- Нүүр
- Сайдын тушаал
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН УЛСЫН БАЙЦААГЧИД МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙГ ТОГТООХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/137 дугаар тушаалын хавсралт
НИЙГМИЙН ДААТГАЛЫН УЛСЫН БАЙЦААГЧИД МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙГ ТОГТООХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Нийгмийн даатгалын улсын байцаагчид мэргэшлийн зэргийг тогтоох, түдгэлзүүлэх, зэргийн нэмэгдэл олгох харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Нийгмийн даатгалын улсын байцаагч нь Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан мэргэшлийн зэрэгтэй байна.
1.3.Мэргэшлийн зэрэг нь нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын газар, сум, дүүргийн тасаг /цаашид "нийгмийн даатгалын байгууллага" гэх/-т ажиллаж байгаа улсын ахлах болон улсын байцаагчийн эрхтэй байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/-д хамаарна.
/Энэ хэсэгт ГБХНХС-ын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай А/29 дүгээр тушаалаар хасалт хийсэн/
1.4.Итгэмжит зөвлөх мэргэшлийн зэрэг авсан улсын байцаагчид 30 хувийн, зөвлөх мэргэшлийн зэрэг авсан улсын байцаагчид 20 хувийн, тэргүүлэх мэргэшлийн зэрэг авсан улсын байцаагчид 15 хувийн нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингаас тооцож сар бүр олгоно. Мэргэшлийн зэргийн нэмэгдлийг нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны жил бүрийн төсөвт тусгаж батлуулна.
/Энэ хэсэгт ГБХНХС-ын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай А/29 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/
1.5.Итгэмжит зөвлөх, зөвлөх, тэргүүлэх мэргэшлийн зэргийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгож, түдгэлзүүлнэ.
Хоёр.Мэргэшлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлт
2.1.Тэргүүлэх мэргэшлийн зэргийг улсын байцаагчийн шалгалтад 2 ба түүнээс дээш удаа дараалан тэнцсэн доор дурдсан шалгуур хангасан улсын байцаагчид олгоно. Үүнд:
2.1.1.нийгмийн даатгалын байгууллагад 6-аас доошгүй жил ажилласан байх;
2.1.2.төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээр сүүлийн 1 жилийн хугацаанд "А буюу маш сайн", "В буюу Сайн" үнэлгээтэй дүгнүүлсэн байх;
2.1.3.сүүлийн 1 жил ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй, сахилгын шийтгэл хүлээгээгүй байх.
2.2.Зөвлөх мэргэшлийн зэргийг доор дурдсан шалгуур хангасан улсын байцаагчид олгоно. Үүнд:
2.2.1.энэ журмын 2.1-д заасан мэргэшлийн зэрэг хүчинтэй байх;
2.2.2.нийгмийн даатгалын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан байх;
2.2.3.төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээр сүүлийн 2 жилийн хугацаанд "А буюу маш сайн", "В буюу Сайн" үнэлгээтэй дүгнүүлсэн байх;
2.2.4.сүүлийн 2 жил ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй, сахилгын шийтгэл хүлээгээгүй байх.
2.3.Итгэмжит зөвлөх мэргэшлийн зэргийг доор дурдсан шалгуур хангасан улсын байцаагчид олгоно. Үүнд:
2.3.1.энэ журмын 2.2-т заасан мэргэшлийн зэрэг хүчинтэй байх;
2.3.2.нийгмийн даатгалын байгууллагад 15-аас доошгүй жил ажилласан байх;
2.3.3.төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг сүүлийн 3 жилийн хугацаанд "А буюу маш сайн", "В буюу Сайн" үнэлгээтэй дүгнүүлсэн байх;
2.3.4.сүүлийн 3 жил ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй, сахилгын шийтгэл хүлээгээгүй байх.
Гурав.Мэргэшлийн зэрэг тогтоох, түдгэлзүүлэх
3.1.Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын газар нь улсын байцаагчид мэргэшлийн зэрэг тогтоолгох саналыг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад цахимаар ирүүлэх бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
/Энэ хэсэгт ГБХНХС-ын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай А/29 дүгээр тушаалаар хасалт хийсэн/
3.1.1.энэ журмын 2.1-2.3-т заасан шалгуур хангасныг нотлох баримт бичиг;
3.1.2.энэ журмын 3.1.1-д заасан нотлох баримт бичгийг үндэслэн хамт олны хурлаар хэлэлцэж гаргасан шийдвэр.
3.2.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь мэргэшлийн зэрэг тогтоолгох байцаагчийн баримт бичгийг шалгаж нэгтгэн, судалгааг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хүргүүлнэ.
/Энэ хэсэгт ГБХНХС-ын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай А/29 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/
3.3.Мэргэшлийн зэргийг тогтоох асуудлыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт ГБХНХС-ын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай А/29 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/
3.4.Мэргэшлийн зэргийг дараах тохиолдолд түдгэлзүүлнэ. Үүнд:
3.4.1.албан хаагч төрийн албанаас түр чөлөөлөгдсөн бол ажилдаа эргэн орох хүртэл;
3.4.2.хүүхэд асрах чөлөөтэй байгаа хугацаанд.
3.5.Нийгмийн даатгалын байгууллага хооронд шилжин эсхүл сэлгэн ажиллах хугацаанд тухайн албан хаагчийн мэргэшлийн зэрэг хэвээр хадгалагдана.
3.6.Улсын байцаагч нь төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, нас барсан, ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргасан нь нотлогдож ёс зүйн болон сахилгын шийтгэл хүлээсэн бол мэргэшлийн зэргийг тухай бүр хүчингүй болгоно.
3.7.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэргэшлийн зэргийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай саналыг тухай бүр хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тавьж шийдвэрлүүлнэ.
Дөрөв.Зэргийн нэмэгдэл олгох
4.1.Энэ журмын 2.1-2.3-т заасан шалгуур хангасан улсын байцаагчид шат дараалан мэргэшлийн зэргийг олгоно. Мэргэшлийн зэргийг шат дараалан олгох доод хугацаа 1 жил байна.
4.2.Мэргэшлийн зэргийн нэмэгдлийг нийгмийн даатгалын байгууллагад улсын байцаагчийн эрхтэйгээр төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаа хугацаанд олгоно.
Тав.Бусад зүйл
5.1.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
--- о0о ---
Текст томруулах
A
A
A