A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2002 оны 03 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 100

Улаанбаатар хот

                                                                                                        МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН ТУХАЙ ЗАРИМ
                                                                                                                ХУУЛИЙН ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ
                                                                                                                             ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

      Монгол Улсын Татварын Ерөнхий хууль, Хүн амын орлогын албан татварын хууль, Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хууль, Онцгой албан татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль, Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг нэг мөр ойлгож хэрэглэх нэгдсэн тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6 дахь заалтыг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

      Нэг. Татварын нийтлэг асуудлууд

      1.1 Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

      1.1.1. Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн <<Татвар бий болгох, ногдуулах, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна>> гэдгийг уг хуулийн 3 дугаар зүйлд тодорхойлсон татварын тогтолцоо гэсэн ойлголтод хамаарах албан татвар, хураамж, төлбөрийг бий болгох, ногдуулах, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэхтэй холбогдсон аливаа харилцааг зөвхөн Татварын хуульд зааж зохицуулна гэж ойлгож хэрэглэнэ.

      1.1.2. Хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн <<тусгай зориулалтын сан>> гэдэг нь Засгийн газрын мэдэлд байх бөгөөд энэ нь Улсын төвлөрсөн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна гэж ойлгоно.

      1.1.3. Хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн <<сан>> гэдэг нь Монгол Улсын Иргэний хуулийн дагуу байгуулагдсан нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулагдсан гишүүнчлэлгүй хуулийн этгээдийг ойлгоно.

      1.1.4. Хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан <<Тогтоосон хугацаанд төлөөгүй татвар>> гэдэгт тухайн татварыг төлж дуусгасан байх талаар хуульд заасан буюу татварын албаны эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тусгайлан тогтоосон хугацаа хамаарна.

      1.1.5. Мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан <<төлөөгүй татвар болон нөхөн ногдуулсан татвар хүү, торгуулийг аж ахуйн нэгж, байгууллагаас үл маргах журмаар гаргуулна>> гэдэгт татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд буюу татварын байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй татвар, хүү, торгуулийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлэх тухай татварын албаны даргын баталсан мэдэгдэх хуудсаар татвар төлөгчид урьдчилж мэдэгдсэн боловч төлбөрийг гүйцэтгээгүй бол түүний банкин дахь мөнгөн хөрөнгөөс татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр гаргуулан авахыг, хэрэв татвар төлөгчийн банкин дахь мөнгөн хөрөнгө нь татвар, хүү, торгуулийг төлөхөд хүрэлцэхгүй байвал уг данснаас гаргах шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансанд орох орлогоос гаргуулан авахыг тус тус ойлгоно.

      1.1.6. Хуулийн 10 дугаар зүйлийн 6 дугаар заалтын <<аж ахуйн нэгж, байгууллага бусдад олгосон хөдөлмөрийн хөлс>> гэдгийг аж ахуйн нэгж, байгууллагаас бэлэн буюу бэлэн бусаар бусад этгээдэд олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад төлбөрийг ойлгоно.

      1.1.7. Хуулийн 10 дугаар зүйлийн 8 дахь заалтын <<ажлын 3 хоног>> гэдгийг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагаас авсан өдөр, цагаас хойш ажлын 4 дэх өдрийн мөн цагт багтаан татварын албанд мэдэгдэж, татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлнэ гэж ойлгоно.

      1.1.8. Хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д заасан <<Банк, санхүүгийн байгууллага татварын хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үзүүлэлтийг татварын албанд гаргаж өгнө>> гэдэгт Татварын алба нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн татвар төлөгчийн талаар дараах мэдээллийг банк, санхүүгийн байгууллагаас гаргуулан авахыг ойлгоно.

      а. татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын харилцах болон хадгаламжийн дансны үлдэгдэл, орлого, зарлагын гүйлгээний утга, дүн;

      б. хадгаламжийн хүү хүлээн авсан иргэдийн мэдээлэл;

      в. тухайн банкны харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэний харилцах данс, цахим картын дугаарын жагсаалт;

      г. цахим карт эзэмшигч иргэний цахим картын орлого, зарлагын гүйлгээний утга, дүн, төлбөр хүлээн авагч улс болон байгууллага, иргэний нэрийг хамааруулан ойлгоно. Банк дээрх үзүүлэлтийг гаргаж өгөхдөө тухайн татварын албаны даргын гарын үсэгтэй албан бичгийг үндэслэнэ.

      1.1.9. Хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 10-ын "а" заалтын <<татварын хууль тогтоомж ноцтой зөрчсөн>> гэдгийг татварын хууль тогтоомжийг зөрчиж гэмт хэрэг үйлдсэн, хуурамч гэрээ хэлцэл, бичиг баримт үйлдэж татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуусан буюу санаатайгаар бууруулж мэдээлсэн зөрчлийг удаа дараа үйлдсэн байх бөгөөд гаргасан зөрчил нь хор хохирол ихтэй, түүний үйл ажиллагааг зогсоогоогүй тохиолдолд зөрчил үргэлжлэх үндэслэлтэй байхыг ноцтой зөрчсөнд тооцно.

      1.1.10. Хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн <<Татварын улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа>> гэдэгт ажлын үндсэн байрандаа буюу бусад газарт ажлын ба ажлын бус цагаар албан томилолт, удирдлагын даалгавраар албан үүргээ гүйцэтгэж байсан, түүнчлэн албан ажилдаа ирэх болон ажлаасаа харих хугацаа хамаарна.

      Хоёр. Орлогын албан татвар

      2.1 Монгол Улсын Хүн амын орлогын албан татварын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг дараахь байдлаар тайлбарласугай.

      2.1.1. Хуулийн 3 дугаар зүйлийн 4-т заасан <<Монгол Улсад оршин суугч бус татвар төлөгч>> гэдгийг Монгол Улсад оршин суудаггүй, өөрийн төлөөлөгч буюу хөрөнгөөрөө Монгол Улсаас ашиг олдог оршин суугч бус татвар төлөгч (аливаа иргэн, харьяалалгүй этгээд) гэж ойлгоно.

      2.1.2. Хуулийн 5 дугаар зүйлийн 3-ын "д" заалтын зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлого, адилтгах бусад орлогын дүнгээр гэсэн хэсгийн <<адилтгах бусад орлого>> гэдгийг иргэн өөрийн хөрөнгө, мөнгө, материаллаг зүйлсийг бусдад зээлдүүлсний төлөө бусдаас авч байгаа мөнгө, материаллаг зүйл гэж ойлгоно.

      2.1.3. Хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтын <<их, дээд болон тусгай мэргэжлийн сургуульд суралцагч хүүхдийн сургалтыг төлбөр>> гэснийг татвар төлөгчийн төрсөн буюу үрчилж авсан хүүхдийн их, дээд болон тусгай мэргэжлийн сургуульд суралцагч нэг буюу хэд хэдэн суралцагчийн сургалтад төлсөн баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээг ойлгоно.

      2.2 Монгол Улсын Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг дараахь байдлаар тайлбарласугай.

      2.2.1. Хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтын <<бусад аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд>> гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д нэр заагаагүй боловч аж ахуйн үйл ажиллагаа явуулж орлого олж байгаа гадаад улсын болон манай улсын хуулийн этгээд байхыг ойлгоно.

      2.2.2. Хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан <<аж ахуйн үйл ажиллагаа>> гэдэгт эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилалд заасан аль нэг салбар болон хэд хэдэн салбарт орлого олох зорилготой буюу зорилгогүйгээр хуулиар хориглосноос бусад үйлдвэрлэл, ажил үйлчилгээ эрхлэн явуулахыг хамааруулан ойлгоно.

      2.2.3. Хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний орлого гэдгийн <<үндсэн үйлдвэрлэл, ажил үйлчилгээний орлого>> гэдэгт татвар төлөгч хэд хэдэн чиглэл, үйл ажиллагаагаар орлого олж байгаа тохиолдолд нийт борлуулалтын орлого дотроос хувь хэмжээний байдлаараа зонхилж байгаа үйлдвэрлэл, ажил үйлчилгээний орлогыг ойлгоно.

      2.2.4. Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасан <<эрхийн шимтгэлийн орлого>> гэдэгт уран сайхны киног оролцуулан уран зохиол, урлаг, шинжлэх ухааны бүтээл, зохиогчийн эрх, патент, барааны тэмдэг, дизайн, загвар, зураг төсөл, нууц томьёолол, программ хангамж, процесс буюу үйлдвэрлэл, арилжаа, шинжлэх ухааны тоног төхөөрөмж ба үйлдвэрлэл, шинжлэх ухааны туршлагатай холбоо бүхий мэдээллийг ашиглах, эзэмших эрхийг худалдах, шилжүүлэх, түрээслүүлсний төлөө авч буй төлбөрийг хамааруулна.

      2.2.5. Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 14-т заасан <<банкнаас авсан хүүгийн орлого>> гэдэгт аж ахуйн нэгж, байгууллага, харилцах дансныхаа тогтвортой үлдэгдэлд болон сул чөлөөтэй мөнгөн хөрөнгө хадгалуулсны төлөө банкны байгууллагаас авч буй хүүгийн орлогыг ойлгоно.

      2.2.6. Хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан <<их засварын зардал>> гэдэгт дараах гурван шалгуурын нэгээс доошгүйг хангасан зардлыг хамааруулна:

      а/ үндсэн хөрөнгийн ашиглагдах хугацааг уртасгах, хүчин чадлыг дээшлүүлэх зорилгоор хийгдсэн сайжруулалт;

      б/ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилгоор хийгдсэн үндсэн хөрөнгийн эд анги, хэсгүүдийн чанарын сайжруулалт;

    в/ үндсэн хөрөнгийг ашиглах, бий болгох, бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний анхлан тооцсон зардал, өртгийг бууруулах зорилгоор үйлдвэрлэлийн үйл явцад хийгдсэн техник, технологийн шинэчлэлтийн үр дүнд тухайн үндсэн хөрөнгөд хийгдсэн сайжруулалт;

      Эдгээрээс бусад засвартай холбогдон гарсан зардлыг "урсгал засварын зардал"-д тооцно.

      2.2.7. Хуулийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан <<гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдөр>> гэдгийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эрхлэхээр зөвшөөрөгдсөн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж анхны бүтээгдэхүүн гаргаж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн өдрийг хэлнэ. Хэрэв хэд хэдэн төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр бол тэдгээрийн аль нэгийг явуулж буюу үзүүлж эхэлсэн өдрөөр тооцно.

      2.2.8. Мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан <<гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 50-иас дээш хувийг экспортолж байвал>> гэдэгт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эрхлэхээр зөвшөөрөгдсөн үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний жил бүрийн борлуулалтын орлогын 50-иас дээш хувийг экспортолсон бүтээгдэхүүний орлогоос олсон байхыг ойлгох бөгөөд экспортолсон бүтээгдэхүүний орлого уг аж ахуйн нэгжийн гадаад болон дотоод банк дахь дансанд орсноор буюу түүний гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг гүйцэтгэсэн баримтыг үндэслэн тодорхойлно. Хэрэв хэд хэдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол тэдгээрийн нийлбэрээр авч үзнэ.

      2.2.9. Мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан <<ноос, ноолуур угаах, самнах, арьс ширний анхан шатны боловсруулалт хийдэг үйлдвэр>> гэдэгт Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвөөс баталсан стандартын шаардлагыг хангасан самнасан болон бөмбөгөн ноолуур боловсруулдаг үйлдвэр, угаасан ноос боловсруулдаг үйлдвэр, гандан арьс, нойтон хөх шир, нойтон цагаан шир, будсан, будаагүй, өнгө засал хийгээгүй арьс боловсруулдаг үйлдвэрийг тус тус ойлгоно.

      2.2.10. Мөн зүйлийн 8 дахь хэсэгт заасан <<гадаадын хөрөнгө оруулагч өөрт ногдох орлогоос тухайн аж ахуйн нэгжид дахин хөрөнгө оруулалт хийсэн>> гэдэгт хөрөнгө оруулагчид өөрийн хөрөнгөд оруулсан хөрөнгийнхөө хэмжээг нэмэгдүүлэн тайлангийн жилийн цэвэр ашгаас өмнөх онуудын алдагдлыг нөхөөд үлдэх ашгаасаа /хуримтлагдсан ашгаас/ өөрт ногдох хэсгийг тухайн аж ахуйн нэгждээ үйлдвэрлэлээ өргөтгөх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хийгдсэн санхүүжилтийг хэлнэ.

Гурав. Хэрэглээний татвар

      3.1. Онцгой албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан <<гэрийн нөхцөлд энгийн аргаар нэрсэн шимийн архи>> гэдэгт гэрийн нөхцөлд зөвхөн энгийн аргаар /уламжлалт монгол аргаар/ хувийн хэрэгцээ, өөрийн эрхэлж буй ахуйн хэрэглээнд зориулж, сүүгээр нэрсэн шимийн архийг хамааруулан ойлгоно. Харин үйлдвэрлэлийн аргаар нэрсэн бол энэ заалтад хамаарахгүй.

      3.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

      3.2.1. Хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 10-т заасан <<нийтийн үйлчилгээний авто тээврээр зорчигч тээвэрлэх үйлчилгээ>> гэдгийг "Авто тээврийн тухай" Монгол Улсын хуулийн 3.1.11 дэх заалтын "Нийтийн тээвэр" гэдэгтэй адилтган үзэж, нийтийн тээврийн үйлчилгээнд хамааруулан ойлгоно.

      3.2.2. Мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан " Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг гадаадын дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын хэрэгцээнд зориулан импортолсон бараа" гэдэгт тухайн байнга оршин суугч дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын хэрэгцээнд зориулан импортолсон уг хуулийн 3.1.2 дахь хэсэгт тодорхойлсон бүх төрлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг ойлгоно.

Дөрөв. Хөрөнгийн татвар

4.1 Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн татварын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг дараах байдлаар тайлбарласугай:

4.1.1. Хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн " бүх төрлийн үйл хөдлөх эд хөрөнгө" гэдэгт газар болон газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмсыг хамааруулан ойлгох боловч Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх журмыг хуулиар тодорхойлох хүртэл иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын болон төрийн бүх байгууллагын ашиглал, эзэмшил, өмчлөлд байгаа газар, газрын хэвлийн хэсэг, эдэлбэр ус, ой, олон наст ургамал зэрэг нь татвар ногдуулах хөрөнгөд үл хамаарна.

4.1.2. Хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан "төрийн бус байгууллага" гэдэгт төрийн бус байгууллагын тухай хуулиар эрх зүйн байдал нь зохицуулагддаг байгууллага, хуулийн этгээд болон эрх зүйн байдлыг нь өөр хуулиар зохицуулдаг үйлдвэрчний эвлэл, улс төрийн нам, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Худалдаа аж үйлдвэрийн танхим, эдгээртэй адилтгах байгууллага, хуулийн этгээд хамрагдах бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна гэж ойлгоно.

Тав. Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах

5.1. Монгол Улсын татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

5.1.1. Хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн татварын улсын байцаагчийн эрх, үүргийн хүрээнд хангагдахгүй байгаа актын биелэлтийн талаар татварын улсын байцаагч шүүхэд нэхэмжлэл гаргана" гэдгийг татвар төлөгч татварын улсын байцаагчийн тавьсан актыг хүлээн зөвшөөрөөгүй, хуульд заасан хугацааны /14 хоногийн/ дотор Татварын маргаан таслах зөвлөлд гомдлоо гаргаагүй тохиолдолд татварын улсын байцаагч шүүхэд нэхэмжлэл гаргахыг ойлгоно.

Харин татвар төлөгч нь Татварын албаны гаргасан аливаа шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол харьяалах шатны Татварын маргаан таслах зөвлөлд хуульд заасан хугацааны /14 хоногийн/ дотор гомдлоо гаргана. Харьяалах шатны Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч Дээд шатны Татварын маргаан таслах зөвлөлд тогтоосон хугацаанд гомдлоо гаргана. Дээд шатны Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шүүхэд нэхэмжлэл гаргана.

Татвар төлөгч тогтоосон хугацаанд гомдол гаргаагүй бөгөөд энэ журмыг хэрэглэх боломжгүй болсон байвал шүүх Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүйг тайлбарласугай.

Зургаа. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн дараах тогтоол, түүний заалтыг хүчингүй болсонд тооцож, энэ тогтоол гарсан өдрөөс хойш үүссэн эрх зүйн харилцаанд үйлчлэхгүй байхаар тогтоосугай:

1. "Татварын тухай хууль тогтоомжийн зарим актын зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай" Монгол Улсын Дээд шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 49 дүгээр тогтоолын 1 дэх хэсэг;

2. "Монгол Улсын Аж ахуйн нэгж, байгууллагын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай" Монгол Улсын Дээд шүүхийн 1995 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 246 дугаар тогтоол;

3. "Татварын хууль тогтоомжийн актуудын зарим зүйлийн заалтыг тайлбарлах тухай" Монгол Улсын Дээд шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 167 дугаар тогтоол;

4. "Дээд шүүхийн 1993 оны 49 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 427 дугаар тогтоолын 1 дэх заалт.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
ШҮҮГЧ А.ДОРЖГОТОВ
Д.ДАНЗАНДОРЖ