- Нүүр
- Сайдын тушаал
- Зардлын норматив шинэчлэн батлах тухай /Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэний хоногт хэрэглэх хоолны норм, илчлэгийн хэмжээ, зардлын норматив/ ЗХХАЭ №29. 2023.10.20

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар А/130
Улаанбаатар хот
Зардлын норматив шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэний хоногт хэрэглэх хоолны норм, илчлэгийн хэмжээ, зардлын норматив"-ыг нэгдүгээр, "Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэний хувцас, ариун цэврийн болон хичээлийн хэрэглэлийн зардлын норматив, эдэлгээний хугацаа"-г хоёрдугаар, "Төрөлжсөн асрамжийн газарт зайлшгүй байх эмийн жагсаалт"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаад нас барсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон 0-18 хүртэлх насны хүүхдийн оршуулгын зардлын хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс тогтоосон хэмжээгээр тооцож холбогдох нийгмийн даатгалын сан, нийгмийн халамжийн сан, хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлаас тус тус олгохоор тогтоосугай.
3.Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхэд, иргэний зардлын норм, нормативыг үнэ тариф болон амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан шинэчлэн батлуулж байхыг Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Ундрал), Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Н.Баярмаа)-т тус тус даалгасугай.
4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/188 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Энэхүү тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A
