A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 419

Улаанбаатар хот

ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын зарим агентлагт хийсэн процессын дахин инженерчлэлийн санал, дүгнэлтийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, тэдгээрийн харьяа салбар, нэгжийн хүрээнд процессын дахин инженерчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, дүнг танилцуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар (Б.Баасандорж)-т даалгасугай.

2.Эрүүл мэндийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, орон нутаг дахь Эрүүл мэндийн газарт болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа Ойн газарт процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийж, санал, дүгнэлтээ 2024 оны 2 дугаар сард багтаан танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгасугай.

3.Энэ тогтоолын 2 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн холбогдох газарт ажиллах, сургалт зохион байгуулах, сурталчлан таниулахад шаардагдах зардлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар (Б.Баасандорж), процессын дахин инженерчлэл хийх ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нарт даалгасугай.

4.Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн сэтгэл ханамжийн талаар судалгаа хийх зорилгоор иргэдээс санал авах үйл ажиллагааны тогтолцоо бүрдүүлж ажиллахыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар (Б.Баасандорж)-т даалгасугай.

5.E-Mongolia цахим системд төрийн үйлчилгээ авсан иргэдийн сэтгэл ханамж, санал, хүсэлтийг авах боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгасугай.

6.Энэ тогтоолын хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН