A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 424

Улаанбаатар хот

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1, 2, 3 дугаар зүйлийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2023 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлын 2023 оны 28, 68 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дахин үргэлжлүүлж компанийн үйл ажиллагааг жигдрүүлж, цаашид хэвийн, тогтвортой ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, нүүрсийг биржээр дамжуулан худалдах үйл ажиллагааг тогтворжуулан улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагыг харгалзан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосугай.

2.Онцгой дэглэмийн хугацаанд компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилон ажиллуулсугай.

3.Онцгой дэглэмийн хугацаанд компанийн хэвийн үйл ажиллагааг жигдрүүлж, цаашид тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэн Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилт, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон онцгой дэглэмийн үр дүн, явц байдлыг сар бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, тодорхой чиглэл авч ажиллахыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад даалгасугай.

5."Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагааг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах, өмнө нь гарсан хууль бус ажиллагааны үр дагаврыг арилгахад мэргэжил, арга зүйн дэмжлэгийг шуурхай үзүүлж ажиллахыг хууль хяналтын холбогдох байгууллагын удирдлага, салбарын холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН