч нь болц гүйцсэн боргоцой бүхий мөчрийг сэгсэрч, боргоцойг доош унагаж түүдэг. Энэ нь модыг гэмтээхгүй, аюул багатай арга бөгөөд мөчир сэгсрэгч нь овор багатай тул уул руу авч явахад хялбар байна.

 

  Two lawn mowers on the ground

Description automatically generatedOlive Harvester Machine - ERM Olive Harvesting Machines     

Зураг 3.Мөчир сэгсрэгч багажууд

Гэхдээ эдгээр мөчир сэгсрэгч нь хамгийн уртдаа 4 м өндөрт хүрч ажиллах боломжтой байгаа тул титмийн дээд хэсгээр боргоцой нь байршдаг хушны хувьд өндөр модонд ашиглах боломжгүй.

В. Модны гол ишийг доргиож түүх

Купить кедротряс с доставкой по всей России A green and black metal rolls

Description automatically generated with medium confidence

 

Зураг 4. Хушны гол иш доргиогч, "Алтай"

Хушны боргоцой болц гүйцсэн үедээ жаахан доргиоход болон салхинд сэгсрэгдэн мөчрөөсөө салж унадаг. ОХУ-д түншүүрийн оронд мод доргиох төхөөрөмжийг зохион бүтээсэн байгаа бөгөөд үүнийг "Хуш доргиогч (чичрээгч)" хэмээн нэрлэсэн байна. Энэ төхөөрөмж нь 2 хүн дамжлан зөөвөрлөх боломжтой авсаархан бөгөөд бензин мотороор ажилладаг. Уг төхөөрөмж нь модны ишинд бэхлэгдэн, түншүүрээр цохисонтой адил модонд чичиргээ үүсгэж, улмаар боргоцой мөчрөөс сэгсрэгдэн унана. Хушны боргоцой сэгсрэгч энэхүү төхөөрөмж нь модны ишинд гэмтэл учруулахгүй бөгөөд ууланд зөөвөрлөн авч явах боломжтой тул манай орны нөхцөлд ойн экосистемд сөрөг нөлөөгүйгээр хушны боргоцойг түүх боломжтой.

Давуу тал: Модыг гэмтээхгүй, авч явахад хялбар, хөнгөн.

Сул тал: Байхгүй.

Г. Модыг бөгжлөн хамгаалж, зөөлөвчтэй түншүүрээр доргиож түүх

Болц гүйцсэн боргоцой бүхий модыг зөөлөн түншүүрээр доргиож түүх аргыг зөв хэрэглэсэн тохиолдолд модыг гэмтээлгүй боргоцой түүх боломжтой. Энэ аргыг боргоцой бүрэн боловсорсон үед цээжний өндөрт, 18-35 см диаметртэй модонд хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд модны ишийг зөөлөвчтэй түншүүрээр түншиж самрыг унагааж, бэлтгэдэг. Хэт нарийн мод нь гэмтэх эрсдэлтэй тул түншүүр хэрэглэдэггүй. Мөн хэт бүдүүн мод нь доргилт авдаггүй тул энэ аргыг хэрэглэхдээ модны бүдүүний хэмжээг харгалзана. Энэ аргыг хэрэглэхдээ хуш модны титмийн дээд хэсгийн боловсорч гүйцсэн боргоцой нь салхи, шуурганы нөлөөгөөр  амархан унаж байвал боргоцойг бэлтгэхэд ашиглана. Түншүүрээр цохихоос өмнө түнших өндөрт модны гол ишийг резин материалаар бөгжлөн хамгаалж, түншүүрийн цохих хэсэгт мөн зөөлөвч резин бэхэлж өгснөөр гол ишийг гэмтээхгүй цохих боломжтой. Түнших өндөр 2-2,5 м байх нь зүйтэй.

 

Зураг 5. Зөөлөвчтэй түншүүр ашиглах

Давуу тал: Энэ арга нь хүмүүст аюулгүй, учир нь модонд авирах шаардлагагүй тул өндрөөс унах аюул байхгүй. Зарцуулсан хугацаа болон бэлтгэсэн боргоцойны тооны харьцаанд ихээхэн ашигтай.

Сул талууд: Зөөлөвч зөв хэрэглээгүйгээс модны гол ишийг гэмтээх эрсдэлтэй.

 

2.2.3 Ургаа модноос авирч түүх

Хэрэв хушны үр боргоцойг модны титэмд авирч түүх бол манай орны нөхцөлд ОХУ-ын "Белка" ба ДК-1 модонд авирах төхөөрөмжүүдийг хэрэглэх нь тохиромжтой байна. Модонд авирагч төхөөрөмжүүдийг ашигласан тохиолдолд авирагч нь хамгаалалтын бүсийг заавал хэрэглэж, бусад аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх хэрэгтэй. Хушны үр боргоцойг модны титэмд авирч түүх тохиолдолд резин алхыг ашиглах нь зүйтэй байна. Энэ нь модонд гэмтэл учруулахгүй тул сөрөг нөлөөгүй гэж үзэж байна.

Давуу тал: Титмийн дээд хэсгийн боргоцойг түүж бэлтгэх боломж олгоно.

Сул талууд: Энэ арга нь  хамгийн аюултай, өндрөөс унаж гэмтэх эрсдэл өндөр. Тусгай авирах төхөөрөмж ашиглахаас гадна хянуур болгоомжтой, олон жилийн туршлагатай байж эрсдэлийг бууруулах боломжтой.

http://sinref.ru/000_uchebniki/04410_leso_proizvodstvo/012_Tekhnologia_i_mashiny_lesovosstanovleni_grigorev_2013/i_11392c8aec4ad243_html_5b218599.png  A leg prosthetic leg and leg brace

Description automatically generated

Зураг 6. Модонд авирагч ДК-1 төхөөрөмж, дөрөө

   

Зураг 7. Резин алх

2.3 Самар тээвэрлэх, хадгалах үе шат

Түүсэн боргоцойг цайруулж, авсан самар нь стандартын шаардлага хангасан (MNS 5786:2007) байх нь зүйтэй бөгөөд самрыг 50 кг хүртэл цэвэр жинтэйгээр агаар, чийг чөлөөтэй нэвтрэх шуудай, уутанд савлан битүүмжлэл сайтай, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Самар хадгалах байгууламжийн агаарын харьцангуй чийглэг 70%-иас ихгүй, агааржуулалттай, агаарын температур 15°С-ээс дээшгүй байна.

Гурав. Самар түүх үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал

3.1 Шаардлагатай багаж, хэрэгсэл

Хөдөлмөр хамгааллын бүх багаж, хэрэгсэлд ашиглах аюулгүй ажиллагааны зааврыг өгөх ба модонд авирах үед энэхүү зааврыг мөрдөнө.

Зураг 8. Хамгаалалтын малгай

Хамгаалалтын малгайг зааврын дагуу өмсөх шаардлагатай. Энэхүү хамгаалалтын малгай нь толгой дээр аливаа биет унах, модноос унаж гэмтэхээс хамгаалах зориулалттай. Малгайны дотор тал нь даавуун жийргэвч хүрээтэй, зургаан цэгийн бэхэлгээтэй бөгөөд дуулга нь толгойн хэлбэрт дасан зохицож, өндөрт эсвэл газар дээр янз бүрийн маневр хийх үед тогтвортой байх боломжийг олгодог байна. Ажиллах үед сул хөдөлгөөгүй, холбирохгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Хамгаалалтын малгай нь эрүүний хэсэгтээ хос оосортой байх бөгөөд энэ нь ажилчдад малгайгаа янз бүрийн нөхцөлд тохируулах, өөрчлөх боломжийг олгох юм. Хамгаалалтын малгайг 3-4 жилд солино.

A blue coverall with a white collar

Description automatically generated 

Зураг 9. Ажлын хувцас

 Хушны самар бэлтгэх ажил тайгын болон тайгархаг бүсийн чийглэг нөхцөлд явагддаг тул ус, чийгийг бүрэн нэвтрүүлэхгүй ажлын иж бүрэн хувцас шаардлагатай. Хамгаалалтын хувцас нь ойн ажлын шаардлагад нийцэхээр хийсэн байвал зохино. Ажлын хувцасны өнгө нь хүнийг орчин тойрноос ялган амархан олж харах өнгөтэй байна. Хамгаалалтын хувцас нь суга болон цээжин хэсэгтээ агааржуулалтын зориулалт бүхий онгорхой юм уу торон хэсэгтэй байна. Мөн ханцуйны хэмжээг өөрт эвтэйхнээр тохируулах боломжтой байна. Мөн жижиг багаж, хэрэглэлийг хийх зориулалт бүхий халаастай түүнчлэн анхны тусламжийн хэрэглэлийг хийх тусгай халаастай байна. Материалын хувьд бат бэх, өнгө хэлбэрээ алддаггүй байна. Хушин ой нь чийг ихтэй, уулын дээд хэсгээр таг, ар налууд ургадаг тул байгалийн хушин ойгоос үр боргоцой - самар бэлтгэх тохиолдолд хүн бүр усны гутал, усны хамгаалалттай хувцас өмсөх нь хөдөлмөрийн аюулгүй байдлын үүднээс хамгийн эхэнд тавигдах шаардлагын нэг юм. Ус, чийгээс хамгаалах хувцсыг удаан хугацаагаар   хэрэглэхэд тохиромжгүй учир ойд бороотой, хөрс чийгтэй үед богино хугацаанд хэрэглэнэ.

Зураг 10. Модонд авирах, буух, бэхэлгээнд ашиглах олс

Бэхэлгээний бүсний урт, богиныг өөрийн ажиллах нөхцөлдөө тохируулан аль болох зөв байрлуулж, тав тухтай ажиллах боломжийг олгохоос гадна унах эрсдэлээс хамгаална.

 

Зураг 11. Модноос бэхлэн тогтоох суудлын бүс

Бэхэлгээний бүсний урт богиныг өөрийн ажиллах нөхцөлдөө тохируулан өөрт эвтэйхэн байхаар тохируулан зөв байрласнаар, модонд авирагч эрсдэлгүй ажиллах нөхцөл бүрдэнэ. Модонд авирах хамгийн тохиромжтой хэрэгсэл нь олон талт байдлыг эрэлхийлж, ажиллах тохиромжтой нөхцөлийг мэргэжлийн хүмүүст олгосон байна.

3.2. Модонд авирах үеийн аюулгүй ажиллагаа

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг нэн анхаарах шаардлагатай арга нь ургаа модонд авирч түүх арга юм. Модонд авирахдаа биед эвтэйхэн, хөдөлгөөн хязгаарлахгүй хувцас өмсөх ба борооны дараа авирч болохгүй. Ажлын гутал хөлд эвтэйхэн, яг таарч байх, мөн  гулсдаггүй ултай байх хэрэгтэй бөгөөд хөлөө зөвхөн найдвартай санагдах мөчир дээр байрлуулж, суурьтай нь ойртуулах. Хэрэв хоёр хөл, хоёр гар нь дөрвөн тулгуур цэг гэж үзвэл тэдгээрийн гурав нь үргэлж тогтмол, зөвхөн нэг нь хөдөлгөөнтэй байх ёстой. Тусгай төхөөрөмж, дөрөө буюу хамгаалалтын бүсээр аюулгүй байдлыг хангах. Энэ нь хүний ​​биед бат бөх бэхлэгдсэн олсны тусламжтайгаар модонд бэхлэгдсэн бүс юм. Үүний ачаар хүн огт барихгүй байсан ч унахгүй.

Авирах үед дараах зүйлсийг анхаарна. Үүнд:

  1. Модонд авирахаас өмнө тоноглол, төхөөрөмж болон авирах талбайг сайтар шалгах
  2. Авирагч модонд авирах үед дор хаяж 2 хүнийг туслуулахаар хамт байлгаж хянуулах
  3. Хамт байлцах 2 хүн нь анхны тусламж үзүүлэх болон осол тохиолдсон үед хэрэгтэй зүйлсээр тоноглогдсон, хэрэгтэй шийдвэрийг цаг алдалгүй гаргах чадвартай байх
  4. Өөр хоорондоо харилцах бүрэн боломжтой байх
  5. Бүтээмжтэй ажиллахын тулд хангалттай амрах цагтай байх
  6. Модонд авирагчид модны төрөл зүйл, шинж чанар болон өмх,  болзошгүй гэмтлийн талаар мэдлэгтэй байх
  7. Модонд авирах төхөөрөмжийг үйлдвэрээс заагдсан зааврын дагуу хэрэглэгдэх
  8. Төхөөрөмжийн хэрэглэгдсэн хугацааг тогтоохын тулд үйлдвэрээс гаргасан заавар номыг ашиглах

Модонд авирч буй ажилтан дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Бие, физиологийн хувьд өндөрт ажиллах чадамжтай байх
  2. Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлээр бүрэн хангаж, тэдгээрийг хэрэглэх заавар болон хээрийн ажлын арга зүйг эзэмшсэн байх
  3. Боргоцой бэлтгэх чиглэлээр ерөнхий ойлголттой болж сургалтад хамрагдсан байх
  4. Модруу авирах ажлын дарааллыг сайтар ойлгож мэдсэн байх
  5. Модонд авирах үед ганцаараа ажиллахыг хориглох бөгөөд болзошгүй тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх хамтрагчтай байна.

Хушны боргоцой бэлтгэх ажилд оролцож буй бүх ажилтнууд аюулгүй байдлын дараах дүрмийг бүрэн эзэмшсэн байна. Үүнд:

  1. Ямар ч тохиолдолд модонд авирагч ганцаараа ажиллах ёсгүй бөгөөд хамгийн багадаа 2 эсвэл түүнээс дээш ажилтан гүйцэтгэх бөгөөд осол гарах тохиолдолд газарт үлдсэн ажилтан бусдынхаа амь нас, эрүүл мэндийг аврах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлнэ.
  2. Авирагч модонд авирах бүрдээ хөдөлмөр хамгааллын болон ажлын багаж хэрэгсэл зааварчилгааны хамт бүрэн байгаа эсэхийг хянаж шалгана.
  3. Боргоцой бэлтгэх, цуглуулах, цэвэрлэх, савлах, хадгалах, тээвэрлэх бүхий л тоног төхөөрөмжийг талбайд байршуулсан байна.
  4. Ажлын хувцас нь бат бөх, хөдөлгөөнтэй ажиллахад тохирсон, тухайн улирлын цаг агаарт тохирсон байх ёстой.
  5. Ашиглахын өмнө бүх төхөөрөмжийг шалгаж үзэх шаардлагатай бөгөөд хэрэв түүний нөхцөл байдалд эргэлзэж байвал засварлах, солих хүртэл ашиглахыг хориглоно.
  6. Нойтон эсвэл маш их салхитай цаг агаарт, оройн харанхуйд эсвэл хэт их ядарсан үед модонд авирахыг хориглоно.
  7. Гол иш нь өмхөрсөн,  хатсан, өвчин хортонд өртөж доройтсон зэрэг бусад механик гэмтэлд өртсөн сул дорой байдлын шинж тэмдэг бүхий модонд авирч болохгүй.
  8. Дээшээ авирч байгаа нөхцөлд модыг ороосон бэхэлгээний бүсийг огт салгахгүй. Авирагч дээшлэх болгондоо бэхэлгээний бүсийг модыг ороосон хэвээр дээшлүүлж өөрт эвтэйхэн байхаар байрлалд авчирна. 
  9. Авирагч өөрийн аюулгүй байдал, тэнцвэрийг алдахгүй байх ёстой бөгөөд үүнтэй зэрэгцэн модыг ороосон бэхэлгээний олсыг байнга дээшлүүлж, өөрийн ажиллах нөхцөлд урт, богиныг нь тохируулж байх хэрэгтэй.
  10. Доош буухдаа олсыг удирдахад хэцүү бөгөөд үрэлтийн улмаас гэмтэл үүсгэх аюултай тул хүзүүндээ уясан юм уу гогцоотой хэзээ ч авирч болохгүй.
  11. Доош буухдаа дүүжлэх гогцоог байрлуулах өндрийг баримжаалах ёстой бөгөөд энэ нь үндсэн олсны хамгийн багадаа уртын хагастай тэнцүү эсвэл түүнээ бага байна.
  12. Гүн хагаралтай холтостой, шигүү мөчиртэй модонд авирахдаа толгой, нүдийг гэмтээхгүйн тулд хамгаалалтын малгай, нүдний шил зүүх хэрэгтэй.
  13. Гол ишний бэхэлгээний цэгт ойрхон мөчрүүдийг барьж, тулж болох бөгөөд амархан хугарах хэврэг мөчрүүдийг ажиглан эргэлзээтэй мөчрүүдийг ашиглахаасаа өмнө тулж, хөдөлгөж туршиж үзнэ. Холтос нь хальстай мөчрүүдээс зайлсхийх хэрэгтэй бөгөөд тэдгээр нь гулгамтгай байдаг. Аль болох газар дээр байх үедээ авирах замыг тогтоох, ялангуяа титэм салаалсан модонд үүнийг анхаарна.
  14. Авирагч модонд хамгаалалтын оосор, олсоор бэхлэгдсэн, хамгаалалтын шугамд өлгөгдсөнөөс бусад тохиолдолд бүх үед (нэг гар, хоёр хөл эсвэл хоёр гар, нэг хөл) гурван тулгууртай байх ёстой.
  15. Авирах үедээ тогтмол хөдөлгөөнөөр тайван авирч, богино алхмуудыг хийнэ.
  16. Модны оройн хэсэг титэм рүү авирахдаа багаж авч гарахгүй бөгөөд модонд авирч гарсны дараа тусгай олсоор татаж авна.
  17. Хурц мөчрөөс болгоомжлох хэрэгтэй бөгөөд тэдгээр нь хувцастай орооцолдох,  гэмтээх, биеийг шархлуулах аюултай.
  18. Модонд авирахдаа спираль эсвэл зигзаг хэлбэрээр авирч, жингээ аюулгүйн шугамд хүрэхээс өмнө 2 м-ээс илүү зайд унахгүйн тулд хамгаалалтын олсыг ишинд бэхэлнэ.  Авирах үед гол ишний диаметр нь бүсэлхийн түвшинд 8 см-ээс багагүй байх ёстой. Аюулгүй байдлын талаар эргэлзэж байвал модны титэм хүрэх зайд авирахаасаа өмнө ишний бэхэлгээг найдвартай түвшинд бэхлэх шаардлагатай.  Хамгаалалтын олсыг бэхлэхдээ олсыг хамгаалалтын бүсэд бэхлэх хүртэл нэг гараа модны эргэн тойронд найдвартай байлгана.  Гараа суллахын өмнө өөрийн жингээ хамгаалалтын олс, хөлийн тулгуурт хүрч үзэн шалгана. 
  19. Модны оройд ойрхон түүж байхдаа биеийн жинг гаднаасаа биш харин доош нь дааж байхын тулд биеийг иштэй ойр байлгана.
  20. Аюулгүйн оосор нь авирах эсвэл титэм дэх байрлалаа өөрчлөх эсвэл хамгаалалтын шугам дээр дүүжлэхээс бусад тохиолдолд модны ишний эргэн тойронд үргэлж бэхлэгдсэн байх ёстой.
  21. Боргоцой эсвэл бусад материалтай уутыг доош буулгахын өмнө доор газарт үлдсэн ажилтнуудад мэдэгдэж, аюулгүй байгаа эсэхийг шалгана.
  22. Авирах талбай дээр анхны тусламжийн иж бүрдлийг заавал байлгах шаардлагатай.

 

 

----оОо----