A

A

A

Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 124

Улаанбаатар хот

НИЙСЛЭЛ ХОТЫН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийслэл хотын нутаг дэвсгэрт үзүүлсэн үйлчилгээ, борлуулсан бараанд ногдуулсан албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (Б.Батбямба)-нд даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

4.Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч (Х.Нямбаатар)-д үүрэг болгосугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо (Б.Мягмар )-нд даалгасугай.

6.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны "Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" 29/19 дүгээр тогтоол, 2021 оны 12/37 дугаар тогтоолыг энэ тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хүчингүй болсонд тооцсугай

ДАРГА Ж.БАТБАЯСГАЛАН