A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 93

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/иргэдийн орон нутагт шилжин, тогтвортой суурьших орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор орон сууцжуулахад чиглэсэн төсөл, арга хэмжээг тухайн орон нутгийн онцлог, дэд бүтцийн бэлэн байдал, иргэд, зорилтот бүлгийн шаардлагатай уялдуулан зохион байгуулах;

2/хөдөөд орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийг төр, хувийн хэвшлийн түншлэл, улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл, тусламжийн эх үүсвэрээс бүрдүүлэх замаар олон талын оролцоог хамарсан хамтын санхүүжилтээр шийдвэрлэх;

3/байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн урт хугацааны ногоон санхүүжилтийн арга хэрэгслийг нэвтрүүлэх;

4/иргэдийг орон сууцжуулах арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байгаа орон нутгийг санхүүгийн дэмжлэгээр урамшуулах механизм бүрдүүлж, сайн туршлагыг сурталчлах ажлыг зохион байгуулах;

5/төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчдад олгох орон нутгийн нэмэгдлийг аймгийн төвийн сум болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэгт 20 хувиар, аймгийн төвөөс бусад суманд 40 хувиар тус тус тооцож хуваарилах;

6/орон нутгийн тохижилт үйлчилгээний ажилчдын үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлэх;

7/анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг бүс нутгийн онцлогийг харгалзан ялгаатай хуваарилах, иргэдийг тусламж үйлчилгээний шатлал хооронд хүнд суртал, чирэгдэлгүйгээр шуурхай шилжүүлдэг байх зэрэг зохицуулалтын оновчтой арга хэрэгслийг 2023 онд багтаан шийдвэрлэж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх;

8/өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог үргэлжлүүлэн эрчимжүүлж, хөдөөгийн хүн амын хамрагдалтыг нэмэгдүүлэх аян зохион байгуулах;

9/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэж, улирал бүр мэдээлэх, хэрэгжилтийг хангуулах;

10/төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих, ашиглалтад хүлээн авах, өмчид хүлээн авах үйл ажиллагаанд ногоон байгууламжийн стандарт болон тусгай хэрэгцээт иргэдийн хэрэгцээнд нийцсэн стандартыг чанд мөрдөж хэрэгжүүлэх, зохион байгуулах;

11/Газрын багц хуулийн төсөл, түүнд нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулан 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

12/төсвийн ил тод, хариуцлагатай байх зарчимд нийцүүлж төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрөөр төлөвлөн, хөтөлбөр, арга хэмжээний үр дүн болон үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, түүнтэй уялдсан төсвийн зардлыг тооцож боловсруулж байх;

13/хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан болон тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ачаа тээврийн урсгалыг сайжруулах, төмөр зам, нисэх буудал, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөн шинэчлэх, боомтын хүчин чадлыг сайжруулах, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүс, хот байгуулах дэд бүтэц бий болгох болон төрийн үйлчилгээний салбарын төсөл, хөтөлбөрийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх асуудлыг судлан шийдвэрлэх.

2.Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монголбанк /Б.Лхагвасүрэн/-нд тус тус даалгасугай:

1/орон сууцны ипотекийн зээлийн эрэлт болон төвлөрлийг сааруулах бодлоготой уялдуулан ипотекийн хөтөлбөрийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, нийслэл, орон нутагт тэгш хүртээмжтэй хуваарилах;

2/агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгоор инженерийн дэд бүтцийн шийдэлтэй, нийт талбай нь 100 м2-аас ихгүй хэмжээтэй амины орон сууцыг орон сууцны ипотекийн зээлд хамруулах.

3.Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагаж мөрдөх хугацааг сунгах тухай хуулийн төслүүдийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.

4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Г.Тэмүүлэн/-нд даалгасугай.

5.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАР