- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛЫН САНГААС ДААТГУУЛАГЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЗАРДЛЫН ТӨЛБӨР АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ БОЛОН ТӨЛБӨРИЙГ ОЛГОХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2023 оны 11 дүгээр
сарын 29-ний өдрийн 422 дугаар
тогтоолын хавсралт
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛЫН САНГААС
ДААТГУУЛАГЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЗАРДЛЫН ТӨЛБӨР АВАХАД БҮРДҮҮЛЭХ
БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ БОЛОН ТӨЛБӨРИЙГ ОЛГОХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 14.10-д заасны дагуу даатгуулагчид протез, ортопедийн, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний, сэргээн засах төв болон сувилалд ирэх, буцах унааны зардлын төлбөр олгох, санхүүжүүлэхэд энэ журмыг баримтална.
1.2.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагч эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн сангаас протез, ортопедийн, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний, сэргээн засах төв болон сувилалд ирэх, буцах унааны зардлын төлбөрийг гаргуулсан бол үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас зардлын төлбөрийг давхардуулан олгохгүй.
Хоёр.Зардлын төлбөр авахад бүрдүүлэх баримт бичиг
2.1.Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез, ортопедийн зардлын төлбөр авах хүсэлтийг доор дурдсан баримт бичгийн хамт харьяа нийгмийн даатгалын байгууллагад цаасаар, эсхүл цахим хэлбэрээр ирүүлнэ:
2.1.1.төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дүгнэлт, эсхүл эрүүл мэндийн байгууллагын шийдвэр;
2.1.2.протез, ортопед хийлгэсэн эмнэлгийн байгууллага болон протезийн үйлдвэрээс ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэх (харилцагч банкны нэр, дансны дугаар, нэхэмжилсэн төлбөрийн дүн).
2.2.Сэргээн засах төв болон сувиллын тусламж, үйлчилгээний байгууллага нь сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох зардлыг авах хүсэлтийг доор дурдсан баримт бичгийн хамт харьяа нийгмийн даатгалын байгууллагад цаасаар, эсхүл цахим хэлбэрээр ирүүлнэ:
2.2.1.тусламж, үйлчилгээ авсан даатгуулагчийн мэдээлэл (овог, нэр, регистрийн дугаар);
2.2.2.төлбөрийн нэхэмжлэх (харилцагч банкны нэр, дансны дугаар, нэхэмжилсэн төлбөрийн дүн).
2.3.Даатгуулагч сэргээн засах төв болон сувилалд ирэх, буцах унааны зардлын төлбөрийг авах хүсэлтийг унааны зардал төлсөн баримтын хамт харьяа нийгмийн даатгалын байгууллагад цаасаар, эсхүл цахим хэлбэрээр ирүүлнэ.
Гурав.Протез, ортопедийн зардлын төлбөр олгох
3.1.Протез, ортопедийн зардлын төлбөр авах даатгуулагч харьяа нийгмийн даатгалын байгууллагад энэ журмын 2.1-д заасан баримт бичийг бүрдүүлэн энэ журмын 2.1.2-т заасан нэхэмжлэх бичигдсэн өдрөөс хойш 4 долоо хоногийн дотор, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол 3 сарын дотор хүсэлтээ гаргана.
3.2.Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчид энэ журмын 2.1-д заасан баримт бичгийг үндэслэн, жишиг үнийг баримтлан төлбөрийг 3 жил тутамд нэг удаа олгоно.
3.3.Нийгмийн даатгалын байгууллага энэ журмын 2.1-д заасан баримт бичгийг үндэслэн төлбөр олгохдоо хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрийг нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сангийн, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн актын мэдээллийг холбогдох мэдээллийн санд үндэслэн цахимаар шалгана.
3.4.Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор протез, ортопедийн зардлын төлбөрийг эмнэлгийн байгууллага болон протезийн үйлдвэрээс ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийн дагуу үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас бэлэн бусаар шилжүүлнэ.
3.5.Даатгуулагчийн дахин хийлгэсэн протез, ортопедийн төлбөрийг олгохдоо энэ журмыг баримтална.
3.6.Энэ журмын 2.1.2-т заасан нэхэмжилсэн төлбөрийн дүн нь тухайн протез, ортопедийн жишиг үнээс бага бол нэхэмжилсэн үнийн дүнгээр, их бол жишиг үнийг баримтална.
3.7.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас даатгуулагчид протез, ортопедийн засвар, үйлчилгээний төлбөр олгохгүй.
3.8.Даатгуулагч гадаад улсад хийлгэсэн протез, ортопедийн зардлын төлбөрийг авахдаа энэ журмын 2.1-д заасан баримт бичгийг харьяа нийгмийн даатгалын байгууллагад цаасаар, эсхүл цахим хэлбэрээр ирүүлнэ.
3.9.Гадаад улсад хийлгэсэн протез, ортопедийн зардлын төлбөр олгохдоо энэ журмын 3.4-т заасныг баримтална. Хэрэв даатгуулагч төлбөрөө өөрөө төлсөн бол баримтыг үндэслэн даатгуулагчийн дансанд 14 хоногийн дотор бэлэн бусаар шилжүүлнэ.
Дөрөв.Сэргээн засах болон сувиллын тусламж,
үйлчилгээний зардлын төлбөр олгох
4.1.Сэргээн засах төв болон сувилал нь сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох зардлыг авах хүсэлтийг харьяа нийгмийн даатгалын байгууллагад энэ журмын 2.2-т заасан баримт бичиг бүрдүүлэн сар бүр гаргана.
4.2.Нийгмийн даатгалын байгууллага сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох зардлыг эрх бүхий байгууллагын тогтоосон хэмжээг баримтлан энэ журмын 2.2-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор сэргээн засах төв болон сувилалд бэлэн бусаар олгоно.
4.3.Нийгмийн даатгалын байгууллага энэ журмын 4.2-т заасны дагуу зардлын төлбөрийг олгохдоо энэ журмын 3.3, 5.3-т заасны дагуу холбогдох мэдээллийг шалгана.
Тав.Сэргээн засах төв болон сувилалд ирэх, буцах
унааны зардлын төлбөр олгох
5.1.Даатгуулагч сэргээн засах төв болон сувилалд сувилуулснаас хойш 4 долоо хоногийн дотор, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол 3 сарын дотор энэ журмын 2.3-т заасан баримт бичиг бүрдүүлэн харьяа нийгмийн даатгалын байгууллагад ирэх, буцах унааны зардлын төлбөр авах хүсэлт гаргана.
5.2.Нийгмийн даатгалын байгууллага сэргээн засах төв болон сувилалд ирэх, буцах унааны зардлын төлбөрийг галт тэрэг, хот хоорондын нийтийн тээврийн тухайн үед мөрдөж байгаа үнийг үндэслэн энэ журмын 2.3-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор даатгуулагчид бэлэн бусаар олгоно.
5.3.Энэ журмын 2.3-т заасан баримт бичгийг үндэслэн зардлын төлбөрийг олгохдоо энэ журмын 3.3-т зааснаас гадна нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн тухайн даатгуулагчийг сэргээн засах төв болон сувилалд сувилуулсан эсэхийг цахимаар шалгана.
Зургаа.Санхүүжүүлэх, хяналт тавих
6.1.Энэ журмын дагуу олгох төлбөрийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлнэ.
6.2.Сангийн хөрөнгийн зарцуулалтад нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Төв зөвлөл, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын газар тус тус хяналт тавьж ажиллана.
Долоо.Тайлагнах
7.1.Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын газар даатгуулагчид олгосон протез, ортопедийн зардлын төлбөрийн тайланг сар бүрийн 10-ны өдрийн дотор нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
7.2.Даатгуулагчид олгосон сэргээн засах төв болон сувилалд ирэх, буцах унааны зардлын төлбөр, сэргээн засах төв болон сувилалд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгосон зардлын төлбөрийн тайланг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын газар улирал бүр гаргаж, дараа сарын 10-ны өдрийн дотор нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Найм.Хариуцлага
8.1.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
----o0o----
Текст томруулах
A
A
A