- Нүүр
- Монгол Улсын хууль
- AЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН АТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 11 сарын 10 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
AЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/18 дугаар зүйлийн 18.13, 18.14 дэх хэсэг:
"18.13.Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг энэ хуулийн 18.3-т заасны дагуу тодорхойлно.
18.14.Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөх, тайлагнах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга хамтран батална."
2/22 дугаар зүйлийн 22.5.15-22.5.17 дахь заалт:
"22.5.15.oрон нутагт шинээр барьсан нийтийн зориулалттай орон сууц борлуулсны орлогод ногдох албан татварыг нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Дархан-Уул болон Орхон аймгийн төвийн сумын хилийн цэсийн дотор 2024-2026 онд 50 хувиар, 2027-2029 онд 20 хувиар, эдгээрээс бусад аймаг, сумын хилийн цэсийн дотор 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар;
22.5.16.нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг болон аймаг, сумын хилийн цэсийн дотор баригдсан нийтийн зориулалттай орон сууцны барилгад хүн амьдран суух зориулалтаар орон сууц түрээслүүлсний орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар;
22.5.17.дотоодын үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар."
3/24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг:
"24.5.Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдуулах албан татварыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.9, 24.1.10-т заасан зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч этгээд суутган, төсөвт төлж тайлагнана."
2 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4 дэх заалтын "18.6.8-д" гэснийг "18.6.8, 18.13-т" гэж, 26 дугаар зүйлийн 26.15 дахь хэсгийн "22.5.11-д" гэснийг "22.5.11, 22.5.14, 22.5.15, 22.5.16-д" гэж, "төсөлд" гэснийг "төсөл, үйл ажиллагаанд" гэж, "төслийн" гэснийг "төсөл, үйл ажиллагааны" гэж, 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийн дугаарыг "24.6" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 22 дугаар зүйлийн 22.5.15, 22.5.16 дахь заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 22 дугаар зүйлийн 22.5.17 дахь заалтыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 18 дугаар зүйлийн 18.13, 18.14 дэх хэсэг, мөн зүйлийн 3 дахь заалт буюу 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг, 2 дугаар зүйлийн 20.2.4 дэх заалт, 24.5 дахь хэсгийн дугаарын өөрчлөлтийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн, мөн зүйлийн 26.15 дахь хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАР
Текст томруулах
A
A
A
