A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАДААДЫН ЖУУЛЧНЫ ХУВИЙН ХЭРЭГЦЭЭНД ЗОРИУЛЖ ХУДАЛДАН АВСАН БАРААНД ТӨЛСӨН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТЫН ТӨЛБӨРИЙН БАРИМТЫГ БҮРТГЭХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2023 оны 12 дугаар

 сарын 13ы өдрийн 445 дугаар

       тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

 

ГАДААДЫН ЖУУЛЧНЫ ХУВИЙН ХЭРЭГЦЭЭНД ЗОРИУЛЖ ХУДАЛДАН АВСАН
БАРААНД ТӨЛСӨН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТЫН
ТӨЛБӨРИЙН БАРИМТЫГ БҮРТГЭХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ журмын зорилго нь гадаад улсаас Монгол Улсад 90 хоног хүртэлх хугацаагаар суралцах, ажил хөдөлмөр эрхлэхээс бусад зорилгоор аялж байгаа гадаадын иргэн (цаашид "гадаадын жуулчин" гэх)-ий хувийн хэрэгцээнд зориулж гаалийн нутаг дэвсгэр дэх нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөс Засгийн газраас баталсан гадаадын жуулчны нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт тооцох барааны жагсаалтад заасан бараа (цаашид "жагсаалтад заасан бараа" гэх)-г худалдан авахад борлуулагч төлбөрийн баримт үйлдэх, гадаадын жуулчны төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар (цаашид "албан татвар" гэх)-ыг буцаан олгох, түүнд хяналт тавих үйл ажиллагааг зохицуулахад оршино.

 

1.2.Энэ журмыг хэрэгжүүлэхэд Татварын ерөнхий хууль, Гаалийн тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан журам, дүрмийг мөрдлөг болгоно.

 

1.3.Энэ журамд заасан "буцаан олголтын автомат машин" гэж гадаадын жуулчин олон улсын нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсгээр гарсны дараа өөрийн паспортыг уншуулан гаалийн нутаг дэвсгэрээс худалдан авахад төлсөн албан татварыг буцаан авах хүсэлт гаргах дэлгэц бүхий терминалыг ойлгоно.

 

Хоёр.Гадаадын жуулчны худалдан авалтад төлсөн

албан татварыг буцаан олгох харилцаанд

оролцогчдын эрх, үүрэг

 

2.1.Албан татвар суутган төлөгч нь гадаадын жуулчны худалдан авалтад төлсөн албан татварыг буцаан олгох харилцаанд дараах эрх, үүрэгтэй оролцоно:

 

2.1.1.жагсаалтад заасан барааг Татварын ерөнхий хуулийн 33.4-т заасан журмын дагуу бүртгэсэн байх;

 

2.1.2.гадаадын жуулчны буцаан олголтын төлбөрийн баримт (цаашид "төлбөрийн баримт" гэх) олгох жагсаалтад заасан бараа борлуулагч болохыг нотлох тэмдэг (Tax Free)-ийг авах хүсэлтийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад цахимаар гаргах;

 

2.1.3.энэ журмын 2.1.2-т заасан хүсэлтийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталгаажуулсны дараа жагсаалтад заасан бараа борлуулагч болохыг нотлох тэмдэг (Tax Free)-ийг худалдан авагчид ил харагдахуйц газар байршуулах;

 

2.1.4.гадаадын жуулчинд жагсаалтад заасан барааны худалдан авалтын дүн Засгийн газраас баталсан үнийн дүнгээс дээш гарсан тохиолдолд тухайн худалдан авалтад төлсөн албан татварыг буцааж авах эрхтэй талаар мэдэгдэж, мэдээлэл өгөх;

 

2.1.5.гадаадын жуулчин худалдан авалтад төлсөн албан татварыг буцаан авах хүсэлтэй бол энэ журмын 3.4-т заасан арга хэмжээ авч, төлбөрийн баримтыг бүртгэх.

 

2.2.Гадаадын жуулчин худалдан авалтад төлсөн албан татварыг буцаан авах харилцаанд дараах эрх, үүрэгтэй оролцоно:

 

2.2.1.энэ журмын 3.1-д заасны дагуу мэдээллээ бүртгүүлж, худалдан авалтад төлсөн албан татварын буцаан олголтод хамрагдах зураасан код авсан байх;

 

2.2.2.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.6, 15.17-д заасан нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан байх;

 

2.2.3.худалдан авалтад төлсөн албан татварыг буцаан авах хүсэлт гаргах;

 

2.2.4.энэ журмын 3.1-д заасан мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах;

 

2.2.5.энэ журмын 2.2.3-т заасан хүсэлт эрсдэлтэйд тооцогдсон тохиолдолд хүсэлтэд бүртгүүлсэн барааг гаалийн улсын байцаагчид шалгуулах;

 

2.2.6.энэ журмын 2.2.1-2.2.5-д заасан эрх, үүргийг бүрэн хэрэгжүүлсний үндсэн дээр буцаан олголт авах.

 

2.3.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гадаадын жуулчны худалдан авалтад төлсөн албан татварыг буцаан олгох харилцаанд дараах чиг үүрэгтэй оролцоно:

 

2.3.1.энэ журмын 2.1.2-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын      3 өдрийн дотор хянаж, цахимаар хариу хүргүүлэх;

 

2.3.2.энэ журмын 2.7.3-т заасны дагуу Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан (цаашид "нэгдсэн сан" гэх)-аас баталгаажуулан гаргасан мэдээллийг татварын хууль тогтоомжийн дагуу үнэн бодитой тооцоолсон эсэхэд хяналт тавих;

 

2.3.3.гадаадын жуулчны худалдан авалтад төлсөн албан татварын буцаан олголтын хүсэлт нь энэ журам болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.17-д заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг Татварын ерөнхий хуулийн 35.9-д заасан шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэл тооцож, шалгах шаардлагатай талаар мэдээллийг тухай бүр гадаадын жуулчинд болон Гаалийн тухай хуулийн 2691.1.4-т заасан Гаалийн мэдээллийн систем (цаашид "гаалийн систем" гэх) цахимаар илгээж, мэдэгдэх;

 

2.3.4.гадаадын жуулчны худалдан авалтад төлсөн албан татварын буцаан олголтын хүсэлтийг хянан баталгаажуулж, буцаан олгох санхүүжилтийн саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

 

2.3.5.гадаадын жуулчин худалдан авалтад төлсөн албан татварын буцаан олголтыг дансаар авах хүсэлт гаргасан тохиолдолд буцаан олголтын гүйлгээг хийх, хяналт тавих;

 

2.3.6.буцаан олголтын автомат машины хэвийн ажиллагаанд хяналт тавих.

 

2.4.Гаалийн байгууллага гадаадын жуулчны худалдан авалтад төлсөн албан татварыг буцаан олгох харилцаанд дараах чиг үүрэгтэй оролцоно:

 

2.4.1.гаалийн улсын байцаагч нь энэ журмын 2.3.3-т заасан нөхцөл үүссэн тохиолдолд буцаан олголтын хүсэлтийг хянан, баталгаажуулна;

 

2.4.2.энэ журмын 2.4.1-д заасны дагуу хянан, баталгаажуулсан талаарх мэдээллийг гаалийн системээр дамжуулан татварын нэгдсэн системд тухай бүр мэдэгдэх. 

 

2.5.Улсын хил хамгаалах байгууллага нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.10, 18.17-д заасан журмын дагуу Татварын ерөнхий хуулийн 34.16-д заасан мэдээллийг тухай бүр нэгдсэн санд илгээнэ.

 

2.6.Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.10, 18.17-д заасан журмын дагуу Татварын ерөнхий хуулийн 34.10-д заасан мэдээллийг тухай бүр нэгдсэн санд илгээнэ.

 

2.7."Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв" улсын үйлдвэрийн газар гадаадын жуулчны худалдан авалтад төлсөн албан татварыг буцаан олгох харилцаанд дараах чиг үүрэгтэй оролцоно:

 

2.7.1.энэ журмын 2.2.1-д заасны дагуу бүртгүүлсэн гадаадын жуулчинд татвар төлөгчийн дугаар, тухайн жуулчны мэдээллийг агуулсан дахин давтагдашгүй зураасан код үүсгэж, нэгдсэн санд тухай бүр хүргүүлэх;

 

2.7.2.гадаадын жуулчны нэр дээр бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг нэгдсэн санд тухай бүр хүргүүлэх;

 

2.7.3.нэгдсэн санд бүртгэгдсэн төлбөрийн баримтаас энэ журмын          2.2-т заасан нөхцөлийг хангасан төлбөрийн баримтыг нэгдсэн сангаас баталгаажуулж, буцаан олгох дүнг үнэн бодитой тооцоолон татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад нэгдсэн сангаар илгээх.

 

2.8.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаадын жуулчны буцаан олголтыг энэ журамд заасны дагуу санхүүжүүлнэ.

 

2.9.Олон улсын нисэх онгоцны буудал нь гадаадын жуулчны худалдан авалтад төлсөн албан татварын буцаан олголтын автомат машин болон буцаан олголтыг олгох цэг байршуулах зай, талбайгаар хангана.

 

Гурав.Гадаадын жуулчин буцаан олголтод хамрагдах

 

3.1.Худалдан авалтад төлсөн албан татварын буцаан олголт авах хүсэлтэй гадаадын жуулчин буцаан олголтод хамрагдах зураасан кодыг татварын албаны цахим хуудас, гар утасны аппликейшн болон бусад хэлбэрээр татварын албанд хандан доор дурдсан мэдээллийг бүртгүүлж, авсан байх шаардлагатай бөгөөд уг зураасан код энэ журмын 3.2-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар илгээгдэнэ:

 

3.1.1.овог, нэр;

 

3.1.2.байнга оршин суудаг улс;

 

3.1.3.паспортын дугаар;

 

3.1.4.визний төрөл;

 

3.1.5.Монгол Улсын хилээр орж ирсэн, эсхүл орж ирэх огноо;

 

3.1.6.Монгол Улсын хилээр гарах огноо;

 

3.1.7.цахим шуудангийн хаяг;

 

3.1.8.буцаан олголтыг дансаар хүлээн авах бол өөрийн олон улсын картын мэдээлэл, эсхүл хүлээн авах банкны мэдээлэл, дансны дугаар.

 

3.2.Энэ журмын 3.1-д заасан мэдээллийг мөн журмын 2.5, 2.6-д заасны дагуу ирүүлсэн мэдээлэлтэй тулган баталгаажуулж, буцаан олголтод хамрагдах зураасан кодыг гадаадын жуулчны бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг руу илгээнэ.

 

3.3.Энэ журмын 3.2-т заасан зураасан кодыг хаяж үрэгдүүлсэн, эсхүл устгасан тохиолдолд татварын албаны цахим хуудас, гар утасны аппликейшныг ашиглан сэргээн авч болно.

 

3.4.Гадаадын жуулчин энэ журмын 2.1.2-т заасны дагуу бүртгүүлсэн албан татвар суутган төлөгчөөс жагсаалтад заасан бараа худалдан авах тохиолдолд тухайн албан татвар суутган төлөгчид хандан мөн журмын 3.2-т заасан зураасан кодыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.17-д заасан бүртгэлийн машинд уншуулснаар төлбөрийн баримт автоматаар бүртгэгдэж, буцаан олголт авах эрх үүснэ.

 

3.5.Гадаадын жуулчин олон улсын нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсгийг өнгөрч, гаалийн хилээс гарсны дараа буцаан олголтын автомат машинд өөрийн паспорт болон энэ журмын 3.2-т заасан зураасан кодыг бүртгүүлж худалдан авалтад төлсөн албан татварыг буцаан авах хүсэлт гаргана.

 

3.6.Монгол Улсын хилээр гарч буй гадаадын жуулчны энэ журмын 3.5-д заасны дагуу гаргасан хүсэлтэд үндэслэн буцаан олголтын системээс тухайн жуулчинд буцаан олгох албан татварын дүнг автоматаар тооцоолон буцаан олголтын автомат машины дэлгэцээр харуулна.

 

3.7.Энэ журмын 3.5-д заасан хүсэлт нь татварын хууль тогтоомж зөрчсөн байх эрсдэлтэй болох нь Татварын ерөнхий хуулийн 35.9-д заасан эрсдэлийн шалгуур үзүүлэлтээр тогтоогдсон тохиолдолд тухайн жуулчныг хилээр гарах үед шалгах шаардлагатай тухай мэдээллийг татварын албанаас гаалийн системд тухай бүр цахимаар илгээнэ.

 

3.8.Гаалийн улсын байцаагч нь энэ журмын 3.7-д заасан эрсдэлтэй нөхцөл үүсэж, гадаадын жуулчны ачаа, тээшинд тулган баталгаажуулалт хийж, гадаадын жуулчны гаргасан хүсэлт хууль тогтоомжид нийцээгүй нь баталгаажсан тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварыг буцаан олгохгүй бөгөөд энэ талаар гадаадын жуулчинд мэдэгдэж, тухайн барааны буцаан олголтыг цуцлах мэдээллийг цахимаар нэгдсэн санд илгээнэ.

 

Дөрөв.Албан татварыг буцаан олгох

 

4.1.Тухайн жилд буцаан олгох албан татварын хувь, хэмжээг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.6-д заасныг үндэслэн тухайн жилийн төсвийн төсөлд тусгасан хувь, хэмжээгээр тооцож олгоно.

 

4.2.Гадаадын жуулчны худалдан авсан бараанд төлсөн албан татварын буцаан олголтыг энэ журмын 3.5-д заасан хүсэлтэд үндэслэн дараах хэлбэрээр буцаан олгоно:

 

4.2.1.бэлэн мөнгөөр;

 

4.2.2.бэлэн бусаар.

 

4.3.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь тухайн сард энэ журмын 4.2.1-д заасан хэлбэрээр буцаан олголт хийх санхүүжилтийн саналыг тухайн жилийн төсвийн тухай хууль, түүнтэй холбогдох сарын төлөвлөгөө, хуваарьт үндэслэн боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өмнөх сарын 25-ны өдрийн дотор хүргүүлнэ.

 

4.4.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь тухайн сард энэ журмын 4.2.2-т заасан хэлбэрээр буцаан олголт хийх санхүүжилтийн саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараах мэдээллийн хамт сар бүрийн 01, 15-ны өдрийн дотор хүргүүлнэ:

 

4.4.1.хүлээн авагчийн нэр;

 

4.4.2.хүлээн авагчийн паспортын дугаар;

 

4.4.3.хүлээн авагчийн олон улсын картын мэдээлэл, эсхүл хүлээн авагчийн банкны мэдээлэл, дансны дугаар;

 

4.4.4.мөнгөн дүн.

 

4.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 4.3, 4.4-т заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор төрийн сан дахь татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын буцаан олголтын дансанд санхүүжилтийг шилжүүлнэ.

 

4.6.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь шаардлагатай тохиолдолд энэ журмын 4.3-т заасны дагуу нэмэлтээр санхүүжилтийн саналыг хүргүүлж болно.

 

4.7.Гадаадын жуулчин нь буцаан олголтоо бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан тохиолдолд олон улсын нисэх онгоцны буудал дээр байрших буцаан олголт авах цэгээс дотоодын гүйлгээний шимтгэлийг хасаж тооцсон дүнг бэлнээр авна.

 

4.8.Энэ журмын 4.7-д заасан буцаан олголтын гүйлгээ хийх арилжааны банкны тухайн өдрийн валютын ханшаар хөрвүүлэн ам.доллароор бүхэл дүнг олгоно.

 

4.9.Гадаадын жуулчин нь буцаан олголтоо бэлэн бусаар авах тохиолдолд олон улсын нисэх онгоцны буудал дээр байрших буцаан олголтын автомат машинд албан татварын буцаан олголтын хүсэлтээ баталгаажуулан өөрийн нэр дээрх олон улсын дансанд авах эрх үүснэ.

 

4.10.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь гадаадын жуулчны худалдан авалтад төлсөн албан татварын буцаан олголтын санхүүжилтийг хүлээн авснаас хойш арилжааны банк дахь буцаан олголтын дансанд ажлын 3 хоногт багтаан байршуулна.

 

4.11.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 2.3.4-т заасны дагуу баталгаажсан дүнгээс дотоодын гүйлгээний шимтгэл, олон улсын банк хоорондын хураамж, шимтгэлийг суутган тооцож, үлдсэн дүнг хүсэлт гаргасан гадаадын жуулчны дансанд санхүүжилт хүлээн авсан сард багтаан шилжүүлнэ.

 

4.12.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь арилжааны банканд хүргүүлэх төлбөрийн хүсэлтийн мэдээллийн үнэн зөвийг хариуцна.

 

4.13.Гадаадын жуулчны буцаан олголт хүлээн авах банк, дансны дугаар зөрүүтэйн улмаас гүйлгээ хийгдээгүй тохиолдолд нэгдсэн сангаас гадаадын жуулчны энэ журмын 3.1-д заасны дагуу бүртгүүлсэн цахим шуудангийн хаягаар мэдэгдэл хүргүүлнэ.

 

4.14.Гадаадын жуулчинд энэ журмын 4.13-т заасны дагуу мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор мэдээллээ залруулан баталгаажуулаагүй тохиолдолд албан татварыг буцаан олгохгүй.

 

4.15.Арилжааны банк гадаадын жуулчны буцаан олгосон бэлэн болон бэлэн бус гүйлгээний мэдээллийг тухай бүр нэгдсэн санд илгээж, дараа сарын 05-ны өдрийн дотор татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай тооцоо нийлж, дансны үлдэгдлийн баталгаажуулалтыг хийх арга хэмжээ авна.

 

4.16.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ журмын 4.7, 4.11-д заасан буцаан олголтын шилжүүлэг үнэн зөв хийгдсэн эсэхэд хяналт тавина.

 

4.17.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь улирал бүрийн эцэст тооцоо хийж, тусгай данс үлдэгдэлтэй бол санхүүжилт хийсэн данс руу буцаан төвлөрүүлнэ.

 

Тав.Бусад

 

5.1.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ журмын дагуу гадаадын жуулчинд буцаан олгосон албан татварын дүнг тухай бүр бүртгэж, албан татварын буцаан олголтын тайланг сар бүр гаргаж, дараагийн сарын 15-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

 

----o0o----