A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 100

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/боловсрол дахь тэгш бус байдлыг арилгах, боловсролын чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын цахим шилжилтийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн анги танхимыг интернэт, дотоод сүлжээнд бүрэн холбох, багш бүрийг компьютержуулах, хүүхдийн авьяасыг дэмжих, цахим системд суурилсан нэмэлт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчим болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн санхүүгийн түрээс хэлбэрээр зохион байгуулах;

2/нийслэл, орон нутагт 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын хөрөнгө оруулалтын санхүүжилт, зарцуулалтад хяналт тавьж, цаашид боловсролын хүртээмжийг дээшлүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг жил бүрийн төсвийн төсөлд тусгах ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах;

3/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд тэгш хамрагдалтыг нэмэгдүүлэх, тэдний цогц хөгжлийг дэмжих, салбар дундын зохицуулалтыг сайжруулах чиглэлээр төсвийн санхүүжилтийг жил бүр нэмэгдүүлэхэд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

4/бүх шатны сургалтын байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох тэгш эрхийг хангах зорилгоор сургалтын орчныг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлж, хувийн хэвшилтэй хамтран ажиллах;

5/сургуулийн "Үдийн хоол" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургуулийн гал тогооны тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, ажилчдад зарцуулагдах санхүүжилтийг нэмэгдүүлэх;

6/Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.16 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах;

7/Хавдар судлалын үндэсний төвийн 2 дугаар барилгын нэмэлт хөрөнгө оруулалтыг 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад тусган хэрэгжүүлэх;

8/улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих бүх шатны эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээний барилга байгууламжийн жишиг зургийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэйгээр стандартад нийцүүлэн шинэчлэн баталж, хэрэгжилтийг хангах.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Г.Тэмүүлэн/-нд даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАР