- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2023 оны 11 дүгээр
сарын 29-ний өдрийн 421 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН
СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД
ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсад мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж (цаашид "Сургалтын байгууллага" гэх)-ийн суралцагчийг урамшуулах, дараагийн түвшинд шатлан суралцах, сургалтын чанар, хүртээмж, үр дүнг нэмэгдүүлэх, гарааны бизнес эхлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, дэмжлэг үзүүлэх зорилгоор Боловсролын ерөнхий хуулийн 11.3-т заасан суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгоход энэ журмыг баримтална.
1.2.Сургалтын байгууллагад анх удаа мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх хөтөлбөрийг судалж, төгсөлтийн үнэлгээнд тэнцэн, тэтгэлэг авах шаардлага хангасан 45 хүртэлх насны суралцагчид тэтгэлгийг нэг удаа олгоно.
1.3.Мэргэжлийн боловсрол эзэмшиж, техникийн боловсролын хөтөлбөрт тухайн мэргэжлээр шатлан суралцаж, энэ журмын 1.2-т заасан шаардлага хангасан төгсөгчид тэтгэлэг олгоно.
1.4.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 11.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу дагалдан суралцах гуравласан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр мэргэжлийн болон техникийн боловсролын хосмог сургалтаар суралцаж байгаа энэ журмын 1.2-т заасан шаардлага хангасан суралцагчид тэтгэлгийг сургалтын төгсгөлд нэг удаа олгоно.
1.5.Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу сургалтын байгууллага цахим хэлбэрээр сургалтыг зохион байгуулсан тохиолдолд суралцагчдад тэтгэлгийг олгоно.
1.6.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6.10-д заасны дагуу тохируулга хийсэн хөтөлбөрөөр суралцсан төгсөгчид нийт суралцсан хугацаанд нь тэтгэлгийг тооцон олгож болно.
Хоёр.Тэтгэлэг олгоход тавигдах шаардлага
2.1.Сургалтын байгууллага дараах шаардлагыг хангасан байна:
2.1.1.боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;
2.1.2.Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан элсэлтийн хяналтын тоо, мэргэжлийн чиглэл, индексийн дагуу элсэлт зохион байгуулсан байх;
2.1.3.сургалтын байгууллагын захирлын баталсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй байх;
2.1.4.Боловсролын ерөнхий хуулийн 43.3-т заасан сантай байх;
2.1.5.энэ журмын 2.1.4-т заасан санд суралцагчийн болон холбогдох мэдээллийг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хугацаанд нь ирүүлсэн байх;
2.1.6.тэтгэлэг авах шаардлагыг хангасан суралцагчийн ирц, төгсөлтийн үнэлгээ болон бусад холбогдох баримт бичиг, мэдээллийг бүрдүүлэн боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад суралцагч төгссөний дараа ажлын 10 хоногт багтаан ирүүлсэн байх.
2.2.Суралцагч дараах шаардлагыг хангасан байна:
2.2.1.суралцах хугацаандаа онол, дадлагын сургалтад дунджаар 80-аас дээш хувийн ирцтэй хамрагдсан байх;
2.2.2.хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаан (эрүүл мэндийн болон ар гэрийн гачигдал гэх мэт)-ы улмаас сургалтад хамрагдаагүй нь чөлөөний хуудас, эмч, эмнэлгийн байгууллагын магадалгаагаар тодорхойлогдож, ирцийг тооцуулсан байх;
2.2.3.ёс зүйн дүрмийн зөрчилгүй, сахилгын шийтгэлгүй байх;
2.2.4.боловсролын цахим мэдээллийн санд суралцагчийн мэдээлэл бүртгэгдсэн байх;
2.2.5.төгсөлтийн үнэлгээнд тэнцсэн байх.
2.3.Дараах суралцагчид тэтгэлэг олгохгүй:
2.3.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 63.1-д зааснаас бусад хэлбэрээр ажил эрхэлж албан журмын нийгмийн даатгалд хамрагдаж шимтгэл төлдөг бол;
2.3.2.суралцаж байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчилд холбогдож шийтгүүлсэн нь холбогдох байгууллагын шийдвэрээр нотлогдсон бол;
2.3.3.жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөө авсан, хүндэтгэн үзэх шалтгаангүй хичээл, сургалтаа орхисон бол.
Гурав.Суралцагчид олгох тэтгэлгийн санхүүжилт
3.1.Боловсролын ерөнхий хуулийн 11.3, 11.4, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 28.1-д заасны дагуу суралцагчид олгох тэтгэлгийг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас санхүүжүүлнэ.
3.2.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас сургалтын байгууллага, суралцагчид тавигдах шаардлага болон бусад холбогдох шаардлага, мэдээллийг үндэслэн тухайн хичээлийн жилд багтаан суралцагчийн банкин дахь харилцах дансанд тэтгэлгийг шилжүүлнэ.
3.3.Сургалтын байгууллага нь мэдээллийн эзний зөвшөөрлөөр биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ)-өөс бусад биометрик мэдээлэлд суурилсан суралцагчийн ирцийн нэгтгэсэн мэдээллийг Боловсролын цахим мэдээллийн санд бүртгэнэ.
Дөрөв.Хяналт, хариуцлага
4.1.Энэ журмын хэрэгжилтэд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нэгж хяналт тавина.
4.2.Тэтгэлэг давхардуулан олгосон болон энэ журмын 1.2, 1.3, 1.4-т заасныг зөрчин хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн суралцагчид тэтгэлэг олгосон нь тогтоогдвол сургалтын байгууллагын удирдлага уг асуудлыг хариуцсан албан тушаалтан, өөрийн мэдээлэл, бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн суралцагч, төгсөгчид холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэж, хохирлыг нөхөн төлүүлнэ.
4.3.Боловсролын цахим мэдээллийн санд суралцагчийн мэдээлэл, ирц, үнэлгээний голч дүн, төгсөлтийн үнэлгээг буруу, эсхүл хуурамчаар тооцож оруулсан, заасан хугацаанд баталгаажуулаагүй, сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн сунгалтыг хийлгээгүйн улмаас төгсөхөд нь тэтгэлэг олгогдоогүй бол буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
4.4.Сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түр түдгэлзүүлэх, цуцлах, сургалтын байгууллагыг өөрчлөн зохион байгуулсантай холбоотойгоор суралцагчийг ижил түвшний сургалтын байгууллагад шилжүүлэн сургасан тохиолдолд холбогдох баримт бичиг, статистик тоон мэдээлэл болон бусад шаардлагын дагуу суралцагчид тэтгэлэг олгох ажлыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.
Тав. Бусад
5.1.Энэ журмын 2.2-т зааснаас гадна урт хугацааны буюу нэг жил хүртэлх хугацааны чөлөө авч үргэлжлүүлэн суралцах тохиолдолд сургалтын байгууллагын холбогдох шийдвэр, боловсролын цахим мэдээллийн санд бүртгэгдсэн тухайн суралцагчийн өмнөх жилийн суралцсан хугацааны мэдээллийг хянан үзэж, энэ журамд заасан шаардлагыг хангасан тохиолдолд тухайн суралцагчид тэтгэлгийг олгоно.
5.2.Суралцагч элссэн хөтөлбөрөөр суралцах хугацаандаа тухайн чиглэлийн мэргэжлийн бусад хөтөлбөрт суралцаж хос мэргэжил эзэмшсэн тохиолдолд Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 17.4-т заасны дагуу тэтгэлгийг давхардуулан олгохгүй.
---o0o---
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх