- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- "БУМБАТ РАШААН" ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ГОРИМ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 109
дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралт
"БУМБАТ РАШААН" ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ
ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ГОРИМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү горимын зорилго нь "Бумбатын рашаан" Нийслэлийн орон нутгийн хамгаалалттай газарт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас явуулах үйл ажиллагааг Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Усны тухай, Ойн тухай хууль, байгаль орчны бусад хууль тогтоомжуудтай уялдуулан зохион байгуулахад оршино.
Хоёр. Хамгаалах арга, хэлбэр
2.1.Орон нутгийн хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газар хэрэгжүүлж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэн явуулна.
2.2.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 19-21 дүгээр зүйл болон уг дэглэмийн биелэлтийг хангуулах;
2.3.Нийслэлийн Байгаль орчны газар нь орон нутгийн хамгаалалттай газрыг хамгаалах чиг үүргийг шаардлагатай тохиолдолд гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно.
2.4.Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Усны тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
Гурав. Орон нутгийн хамгаалалттай газарт зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа явуулж болно.
3.1.Байгалийн төлөв байдлыг хөндөхгүйгээр судалгаа шинжилгээний ажил явуулах, ургамал амьтны өсөж үржих нөхцөлийг хангах, хөрс хамгаалах үйл ажиллагаа явуулж болно.
3.2.Орон нутгийн хамгаалалттай газарт ой, усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх хуульд заасан арга хэмжээг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж болно.
3.3.Явган болон ердийн хөсөг, моторт бус тээврийн хэрэгсэлтэй аялал, биеийн тамирын арга хэмжээг түймрийн аюултайгаас бусад үед тогтоосон байршил, зам чиглэлээр зохих төлбөр хураамжийг төлж, байгаль хамгаалагчийн хяналт доор зохион байгуулж болно.
Жич: Зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг явуулсан иргэд, байгууллага нь орчны хог хаягдлыг цэвэрлэж, нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагчид хүлээлгэж өгөх үүрэгтэй.
Дөрөв.Орон нутгийн хамгаалалттай газарт дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
4.1.Орон нутгийн хамгаалалттай газарт судалгаа, шинжилгээний зориулалттайгаас бусад барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, худаг гаргах, цооног өрөмдөх, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга, байгалийн дагалт баялаг бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, газар олгох, рашаан усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
4.2.Ус, намаг бүхий газарт "Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-д заасан дэглэмийг давхар мөрдөнө.
Тав. Хүлээлгэх хариуцлага
5.1.Хамгаалалтын дэглэмийг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж, учруулсан хохирлыг зохих журмын дагуу нөхөн төлүүлнэ.
5.2.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42, 43 дугаар зүйл заалтыг хэрэгжүүлнэ.
Текст томруулах
A
A
A