A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/399 дугаар тушаалын хавсралт

 

 

ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

 1.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн, хохирогчоор тогтоосон эсэхээс үл шалтгаалан хүн худалдаалахын улмаас эрх, эрх чөлөө, ашиг сонирхол нь зөрчигдсөн хохирогчид (цаашид "хохирогч" гэх) хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдох харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

1.2.Энэхүү журам нь Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль, Хууль зүйн туслалцааны тухай хууль,  Өмгөөллийн тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.

 

1.3.Төлбөрийн чадваргүй хохирогчид Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 6 дугаар зүйлийн 6.7-д заасан журмын дагуу үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлнэ.

 

1.4.Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд англи хэл эсхүл аль боломжит хэлээр хууль зүйн туслалцаа үзүүлнэ.

 

1.5.Хөгжлийн бэрхшээлтэй хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэхэд дохионы хэлмэрчийн туслалцааг ашиглана.

 

Хоёр.Хохирогчид үзүүлэх хууль зүйн туслалцааны зарчим

 

 2.1.Хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэхэд хохирогчийг үл буруутгах, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, хүний хувийн мэдээллийг хамгаалах бөгөөд дараах зарчмыг удирдлага болгоно:

 

  2.1.1.хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх;

  2.1.2.хууль зүйн туслалцаа нь үр нөлөөтэй байх;

  2.1.3.мэргэшсэн, тогтвортой байх;

  2.1.4.чанартай, хүртээмжтэй байх;

  2.1.5.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах;

 

  2.1.6.үйлчлүүлэгч бүрийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн байх;

  2.1.7.хохирогчийн хувийн нууцыг хадгалах.

 

Гурав.Хохирогчид үзүүлэх хууль зүйн туслалцааны төрөл

 

 3.1.Хохирогчид үзүүлэх хууль зүйн туслалцаа нь хууль зүйн зөвлөгөө өгөх, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэсэн төрөлтэй байна.

 

Дөрөв.Хууль зүйн зөвлөгөө өгөх

 

   4.1.Хохирогчид дараах хэлбэрээр хууль зүйн зөвлөгөө өгнө:

 

    4.1.1.хууль зүйн асуудлаар биечлэн, цахимаар болон харилцаа холбооны хэрэгслээр зөвлөгөө, мэдээлэл, лавлагаа өгөх;

   

   4.1.2.өргөдөл, гомдол, хүсэлт, нэхэмжлэл, тайлбарын эх боловсруулах, хянах.

 

  4.2.Хохирогчид хууль зүйн зөвлөгөө өгөхөд дараах зүйлийг анхаарна:

 

   4.2.1.хохирогчтой зөв харьцаж, хүндэтгэлтэй хандах;

  4.2.2.хохирогчийн сэтгэл зүйн онцлогт тохирсон асуултыг энгийн үгээр ойлгомжтой асуух;

 

   4.2.3.хохирогчид сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, тусалж дэмжих;

   4.2.4.хохирогчийг буруутгасан аливаа асуулт, үйлдэл гаргахгүй байх.

 

 4.3.Энэхүү журмын 4.1.1.-д заасан хууль зүйн зөвлөгөөг хохирогчийн төлбөрийн чадвартай эсэхээс үл хамааран үнэ төлбөргүй үзүүлнэ.

 

Тав.Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх

 

 5.1.Хохирогчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхэд Өмгөөллийн тухай хууль болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасныг баримтална.

 

 5.2.Хохирогчид дараах өмгөөллийн үйлчилгээг үзүүлнэ:

 

  5.2.1.хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад хуульд заасны дагуу төлөөлөх;

 

  5.2.2.нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах;

 

  5.2.3.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох.

 

 5.3.Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх явцад хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох төрийн болон төрийн бус байгууллагаас дэмжлэг авч болно.

 

Зургаа.Хохирогч хүүхдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх

 

 6.1.Арван найман насанд хүрээгүй хохирогч хүүхдэд түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага, нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн хууль зүйн туслалцаа үзүүлнэ. Хууль зүйн туслалцааг хүүхдийн асуудлаар мэргэшсэн, даганасан улсын өмгөөлөгчөөр үзүүлэх боломжоор хангана.

 

 6.2.Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан хохирогч хүүхдэд энэхүү журмын 1.3-т заасны дагуу хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлнэ.

 

 6.3.14-18 насны хохирогч хүүхэд өөрөө хууль зүйн туслалцаа хүссэн хүсэлт гаргавал хууль зүйн туслалцааг үзүүлнэ.

 

 6.4.Хохирогч хүүхдэд нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр сэтгэл зүйн зөвөлгөө, хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг яаралтай зохион байгуулна.

 

 6.5.Хохирогч хүүхдэд хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ түүний эрх ашгийг хуульд заасны дагуу төлөөлж, хүүхдийн сэтгэл зүй, насны онцлогыг анхааран үзнэ.

 

Долоо.Хууль зүйн туслалцаа үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх

төрийн бус байгууллагын чиг үүрэг

 

 7.1.Төрийн байгууллага хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр төрийн бус байгууллагатай хамтран ажиллах бөгөөд хохирогчид хууль зүй туслалцаа үзүүлэхэд төрийн бус байгууллагын дэмжлэг авч ажиллаж болно.

 

7.2.Төрийн бус байгууллага хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэхэд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

  7.2.1.хохирогчид ямар туслалцаа авах боломжтойг нэг бүрчлэн тайлбарлаж, үнэн зөв мэдээлэл өгөхийг хохирогчид ойлгуулах;

 

  7.2.2.хүн худалдаалах гэмт хэрэгт дахин өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөх;

 

  7.2.3.хохирогчийн эрх, ашиг сонирхлыг хангахад хуульд заасны дагуу төлөөлөх;

 

  7.2.4.хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр ажилладаг байгууллага, албан тушаалтантай холбох.

 

 7.3.Төрийн бус байгууллага нь хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон дахин өртөхгүй байх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулахад хохирогчийн нэр төрд халдсан мэдээ, мэдээллийг түгээх, ашиглахыг хориглоно.

 

 7.4.Төрийн бус байгууллага нь хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон дахин өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээллийг монгол, англи хэлээр байгууллагынхаа цахим хуудсанд байршуулан олон нийтэд түгээнэ.

 

Найм.Бусад зүйл

 

  8.1.Энэхүү журмыг зөрчсөн бол Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль  болон холбогдох хуульд заасан журмаар шийдвэрлэнэ.

 

 

 

---оОо---