- Нүүр
- Сайдын тушаал
- АМЬД ДОНОР БОЛОН ЦУСНЫ ХҮНДЭТ ДОНОРЫГ СУВИЛУУЛАХ ЖУРАМ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/164 дугаар тушаалын хавсралт
АМЬД ДОНОР БОЛОН ЦУСНЫ ХҮНДЭТ ДОНОРЫГ СУВИЛУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Донорын тухай хуулийн 3.1.2-т заасан "амьд донор" болсон иргэн (цаашид "амьд донор" гэх), мөн хуулийн 22.1-д заасан цусаа 35-аас дээш удаа өгсөн донор иргэн (цаашид "цусны "Хүндэт донор"" гэх)-д дотоодын магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд үнэ төлбөргүй сувилуулах хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Энэхүү журмын үйлчлэлд амьд донор болсноос хойш 5 жилийн хугацаанд жилд нэг удаа, цусны "Хүндэт донор" жилд нэг удаа хамрагдах эрхтэй.
Хоёр. Рашаан, сувиллын хөнгөлөлтөд хамрагдах
хүсэлтийг хянан шийдвэрлэх
2.1.Эрүүл мэндийн хөгжлийн төв нь сар бүрийн 05-ны өдрийн дотор амьд донорын, Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь жил бүрийн 02 дугаар сарын 01, 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор цусны "Хүндэт донор"-ын дэлгэрэнгүй мэдээлэл (овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг)-ийг цахимаар болон албан бичгээр нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлнэ.
2.2.Эрүүл мэндийн хөгжлийн төв нь дотоодын магадлан итгэмжлэгдсэн рашаан сувиллын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл (хаяг, байршил, утасны дугаар, магадлан итгэмжлэлийн хүчинтэй хугацаа, эрүүл мэндийн даатгалтай иргэний энгийн өрөөний үнэ тариф)-ийг жил бүрийн 01 дүгээр сарын 10, 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
2.3.Энэхүү журмын 2.1-д заасан байгууллага амьд донор болон цусны "Хүндэт донор"-ын мэдээллийн үнэн бодит, бүрэн байдал, нууцлалыг хариуцана.
2.4.Мэдээллийн үнэн зөв эсэхэд донорын эрх ашгийг хамгаалах иргэний нийгмийн байгууллагууд хяналт тавьж болно.
2.5.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэхүү журмын 2.1-д заасан мэдээллийг халамжийн нэгдсэн систем "еhаlamj"-д тухай бүр оруулна.
2.6.Амьд донор болон цусны "Хүндэт донор" нь рашаан сувиллын хөнгөлөлт авах хүсэлтээ халамжийн нэгдсэн систем "еhаlamj"-д цахимаар эсхүл сум, хорооны нийгмийн ажилтанд өөрийн биеэр дараах баримт бичгийг бүрдүүлэн гаргана:
2.6.1.иргэний үнэмлэх;
2.6.2.рашаан сувиллын үнэ төлсөн ибаримт;
2.6.3. замын зардал төлсөн ибаримт.
2.7.Төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан авах боломжтой мэдээллийг иргэнээс давхардуулан шаардахгүй.
2.8.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь амьд донор болон цусны "Хүндэт донор"-ын хүсэлтийг энэхүү журмын 2.5-д заасны дагуу халамжийн нэгдсэн систем "еhаlamj"-д оруулсан мэдээлэлтэй тулган баталгаажуулна.
Гурав. Рашаан сувиллын хөнгөлөлт олгох
3.1.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хөнгөлөлт авах эрх үүссэн амьд донор болон цусны "Хүндэт донор"-ын нэрсийн жагсаалтыг үүсгэн сар бүрийн 10-ны өдрийн дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
3.2.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ журмын 3.1-д заасан жагсаалтыг хянан баталгаажуулж, сар бүрийн 15-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн сангийн газарт хүргүүлнэ.
3.3.Төрийн сангийн газар нь рашаан сувиллын хөнгөлөлтийг амьд донор болон цусны "Хүндэт донор"-ын халамжийн нэгдсэн систем "еhаlamj"-д бүртгэлтэй арилжааны банкны дансанд шилжүүлнэ.
3.4.Рашаан сувиллын үнийг тухайн байгууллагын эрүүл мэндийн даатгалтай иргэний энгийн өрөөний тарифаар, хугацааг 10 хүртэлх хоногоор, замын зардлыг орон нутгийн нийтийн тээврийн тарифт үнээр тооцон олгоно.
Дөрөв. Бусад
4.1.Энэхүү журмын хэрэгжилтэд эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тус тусын хяналт тавина.
4.2.Энэхүү журамд заасан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, худал мэдээлсэн, буруу тогтоосон байгууллага, албан тушаалтан, иргэнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэж, илүү олгогдсон төлбөрийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
4.3.Амьд донор болон цусны "Хүндэт донор"-ын талаарх мэдээллийг хууль бусаар ашигласан бусдад дамжуулсан тохиолдолд мэдээллийн нууцыг алдсан, түгээсэн байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.
----oOo----
Текст томруулах
A
A
A