- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТ ЗҮЙ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын
2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13/05 дугаар
тогтоолын хавсралт
СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТ ЗҮЙ
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
Газрын тухай хуулийн 20-р зүйлийн 20.1, 20.2, 52-р зүйлийн 52.1, 52.2, 52.4, 52.6, Хөрс хамгаалах цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.4 дэх хэсгийг удирдлага болгон бэлчээрийг зөв зохистой ашиглаж хамгаалах өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малын хөлөөс чөлөөлөх, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг, өнжөөж чөлөөлсөн газар нутгийг зөв зохистой ашиглах талаар малчин өрхүүд, бэлчээр ашиглалтын хэсэг , малчдын бүлэг, нөхөрлөл энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Сумын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт хаваржилтын бэлтгэлийг цаг алдалгүй эртнээс хангах, бэлчээрийн ашиглалтыг хариуцлагажуулах, сумын бэлчээрийн экологийн чадавхыг сайжруулах, бэлчээрийг байгалийн жамаар нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх, жил бүрийн төлөвлөгөөний дагуу улирлын хуваарьтайгаар, зүй зохистойгоор ашиглаж, хамгаалах, отор нүүдлийг зохицуулах талаар нутгийн захиргааны байгууллага, малчдын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. ЖУРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРЧИМ
Энэхүү журмыг хэрэгжүүлэхэд дор дурдсан зарчмыг баримтлана. Үүнд:
2.1.Сумын бэлчээрийн төлөв байдал, чанарт үнэлгээ хийх, хамгаалах, нөхөн сэргээх, сэлгэж өнжөөх арга хэмжээг малчдын оролцоотой төлөвлөх, хэрэгжүүлэх.
2.2.Бэлчээрийн ургац, зуншлагын байдлыг харгалзан экологийн чадавх, чанар даацад тулгуурлан мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэх.
2.3.Дөрвөн улирлын бэлчээр, бэлчээр дэх бусад нөөц /хужир мараа, байгалийн усны эх үүсвэр/-ийг ашиглахад оролцогчдын тэгш эрхийг хангах.
2.4.Отор нүүдэл хийх болон отроор орж ирэх малчин, мал бүхий иргэдийн оторлох боломж нөхцөлийг хангахад анхаарах.
Гурав. ЖУРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТ
3.1.Бэлчээр ашиглалтын талаар тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлнэ.
3.2.Багийн Иргэдийн Нийтийн Хурлаар батлагдсан бэлчээр ашиглалтын төлөвлөгөө нь сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө байна.
3.3.Бэлчээр ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төсөл хөтөлбөрийн байгууллагууд, бэлчээр ашиглалтын хэсэг, малчдын бүлэг нөхөрлөл бэлчээр ашиглалтын төлөвлөгөө гарган төрийн байгууллагатай хамтран ажиллана.
Дөрөв. БЭЛЧЭЭРИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ХЯНАХ,
БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ТОГТООХ
4.1.Сумын Засаг даргын Тамгын газар нь ҮСХ-ны дарга, ХХААХҮ-ийн сайд, БОАЖ-ын Сайдын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/113, А/250, А/422 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан бэлчээрийн даац тодорхойлох аргачлалын дагуу бодож гаргасан бэлчээрийн даацыг фотомониторингийн аргаар гаргаж жил бүрийн 08 дугаар сарын 15-ны дотор багийн Засаг даргад зөвлөмжөөр хүргүүлнэ.
4.2.Багийн Засаг дарга энэхүү зөвлөмжийн дагуу бэлчээрийн даацыг тодорхойлж, багийн Иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлд танилцуулан, багийн Иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах тов, хэлэлцэх асуудлыг батлуулна. /тухайн оны 10 дугаар сарын 01-ний дотор/
Тав. ЖУРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БҮХ ШАТНЫ ХУРАЛ,
ЗАСАГ ДАРГЫН БОЛОН МАЛЧДЫН ҮҮРЭГ
5.1.Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын чиг үүрэг
5.1.1.Сумын бэлчээр ашиглалтын болон отор нүүдлийн талаарх бодлогын бичиг баримт баталж мөрдүүлэх.
5.1.2.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь отрын малчидтай байгуулах гэрээг сумын Засаг даргын өргөн мэдүүлсний дагуу баталж мөрдүүлэх.
5.1.3.Бэлчээр ашиглалтын талаар сумын Засаг даргын хэрэгжүүлж байгаа ажлын мэдээлэл сонсож дүгнэлт гарган чиглэл өгөх.
5.2.Багийн Иргэдийн Нийтийн Хурлын чиг үүрэг
5.2.1.Бэлчээр ашиглалтын талаар багийн Засаг даргын зохион байгуулж байгаа ажлын мэдээллийг сонсож дүгнэлт чиглэл өгөх.
5.2.2.Бэлчээр ашиглалтын журамд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа сумын Засаг даргад уламжлах.
5.2.3.Багийн нутаг дэвсгэрт бэлчээр ашиглалттай холбоотой маргаантай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх.
5.3.Сумын Засаг даргын чиг үүрэг
5.3.1.Сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж тайлагнах.
5.3.2.Малчдын уламжлалт бэлчээр ашиглалт, бэлчээрийг зөв ашиглах мэдлэг олгох, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах талаар сургалт мэдээллийг зохион байгуулах.
5.3.3.Багийн Иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан саналыг харгалзан тухайн багийн бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авах.
5.3.4.Бэлчээрийн хөнөөлт мэрэгчид, хортон шавьжтай тэмцэх ажлыг малчдын оролцоотой зохион байгуулах.
5.3.5.Малын тоо толгойг бэлчээрийн даацад нийцүүлэхэд чиглэсэн сүргийн зохистой бүтэц харьцаа, үүлдэр угсаа, шилэн сонголт, чанарыг сайжруулахад анхаарч зөвлөмж гаргах, мал эмнэлгийн тусламж үйлчилгээнд хяналт тавих.
5.3.6.Тухайн сумын нутаг бэлчээрт өөр аймаг, сумын нутгаас дээд газрын шийдвэрээр отроор өвөлжих малыг оруулахдаа сумын бэлчээрийн даац, багийн Иргэдийн Нийтийн Хурлын санал, ойролцоо нутаглах малчдын саналыг харгалзан гэрээ хийж нэвтрүүлэх.
5.3.7.Өөр аймаг, сумаас гэрээ зөвшөөрөлгүй отроор орж ирсэн малчдад нэн даруй нүүх мэдэгдэл шаардлага хүргүүлэн нүүлгэх, нутаг бэлчээр олгохгүй байх.
5.3.8.Улсын тусгай хамгаалалттай газарт нутаглаж байгаа малчидтай ТХГН-ын хамгаалалтын захиргаатай хамтран гурвалсан гэрээ байгуулж холбогдох журам дүрмийг хэрэгжүүлж ажиллах.
5.4.Багийн Засаг даргын чиг үүрэг
5.4.1.Багийн тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулж, тайлагнах
5.4.2.Өөр аймаг, сумаас гэрээ, зөвшөөрөл, мал эмнэлгийн үйлчилгээний бичиггүй отроор ирсэн малчидтай нэн даруй уулзаж шаардлага хүргүүлэн нүүлгэх, нутаг бэлчээр олгохгүй байх.
5.4.3.Өвөлжөө, хаваржааны газар шинээр олгох, бусдад шилжүүлэх, худаг уст цэг шинээр гаргах асуудлыг багийн ИНХ хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж саналаа сумын Засаг даргад уламжлах.
5.4.4.Бэлчээрийн хөнөөлт мэрэгчид, хортон шавьжтай тэмцэх ажлыг багийн хэмжээнд зохион байгуулж ажиллах.
5.4.5.Малын тоо толгойг бэлчээрийн даацад нийцүүлэн сүргийн зохистой бүтэц, харьцаа, үүлдэр угсаа, шилэн сонголт,чанарыг сайжруулахад анхаарч, мал эмнэлгийн тусламж үйлчилгээнд малчдыг бүрэн хамруулах.
5.5. Малчдын чиг үүрэг
5.5.1.Малчид, малчдын бүлэг, нөхөрлөл, бэлчээр ашиглалтын хэсэг хамт олны зохион байгуулалтад нэгдэж бэлчээр ашиглах үйл ажиллагаанд оролцоно.
5.5.2.Бэлчээрийг өнжөөж, чөлөөлөх, сэлгэх, отор нүүдэл хийх талаар гарсан шийдвэрийг дагаж мөрдөх.
5.5.3.Өөр аймаг, сумаас дур мэдэн айл өрх, мал сүрэг оруулж ирэх, өвөлжөө, хаваржааг бусдад дамжуулан ашиглуулахгүй байх.
5.5.4.Өөрийн ашиглаж байгаа өвөлжөө, хаваржаа бууц, усны эх үүсвэр, бэлчээрт малыг олноор бой хийхгүй, малын сэг зэм, хог хаягдлаар бохирдуулахгүй байх.
5.5.5.Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгаагүй дур мэдэн өвөлжөө, хаваржаа барих, нийтийн бэлчээрийн талбайг хашиж хамгаалахгүй байх.
5.5.6.Нийтээр ашиглах нөөц бэлчээр, хужир мараа, худаг уст цэгийг малчид дундын хэрэгцээнд ашиглах.
Зургаа. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
6.1.Сумын Засаг даргаар ахлуулсан "Отор нүүдэл хийх, оторлох бүс нутгийн үйл ажиллагааг зохицуулах зөвлөл" ажиллах дараах чиг үүргийг гүйцэтгэнэ.
6.1.1.Баг бүрээр тухайн жилийн зуншлага, ургамлын ургацад тулгуурлан бэлчээрийн даацыг тодорхойлуулж, нутагтаа өвөлжиж, хаваржих боломжтой эсэхийг тогтоолгон, гадагш отор нүүдэл хийхээр бол оторлох малын тоо, төрөл, малчдын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий саналыг 9 сарын 01-ний дотор авч газар дээр нь шалган үзэж, нэгтгэн дүгнэлт гаргана.
6.1.2.Байгаль цаг уурын онцгой хүндрэл тохиолдоход сумын зөвлөлийн зохих шийдвэр гарснаас бусад тохиолдолд гаднаас мал өвөлжүүлж, хаваржуулахыг хориглоно.
6.1.3.Өөр аймаг сумын малчид тухайн сумын нутаг дэвсгэрт байнга нутаглах, отроор гэрээ байгуулан орж ирсэн тохиолдолд "Малын тоо, толгой албан татвар"-ын хуулийн дагуу сумын ИТХ-аас тогтоосон 2021 оны 4936 тоот эрх зүйн актад бүртгэгдсэн 2/08 тоот тогтоолын дагуу татвар хураамжийг сараар тооцон авч орон нутгийн орлогод төвлөрүүлнэ.
6.1.4.Өөр аймаг, сумын малчид гэрээ байгуулаагүй, МЭ-ийн үйлчилгээ, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй болон зөвшөөрөлгүй орж ирсэн тохиолдолд "Малын тоо, толгойн албан татвар"-ын хуулийн дагуу сумын ИТХ-ын тогтоосон 2021 оны 4936 тоот эрх зүйн актад бүртгэгдсэн 2/08 тоот тогтоолын дагуу татвар, хураамжийг хоногоор тооцон авч орон нутгийн орлогод төвлөрүүлнэ.
6.1.5.Бусад аймаг, сумаас мал оруулж оторлуулах ажлыг тухайн аймаг, сумын удирдлагатай урьдчилан тохиролцсоны үндсэн дээр энэ журмыг удирдлага болгон гэрээ байгуулсны дагуу зохион байгуулна.
6.1.6.Сумын тогтоож өгсөн газраас өөр газарт болон гэрээ байгуулаагүй, мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй малчин, мал бүхий айл өрх нутаглуулахыг хориглоно.
6.1.7.Оторлож яваа малчдаас гаргасан санал хүсэлт, маргаан зөрчлийг зохих хууль журмын дагуу шийдвэрлүүлэх, мал хулгайлах болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
6.1.8.Байгаль цаг уурын гамшигт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээг багийн Засаг дарга нараар болон бусад эх үүсвэрээр нэн даруй мэдэгдэх, эрүүл мэндийн байгууллага, МЭ-ийн байгууллагын тусламж үйлчилгээг үзүүлэх.
Долоо. БЭЛЧЭЭРИЙН ХАМГААЛАЛТ, АШИГЛАЛТ
7.1.Бэлчээрийг талхлагдахаас сэргийлэх зорилгоор оторлох малын тоо, бүтэц, ялангуяа ямаа, адуун сүргийн тооны талаар зөвлөлөөс гарсан шийвдэрийг хэрэгжүүлнэ.
7.2.Оторчид сумын зөвлөлийн хуваарилснаас өөр нутаг бэлчээр болон гэрээ байгуулаагүй, МЭ, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй малчин, мал бүхий айл өрхийг нутаглуулахыг хориглоно.
Найм. УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРУУЛЫН ҮҮРЭГ
8.1.Байгаль цаг уурын онц аюултай үзэгдэл болон цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг аль болох урт хугацаанд тандалт хийж сумын Засаг даргын Тамгын газар /ЗДТГ/ болон холбогдох байгууллагуудад цаг алдалгүй хүргүүлэх.
8.2.Зохион байгуулалттай төвлөрсөн арга хэмжээний үед аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч, осол, гэмтэл гарахгүй байх нөхцлийг бүрдүүлэх.
8.3.Өвөлжилтийн явцад хяналт тавьж холбогдох дээд байгууллагуудад мэдээллэх.
Ес. ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮҮРЭГ
9.1.Мал сүрэгт намрын ангилалт, заазлалтыг технологийн дагуу хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх.
9.2.Хээлтүүлэгч малын хүрэлцээг судлан, дутагдаж байгаа хээлтүүлэгчээр хангах талаар мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах.
9.3.Хадлан тэжээл бэлтгэх, ургац хураалтын явцад тогтмол хяналт тавьж шаардлагатай арга хэмжээг богино хугацаанд шуурхай шийдвэрлэж ажиллах.
9.4. Сумын цаг уурын урьдчилсан үнэлгээ дүгнэлт , цаг агаарын мэдээгээр малчдыг шуурхай ханган ажиллах.
9.5.Сум, багаас малчдын дунд сургалт мэргэжлийн уралдаан, тэмцээн , малын төрөлжсөн зөвлөгөөн, семинарыг жил бүр зохион байгуулан, малчдыг дэмжиж урамшуулах.
9.6.Малчид, иргэдэд өвс, тэжээл бэлтгэхэд шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллах.
9.7.Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл явц, журмын хэрэгжилтийг нэгтгэн 10 дугаар сар 10-ны дотор аймгийн ЗДТГ-т мэдээлж, шаардлагатай арга хэмжээг авах.
Арав. МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСГИЙН ҮҮРЭГ
10.1.Мал сүргийг халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг хугацаанд нь иж бүрнээр авч хэрэгжүүлэх, өвөлжөө хаваржаанд хийх ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нэмэгдүүлэх.
10.2.Мал амьтны гоц халдварт өвчний дархлаажуулалтын арга хэмжээг авч, тандалт шинжилгээний ажлыг иж бүрнээр зохион байгуулснаар гоц халдварт өвчний дэгдэлт гаргахгүй , эрүүл статусын бүс нутаг бий болгох.
Арван нэг. ОТОРЛОЖ БУЙ МАЛЧДЫН ҮҮРЭГ
11.1.Оторлож буй малчид нь сумын зөвлөл, оторлож буй сумын удирдлагын хууль ёсны гэрээг биелүүлэх талаар тавьсан шаардлагыг хэрэгжүүлж ажиллана.
11.2.Малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх угаалга, тарилга, туулгалт, вакцинжуулалт, арьсны болон хамрын гуурын боловсруулалт хийх зэрэг мал эмнэлгийн арга хэмжээг технологийн хугацаанд нь чанартай бүрэн хийлгүүлэх, өвчин эмгэггүй, эрүүл байх үүнийг батлах харъяалах сумын мал эмнэлгийн гэрчилгээтэй байх ба өрхийн малын эрүүл мэндийн дэвтрийн хөтлөлтийг бүрэн хийлгэсэн байх.
11.3.Зөвшөөрөгдсөн тооны бод, бог малыг тухайн заасан бүс нутагт оруулж, нэр зааж оноосон өвөлжөө, хаваржаанд нутаглана.
11.4.Өөрийн болон өөр аймаг, сумын нутаг дэвсгэрт оторлон яваа малчин, мал бүхий иргэд бусдын өвөлжөө, хаваржааны нутгийн бэлчээрийг чөлөөлж, малаа бэлчээрлүүлэхгүй байх.
11.5.Оторт очсон малчид /иргэд/ тухайн бүс нутагт байгаа байгалийн баялаг, ан амьтныг хамгаалах, уст цэг, өвөлжөө, хаваржааны хашаа хороог бүрэн бүтэн ашиглаж, бэлчээрийн аливаа хог, сэг зэмийг устгаж, тухайн сумын удирдлага болон зөвлөлд хүлээлгэн өгнө.
11.6.Суманд өвөлжиж хаваржсаны төлбөрийг сумын ИТХ-ын тогтоосон 2021 оны 4936 тоот эрх зүйн актад бүртгэгдсэн 2/08 тоот тогтоолын дагуу зохих дансанд цаг хугацаанд нь төвлөрүүлнэ.
11.7. Гал түймрээс урьдчилан сэргийлж, түүнтэй тэмцэх багаж хэрэгсэлтэй байх ба түймэр гарсан үед унтраах ажилд шуурхай орж холбогдох хүмүүст хэл хүргэх ажлыг зохион байгуулна.
Арван хоёр. ОТРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ГЭРЭЭ
12.1.Оторлогч болон отор хүлээн авагч сумын Засаг дарга нар үлгэрчилсэн загварын дагуу хамтран ажиллах гэрээ байгуулж, мөрдөж ажиллах.
Арван гурав. ХАРИУЦЛАГА
13.1.Бэлчээр ашиглалт, отор нүүдэлтэй холбоотой зөрчил, хариуцлагын асуудлыг дараах нөхцөлд авч үзнэ.
13.2.Энэхүү журам нь отор нүүдэл болон бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг биелүүлэхээс хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа татгалзаж зөрчсөн бол зөрчлийн тухай хуулийн дагуу арга арга хэмжээ, хариуцлага хүлээлгэнэ.
13.3 Сумын малчин мал бүхий иргэд отроор яваа гадны харъяалалгүй иргэн, сумын нутаг дэвсгэрт гадны аймаг, сумын малыг дур мэдэн оруулах, бэлчээр нутаг, хашаа хороо, уст цэгийг үнэлж дамжуулан ашиглуулсан, худалдсан бол холбогдох хууль журмын дагуу эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдэж хариуцлага хүлээлгэхээс гадна суманд бүртгэлтэй өвөлжөө хаваржааны эзэмшлийн гэрчилгээг цуцлах хүртэл арга хэмжээ авна.
13.4.Бэлчээр ашиглалтыг зохицуулах журам, төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг биелүүлэхээс удаа дараа татгалзаж зөрчсөн бол Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Цагдаагийн ажилтан болон эрх бүхий Улсын байцаагч хэрэг үүсгэн хариуцлага хүлээлгэнэ.
13.5.Бэлчээр ашиглахтай холбоотой маргааныг "Отор нүүдэл хийх,оторлох бүс нутгийн үйл ажиллагааг зохицуулах зөвлөл"-өөр хэлэлцэж шийдвэрлэнэ.
13.6.Шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.
Арван дөрөв. Журам хүчин төгөлдөр болох
14.1.Энэхүү журмыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдөнө.
________________оОо__________
Текст томруулах
A
A
A