A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2023 оны 09 дүгээр

  сарын 20ы өдрийн 354 дүгээр

        тогтоолын хавсралт

 

 

 

БҮХ НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮҮРГИЙН САНГ

БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ журмаар Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан (цаашид "сан" гэх)-г бүрдүүлэх, түүнийг зарцуулах, хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

 

1.2.Сангийн үйл ажиллагаанд Засгийн газрын тусгай сангийн тухай, Харилцаа холбооны тухай, Зөвшөөрлийн тухай, Төсвийн тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Шилэн дансны тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлж гаргасан дүрэм, журмыг дагаж мөрдөнө.

 

Хоёр.Хамрах хүрээ

 

2.1.Энэ журмыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх), харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй  хуулийн этгээд болон бусад хүн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.

 

2.2.Энэ журмын 2.1-д заасан харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй  хуулийн этгээдэд Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.3, 9.4, 9.8, 9.10, 9.11, 9.12, 9.13, 9.15-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч хамаарна.

 

Гурав.Сангийн үйл ажиллагаанд

баримтлах зарчим

 

3.1.Харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутагт болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэх, шинээр сүлжээ байгуулах, харилцаа холбооны орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, өргөтгөх, шинэчлэх үйлчилгээ нь бүх нийтийн үүрэгт үйлчилгээ байх бөгөөд энэ үйлчилгээг тогтвортой, тасралтгүй, ил тод хэрэгжүүлнэ.

 

3.2.Сангийн хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалтад харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд тэгш эрхтэй оролцоно.

 

3.3.Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд үүрэг давхардуулан ногдуулахгүй, үүргээс чөлөөлөхгүй байна.

 

 

 

Дөрөв.Сангийн удирдлага, зохион байгуулалт

 

 4.1.Сангийн удирдлагыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хэрэгжүүлнэ.

 

4.2.Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгж нь хариуцах бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

4.2.1.сангийн хөрөнгөөр тухайн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг салбарын хөгжлийн бодлого, өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, зорилтот бүс нутгийн хэрэглэгчийн судалгаа, холбогдох бусад судалгаа, оролцогч талын саналд үндэслэн боловсруулах;

 

4.2.2.харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг баталгаажуулж, сангийн хөрөнгийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

 

4.2.3.сангийн үйл ажиллагааны болон сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жилийн төлөвлөгөөг Хяналтын зөвлөлийн саналыг үндэслэн боловсруулах;

 

4.2.4.санд гадаад улс, олон улсын болон дотоодын байгууллагаас хандив, тусламж авах ажлыг зохион байгуулах, энэ чиглэлээр хийсэн ажлын талаар Хяналтын зөвлөлийн хуралдаанд жил бүр танилцуулах;

 

4.2.5.батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах үйл ажиллагааны тайлан гаргах;

 

4.2.6.батлагдсан төлөвлөгөө, төсвийн хүрээнд төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

 

4.2.7.сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн хэрэгжилтэд 2 жил тутам хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, үнэлгээний дүнг Хяналтын зөвлөл болон олон нийтэд ил тод мэдээлэх;

 

4.2.8.харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээ хүрээгүй хүн ам, газар нутаг (дүүрэг, хороо, сум, баг)-ийн талаарх зах зээлийн судалгааны ажлыг 2 жил тутам зохион байгуулах;

 

4.2.9.сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн судалгаа хийх;

 

4.2.10.сангийн үйл ажиллагаа, хөрөнгө бүрдүүлэлт болон зарцуулалттай холбогдсон санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэх.

 

4.3.Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, сангийн зарцуулалтад хөндлөнгийн хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус Хяналтын зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.

 

4.4.Зөвлөлийн гишүүн нь төрийн захиргааны төв байгууллагын 2, Зохицуулах хорооны 1, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчийн 3, харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэгчийн 2, шуудангийн үйлчилгээ эрхлэгчийн 1 төлөөллөөс тус тус бүрдсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Зөвлөлийн гишүүнийг 3 жилийн хугацаагаар харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.

 

4.5.Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

4.5.1.энэ журмын 4.2.8-д заасан судалгаанд үндэслэн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний чиглэлийг тогтоох;

 

4.5.2.сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөөнд тусгуулах саналаа төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

 

4.5.3.сангийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, баримт бичгийг холбогдох байгууллагаас гаргуулан авах;

 

4.5.4.сангийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт, төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээтэй танилцах;

 

4.5.5.сангийн хөрөнгийн зарцуулалт, төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтад дүгнэлт, зөвлөмж гаргах.

 

4.6.Зөвлөлийн даргыг гишүүдийн олонхын саналаар дотроосоо сонгох ба хуралдааныг Зөвлөлийн дарга удирдан явуулна.

 

4.7.Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байх ба хуралдаанд нийт гишүүдийн 50-аас дээш хувь нь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.

 

4.8.Зөвлөл нь хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

 

4.9.Зөвлөлийн шийдвэр нь тэмдэглэл хэлбэртэй байна. Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэр, санал хураалтын дүн, сонирхлын зөрчилтэй холбоотой болон шийдвэрийн талаар зарчмын өөр санал гаргасан гишүүний тайлбар, гишүүдийн ирц зэргийг тусгана. Хуралдаанд оролцсон бүх гишүүд тэмдэглэлтэй танилцаж, гарын үсэг зурна.

 

4.10.Зөвлөл нь хагас жилд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд төрийн захиргааны төв байгууллага, эсхүл Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар хуралдааныг зохион байгуулж болно.

 

4.11.Зөвлөлийн гишүүн нь өөрийн болон өөрийн хамаарал бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн сангийн хөрөнгийн зарцуулалт, төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтад хөндлөнгөөс нөлөөлөхгүй байна.

 

Тав.Сангийн хөрөнгийн эх үүсвэр,

төвлөрүүлэлт

 

5.1.Сангийн хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

 

5.1.1.хандив, зээл, тусламжийн хөрөнгө;

 

5.1.2.тусгай сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого;

5.1.3.харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдийн татварын дараах цэвэр ашгийн 3 хувь;

 

5.1.4.бусад хөрөнгө.

 

5.2.Энэ журмын 2.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ журмын    5.1.3-т заасан хөрөнгийг санд төвлөрүүлэх үүрэг хүлээнэ.

 

5.3.Санд хөрөнгө төвлөрүүлэхдээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон "Аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх заавар"-ыг баримтална.

 

5.4.Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд татварын тайлангаа харьяалах татварын болон санхүүгийн албаар баталгаажуулсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ журмын хавсралт маягтын дагуу харилцаа холбооны чиглэлээр үйлчилгээ эрхэлж олсон татварын дараах цэвэр ашгийн мэдээллээ бөглөн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, тухайн жилд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээгээ баталгаажуулна.

 

5.5.Энэ журмын 5.4-т заасны дагуу баталгаажуулсан хөрөнгийг 30 хоногт багтаан Төрийн санд байрших "Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан"-ийн дансанд төвлөрүүлнэ.

 

5.6.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөс аливаа татаас, урамшуулал, дэмжлэг олгохыг хориглоно.

 

Зургаа.Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл,

арга хэмжээний төлөвлөлт, зарцуулалт

 

6.1.Төрийн захиргааны төв байгууллага нь сангийн хөрөнгөөр шинээр болон үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөөний төслийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Зөвлөлд танилцуулж санал авна.

 

6.2.Зөвлөлийн саналыг үндэслэн тухайн жилд сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг жил бүрийн 1 дүгээр сард багтаан харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

6.3.Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 9.1-д заасан харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутагт болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэх, шинээр сүлжээ байгуулах, харилцаа холбооны орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, өргөтгөх, шинэчлэх төсөл, арга хэмжээнд зарцуулна.

 

6.4.Энэ журмын 6.3-т заасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлан харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

 

Долоо.Сангийн хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалтад

хяналт тавих, тайлагнах

 

7.1.Сангийн хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалтад Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Харилцаа холбооны тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн аудитын байгууллага хяналт тавина.

 

7.2.Төрийн захиргааны төв байгууллага нь сангийн хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалтыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.1-д заасны дагуу эхний хагас жилийн тайланг жил бүрийн 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн хамт тайлагнаж, ажиллана.

 

7.3.Төрийн захиргааны төв байгууллага нь сангийн хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалт болон хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнгийн тайланг доор дурдсан үзүүлэлтээр бэлтгэнэ:

 

7.3.1.хөрөнгө төвлөрүүлэлтийн талаарх тайланг тухайн жилд төвлөрүүлэх хөрөнгийг бүрэн төвлөрүүлсэн эсэх болон дутуу төвлөрүүлсэн хөрөнгийн хувь хэмжээ (хуулийн этгээд тус бүрийн нэрээр);

 

7.3.2.хөрөнгө зарцуулалтын тайланг хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн хувь, санхүүжилтийн хэмжээ, үлдэгдэл санхүүжилтийг төсөл, арга хэмжээ бүрээр;

 

7.3.3.төсөл, арга хэмжээний зорилго, байршил, ажил эхлүүлэх, дуусгах хугацаа, төслийн зорилго хангагдаж байгаа байдал.

 

7.4.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.2, 24.3, 24.5-д заасны дагуу сангийн хөрөнгө зарцуулалтын жилийн эцсийн тайланд аудит хийлгэж, Шилэн дансны тухай хуульд заасан журмын дагуу олон нийтэд тогтмол мэдээлнэ.

 

Найм.Бусад

 

8.1.Сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, ашигласан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

8.2.Санд хөрөнгө төвлөрүүлэх хугацааг хэтрүүлсэн, хөрөнгө төвлөрүүлэх үүргээ биелүүлээгүй буюу дутуу биелүүлсэн харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

---о0о---

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан

бүрдүүлэх, зарцуулах журмын

хавсралт

 

 

БҮХ НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮҮРГИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛЭХ

ХӨРӨНГИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ТАЙЛАНГИЙН МАЯГТ

 

1.     Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн мэдээлэл

 

Банкны нэр: _____________________________­­­­­­­­­­­­____________

Дансны нэр: _________________________________________                             

Холбоо барих утас, факс:  _____________________________

Дансны дугаар: ______________________________________                             

И-мэйл хаяг: ________________________________________

 

2.     Хөрөнгө төвлөрүүлэгч байгууллагын мэдээлэл

Байгууллагын нэр:   ___________________________________

Регистрийн дугаар:  ___________________________________

Одоогийн хаяг:

Аймаг, хот    _________________________________________                   

Утас  1: ____________________ Утас  2: _________________

Сум, дүүрэг  _________________________________________                 

И-мэйл хаяг:   ________________________________________

Баг, хороо    _________________________________________                    

Шуудангийн хайрцаг:  _________________________________

Гудамж, хороолол ____________________________________                   

И-мэйл хаяг:   ________________________________________

Байшин, байр ________________________________________                  

Хашаа, хаалга _______________________________________

Үйл ажиллагааны чиглэл: ______________________________

 

 

Үзүүлэлтүүд

 

Код

Татварын албаны баталгаажуулсан дүн

Сангаас

баталгаажуулсан дүн

 

1.

Нийт орлого

1.

 

 

 

Үүнд:

Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээнээс олсон орлого

2.

 

 

Бусад орлого

3.

х

 

2.

Нийт зардал

4.

 

 

 

3.

Татвар төлөхийн өмнөх ашиг (алдагдал)

5.

 

 

Орлогын татварын зардал

6.

 

 

Татварын дараах ашиг (алдагдал)

7.

 

 

 

4.

Санд төвлөрүүлэх хөрөнгө

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 9.3 дахь хэсэг (3%)

8.

 

 

5.

 

Тайлангийн эхний үлдэгдэл

илүү

9.

 

 

дутуу

10.

 

 

6.

Төлбөл зохих /7-8+9/

11.

 

 

7.

Төлсөн он, сар, өдөр, дүн

12.

 

 

8.

Тайлангийн эцсийн үлдэгдэл

/10-11-12+13/

илүү

13.

 

 

дутуу

14.

 

 

             

 

Жич: Энэ тайлан нь санхүүгийн тайлан болон татварын албаны баталгаажуулсан ААНОАТ-ын тайлангийн хамт хүчинтэй. 

 

 

 

Тайланг баталгаажуулсан:

 

Тайланг үнэн зөв гаргасан:

 

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны ...............................................

...........................................................

................................................. газар

(Нэгжийн нэр)

 

...........................................................

(Албан тушаалтны нэр)

 

............................................................

(Гарын үсэг)

 

Жич: Байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна.

 

 

 

............................................................

(Байгууллагын нэр)

 

...........................................................

(Дарга /Захирлын нэр)

 

............................................................

(Гарын үсэг)

 

 

 

 

Жич: Байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна.

Тайланг хянасан:

 

 

 

Төсвийн ерөнхий нягтлан бодогч

 

...........................................................

(Албан тушаалтны нэр)

 

............................................................

(Гарын үсэг)

 

 

 

20..   оны  ..   сарын   ..  -ны өдөр

 

20..   оны  ..   сарын   ..  -ны өдөр

 

---о0о---