- Нүүр
- Сайдын тушаал
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалтын савыг улсын бүртгэлд бүртгэх журам
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/342 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалтын савыг улсын бүртгэлд бүртгэх журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж буй газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалтын сав /цаашид "сав" гэх/-ыг улсын бүртгэлд бүртгэх, сав ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангах, савны паспорт ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.
1.2. Энэхүү журам нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай, Газрын тосны тухай хууль болон бусад хууль тогтоомж, эрх зүйн актуудад үндэслэж, тэдгээрт нийцсэн байна.
1.3. Шинээр баригдсан болон угсарч, суурилуулсан сав тус бүрийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөс өмнө улсын бүртгэлд заавал бүртгүүлнэ. Сав тус бүр улсын бүртгэлийн дугаар, сав ашиглалтын паспорттой байна.
1.4. Сав ашиглалтад оруулахын өмнө сав ашиглалтын нөөцөд эрх бүхий байгууллагаар сорилт хийлгэж, баталгаажуулсан байна. Шинээр үйлдвэрлэсэн саванд үйлдвэрлэгчийн чанарын бичгийг хавсаргана.
1.5. Сав тус бүрийг бүртгэх, улсын бүртгэлийн дугаар олгоход Монгол Улсын бүсчлэлийн код, бүтээгдэхүүн хадгалж буй байгууламжийн төрөл, түүний нэршлийн товчлол, савны технологийн схем дэх дугаар, объектын дугаар тус тус хамаарна.
1.6 Бүтээгдэхүүн хадгалж буй байгууламжийн төрөл, түүний нэршлийн товчлолыг дараах байдлаар тэмдэглэнэ.
1.6.1 Суурин шатахуун түгээх станц /СШТС/;
1.6.2 Зөөврийн шатахуун түгээх станц /ЗШТС/;
1.6.3 Байгууллагын хэрэгцээний шатахуун түгээх станц /БХШТС/;
1.6.4 Газрын тосны бүтээгдэхүүний агуулах /ГТБА/;
1.6.5 Түүхий тосны агуулах /ТТА/;
1.6.6 Мазут хадгалах агуулах /МХА/;
1.6.7 Битум хадгалах агуулах /БХА/
1.7. Энэхүү журамд заасны дагуу бүрдүүлэх баримт бичиг нь эх хувь эсхүл нотариатаар баталгаажуулсан хуулбар байна.
1.8 Сав эзэмшигч, өмчлөгчөөс ирүүлсэн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хянан үзээд ажлын 10 хоногт багтаан бүртгэнэ.
1.9. Шаардлагатай тохиолдолд журмын 1.8-д заасан хугацааг ажлын 5 хоногоор сунгаж болно.
1.10 Саванд технологийн шинэчлэл хийх, байршил өөрчлөх, эзэмшигч, өмчлөгчийн нэр солих зэрэг улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тохиолдолд тухайн саванд өмнө олгосон паспорт, бүртгэлийн дугаарыг хүчингүй болгож, шинээр олгоно.
Хоёр. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалтын сав, түүний хамрах хүрээ
2.1. Газрын тосны бүтээгдэхүүний 5м3 болон түүнээс дээш багтаамж бүхий суурин болон зөөврийн, байгууллагын хэрэгцээний бүтээгдэхүүн хадгалах сав. /бүх төрлийн шатахуун болон түүхий тос, битум, мазут/
2.2. Зам , барилгын ажил, газар тариалан, ШТС-ын засвар шинэчлэл, олон нийтийн түр арга хэмжээ зэрэгт Онцгой байдлын байгууллагын зөвшөөрлөөр 3 сар хүртэл хугацаагаар байрлуулах зөөврийн сав.
Гурав. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалтын савыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
3.1. Савыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
3.1.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
3.1.2 Архитектур төлөвлөлтийн даалгавар, мэргэжлийн байгууллагаар боловсруулж, магадлал хийлгэсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын нэгтгэсэн дүгнэлт;
3.1.3 Зураг төсөл боловсруулсан хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ;
3.1.4 Сав үйлдвэрлэсэн болон угсарч суурилуулсан хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ;
3.1.5 Сав тоног төхөөрөмжийн угсралтын ил, далд ажлын акт, даралтаар шалгасан болон битүүмж шалгасан тухай акт, гагнуурын ажлын акт, формуляр чанарын шалгалтын материал;
3.1.6 Шинээр үйлдвэрлэсэн сав бүртгүүлэх тохиолдолд үйлдвэрлэгчээс дагалдах паспорт;
3.1.7 Сав ашиглалтын нөөц тогтоосон дүгнэлт.
Дөрөв. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалтын савыг өмчлөгч, эзэмшигчийг хүлээх үүрэг
4.1. Сав эзэмшигч, өмчлөгч нь газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав тус бүрийн мэдээллийг журмын хавсралтаар баталсан маягтын дагуу үнэн зөв бөглөж, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад цахим хаягаар хүргүүлнэ.
4.2. Сав ашиглалтын үеийн шилжилт хөдөлгөөн болон сав тус бүрийн байршил, эзэмшигч, өмчлөгчийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тухай бүр мэдэгдэж, улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлнэ. Зөрчсөн тохиолдолд тухайн савны паспортыг хүчингүй болсонд тооцно.
4.3. Сав ашиглалтын паспортыг үрэгдүүлсэн тохиолдолд холбогдох баримт бичиг, хүсэлтийн хамт газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэн шийдвэрлүүлнэ.
4.4. Савны ашиглалтын паспортын улсын бүртгэлийн дугаарыг ил савны их бие, далд савны технологийн худаг тус бүрт тэмдэглэнэ.
4.5. Сав ашиглалтаас хасах тохиолдолд сав, тоног төхөөрөмж, түүний үлдэгдлийг зөөвөрлөн хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюулгүй болгож, бохирдсон болон эвдэрч гэмтсэн хөрсийг нөхөн сэргээсэн эсэх талаар эрх бүхий байгууллагаас дүгнэлт гаргуулж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийн хамт газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
4.6.Ашиглалтын явцад савны үндсэн эд анги, тоноглол, хэмжих хэрэгсэл засварласан болон савны битүүмжлэл шалгасан, цэвэрлэгээ хийсэн, савны ашиглалтын нөөц тогтоолгосон тухай бүрд газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалтын савны ашиглалтын паспортод тогтмол бүртгэл хөтөлж, баримт бичиг тус бүрийг хавсаргасан байна.
Тав. Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хүлээх үүрэг
5.1. Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь савыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, сав ашиглалттай холбоотой судалгаа хийх, сав ашиглалтын паспортыг үндэслэн мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулна.
5.2. Сав ашиглагч, өмчлөгчөөс ирүүлсэн баримт бичиг, мэдээллийг үндэслэн сав тус бүрийг улсын бүртгэлд бүртгэн дугаар, паспортыг цахим хэлбэрээр олгоно.
5.3. Сав тус бүрийн эзэмшигч өөрчлөгдсөн болон ашиглалтаас хасах тохиолдолд сав тус бүрийн паспортыг хүчингүй болгож, шилжилт хөдөлгөөн, хасалт хийсэн талаарх мэдээллийг холбогдох байгууллагад хуанлийн 14 хоногт багтаан хүргүүлнэ.
5.4. Савыг улсын бүртгэлд бүртгэхэд холбогдох мэргэжлийн байгууллагаас санал, дүгнэлт нэмэлтээр гаргуулж болно.
Зургаа. Бусад
6.1. Журмын хэрэгжилтэд газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавьж ажиллана.
6.2 Энэ журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага тооцно.
-o0o-
Текст томруулах
A
A
A