- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД КАБИНЕТ, ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХ, АШИГЛАХ ЖУРАМ
Боловсролын ерөнхий газрын даргын
2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн
А/386 дугаар тушаалын хавсралт
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД КАБИНЕТ, ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХ,
АШИГЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Ерөнхий боловсролын сургуульд кабинет, лаборатори байгуулах, ашиглахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2. Сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, суралцагчийн ялгаатай хэрэгцээг харгалзан сурах, бие даан, бүтээлчээр хөгжих, төлөвших үйлийг дэмжих, сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах, материаллаг болон виртуал орчин бүрдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль /цаашид "сургууль" гэх/-д кабинет, лаборатори байгуулж ашиглана.
1.3. Кабинет, лаборатори байгуулах, ашиглахтай холбогдсон шийдвэр гаргах үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн, ил тод, нээлттэй, шударга, хамтын оролцоог хангасан, уян хатан, ялгаварлан гадуурхалт болон ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна.
1.4. Кабинет, лабораторийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлээр дагнасан эсхүл нэгдмэл хэлбэрээр байгуулна.
1.5. Сургууль энэ журмын 1.6-д зааснаас гадна сургалт, үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн бүхий цахим сургалтын зориулалтын кабинеттай байна.
1.6. Кабинет, лаборатори нь энэ журмын 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, анги бүлэг, багаар болон ганцаарчлан суралцах боломжтой орон зайн зөв шийдэл бүхий танхим байна.
1.7. Сургууль нь суралцагчийн ялгаатай байдлыг харгалзан, эрүүл мэнд, бие бялдар, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих спортын болон хүүхэд хөгжлийн кабинет байгуулж болно.
1.8. Кабинет, лаборатори байгуулах, ашиглахтай холбогдсон санал дүгнэлт, шийдвэр гаргах үйл ажиллагаа нь сургуулийн түвшинд зохион байгуулагдана.
Хоёр. Кабинет, лаборатори байгуулах үйл ажиллагааны зохион байгуулалт
2.1. Сургуулийн удирдлага, багш, заах аргын нэгдэл/мэргэжлийн хөгжлийн бүлэг нь кабинет, лаборатори шинээр байгуулах төслийн санал (үндэслэл, хэрэгцээ шаардлага, нэршил, нөөц, санхүүгийн тооцоо)-ыг ажлын төлөвлөгөөний хамт жил бүрийн 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор сургуулийн захиргаанд хүсэлт гаргана.
2.2. Кабинет, лаборатори нь энэ журмын 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж буй эсэхэд захирлын тушаалаар томилогдсон 5-аас доошгүй хүнтэй ажлын хэсэг хөндлөнгийн үнэлгээ дүгнэлт гаргана.
2.2.1. Ажлын хэсэгт сургуулийн зөвлөл, ерөнхий боловсролын бусад сургууль мэргэжил (тухайн мэргэжлийн багш) арга зүйн холбогдох байгууллагын төлөөлөл болон суралцагчдын төлөөллийг оролцуулж болно.
2.3. Энэ журмын 2.2-т заасан захирлын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг багш нарын зөвлөгөөний хурлаар хэлэлцэж, жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор эцэслэн шийдвэрлэнэ.
2.4. Кабинет, лабораторийн тоо, нэршлийг хичээлийн байрын хүчин чадал, хүний болон санхүүгийн нөөц боломжид үндэслэн тогтооно.
2.5. Кабинет, лаборатори байгуулах, үйл ажиллагааг үргэлжлүүлэх болон зогсоохтой холбогдсон шийдвэр гаргахад нийт багшийн 90-ээс доошгүй хувь нь оролцож, тэдний 80-аас доошгүй хувь нь дэмжсэн тохиолдолд шийдвэрийг хүчинтэйд тооцно.
2.6. Үйл ажиллагаа явуулж буй кабинет, лабораторид 2 жил тутамд (жил бүрийн 4 дүгээр сард багтаан) энэ журмын 2.2-т заасан ажлын хэсэг үнэлгээ хийж, 80-аас дээш хувьтай "хангалттай" гэж үнэлэгдвэл үргэлжлүүлэх, "хангалтгүй" үнэлэгдвэл хугацаатай даалгавар өгөх эсхүл үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг 5 дугаар сард багтаан сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна.
2.7. Энэ журмын 2.3-т заасан шийдвэрт үндэслэн кабинет, лабораторийн орчин бүрдүүлэх ажлыг заах аргын нэгдэл/мэргэжлийн хөгжлийн бүлэг, багш нар хариуцах ба сургуулийн захиргаа дэмжлэг үзүүлнэ.
2.8. Кабинет, лаборатори хариуцан ажиллах багшийг заах аргын нэгдэл/мэргэжлийн хөгжлийн бүлгийн саналыг үндэслэн багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэн сургуулийн захирлын тушаалаар томилж, чөлөөлнө.
2.9. Кабинет, лаборатори шаардлага хангахгүй байгаа, баяжуулалт, шинэчлэл хийгдээгүй, үйл ажиллагаа тогтвортой бус болох нь энэ журмын 2.6-д заасан хугацаанаас өмнө нотлогдсон эсхүл тухайн кабинет хариуцсан багш албан ёсны хүсэлт гаргасан зэрэг тохиолдолд үйл ажиллагааг зогсоох, хариуцсан багшийг өөрчлөх асуудлыг тухай бүр сонсох ажиллагаа хийж шийдвэрлэнэ.
2.10. Энэ журмын 1.7-д заасан кабинет байгуулах, ашиглахтай холбогдсон шийдвэр гаргахад журмын хоёрдугаарт заасан зохицуулалт нэгэн адил үйлчилнэ.
2.11. Кабинет, лабораторийг сургалтын хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сурах бичиг, гарын авлагаар хангах асуудлыг тухайн сургууль хариуцах бөгөөд нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, хуулийн этгээдийн хандив, дэмжлэгийг авч болно.
Тайлбар: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалт "хандив"-д заасан нэр томьёоны тодорхойлолт, мөн хуулийн 17 зүйлд заасан зохицуулалтыг баримтална.
Гурав. Кабинет, лабораторид тавих шаардлага
3.1. Энэ журмын 1.4, 1.5, 1.7-д заасан кабинет, лаборатори нь сургуулийн орчинд суралцагч, багш, ажилтны хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах орчны нэг хэсэг байна.
3.2. Кабинет, лаборатори нь "Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдал MNS 6782:2019", "Сургалт, хүмүүжлийн орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6799:2019" стандартад заасан холбогдох шаардлагыг хангасан байна.
3.3. Энэ журмын 3.11-д заасан багц материал нь боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан "Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хэрэглэгдэхүүнд тавих шаардлага"-д нийцсэн байна.
3.4. Кабинет, лаборатори нь өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон дотоод дүрэм, аюулгүй ажиллагааны зааварчилгаатай байна.
3.4.1. Дотоод дүрмийг кабинет, лаборатори хариуцсан багш/ажилтан болон заах аргын нэгдэл/мэргэжлийн хөгжлийн бүлгээр хамтран боловсруулж, сургалтын менежер хянан сургуулийн захирал баталгаажуулна.
3.4.2. Дотоод дүрэмд кабинет, лаборатори ашиглах, үйл ажиллагаанд баримтлах дэг, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны хэм хэмжээг тусгасан байна.
3.5. Кабинет, лабораторид боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, техник, багаж хэрэгсэл, урвалж бодис, үзүүлэн, сурах бичиг, гарын авлага, арга зүйн материал, тохируулгад болон бусад хэрэглэгдэхүүнээс бүрдсэн байх бөгөөд тэдгээр нь суралцагчийн онцлогт тохирсон, хүртээмжтэй байна.
3.6. Байгалийн ухааны лаборатори нь техникийн болон эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ус түгээгүүр, цахилгаан хангамж, агааржуулагч, туршилтад зориулсан ширээ, сандал, тодорхой чиглэлээр туршилт, судалгаа, дадлага ажил хийх тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгаалал болон эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх хэрэгсэл, бусад шаардлагатай зүйлээр тоноглогдсон орчин байна.
3.7. Хүмүүнлэг, нийгмийн ухааны кабинет нь сургалтын хөтөлбөр, нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлт, даалгаврын сан, техник, хэрэгсэл, үзүүлэн таниулах материал, сурах бичиг, гарын авлага, арга зүйн зөвлөмж болон бусад хэрэглэгдэхүүнээс бүрдсэн сургалтын орчин байна.
3.8. Цахим сургалтын кабинет нь энэ журмын 4.5-д заасан сургалт, үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах орчин нөхцөл, аюулгүй байдлыг хангасан байх бөгөөд сургалтын таблет, компьютер (зөөврийн, суурин), олон үйлдэлт самбар, дамжуулагч, веб болон хяналтын камер, микрофон, дууны өсгөгч, чанга яригч зэрэг цахим хэрэглэгдэхүүнээр тоноглогдсон, утастай болон утасгүй сүлжээний орчинтой байна.
3.8.1. Энэ журмын 3.8-д заасан кабинет нь цахим хэрэглэгдэхүүний ашиглалтыг удирдах, хянах системтэй байна.
3.9. Энэ журмын 4.5-д заасан сургалт, үйл ажиллагаанд ашиглах цахим хэрэглэгдэхүүн нь суралцагч, багш, ажилтанд хүртээмжтэй байна.
3.10. Цахим сургалтын үеийн сүлжээ, холболтын найдвартай, бэлэн байдлыг сургуулийн захиргаа хариуцна.
3.11. Энэ журмын 3.6, 3.7, 3.8-д зааснаас гадна кабинет, лабораторид дараах багц материалыг бүрдүүлсэн байна:
3.11.1. холбогдох боловсролын түвшний сургалтын хөтөлбөр;
3.11.2. нэгж болон ээлжит хичээлийн төлөвлөлт /анги бүрээр/
3.11.3. суралцагчийн эзэмшсэн мэдлэг, ур чадварыг үнэлэх даалгаврын сан /анги, нэгж хичээлээр түвшинчилсэн/;
3.11.4. цахим хичээл, цахим контент, сургалтын тоног төхөөрөмж, техник, багаж хэрэгсэл;
3.11.5. сургалтын хэрэглэгдэхүүн, тараах материал /дуу авиа, дүрс бичлэг, мультимедиа, электрон файл, хэвлэмэл ном, сурах бичиг, арга зүйн зөвлөмж, гарын авлага, толь бичиг гэх мэт/;
3.11.6. тухайн кабинет, лабораторийн онцлогоос хамаарч сургалтын биет болон загвар, зурагт үзүүлэн, урвалж бодис, багаж хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, спортын болон гимнастикийн хэрэглэгдэхүүн, газрын зураг, глобус гэх мэт /анги бүрээр/
3.11.7. сургалтын хөтөлбөрийн дагуу хийх төсөлт болон дадлага, туршилтын ажлын сэдэв, түүнийг зохион байгуулах болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа, шаардагдах урвалж бодис, багаж хэрэгслийн нэгдсэн жагсаалт /анги бүрээр/
3.11.8. ялгаатай хэрэгцээ бүхий суралцагчийн онцлог, хэрэгцээнд тохирох сургалтын тохируулгад хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, туслах хэрэгсэл;
3.11.9. суралцагчийн бүтээл байршуулах орчин.
3.12. Кабинет, лаборатори нь дадлага, туршилтын хичээлд нэмэлтээр ашиглах платформ, аппликейшн, цахим хэрэглэгдэхүүн (VR, AR гэх мэт), виртуал, симуляц орчин бүрдүүлсэн дуу, дүрстэй туршилтын бичлэгтэй байж болно.
3.13. Энэ журмын 3.11-т заасан багц материалыг анги, сэдэв, агуулга бүрээр ангилан товьёг, каталогижуулж хэрэглэхэд тохиромжтой болгосон байна.
3.14. Багц материалыг суралцагчийн онцлог, хэрэгцээ сонирхолд нийцүүлэн тогтмол баяжуулж, сургалтын хөтөлбөртэй уялдуулж байх бөгөөд сургалтын цахим хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, техник, багаж хэрэгсэл, урвалж бодис нь нэр хаяг, ашиглах зааварчилгаа, аюулгүй ажиллагааны санамжтай байна.
3.15. Кабинет, лабораторид интернэтийн орчинд ажиллах сүлжээ, дэд бүтэц, цахилгааны нөөц эх үүсвэрийг бүрдүүлсэн байна.
Дөрөв. Кабинет, лабораторийн ашиглалт
4.1. Энэ журмын 3.11-т заасан багц материалыг багш нар хамтран ашиглах бөгөөд ашиглалт, баяжуулалт, засвар үйлчилгээний бүртгэлийг заавал хөтөлнө.
4.2. Туршилт, дадлага ажил бүхий хичээлийг зориулалтын кабинет, лабораторид зохион байгуулах ба үйл ажиллагааны хуваарийг хариуцсан багш нь заах аргын нэгдэл/мэргэжлийн хөгжлийн бүлгийн ахлагч, сургалтын менежертэй хамтран хичээлийн хуваариар зохицуулна.
4.3. Энэ журмын 4.2-т зааснаас бусад тохиолдолд техник хэрэгсэл, багаж, сургалтын хэрэглэгдэхүүнийг багш нар зөөвөрлөн ашиглах боломжийг кабинет, лаборатори хариуцсан багш зохицуулна.
4.4. Цахим сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах хуваарь, зохицуулалт, цахим сүлжээ, тоног төхөөрөмж болон техникийн бэлэн байдлыг кабинет хариуцсан багш/ажилтан хангаж ажиллана.
4.5. Үндэсний болон орон нутгийн түвшинд эсхүл сургууль дангаар, сургууль хооронд хамтран цахимаар зохион байгуулах дараах сургалт, үйл ажиллагаа цахим сургалтын кабинетад явагдана:
4.5.1. багш, ажилтны тасралтгүй хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагаа;
4.5.2. суралцагчдад зориулсан сургалтын цахим системд суурилсан хичээл, сургалтын үйл ажиллагаа;
4.5.3. ахлах ангийн сонгон судлах хичээл;
4.5.4. суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх хөндлөнгийн болон бусад шалгалт;
4.5.5. хичээлийн олимпиад, сорил;
4.5.6. бусад арга хэмжээ.
4.6. Багц материал болон сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл байнгын ашиглалт, тэдгээрийн баяжилт, засвар үйлчилгээнд сургалтын менежер хяналт тавьж, бүртгэл тэмдэглэгээг хөтөлнө.
4.7. Сургалтын цахим хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх хэрэгцээг кабинет хариуцсан багш/ажилтан тодорхойлон, сургууль хариуцан хийнэ.
4.8. Энэ журмын 3.8-д заасан кабинетад байршсан техник хэрэгслийг сургуулийн орчинд ашиглана.
4.9. Кабинет, лабораторийн үйл ажиллагааны тайланг хариуцсан багш/ажилтан хичээлийн жилийн төгсгөлд багш нарын зөвлөлийн хуралд танилцуулна.
4.10. Кабинет, лаборатори хариуцсан багшид Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам"-ын 4 дүгээр хэсгийн 3-т заасан нэмэгдэл хөлсийг тооцон олгоно.
Тайлбар: Энэ журмын 4.10-д заасан эрх зүйн баримт бичиг өөрчлөгдсөн тохиолдолд шинээр батлагдсан зохицуулалтыг дагаж мөрдөнө.
4.11. Кабинет, лабораторийн тасралтгүй үйл ажиллагаа, аюулгүй байдалд боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ.
Тав. Бусад
5.1. Энэ журмын 3.11-т заасан кабинет, лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүнийг цахим системд бүртгэнэ.
5.1.1. Кабинет, лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээн авсан тухай бүрд хэрэглэгдэхүүний мэдээлэл, бүртгэлийг энэ журмын 5.1-д заасан системд хариуцсан багш оруулж жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор сургалтын менежер бүртгэлийг баталгаажуулна.
5.2. Кабинет, лабораторид шаардагдах хичээлийн болон лабораторийн жижиг багаж хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүнийг Засгийн газрын тогтоолоор баталсан "Ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив, түүний бүрэлдэхүүн"-ий сургалтын үйл ажиллагааны болон тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын зориулалтаар батлагдсан эх үүсвэрээр холбогдох аргачлал, зааврыг тус тус баримтлан санхүүжүүлнэ.
5.3. Кабинет, лабораторид шаардлагатай сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хэрэглэгдэхүүний нөхөн хангалт хийхэд Засгийн газрын тогтоолоор баталсан "Хувьсах зардлын дундаж нормативаар төсөв хуваарилах, санхүүжүүлэх аргачлал" болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан "Сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний нөхөн хангалтын зардлыг төлөвлөх, хуваарилах, санхүүжүүлэх заавар, аргачлал"-ыг тус тус баримтлан худалдан авах ажиллагааг зохион байгуулна.
5.4. Энэ журмын 3.5, 3.6, 3.8-д заасан кабинет, лабораторийн тавилга, эд хогшил, сургалтын тоног төхөөрөмж, техник, багаж хэрэгсэл, цахим техник хэрэгслийг Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт (УСНББОУС)-ын дагуу ангилан байгууллагын хөрөнгөд бүртгэнэ.
5.5. Сургуулийн удирдлага нь тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын зардлыг хэрэглэгдэхүүний бүртгэлийн цахим системийн мэдээлэлд үндэслэн хувьсах зардлын дундаж норматив зардлаар санхүүжүүлэх ба сургууль хооронд сургалтын хэрэглэгдэхүүн шилжүүлэх, хуваан ашиглах түүнээс олсон орлогыг хэрэглэгдэхүүний нөхөн хангалт, баяжуулалт болон бусад зорилгоор хуульд заасны дагуу захиран зарцуулж болно.
5.6. Сургалтын хэрэглэгдэхүүний мэдээлэлд үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн төрийн захиргааны байгууллага нь сургалтын хэрэглэгдэхүүн, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж бодисоор хангах үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, статистикийн мэдээ тайланг орон нутгийн хэмжээнд нэгтгэн гаргах, холбогдох хуульд заасны дагуу бусад боловсролын байгууллага, сургуулийн удирдлага, багш нарт мэдээлнэ.
5.7. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь сургалтын хэрэглэгдэхүүн, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж бодисоор хангах, статистикийн мэдээ, тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргаж, холбогдох хуульд заасны дагуу тайлагнана.
5.8. Кабинет, лаборатори нь улсын хэмжээнд нэгдсэн бүртгэлийн код, индекстэй байна. Бүртгэлийн код, индексийг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгоно.
---о0о---
Текст томруулах
A
A
A