- Нүүр
- Сайдын тушаал
- ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Эрүүл мэндийн сайдын 2023 оны 11 сарын 24-ны өдрийн А/406 дугаар тушаалын 3 дугаар хавсралт
ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасны дагуу хүнсний үйлдвэр нь үйл ажиллагаа, үндсэн зорилго, зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм (цаашид "дүрэм" гэх)-ийг баримтална.
1.2.Хүнсний үйлдвэр нь Төрийн хяналт шалгалтын тухай, Эрүүл ахуйн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Нялх балчир хүүхдийн хүнсний тухай, Органик хүнсний тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зөрчлийн тухай хуулиуд болон бусад холбогдох хууль, тогтоомж тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартыг үйл ажиллагаандаа удирдлага болгоно.
1.3.Хүнсний үйлдвэрийн үйл ажиллагааны үндсэн зорилго, зорилт нь хүн амд эрүүл ахуй, ариун цэвэр, стандартын шаардлага хангасан газар, орчин, барилга байгууламж, ажлын байранд зориулалтын багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжөөр мэргэжлийн болон мэргэшсэн хүн, чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүдийн шаардлага хангасан, баталгаажсан технологийн зааврын дагуу үйлдвэрлэсэн түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэхэд оршино.
1.4.Хүнсний үйлдвэрийн удирдлагын зүгээс хүнсний түүхий эд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бэлтгэн нийлүүлэх бүх шатны төлөвлөлт, бүтээн байгуулах, засварлах, хадгалах, халуун боловсруулалт хийх, түгээлтийн үйл ажиллагаатай холбогдон үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах ажлыг шууд хариуцан зохион байгуулна.
1.5.Хүнсний үйлдвэр нь өөрийн үйл ажиллагааны онцлогтой уялдуулан холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрэмд нийцүүлэн дотоод хяналтын журмыг боловсруулан баталж, мөрдөж ажиллана.
Хоёр. Хүнсний үйлдвэрийн барилга байгууламж, газар сонголтонд тавигдах шаардлага
2.1.Хүнсний үйлдвэрийн барилга байгууламж барих газрын байршил тогтоох, барилгын зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг нь өөрчлөх тохиолдолд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын (ахлах) байцаагчаар дүгнэлт гаргуулна.
2.2.Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрийн барилгыг шинээр барих буюу өөрчлөн засварлахдаа үйлдвэрийнхээ хүчин чадалд тохируулан төрөлжсөн болон хосолсон байж болно.
2.3.Хүнсний үйлдвэрлэлийн барилга байгууламж нь үйл ажиллагаанаасаа хамаарч үндсэн 2 бүсэд байршина. Үүнд:
1-р бүсэд: эхлэн боловсруулах үйлдвэрүүд /мал нядалгаа, сүүний ферм гэх мэт/ сууршьлын бүсийн гадна.
2-р бүсэд: хүнсний бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд сууршьлын бүсээс 50м- 150м зайд.
2.4.Үйлдвэрийн хашаан доторхи талбай нь хэсэгчилсэн хатуу хучилттай 10-аас доошгүй хувийг зүлэгжүүлсэн, цэвэрлэхэд тохиромжтой байвал зохино.
2.5.Тээврийн хэрэгслийн явах зам, орох, гарах хаалгууд нь түүхий эд ба бэлэн бүтээгдэхүүн зөөвөрлөх болон ажиллагсдын явах замтай давхцахгүй технологийн урсгалын дагуу байна.
2.6.Тээврийн хэрэгслийн угаалга, халдваргүйтгэл хийх талбай, угаалгын газартай байна.
2.7.Зам талбайн гэрэлтүүлэгтэй байна.
2.8.Тухайн барилга байгууламжийг барих барилгын материал нь эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт, Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг тус тус хангасан байна.
2.9.Шал нь ус нэвтэрдэггүй, шингээдэггүй угааж цэвэрлэхэд тохиромжтой гулгадаггүй материалаар нягт зай завсаргүй хийсэн, цэвэрлэгээ халдваргүйтгэл хийхэд ус чөлөөтэй урсаж бохир усны хоолой руу орж байхаар шуудуутай байна. Шуудууг 37,16 м2 талбайд 10,16 см шуудуу төлөвлөх бөгөөд налуу нь 1м тутамд 2,08 см байна. Шуудууны урсах усны урсгал нь бүтээгдэхүүний урсгалаас эсрэг чиглэлд байна. Тос баригчийг заавал төлөвлөнө / мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд/.
2.10. Хана нь /үйлдвэрлэлийн өрөөнүүдийн/ 5.5 м-ээс багагүй өндөртэй, ус нэвтэрдэггүй, шингээдэггүй угаахад тохиромжтой материалаар хийгдсэн цэвэрлэхэд хялбар цагаан цайвар өнгөтэй байна. Хана, шал, таазны хоорондох булангуудыг цэвэрлэхэд хялбар байдлаар сайтар битүүмжлэгдсэн /дугуй 450 налуу/ байна.
2.11.Тааз нь тоос шороо хуримтлагдахгүй, ус чийг аль болох багаар үүсэх мөөгөнцөр хөгц ургаж үржихгүй, будаг шохой нь хуурч унахгүй цэвэрлэхэд хялбар байна.
2.12.Цонх нь тоос шороо хуримтлагдахгүй, шавж нэвтрэхгүй, торон хаалттай, торон хаалтыг авч угааж цэвэрлэхэд хялбар, хуурч унахааргүй тогтвортой будагтай байна. Цонхны тавцанг тавиур болгон ашиглах боломжгүй налуу байдалтай хийсэн байна.
2.13. Хаалгыг тэгш гөлгөр гадаргуутай ус шингээдэггүй материалаар хийсэн, бүрэн хаагддаг байна.
2.14.Шат цахилгаан шат, бүтээгдэхүүн түр буулгах тавцан дамжуулах хоолой зэрэг туслах байгууламжууд нь хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулахгүй, цэвэрлэх боломжтой байна.
Гурав. Үйлдвэрийн дотоод орчинд тавигдах шаардлага
3.1. Усан хангамж:
3.1.1 Хүнсний үйлдвэр нь төвлөрсөн болон хэсгийн усан хангамжтай байх ба унд, ахуйн усны зориулалтын шугам, хоолойгоор холбогдсон байх ёстой.
3.1.2.Ашиглаж буй ундны ус нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын шаардлагыг хангасан байх ба төвлөрсөн усан хангамжтай тохиолдолд жилд нэгээс доошгүй удаа, хэсгийн усан хангамжтай тохиолдолд жилд хоёроос доошгүй удаа шинжилгээнд хамруулж Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналтын нэгж, түүний эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын байцаагчаар дүгнэлт гаргуулсан байна.
3.1.3.Өөрийн эзэмшилдээ гүн өрмийн худагтай тохиолдолд паспортжуулсан, битүүмжлэл сайтай, эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг тогтоосон байна.
3.1.4.Технологийн болон цэвэрлэгээ халдваргүйтгэлд шаардагдах халуун усны шугамтай байна. Цэвэрлэгээний ус нь 65о С /± 2°C/, халдваргүйтгэлийн зорилгоор хэрэглэх ус нь 80о С /± 2°C/ температураас багагүй байна.
3.1.5.Технологийн хэрэгцээнд зөвхөн ундны усаар бэлтгэсэн мөсийг ашиглах ба шинжилгээнд хамруулсан байна.
3.1.6.Технологийн хэрэгцээний уур нь хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулах болон хүний эрүүл мэндэд аюул учруулах ямар нэгэн бодис агуулаагүй байна.
3.1.7.Усан хоолой нь манометртэй, зөвхөн нэг чиглэлд усны хөдөлгөөнийг оруулдаг хавхлагуудтай байна.
3.1.8.Усан хангамжийн хоолойнууд нь "ундны", "техникийн" гэсэн бичигтэй эсвэл өнгөөр ялгасан байна.
3.1.9.Төвлөрсөн усан хангамжгүй бол Эрүүл мэндийн салбарын хяналтын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн хүнсний зориулалтын шаардлага хангасан нөөцлөх саваанд усан сангаас ус ашиглахыг зөвшөөрнө.
3.2. Бохир ус, хог хаягдал зайлуулах
3.2.1. Шал нь 150 м2 талбай тутамд шингэн урсаж орох 10 см диаметртэй,1 м тутамд 2.08 см налуутай трап, тос баригч байна.
3.2.2. Үйлдвэр нь бохир усыг зайлуулах төвлөрсөн буюу хэсгийн системтэй байна.
3.2.3.Ахуйн болон үйлдвэрийн бохир ус гадагшлуулах шугам нь тусдаа байх бөгөөд үйлдвэрийн барилгын гадна хэсэгт нийлнэ.
3.2.4. Бохир усны хими, физик ба нян судлалын үзүүлэлтүүдийг итгэмжлэгдсэн лабораторит улирал тутамд шинжлүүлж дүгнэлт гаргуулсан байна.
3.2.5. Хог хаягдлын цэгийг ноёлох салхины доор үйлдвэрийн байрнаас 25 метрээс доошгүй зайд байрлуулна.
3.3. Ариун цэврийн өрөө
3.3.1. Үйлдвэрийн ариун цэврийн өрөө нь цэвэр, бохир усны системд холбогдсон, шаардлага хангахуйц агааржуулалтын системийг төлөвлөж хийсэн байна.
3.3.2. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс тусгаарлагдсан, 1 суултуур 25-30 хүн ноогдохоор тооцоолж, хүйсээр ялгасан тэмдэглэгээтэй, нийт ажиллагсдад хүрэлцээтэй байна.
3.3.3. Халуун, хүйтэн автомат холигчтой угаалтууртай, гар халдваргүйтгэх бэлдмэл, хатаагууртай байна. Халуун, хүйтэн усны крант нь хосолмол байх бөгөөд гар хүрэлцэхгүйгээр ажилладаг, жорлонгийн суултуурын усыг хөлөөр гишгэхээр хийж, хаалга нь өөрөө хаагддаг байна.
3.3.4. Душны өрөөний ханыг плитагаар өнгөлж, таазыг тосон будгаар, шалыг керамик хавтангаар хийнэ.
3.3.5. Жорлон душ, угаалгын газрыг хүнсний цех, үйлдвэрийн болон агуулах, гуанзны дээд давхарт байрлуулахгүй.
3.3.6. Жорлонгийн гадна ажлын хувцасны өлгүүр байрлуулна.
3.3.7.Үйлдвэрлэлийн байранд халуун, хүйтэн устай угаалтуур, ариутгах бодис, заавал байх ба саван, сойз, халдваргүйтгэлийн уусмалд зориулсан сав, нэг удаагийн хэрэглээний алчуур, электрон хатаагчтай байна.
3.4. Агааржуулалт
3.4.1.Үйлдвэр нь хэт халсан болон бохирдсон чийгтэй агаар, тоос шороо зайлуулах, цэвэр агаар оруулах, агааржуулалтын механик системтэй байна.
3.4.2.Бохирдсон агаарыг гадагшлуулах чиглэл нь цэвэр агаар оруулах чиглэлтэй огтлолцохгүй.
3.4.3.Агаар гадагшлуулах болон оруулах агааржуулалтын суваг нь шавж хорхой нэвтрэхээс хамгаалсан торон хаалттай, үл зэврэх материалаар хийгдсэн, хаалтыг авч цэвэрлэж болохоор байна.
3.4.4.Агааржуулалтын сувгууд, агаар сорох багажийг үечлэн жилд 1-ээс багагүй удаа цэвэрлэх шаардлагатай.
3.4.5.Үйлдвэрлэлийн их хэмжээний дулаан ялгаруулдаг хэсэгт хуурайшилтыг сорох механик агааржуулалттай байна.
3.5. Гэрэлтүүлэг
3.5.1.Үйлдвэрийн гэрэлтүүлэг нь эрүүл ахуйн шаардлагын дагуу байгалийн болон зохиомол гэрлээр дор дурьдсанаас багагүй хэмжээтэй байна.
Үүнд: үйлдвэрлэлийн хэсгүүдэд 540 люкс, агуулахад 220 люкс, бусад хэсэг болон хонгилд 110 люкс
3.5.2.Технологийн дамжлагад бүтээгдэхүүний дээрээс гэрэл тусахаар гэрэлтүүлэгч хэрэгслийг байрлуулах ба шил хагарсан тохиолдолд бүтээгдэхүүнийг бохирдуулахгүй байхаар хамгаалалттай, сарниулагчтай, нөөц гэрэлтүүлэгчтэй байна.
3.5.3.Байгалийн гэрэлтүүлэг хүрэлцээтэй байх ба технологийн нөхцөл нь байгалийн гэрэлтүүлэг шаардахгүй буюу огт байхгүй нөхцөлд ажлын өдрийн 50%-иас илүүгүй хугацаанд нэг ажилтныг ажиллуулахаар зохицуулалт хийнэ.
3.5.4.Үйлдвэрийн барилгын цонхонд тунгалаг шилийг сонгоно.
3.6. Дуу, шуугиан
3.6.1. Дуу чимээг намсгагч нь зориулалтын дуу намсгагч суурь, дуу шингээгч амортизаторууд зэрэг төхөөрөмжүүдтэй байх ба шуугианы хэмжээ, эрүүл ахуйн нормд тохирсон байна.
3.7. Хөргөлт
3.7.1.Хөргөлтийн систем, түүнд ашиглаж буй хөргөлтийн бодисууд нь эрүүл ахуйн шаардлага хангасан байна. Хөргөлтийн системийн зохих хэмийг бүртгэлжүүлнэ.
Дөрөв. Цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн үйл ажиллагаа, хэрэгсэл, төхөөрөмжинд тавигдах шаардлага
4.1.Үйлдвэрийн чанарын хяналтын баг нь угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, баталгаажуулах бөгөөд түүний хэрэгжилтэнд хяналт тавина.
4.2.Тухайн үйлдвэрийн байранд халдваргүйжүүлэлтийг Монгол Улсад бүртгэлтэй, шинжилгээний дүн болон баталгаажилттай бодисоор тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагатай гэрээ хийлгэж бүртгэл хөтөлнө.
4.3.Цэвэрлэгээний хөтөлбөр, төлөвлөгөөнд дараах асуудлыг тодорхой тусгана. Үүнд:
Гүйцэтгэх ажилтнуудын цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх хуваарь, түүний үүрэг хариуцлага
Цэвэрлэх талбай, эд зүйлс, сав суулга, тоног төхөөрөмж, цэвэрлэх хэрэгслийн нэр
Цэвэрлэх давтамж ба арга, аргачлал
Хяналт шинжлгээ хийх арга зам зэргийг тусгайлан зааж өгөх
4.4.Угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн арга, аргачлалыг боловсруулахдаа үйлдвэрийн тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг угааж, халдваргүйтгэхийг зааварчлах төдийгүй угаалга цэвэрлэгээнд хэрэглэж байгаа, алчуур, сойз, угаалгын бусад хэрэгслүүдийг хэрэглэсний дараа хэрхэн халдваргүйтгэх, цэвэрлэхийг тусгана.
4.5. Цэвэрлэгээ, угаалга хийх явц нь дараах ажилбаруудаас бүрдэнэ. Үүнд: Хүрэлцэхүйц гадаргуугаас бохирдлыг соруулах, арчих, шүрших, хусах, сойздох ба бусад аргуудыг хэрэглэж цэвэрлэнэ. Хатуу үлдэгдлийг дэвтээж зөөлрүүлсний дараа зориулалтын угаалга болон халдваргүйтгэлийн бодис ашиглан цэвэрлэнэ. Угаалга, цэвэрлэгээний бодисын үлдэгдлийг цэвэр усаар зайлна. Тоног төхөөрөмжийн хүнстэй хүрэлцэх гадаргууг гэмтээж өөрчлөхгүйн тулд тохирсон цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн аргыг хэрэглэнэ.
4.6.Үйлдвэрлэлийн ажлын байрны цэвэрлэгээг их цэвэрлэгээ, өдөр тутмын, хэсэгчилсэн байхаар зохион байгуулж графикт оруулна.
4.7.Цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, үр нөлөөг тогтмол, үр дүнтэй хянаж, тэмдэглэл хөтөлнө.
4.8.Цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн үр дүнг дотоодын болон хөндлөнгийн лабораторийн шинжилгээтэй мониторинг хийж баталгаажуулна, сорилтын дүнг хадгална.
4.9.Технологийн бүх дамжлага, өрөө тасалгаа бүр цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн хэрэгсэл төхөөрөмжтэй байх ба цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн багаж төхөөрөмж нь үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрэн хангасан, үл зэврэх материалаар хийсэн цэвэрлэхэд хялбар, халуун усаар бүрэн хангасан байна.
4.10.Халдваргүйтгэлд Байгаль орчин, аялал жуулчлал, Эрүүл мэнд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар тухайн онд батлагдсан Монгол Улсад бүртгэлтэй ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг хэрэглэнэ.
4.11.Халдваргүйтгэх болон угаах бодисууд, цэвэрлэгээний материалыг тусгай агуулах, шүүгээнд шошгожуулан тус тусад нь хадгалах ба холбогдох дүгнэлттэй байна.
4.12.Үйлдвэрийн хаалган дээр тээврийн хэрэгслийн дугуйг халдваргүйтгэх ба халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зориулалтаар халдваргүйтгэх уусмалаар дүүргэсэн тусгай хоригууд байрлуулна.
Тав.Тоног, төхөөрөмжид тавигдах эрүүл ахуйн шаардлага:
5.1.Хүнсний үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмж нь дараах шаардлагыг хангасан байна.
- Хүнсийг бохирдохоос урьдчилан сэргийлсэн, цохигдоогүй, хонхор үүсээгүй, зүсэгдээгүй;
- Цэвэрлэх, халдваргүйтгэх, ариутгахад тэсвэртэй байх засвар үйлчилгээ хийхэд хялбар;
- Хүнстэй харьцах гадаргуу нь хор хөнөөлгүй, урвалд ордоггүй, бохирдуулахгүй;
- Ажиллагааны үед биологийн, химийн, физикийн бохирдол үүсгэхгүй, хүнсний бус будгаар будаагүй, хүнсний зориулалтын тэмдэг тэмдэглэгээтэй,
- Хорт бодис дамжуулахгүй;
- Амт, үнэр, ус чийг шингээхгүй.
5.2.Хүнсний үйлдвэрийн тоног, төхөөрөмжийг эргэн тойрноос нь чөлөөтэй хүрч цэвэрлэж болохуйц, технологийн шат дамжлагын дагуу зөв байрлалд, тоос шороо дамжиж бохирдохгүй газарт байрлууна.
5.3.Тоног, төхөөрөмжийн угаалга, халдваргүйтгэлд дотоодын хяналт тавьж бүртгэлжүүлнэ.
Зургаа. Ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах шаардлага:
6.1.Хүнсний үйлдвэрийн ажилтан, ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд 6 сар тутамд хамрагдсан байна. Ажилтан халдварт өвчнөөр өвчилсөн, эсхүл ийм өвчтөнг асарсан тохиолдол бүрд тухайн ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулсны дараа ажиллуулна.
6.2.Ажилчдын халдварт өвчний нян тээгч болох нь илэрсэн, гэр бүлийн хүмүүсээс гоц халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдолд халдварын эсрэг арга хэмжээ авах хүртэл уг хүнийг ажиллуулахыг түр хориглож хөдөлмөр зохицуулалтыг удирдлагын зүгээс авч хэрэгжүүлнэ.
6.3.Ажилчдын үйлдвэрлэлийн байранд хөдөлмөр хамгааллын хувцсаар /халад, цамц, гутал, хормогч бээлий, үсийг бүрэн халхлахуйц толгойны өмсгөл зэрэг/ хангагдсан, бүрэн өмсөж хэвшсэн байна. Хөдөлмөр хамгааллын хувцас нь хир бохирдол нь мэдэгдэхүйц өнгөтэй ба материал нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй материалтай байна.
6.4.Ажилчид хумсаа ургуулах, ажлын үед уруулаа будах, ажлын гар утас байлгах, гартаа цаг, бөгж бусад зүүлт зүүхийг хориглох ба гарын ариун цэврийг чанд сахих.
6.5.Үйлдвэрийн удирдлага, санхүүгээс ажилчдын хэрэгцээнд зориулсан дүрэмт хувцас, алчуур, саван, сойз, ариутгалын бодисоор тасралтгүй хангана.
6.6. Ажилчдын ажлын хувцасыг угааж, цэвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. /тоног хэрэгсэлтэй эсвэл угаалгын гэрээт газартай/
6.7.Үйлдвэрлэлийн явцад тамхи татах, юм идэх, хооллохыг хориглоно.
6.8.Ажиллагсдын эрүүл ахуйн зохистой дадлыг үйл ажиллагаандаа мөрдөж буй эсэхэд дотоод хяналтын нэгж, ажилтан өдөр тутам хяналт тавьж бүртгэлжүүлнэ.
Долоо. Хортон, шавжаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд тавих шаардлага
7.1. Хортон шавж, мэрэгчдээс урьдчилан сэргийлж, мэрэгчгүйтгэл, шавжгүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.1.3-т заасны дагуу баталсан жагсаалтад орсон бодисоор гэрээний үндсэн дээр улирал тутам тогтмол хийлгэж, хийлгэсэн тухай актыг хадгалж, тэмдэглэл хөтөлсөн байна гэж нэмж тусгасан.
7.2.Үйлдвэрт хортон шавж, мэрэгч амьтан орж ирэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, үйлдвэрт ул мөр илэрсэн тохиолдолд авах арга хэмжээг боловсруулсан, хавх занга шалгах, ажилтныг томилж хариуцуулсан байна.
Найм. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хүлээн авах, хадгалах, тээвэрлэлтийн үед тавих шаардлага
8.1.Хүнсний үйлдвэрлэлд стандарт, эрүүл ахуйн аюулгүй байдлын шаардлага бүрэн хангасан түүхий эд, туслах материалыг ашиглана.
8.2.Хүнсний түүхий эдийг хүлээн авахдаа тэдгээрийн чанарын баталгаа, үйлдвэрлэсэн он, сар, өдөр болон хадгалалтын хугацаа, гарал үүслийг сайтар шалгаж бүртгэлжүүлж авна.
8.3.Баглаа, боодол, хайрцаг савтай зүйлийг онгойлгож нээхийн өмнө тоос шорооноос цэвэрлэнэ. Хүнсний зүйлийг жинлүүрийн тавцан дээр шууд тавьж жинлэхийг хориглох бөгөөд заавал зориулалтын цаас, уутан дээр тавьж жинлэнэ.
8.4.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг шинж чанар, хадгалалтын нөхцөлийг харгалзан шаардлага хангасан хөргүүр, хөлдөөгчид хадгална. Хөргөгч, хөргүүр -0 хэмээс +5, хөлдөөгч -18 хэмээс доош байх ба термометр байрлуулж, хэмийг тогтмол хянаж бүртгэл хөтөлнө. Түргэн гэмтэж, муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгч, хүйтэн зооринд тогтоосон тодорхой хэм, хугацаагаар хадгална.
8.5. Үйлдвэр нь дараах төрлийн агуулахтай байна:
а.Түүхий эдийн
б.Туслах материалын
в. Сав баглаа боодлын
г. Эцсийн бэлэн бүтээгдэхүүний
д. Тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл
д. Эргэн татсан буцаалтын бүтээгдэхүүний
е. Бусад /цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн бодис материал, химийн бодис хадгалах гэх мэт/
8.6. Агуулах, тээврийн хэрэгсэл нь хүнс бохирдохгүй байх нөхцөлийг хангасан, засвар үйлчилгээ хийх тохиромжтой, хортон шавж, мэрэгчид нэвтрэхээс бүрэн хамгаалагдсан байна. "Худалдааны агуулах. Ерөнхий шаардлага" MNS 5364:2011 стандартын шаардлага хангасан байна.
8.7. Агуулахыг зориулалтын дагуу төхөөрөмжилсөн /хөргөх, халаах, хатаах, агааргүй, агаар сэлгэлттэй, гэрэлтэй, гэрэлгүй гэх мэт/ орчны дулааны хэм, чийглэг зэрэг хадгалалтын горимыг хангах, хянах, зохицуулах боломжтой байна.
8.8.Хүнсний түүхий эдийг бэлэн бүтээгдэхүүнтэй хамт, чанар муудсан бараа, хурц онцгой үнэртэй бүтээгдэхүүнийг бусад бүтээгдэхүүнтэй, химийн бодистой хадгалахыг хориглоно.
8.9.Хүнсний бүтээгдэхүүн савлах, тээвэрлэх, хайрцаг савыг хүнсний зориулалтын, зэвэрдэггүй материалаар доторлон байнга угааж, халдваргүйжүүлнэ.
8.10. Буцаан болон татан авсан бүтээгдэхүүнд тэмдэглэгээ хийж тусад нь хаягжуулж хадгалдаг, бүтээгдэхүүнийг хэрхэн устгасан буюу ашигласан талаарх заавартай, акт, бүртгэлийг тогтмол хөтөлнө.
8.11.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гэмтээж муутгахгүй, чанар байдлаа алдагдуулахгүй бүхээгтэй, хүнс тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг эсхүл зориулалтын тээврийн хэрэгсэлтэй байгууллага, иргэнээр тээвэрлүүлнэ.
8.12.Түргэн гэмтэх, эмзэг хүнсний бүтээгдэхүүнийг хөргөх, хөлдөөх нэмэлт төхөөрөмжөөр тоноглосон, дулаан тусгаарлагчтай бүхээгтэй зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэн, тээвэрлэлтийн үеийн хэмийг бүртгэнэ.
8.13.Сүү, цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн хийдэг сав, мах ногооны машин бусад механик хэрэглэлийг зориулалтын угаалгын бодистой халуун усаар угааж зайлж хатаана.
8.14.Тээврийн хэрэгслийг тогтмол угааж цэвэрлэнэ.
8.15.Тээврийн хэрэгслийн угаалга, цэвэрлэгээний чанарт дотоодын хяналт тавьж бүртгэлжүүлнэ.
Ес. Сав, баглаа боодол, шошгололтод тавигдах шаардлага
9.1.Хүнсний зориулалтын, хүнсний бүтээгдэхүүнд үл шилжих эрсдэлгүй, бат, бөх, бохирдолоос бүрэн хэмжээгээр хамгаалсан, түгээлтийн явцад учирч болох механик, хими, дулааны ачаалал даахуйц байна.
9.2.Дахин хэрэглэх савлагааны материал нь эдэлгээ даах, цэвэрлэх, ариутгах, халдвагүйтгэх боломжтой хүнсний зориулалтын материалаар хийгдсэн байна.
9.3.Сав, баглаа боодлыг бохирдохоос хамгаалсан нөхцөл, агуулахад хадгална.
9.4.Шошгололт нь тухайн үед мөрдөгдөж байгаа хууль, стандартын шаардлагыг хангасан байна.
Арав. Бүтээгдэхүүний аюулгүй байдлын дотоод хяналт, баталгаажуулалт
10.1.Хүнсний үйдвэрлэлийн чанар, аюулгүй байдлын дотоод хяналт, удирдлагын тогтолцоог бүрдүүлж ажиллана.
10.2.Дотоод хяналтын тогтолцоог "Хүнсний эрүүл ахуйн ерөнхий зарчим" (олон улсын зөвлөмж) MNS САС/RPC 1:2003 стандартын дагуу хэрэгжүүлсэн байна.
10.3.Бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан эрхэлсэн алба, нэгж, ажилтантай байна.
10.4.Үйлдвэрийн хүчин чадалд тохируулан дамжлагын болон түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний дотоод хяналтын лабораторитай байна.
10.5.Үйлдвэрийн дэргэд дотоод хяналтын лаборатори бүтээгдэхүүний цуврал бүрд хийсэн сорилтын дүнг үндэслэн худалдаа, үйлчилгээнд гаргана.
10.6.Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нь түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний иж бүрэн шинжилгээг хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид улиралд нэгээс доошгүй удаа, эсхүл шинээр үйлдвэрлэл эхэлсэн, үйлдвэрлэл удаан хугацаагаар завсарласны дараа үргэлжилсэн үед хийлгэнэ.
10.7.Шинэ түүхий эд хүлээн авсан тохиолдол бүрд иж бүрэн шинжилгээг хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид хийлгэж шаардлага хангасан нөхцөлд үйлдвэрлэлд хэрэглэнэ.
10.8.Түүхий эд, бүтээгдэхүүний сорилт, шинжилгээ, баталгаажуулалттай холбогдон гарах зардлыг үйлдвэрлэгч бүрэн хариуцна.
Арван нэг. Эрүүл ахуйн сургалт
11.1.Байгууллага, аж ахуйн нэгж, ажил олгогч нь холбогдох төрийн болон мэргэжлийн төрийн бус байгууллагатай хамтран эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж, сургалтын байр болон сургалтад шаардагдах бусад зардалд дэмжлэг үзүүлнэ.
11.2.Ажиллагсаддаа ариун цэвэр, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сургалтыг дотооддоо явуулна. Сургалтыг жилийн эхэнд сургалтын эрэлтэнд тулгуурлан төлөвлөж үр дүнтэй зохион байгуулж, баримтжуулна.
Арван хоёр. Эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих, хариуцлага тооцох
12.1.Энэхүү дүрмийг дагаж мөрдөх үүрэг хариуцлагыг хүнсний үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжийн эзэн, дарга, эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч бүр хариуцана.
12.2.Үлгэрчилсэн дүрмийн хэрэгжилтэд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар хяналт тавина.
12.3.Зөрчил гаргасан буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол "Зөрчлийн тухай" хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A