- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ, ДЭД БҮТЦИЙН СУУРИЛУУЛАЛТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн
105 тоот тогтоолын
хавсралт
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ, ДЭД БҮТЦИЙН
СУУРИЛУУЛАЛТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН
НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
- НЭГ.
- ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
1.1. Энэхүү нөхцөл, шаардлагын зорилго нь Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид "Зохицуулах хороо" гэх)-ноос харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тодорхойлоход оршино.
1.2. Энэхүү тусгай зөвшөөрлийн хүрээнд үйлчлэгч эсхүл дотоодын хэрэглээний сүлжээ байгуулах этгээдийн захиалгаар харилцаа холбооны шугам, сүлжээний суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрнө.
1.3. Зөвхөн барилгын дотор харилцаа холбооны сувагчлал, сүлжээ байгуулж, тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, холболт хийх ажил үйлчилгээ эрхлэх тохиолдолд Харилцаа холбооны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу Зохицуулах хороонд бүртгүүлж, бүртгэлийн гэрчилгээ авна.
ХОЁР.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ, ДЭД БҮТЦИЙН СУУРИЛУУЛАЛТ,
ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН
НӨХЦӨЛ
2.1. Тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа, ажил үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг талаарх нотлох баримт, гэрээг, тэдгээрийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоо зэргийг багтаасан бизнес төлөвлөгөөг тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргаж ирүүлнэ.
2.2. Тусгай зөвшөөрлийн хүрээнд ажлыг гардан гүйцэтгэх харилцаа холбоо, мэдээллийн технологийн инженер, кабельчдаас бүрдсэн 3 болон түүнээс дээш үндсэн ажилтантай байх бөгөөд холбогдох мэргэжлийн сургалтад хамрагдаж сертификат авсан байна.
2.3. Тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргагч нь тухайн үйл ажиллагааны чиглэлээр гэрээт ажилтан авч ажиллуулж болно.
2.4. Инженер техникийн ажилтнууд нь тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргасан чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх ба гүйцэтгэсэн ажлын акт, захиалагчийн тодорхойлолт зэргээр нотолсон мэдээллийг тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргасан байна.
- ГУРАВ.
- ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
3.1. Тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэхдээ Зохицуулах хорооноос баталсан норматив баримт бичиг, холбогдох үндэсний стандартуудыг мөрдлөг болгож ажиллах үүрэг хүлээнэ.
3.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү нөхцөл, шаардлагын 2-р зүйлд заасан шаардлагыг хангасан байх ба инженер, техникийн ажилтнуудтай Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу гэрээ байгуулж, нийгмийн даатгал төлдөг байна.
3.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь инженер техникийн ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол сургалт, зөвлөгөө өгч тэмдэглэл үйлдсэн байна.
3.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалтын ажлыг гүйцэтгэж, захиалагчид актаар хүлээлгэн өгсний дараа ажлын 14 хоногийн дотор Зохицуулах хороонд албан бичгээр мэдэгдэж, цахим системд холбогдох мэдээллүүдийг оруулна.
3.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь шилэн кабелийн залгааны болон шилэн кабелийн залгаа, муфьт хийхэд зориулагдсан битүүмжлэл бүхий машинаар тус тус хангагдсан байх шаардлагатай.
3.6. Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын дотоод журмыг боловсруулж, мөрдөнө.
3.7. Угсралт суурилуулалтын ажил нь үндэсний стандарт, зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу хийгдэж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих дотоод дүрэм, журмыг баталж, үйл ажиллагаандаа мөрдөнө.
3.8. Өөрийн үйл ажиллагааны чиглэлээр батлагдсан дүрэм, журам, үндэсний стандарт, норматив баримт бичгүүдийн санг үүсгэх, тухай бүр шинэчлэн баяжуулах, гарын авлага, үзүүлэн таниулах материал бэлтгэн ажилтнуудаа тогтмол сургалт мэдээллээр хангах арга хэмжээг авч ажиллана.
3.9. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээллийг 3-аас доошгүй жилийн хугацаатайгаар архивладаг байна.
3.9.1. Угсралт, суурилуулалтын ажилд хяналт тавьсан протокол, акт, тайлан мэдээлэл;
3.9.2. Ажилчидтай хийсэн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгал төлсөн баримт, тайлан мэдээ;
3.9.3. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны заавар, зөвлөгөө өгсөн тэмдэглэл.
3.10. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Зохицуулах хороонд хагас жил тутамд тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан хугацаанд статистик тайлан мэдээллийг маягтын дагуу үнэн, зөв ирүүлнэ.
-------- oOo --------
1
Текст томруулах
A
A
A