- Нүүр
- Тогтоол
- Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ
2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар 04
Улаанбаатар хот
зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн
эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай
танхим 14.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр, Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган /илтгэгч/, Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хаалттай хийв.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн П.Ундрах-Эрдэнэ, Л.Галбаатар, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан нар оролцов.
Энэхүү хуралдаанаар Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэж, мөн Монгол Улсын Их Хурлын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн "Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийн тухай" 41 дүгээр тогтоолыг хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын иргэн П.Ундрах-Эрдэнэ, Л.Галбаатар нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж:
"Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж, Гүйцэтгэх ажлын тухай хуульд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт ""Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж … илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна.
Учир нь хувь хүний амь бие, эрүүл мэнд, халдашгүй байдлыг хамгаалах үүрэг нь төрд байдаг бол хувь хүний нууцыг хамгаалах үүрэг зөвхөн хувь хүнд өөрт нь байдаг. Техник технологи хөгжсөн эрин үед хувь хүн өөрийн хууль ёсны эрх, эрх чөлөө, хувийн нууцаа техник технологийн шийдэлгүйгээр хамгаалах ямар ч боломжгүй юм. Жишээлбэл, иргэний гэр орон, албан өрөөнд хэн нэгэн этгээд хууль бусаар чагнах төхөөрөмж, нууц камер байрлуулсан байлаа гэж үзвэл түүнийг яаж илрүүлэх вэ? Үүнийг "нууц камер илрүүлэгч" гэх техник хэрэгслээр илрүүлэх боломжтой. Мөн хэн нэгэн этгээд хувийн болон албан өрөөнд нууцаар чагнах төхөөрөмж тавьсан бол мөн үүнийг "сүлжээ илрүүлэгч" гэх төхөөрөмжөөр илрүүлж болно.
Эдгээр төхөөрөмж буюу "нууц камер илрүүлэгч", "сүлжээ илрүүлэгч" төхөөрөмжийг дэлхийн олон оронд илээр, чөлөөтэй худалдан борлуулдаг бөгөөд иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангахын тулд зөвхөн өөрийн хэрэгцээнд ашиглахаар худалдан авч болдог байна. Үүнийг дэлхийн улс орнууд хуулиар хориглодоггүй. Учир нь өөрөө өөрийгөө хамгаалах эрх нь иргэний жам ёсны бөгөөд салшгүй эрх юм. Тухайлбал, гар утас хэрэглэгчийн хувьд тодорхой аппликейшнийг үнэгүй суулгаж хэрэглэх боломжтой бөгөөд онлайн худалдааны дэлгүүрүүдээс нууц камер илрүүлэгчийг худалдан авах боломжтой.
Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийг томьёолж хуульчлахдаа "илрүүлэх" зориулалттай техник хэрэгсэл, программ хангамжийг бүгдийг нь багтааж хэт өргөн хүрээнд томьёолсноос үүдэн иргэдийн хэрэглэдэг вирусийн программ хүртэл гүйцэтгэх ажлын хэрэгсэлд орох боломжтой мэт болжээ. Тухайлбал, энгийн вирусийн программ нь иргэдийн компьютерт халдаж буй хөнөөлт вирус, программыг таньж олох, "илрүүлэх" зориулалттай тул гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл гэсэн ангилалд хамрагдахаар ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Улмаар өмнө хуулиар зөвшөөрдөг байсныг Эрүүгийн хуулиар шинээр гэмт хэрэгт тооцохоор оруулж, иргэний өөрөө өөрийгөө хамгаалах эрх, эрх чөлөөг хязгаарласан, дордуулсан байна.
Учир нь дээрх камер, сүлжээ илрүүлэгч төхөөрөмж нь "илрүүлэх" зориулалттай тул Гүйцэтгэх ажлын тухай хуульд зааснаар "гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэх ангилалд багтаж, түүгээр зогсохгүй эдгээр төхөөрөмжийг олж авбал, ашиглавал гэмт хэрэг үйлдсэнд тооцон ял шийтгэгдэх үндэслэл бүрдсэн байна.
"Илрүүлэх" зориулалт бүхий техник хэрэгсэл нь нууцаар мэдээлэл цуглуулах, олж авах зориулалттай биш бөгөөд харин нууц техник хэрэгслийг таньж олох, илрүүлэх зориулалттай тул цэвэр хамгаалалтын хэрэгсэл гэж үздэг. Иргэд энэхүү илрүүлэх зориулалттай техник хэрэгслийг ашигласнаар өөрөө өөрийгөө хууль бус мөрдөн мөшгилт, тагнан чагнах үйл ажиллагаанаас сэргийлэх, өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах ач холбогдолтой юм. Гэтэл нууцаа хамгаалах хамгаалалтын арга хэрэгсэл, техник хэрэгслийг ашиглах эрхийг дээрх зохицуулалтаар үгүйсгэсэн нь хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэхээр байна.
Иймд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн дээрх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргаж өгнө үү." гэжээ.
Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:
"1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт төр улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх нөхцөлийг хангах үүргийг хүлээж, энэ зорилгоор хуульд заасан тодорхой нөхцөл журмын хүрээнд холбогдох байгууллага тусгай чиг үүргийг хэрэгжүүлж болохоор тогтоосон байна.
2.Хууль тогтоогч "гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийг" ашиглах байгууллага, албан тушаалтныг Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт зэрэг хууль тогтоомжид нэрлэн зааж, хуулиар эрх олгоогүй этгээд ашиглах, борлуулахыг хориглосон нь иргэний хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, мөн хуульд заасан үндэслэлээр зөвшөөрөгдсөн мөрдөн шалгах ажиллагаа, эрүүгийн хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр нууц ажиллагаа хийх зэрэг ажилд саад учруулахаас сэргийлж буй бодлогын хүрээнд уг хуулийн заалтыг баталсан.
3.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 12 дугаар зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 17 дугаар зүйл, Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 3.4, 3.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу аливаа илрүүлэх төхөөрөмж буюу нууц камер, нууц камер болон долгион илрүүлэгч, яриа болон GPS байрлал дамжуулах төхөөрөмж, үзгэн камер, флашан камер, адаптер камер буюу энгийн хэрэглээний эд зүйлд суурилуулсан нууц камер зэрэг төхөөрөмжүүдийг иргэн, хуулийн этгээд өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, өөрийн болон гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах эрхийг хуулиар ялгаатай зааглан тогтоожээ.
Иймд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан ""Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна. ..." гэжээ.
Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэж, 03 дугаар дүгнэлтийг гаргасан болно. Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт:
"1.Монгол Улсын Их Хурал Гүйцэтгэх ажлын тухай хуулийг 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдөр баталж, тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт ""Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ." гэж тодорхойлсон нэмэлтийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар оруулжээ. Улмаар гүйцэтгэх ажлын тусгай техникийг хуулиар эрх олгогдоогүй этгээд олж авсан, ашигласан, борлуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэмэлт оруулан хуульчилсан байна.
2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад Монгол Улсын иргэн "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж зааж хүний хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг үндсэн эрх хэмээн баталгаажуулсан байна.
Уг заалт нь халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмаар хязгаарлах төдийгүй дур мэдэн халдахыг хориглосон зохицуулалт юм. Ийнхүү "дур мэдэн" гэж заасан нь хуулиас гадуур хүний эрхийг хязгаарлахыг хориглосноос гадна хэт ерөнхий, өргөн хүрээнд, хоёрдмол утгаар тайлбарлаж болохуйц хэм хэмжээг тогтоохыг хориглосон агуулгыг илэрхийлнэ. Энэ нь эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан ийм хуулийг дур зоргоор тайлбарлан хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг зөрчих эрсдэлтэй байдагтай холбоотой юм. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасан.
3.Хууль тогтоогч хүний хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хязгаарлах үндэслэл журмыг тодорхойлохдоо тухайн хуулийг хэрэгжүүлэх байгууллага, иргэдэд хоёрдмол утгагүй, тодорхой ойлгогдохоор томьёолох, иргэд уг хуулийг зөрчсөнөөс үүсэх үр дагавар, хүлээх хариуцлагын талаар урьдчилан таамаглах, мэдэх боломжтой байхаар хуульчлах үүрэгтэй. Ингэснээр хууль хэрэгжүүлэгч байгууллага болон шүүх хуулийг нэг утгаар хэрэглэх, эрх, эрх чөлөө нь тухайн хууль тогтоомжоор хязгаарлагдаж буй иргэн зан үйлээ хуульд нийцүүлэх, эрх зүйн үр дагаврыг урьдчилан харж, таамаглах нөхцөл бүрдэнэ. Энэ нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хуулийн зохицуулалтын нөхцөл, зорилго, хүрээг зохицуулж буй харилцааны онцлогт нийцүүлэн тодорхой, ойлгомжтой томьёолон хуульчлах буюу хууль зүйн тодорхой байдлыг хангах зарчимтай холбоотой юм.
4.Мэдээлэл гаргагч иргэд болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүнчлэн Тагнуулын ерөнхий газар, Монгол Улсын ерөнхий прокурорын газраас гаргуулж авсан тайлбар, баримтаас үзэхэд тус маргаан бүхий зохицуулалтын агуулгыг харилцан ялгаатай байдлаар ойлгож, тайлбарлаж байгаа нь харагдаж байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд "... Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг ... хүн уншаад өөрийн зан үйлээ зохицуулах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, ... хүн ямар техник хэрэгслийг хэрэглэсэн тохиолдолд Тагнуулын ерөнхий газраас тухайн техник хэрэгслийг хураан авах, эсхүл авахгүй байхыг урьдчилан тооцох боломжгүй байна. ..." гэжээ.
Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл гэх ойлголтод хамаарах "илрүүлэх" төхөөрөмж гэдэгт нууц камер илрүүлэгч гар утасны программ, цахим халдлагаас сэргийлэхээр бүтээгдсэн компьютерын программ хангамж зэрэг хамаарах эсэх нь тодорхойгүй буюу иргэн өөрийн хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор ямар төхөөрөмж, программ хангамжийг ашиглах боломжтой эсэх нь ойлгомжгүй байна. Дээрхээс үзвэл Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн маргаан бүхий зохицуулалт нь хууль тогтоомж тодорхой байх Монгол Улсын Үндсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байх ба иргэд хууль, тогтоомж зөрчсөнөөс үүдэх эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан таамаглах, зан үйлээ хуульд нийцүүлэн өөрчлөх боломжийг хязгаарлаж, хувь хүн өөрийн нууцаа хамгаалах, халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
5.Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхийг тогтооход хэрэглэдэг түгээмэл шалгуур нь тэнцвэрийн зарчим юм. Энэ зарчмын хүрээнд төрийн хууль ёсны зорилгод нийцүүлэн иргэний эрх, эрх чөлөөг хуулиар хязгаарлах боломжтой. Холбогдох зохицуулалтыг Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлтээр оруулахдаа хууль тогтоогч уг заалтын зорилгын талаар тухайлан хэлэлцээгүй байна. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн тайлбарт иргэний хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, мөн хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа, эрүүгийн хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр нууц ажиллагаа хийх зэрэг ажилд саад учруулахаас сэргийлж буй бодлогын хүрээнд уг хуулийн заалтыг баталсан талаар тэмдэглэжээ.
6.Эрүүгийн хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр нууц ажиллагаа хийх зэрэг ажилд саад учруулахаас сэргийлэх хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалтад тусгасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах төрийн хууль ёсны зорилго мөн байна. Харин энэ зорилгын хүрээнд хувь хүний нууц болон мэдээллийг цуглуулах, дамжуулах, нууцаар олж авахад чиглэсэн хөндлөнгийн халдлагаас хамгаалах иргэний эрхийг хуулиар хязгаарласан нь хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад заасан халдашгүй, чөлөөтэй байх эрхийн хамгаалалтад иргэн өөрийн гэр бүл, захидал харилцаа, орон байрны халдашгүй байдлаа хууль бус халдлагаас хамгаалах болон хуулиар хамгаалуулах эрхтэй. Энэ нь хувь хүн, бусад этгээдээс гадна төрийн байгууллага, албан тушаалтны халдлагаас сэргийлэхтэй холбоотой зохицуулалт юм. Иргэний хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан нь хүний эрхэм чанарыг дээдлэхтэй холбоотой бөгөөд иргэн бусдын хууль бус халдлагаас ангид байдлаар бие даан орших, өөрийн мөн чанар, үзэл бодол, итгэл үнэмшил, мэдрэмжээ илэрхийлэх хувийн орон зайг нь хамгаалахад чиглэнэ.
7.Эрүүгийн хэргийг илрүүлэх болон нийтийн ашиг сонирхолд аюул учруулахуйц тохиолдолд энэхүү эрхийг хуулиар хязгаарлах боломжтой боловч хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн хязгаарлалт нь тэнцвэрийн зарчимд нийцсэн байх шаардлагатай. Уг маргааны хувьд иргэн өөрийн хувийн амьдрал, мэдээллийн нууцыг өөрөө хамгаалах, хөндлөнгийн халдлагаас сэргийлэх боломжийг хориглох замаар эрүүгийн хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох нь хуулийн холбогдох зохицуулалтын зорилго гэж үзэхээр байна.
Хүний хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг ийнхүү хязгаарлахгүйгээр уг хуулийн зорилгод хүрэх боломжтой байна. Тухайлбал, илрүүлэх тоног, төхөөрөмжийг ашиглах зорилгоос хамааран хэрэглээнд нь хуулиар хязгаарлалт тогтоож болно. Үүнээс үзэхэд хуулийн зохицуулалтын зорилго болон тухайн зорилгод хүрэхэд чиглэсэн арга хэмжээ нь зохист нийцэлгүй байна. Гэмт этгээдийг олж тогтоох гүйцэтгэх ажиллагаанд саад тотгор учруулахгүйгээр өөрийн хувийн мэдээлэл, орон байр, захидал харилцааны халдашгүй байдлыг хамгаалах зорилгоор илрүүлэх төхөөрөмжийг ашиглахыг иргэнд зөвшөөрөх замаар дээр дурдсан хуулийн зорилгод хүрэх боломжтой байна. Ийнхүү иргэний өөрийн болон гэр бүлийн халдашгүй байдал, хувийн нууцаа хамгаалах эрхийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн нь уг хуулийн зохицуулалтын зорилго биелснээр олж болох давуу талтай харьцуулахад илүү эрсдэл бүхий үр дагавартай байна.
Иймд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн маргаан бүхий зохицуулалт нь хууль зүйн тодорхой байдлын зарчим болон тэнцвэрийн зарчмын дагуу тавигдах шалгуурт нийцээгүй, улмаар иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд дур мэдэн халдах, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүрэг зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлсэн байна." гэсэн байна.
Дүгнэлтийн тогтоох хэсэгт:
"1.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн ""Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ." гэж заасны "... илрүүлэх ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. … Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг тус тус зөрчсөн байна.
2.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "… илрүүлэх …" гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. ..." гэсэн байна.
Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд 41 дүгээр тогтоол гаргажээ. Үүнд:
"1.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн ""Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ." гэж заасны "… илрүүлэх ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг тус тус зөрчсөн байна." гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй." гэсэн байна.
Тав. Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:
"... Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжоор гүйцэтгэх ажлын тусгай техник, хэрэгслийг зөвхөн эрх бүхий байгууллагууд үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор ашиглах зохицуулалттай.
Маргаан бүхий асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэр бүхий иргэдийн мэдээлэл, гомдлын агуулгаас үзэхэд, зөвхөн "хууль бусаар" тагнаж, чагнасан тохиолдолд тусгай техник, хэрэгслийг хэрхэн илрүүлж, хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхээ хамгаалах талаар тусгасан байна. Үүнтэй холбогдуулан "хууль бус"-аар халдах гэдэгт гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэсэн хоёр ойлголт гарч ирнэ. Дээрх хоёр тохиолдолд аль аль нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болох бөгөөд эрх бүхий байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үндсэн дээр шүүхээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэнэ.
Харин иргэний хувьд, аливаа этгээдийн хууль бус халдлагаас хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах зориулалттай тоног төхөөрөмж суурилуулсан эсэхийг "илрүүлэх" зорилгоор тусгай зориулалтын техник, хэрэгслийг ашиглах нь дээр дурдсан хоёр тохиолдлоос бусад буюу эрх бүхий байгууллагаас хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд саад учруулна. Учир нь иргэн өөрт чиглэсэн ажиллагаа хууль бусаар явагдаж байгаа, эсхүл эрх бүхий байгууллагаас хуулийн хүрээнд хэрэгжүүлж байгаа гэдгийг ялгах, мэдэх боломжгүй юм. Улмаар үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр явуулж буй эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нууц, далд аргаар явагддаг тул түүнийг тухайн ажиллагаа чиглэсэн болон бусад этгээдэд аливаа хэлбэрээр задруулахыг хориглож, хэрэв задруулсан тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан. ...
Аливаа этгээдээс Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан "илрүүлэх" зориулалтай техник, хэрэгслийг олж авсан ашигласан, борлуулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд тухайн техник, хэрэгсэл нь "илрүүлэх" зориулалттай техникт хамаарах эсэхийг тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгохоос гадна гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдийн хувьд тусгай зориулалт бүхий гэдгийг мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байсан зэрэг сэдэлт, зорилгыг зайлшгүй шалгаж тогтоосны эцэст хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэнэ.
Прокурорын байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, Прокурорын тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дээрх үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ тасралтгүй, нэг мөр хэрэгжүүлэн ажиллаж, зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу зайлшгүй тохиолдолд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгож, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс сэргийлэн ажиллаж байна
Дээрх тайлбар, үндэслэлтэй холбогдуулан, хүн ямар техник, хэрэгслийг хэрэглэсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээх, түүнийг тагнуулын байгууллагаас хураан авахыг урьдчилан тооцох боломжтой байх шаардлагын хувьд тусгай зориулалтын техник, хэрэгсэл гэдэгт ямар нэр, төрлийн төхөөрөмж орох талаар хуульд нэг бүрчлэн заах боломжгүй. Харин Гүйцэтгэх ажлын тухай хуулийн "нэр томьёо" хэсэгт "илрүүлэх" тоног төхөөрөмжийн зориулалт, онцлогийг дэлгэрэнгүй, ойлгомжтой байдлаар тусгах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн "илрүүлэх" гэдгийг хассан тохиолдолд гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл үүсэх, улмаар үндэсний аюулгүй байдлын эсрэг гадаад улсын тусгай алба, байгууллага, иргэн, тэдгээртэй хамтран ажиллаж байгаа этгээдээс явуулж байгаа ажиллагааг илрүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах ажиллагаанд нууцлал, аюулгүй байдал алдагдах эрсдэл үүснэ гэж үзэж байна." гэжээ.
Зургаа. Уг маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд бэлтгэх ажлын хүрээнд Монгол Улсын Их Хурал, Тагнуулын ерөнхий газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас тайлбар, тодруулга, баримт гаргуулан авсан бөгөөд ирүүлсэн тайлбар, баримт нь төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл агуулсан байна.
ҮНДЭСЛЭЛ:
Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн ""Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ." гэж заасны "... мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар ... илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хүний эрхийг баталгаажуулах хүрээнд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгон нэр томьёог хоёрдмол утгагүйгээр хуульчлах нь зүйтэй байгааг тэмдэглэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 32 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ:
1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн "Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай" 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосугай.
2.Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
ГИШҮҮД Д.ОДБАЯР
Ш.СОЛОНГО
Б.БУЯНДЭЛГЭР
Г.ТУУЛХҮҮ
Г.БАЯСГАЛАН
Ж.ЭРДЭНЭБУЛГАН
Д.ГАНГАБААТАР
Текст томруулах
A
A
A