- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- БНМАУ-ЫН ШИНЭЧЛЭН НАЙРУУЛСАН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ БУЦААН ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ
1987 оны 6 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 25
Улаанбаатар хот
БНМАУ-ЫН ШИНЭЧЛЭН НАЙРУУЛСАН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ БУЦААН ХЭРЭГЛЭХ ТУХАЙ
БНМАУ-ын Шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1986 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 217 дугаар зарлиг, Ардын Их Хурлын 11 дэх удаагийн сонгуулийн 2 дугаар чуулганаар 1986 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хуульчлан баталж 1987 оны 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болгож дагаж мөрдүүлэхээр тогтоосон байна.
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1987 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 6-р зарлигаар шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийг хэрэглэх журмыг тогтоож өгөв.
Шинэчлэн найруулсан эрүүгийн хууль нь өмнөх хуулийн зарчмын үндсэн асуудлуудыг хүчингүй болгоогүй боловч хөгжлийн өнөөгийн шаардлагыг эрүүгийн эрх зүйн бодлогод тусгаж эрүүгийн хуулийн систем, тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүний дотоод бүтэц зэрэг асуудлуудад нэлээд өөрчлөлт оруулсны гадна гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын төрөл, хэмжээ, ял шийтгэх, эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлөх зэрэг найруулгын болон зарим тодотгосон нэмэлт оруулсан байна.
Түүнчлэн эрүүгийн хуулийн нэг зүйлд байсан зарим хэргүүдийг бүрэлдэхүүний нь хүнд хөнгөний шинжээр ангилж өөр өөр зүйл болгон хуваасны гадна урьд гэмт хэрэг гэж тооцож байгаагүй зарим хэргийг эрүүгийн гэмт хэрэг гэж шинээр тогтоожээ. Үүний зэрэгцээ шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйлд "Гэмт хэрэгт тооцох, түүнд ял шийтгэх эсэхийг уг хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно" гэж заажээ. Эдгээрээс үндэслэн шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тухай заалтыг мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны практикт зөв ойлгож нэгэн мөр хэрэгжүүлэх чухал шаардлагатай болохыг тэмдэглэж БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:
1. БНМАУ-ын Шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйлийн заалтаас үзэхэд уг хуулиар гэмт хэрэг гэж шинээр тооцох болсон буюу урд гэмт хэрэг гэж тооцож байсан боловч түүний шинж чанарыг харгалзан хүнд гэмт хэрэгт тооцсон болон оногдуулах ялын хэлбэр, хэмжээг шууд буюу шууд бусаар хүндрүүлсэн заалттай зүйл хэсгийг буцаан хэрэглэж болохгүй бөгөөд ял шийтгэлгүй болгосон буюу оногдуулж болох ялыг хөнгөрүүлсэн болон гэмт хэргийн шинж чанарыг харгалзан хүнд гэмт хэрэгт тооцохгүй болгосон заалттай зүйл хэсгийг буцааж хэрэглэж болохыг нийт шүүхэд заасугай.
2.Шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн буцаан хэрэглэж болохгүй хүндрүүлсэн заалт гэдэгт дараах учир байдлууд хамаарахыг тайлбарласугай. Үүнд:
а/ эрүүгийн хуулийн тусгай ангид урьд гэмт хэрэгт тооцож байгаагүй /тээврийн хэрэгсэл, машин буюу механизмыг шунахай зорилгоор дур мэдэн ашиглах, нийгмийн тустай хөдөлмөрөөс ноцтой зайлсхийх гэх мэт/ хэргийг шинээр гэмт хэрэг гэж тогтоосон заалт;
б/ эрүүгийн хуульд урьд байсан зарим гэмт хэргийн дотоод бүтцэд үйлдэл буюу эс үйлдлийн тодорхой хэлбэрийг гэмт явдал гэж /эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд ". . . хил хязгаараар нэвтрэн гарах буюу орж ирвэл" гэж хоёр хэлбэр зааж байсныг шинэчлэн найруулсан хуулийн 79 дүгээр зүйлд ". . . хилээр орсон, гарсан, нэвтэрсэн" гэж гурван хэлбэртэй болсон зэрэг/ шинээр нэмж оруулсан заалтын зөвхөн шинээр нэмэгдэж ял шийтгэлтэй болгож байгаа үйлдэлд нь хамаарах заалт;
в/ эрүүгийн хуульд заасан тухайн тодорхой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар оногдуулж болох үндсэн болон нэмэгдэл ялын төрөл, хэмжээ нь 1961 онд батлагдсан эрүүгийн хуульд байсан заалтаас ямар нэг байдлаар хүндэрсэн байвал /Тухайлбал оногдуулж болох ялын дээд, доод хэмжээг зэрэг ихэсгэж нэмэгдүүлсэн, зөвхөн дээд, эсхүл доод хэмжээг ихэсгэж нэмэгдүүлсэн, оногдуулах үндсэн ялын төрөл, хэмжээ өөрчлөгдөөгүй хэвээрээ боловч заавал хэрэглэх буюу хэрэглэж болох нэмэгдэл ялыг шинээр бий болгосон сонгон хэрэглэж болох хорихоос өөр төрлийн ялыг хассан, зүйл, хэсгүүд гэх мэт/.
г/ урьдах хуулийн нэг зүйл ангид байсан гэмт үйлдлийг түүний нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан шинэчлэн найруулсан эрүүгийн хуулинд хэд хэдэн зүйл буюу хэсэг болгон салгаж ангилсан тохиолдолд оногдуулах ялыг хүндрүүлэн тогтоосон байвал /Жишээ нь шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буцаан хэрэглэж болохгүй/;
д/ гэмт этгээдэд оногдуулж болох ялын төрөл, хэлбэр, хэмжээг өөрчлөөгүй ч гэсэн тодорхой гэмт хэргийн нийгмийн хор аюулын байдалд эрүүгийн бодлогын үүднээс үнэлэлт, дүгнэлт өгч хүнд гэмт хэрэгт тооцох болсон /мөнгөн тэмдэгт, үнэ бүхий цаасыг хуурамчаар үйлдэх буюу борлуулах гэмт хэрэг нь социалист аж ахуйн эсрэг гэмт хэргийн бүлэгт байсныг шинэчлэн найруулсан хуулиар уг хэргийг төрийн эсрэг бусад гэмт хэргийн бүлэгт шилжүүлсэн зэрэг/ заалт;
е/ шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн ерөнхий ангид "онц аюултай гэмт хэрэгтэн", "хүнд гэмт хэргийн ойлголт", "ялаас хугацааны өмнө тэнсэж суллах буюу ялыг хөнгөн ялаар солих журмыг хэрэглэхгүй байх" гэх мэтээр эрүүгийн ял, хариуцлагыг хүндрүүлэхээр заасан тогтоомжууд нь хуулийг буцаан хэрэглэж болохгүй хүндрүүлсэн заалтад нэгэн адил хамаарна.
3. Шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн ял хариуцлагыг хүндрүүлсэн дээрх заалтууд нь буцаан хэрэглэх хүчингүй бөгөөд 1987 оны 7 дугаар сарын 1-нээс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарахыг заасугай.
4. Шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн ял хариуцлагыг хөнгөрүүлсэн бөгөөд буцаан хэрэглэж болох заалт гэдэгт дараах учир байдлуудыг хамааруулан ойлгох нь зүйтэй. Үүнд:
а/ өмнөх хуулиар гэмт хэрэг гэж үзэж байсан үйлдэл буюу эс үйлдлийг шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар гэмт хэрэг биш гэж тооцож ял шийтгэхгүй болгосон бол;
б/ эрүүгийн хуульд заасан тодорхой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар оногдуулж болох үндсэн болон нэмэгдэл ялын төрөл, хэмжээ өмнөх хуульд байсан заалтаас хөнгөрсөн байвал;
Тухайн оногдуулах ялын доод, дээд хэмжээг нэгэн зэрэг багасган хөнгөрүүлсэн, зөвхөн доод эсхүл дээд хэмжээг багасгаж хөнгөрүүлсэн, өмнөх хуулиар тогтоосон ялын хэмжээ хуучнаараа боловч сонгон авч хэрэглэж болох өөр төрлийн хөнгөн ял бий болгосон, оногдуулах үндсэн ялын төрөл хэмжээг өөрчлөөгүй боловч заавал хэрэглэх буюу хэрэглэж болох нэмэгдэл ялыг хасаж хэрэглэхгүй болгосон байдлууд хамаарна./
/Тухайлбал оногдуулах ялын доод, дээд хэмжээг нэгэн зэрэг багасгаж хөнгөрүүлсэн, зөвхөн доод эсхүл дээд хэмжээг багасгаж хөнгөрүүлсэн, өмнөх хуулиар тогтоосон ялын хэмжээ хуучнаараа боловч сонгон авч хэрэглэж болох өөр төрлийн хөнгөн ял бий болгосон, оногдуулах үндсэн ялын төрөл хэмжээг өөрчлөөгүй боловч заавал хэрэглэх буюу хэрэглэж болох нэмэгдэл ялыг хасаж хэрэглэхгүй болгосон байдлууд хамаарна/.
в/ өмнөх хуулийн нэг зүйл, ангид байсан гэмт үйлдлийг түүний нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан шинэчлэн найруулсан эрүүгийн хуулинд хэд хэдэн зүйл, хэсэг болгон салгаж ангилсан тохиолдолд оногдуулах ялыг хөнгөрүүлэн тогтоосон байвал /жишээ нь улс, хоршоолол, олон нийтийн эд хөрөнгийг хулгайлах 123 дугаар зүйлийн 1, 2 дугаар хэсэг, булаах 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь өмнөх хуулиас хөнгөрсөн байна/.
5. 1987 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээдэд холбогдох хэргийг уг хэргийг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан эрүүгийн хуулийн зохих зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх бөгөөд хэрэв шинэчлэн найруулсан эрүүгийн хуульд зааснаар тухайн гэмт хэрэг үйлдэгчид хүлээлгэх ял хариуцлага нь хөнгөрсөн байвал шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр зүйлчлэн ангилж таслан шийдвэрлэвэл зохихыг заасугай.
6.1987 оны 7 дугаар сарын 1-ээс өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэрэгт мөрдөн байцаалт явуулж 1961 оны эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангиар ял төлөвлөж ирүүлсэн хэргийг шүүхэд хянан хэлэлцэх үед уг хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон буюу түүнд оногдуулах ял хариуцлага нь хөнгөрсөн бөгөөд шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар зүйлчлэн таслан шийдвэрлэх шаардлагатай нь тогтоогдвол уг хэргийг шүүхээр хянан хэлэлцэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох болон ял төлөвлөсөн хуулийн зүйлчлэлийг өөрчлөх асуудлыг шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд захиран тушаах хурлаар хэлэлцэн шийдвэрлэж байсугай.
Харин ингэж хэрэгсэхгүй болгох буюу хөнгөрүүлэн өөрчилж болох учир байдал нь шүүх хурлын явцад илэрч тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох буюу ял төлөвлөсөн хуулийн зүйлчлэлийг өөрчлөх асуудлыг шүүх хурлаас таслан шийдвэрлэх тогтоолоор шийдвэрлэж болно.
7.Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад уг этгээдэд холбогдох хэрэг нь гэмт хэрэгт тооцогдохгүй болсон буюу түүнд оногдуулах ял хариуцлага нь шинэчлэн найруулсан эрүүгийн хуульд зааснаар хөнгөрч байгаа нь илэрч тогтоогдвол анхан шатны шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол болон магадлалд өөрчлөлт оруулах журмаар ЭБШ хуулийн 331 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг удирдлага болгон шийдвэрлэж байсугай.
1987 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолтой хэрэгт хууль буцаан хэрэглэх тухай асуудлыг эрх бүхий хүмүүсийн эсэргүүцлээр; шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар уг хэргийг гэмт хэрэгт тооцохгүй буюу хорих ял шийтгэхгүй болсон, эсхүл оногдуулж болох хорих ялын дээд хэмжээ нь уг ялтны эдэлж байгаа ялаас бага болсон зөвхөн тийм нөхцөлд хяналтын шатны шүүхээр хэлэлцэнэ.
8. 1987 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэрэгт мөрдөн байцаалт явуулж шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар зүйлчлэн ял төлөвлөсөн нь түүнд хүлээлгэх ял хариуцлага нь хүндэрч тохирохгүй болох нь илэрч тогтоогдвол уг хэргийг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан эрүүгийн хуулийн тохирох зүйл ангиар зөвтгөн зүйлчлэн шийдвэрлэх ажиллагааг энэ тогтоолын 6, 7 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэж байх нь зүйтэй.
9. Шүүх эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх журмаар хөнгөн ялтай хууль /зүйл, хэсэг/ хэрэглэхдээ эрүүгийн хуулийн өөр бүлэгт шилжиж буй эсэхийг харгалзахгүйгээр тохирох зүйл, хэсгээр өөрчлөн зүйлчилж шийдвэрлэж байхыг заасугай.
10. Шүүх 1961 онд батлагдсан болон шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийг хэрэглэж таслан шийдвэрлэх тогтоол, магадлал гаргахдаа дараах хэллэгээр бичиж байвал зохино.Үүнд:
а/ 1961 оны Эрүүгийн хуулийн … р зүйл буюу …р зүйлийн ангид зааснаар;
б/ БНМАУ-ын Эрүүгийн хуулийн … -р зүйл буюу ... р зүйлийн … дэх /дахь/ хэсэгт зааснаар / хэрэв хэсэг нь дотроо үсэгтэй бол … дэх хэсгийн а, б, в, г-д зааснаар гэж бичнэ/ гэх мэт.
11. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж шүүхийн практикийг нэгтгэн судалж холбогдох арга хэмжээг тухай бүр авч ажиллахыг Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэрэг эрхэлсэн шүүх коллеги /Б.Дангаасүрэн/, Цэргийн коллеги /Ц.Цэрэн-Очир/-д даалгасугай.
12. Энэ тогтоол 1987 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА Л.РЭНЧИН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ
Текст томруулах
A
A
A
