A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 403

Улаанбаатар хот

"ИХ ӨГӨГДЛИЙН (BIG DATA) САН" ҮҮСГЭХ ТУХАЙ

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.1, 12.2 31.1.1-д заасныг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 5.3.5-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Үндэсний хэмжээний нэгдсэн мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргалтад ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Их өгөгдлийн (big data) сан"-г үүсгэж, хэрэглээнд нэвтрүүлэх арга хэмжээг Үндэсний статистикийн хороотой хамтран хэрэгжүүлэхийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгасугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан санг үүсгэхдээ хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр, хязгаарлалттай мэдээллийн хүн, хуулийн этгээдэд хамаарах мэдээллийг тодорхойлох боломжгүй болгон боловсруулж, төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР)-ээр дамжуулах нөхцөлийг бүрдүүлэхийг "И-Монгол академи" улсын төсөвт үйлдвэрийн газар (Б.Мягмарнаран)-т үүрэг болгосугай.

3.Хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд бүрдүүлсэн төрөлжсөн мэдээллийн сангийн мэдээллийг "Их өгөгдлийн (big data) сан"-д тогтмол нийлүүлж байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож, шүүх, прокурор, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад тус тус зөвлөсүгэй.

4.Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ