- Нүүр
- Сайдын тушаал
- ҮСЧИН, ГОО САЙХНЫ ГАЗРЫН ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Эрүүл мэндийн сайдын 2023 оны 11 сарын 24-ны өдрийн А/406 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт
ҮСЧИН, ГОО САЙХНЫ ГАЗРЫН ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасны дагуу үсчин, гоо сайхны үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж, иргэн нь үйл ажиллагаа явуулахдаа хүн амын дунд халдварт болон халдварт бус өвчлөл үүсэх, дамжин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм (цаашид "дүрэм" гэх)-ийг баримтална.
1.2.Эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмээр үсчин, гоо сайхны чиглэлээр үзүүлэх үйлчилгээний ажлын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бүтээгдэхүүн, түүнд тавих эрүүл ахуйн нөхцөл, шаардлага, халдвараас сэргийлэх дэглэм, үйлчилгээний ажилтанд тавигдах эрүүл ахуйн шаардлагыг тогтооно.
1.3.Үсчин, гоо сайхны үйлчилгээний газрыг төлөвлөх, барьж байгуулах, үйл ажиллагаа явуулах, хяналт тавихад энэхүү дүрмийг мөрдлөг болгоно.
1.4.Үс засах, гоёлын гоо заслын үйлчилгээнд дараах үйлчилгээг хамааруулах бөгөөд эмчилгээний гоо заслын үйлчилгээ хамаарахгүй болно. Үүнд:
- Үс засах, хэв оруулах, /буржийлгах/ будах, хими хийх, үс уртасгах ба бусад үс арчилгааны үйлчилгээ үзүүлэх
- Нүүр, хүзүүний арьс арчилгаа, иллэг, будалт
- Хөмсөг, сормуус будах, уртасгах
- Тос, бигнүүрийн тусламжтай сэвх хуулах
- Маникюр, педикюр /хумсыг хэлбэр оруулан засах, будах, уртасгах, шилэн хумс наах, хумсан дээр зураг зурах чимэглэх г.м /
- Хиймэл үс (парик), сахал хийх
- Илүүдэл үс авах үйлчилгээ: бүтэн биеийн, нүүр, суга, гар, хөл, бикини г.м.
1.5.Үс засах, гоелын гоо заслын үйлчилгээг зохих сургалтад хамрагдаж, мэргэжлийн үнэмлэх авсан үсчин, гоо сайханч нар явуулна.
1.6.Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд нь эрүүл ахуйн нөхцөл, стандартын шаардлага хангасан ажлын байранд зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүдийн шаардлага хангасан баталгаатай бүтээгдэхүүнээр мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээг бүрэн хариуцна.
1.7.Үсчин, гоо сайхны газар нь өөрийн үйл ажиллагааны онцлогтой уялдуулан холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрэмд нийцүүлэн дотоод хяналтын журмыг боловсруулан баталж, мөрдөж ажиллана.
1.8.Үсчин, гоо сайхны үйлчилгээ явуулах аж ахуйн нэгж, иргэн нь холбогдох байгууллагаас үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг авсан байна.
Хоёр. Үсчин, гоо сайхны үйлчилгээний ажлын байранд тавигдах эрүүл ахуйн шаардлага
2.1.Үсчин, гоо сайхны газар барилга байгууламжийн төлөвлөлтийн норм дүрэмд заасан шаардлага хангасан үйлчилгээний барилга /ахуйн үйлчилгээний газар, худалдааны төвүүд, зочид буудал г.м/, нийтийн болон орон сууцны байр, /үсчин , гоо сайхны газар уруу орох хаалга орцны хаалганаас тусдаа, салхивчийн сувгийг тусгайлан төлөвлөнө/ амралт, сувиллын газар, оюутан, сурагчдын дотуур байр, өндөр настны асрамжийн газруудын байранд үйл ажиллагаа явуулж болно.
2.2.Барилгын зоорийн давхарт (подваль), байгалийн гэрэлтүүлэггүй байранд үсчин, гоо сайхны үйлчилгээний газар ажиллуулахыг хориглоно.
2.3.Зоорийн давхарт үсчин, гоо сайхны газрын агуулах, угаалга, хувцас солих, хадгалах өрөөг төлөвлөж болно.
2.4.Байгалийн гэрэлтүүлэг нь эрүүл ахуйн норм шаардлага хангасан, өрөөний өндөр 2.7 метрээс дээш хэмжээтэй тохиолдолд барилгын хаяавчийн (цокольный) давхарт үсчин, гоо сайхны үйлчилгээний газрыг ажиллуулж болно.
Гурав. Үсчин, гоо сайхны газрын өрөө тасалгаанд тавигдах эрүүл ахуйн шаардлага
3.1.Үсчин, гоо сайхны газар нь эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд үйл ажиллагаа явуулна.
3.2.Үсчин, гоо заслын үйлчилгээний өрөө тасалгааг тус тусад нь төлөвлөнө. (үс засах, гоо заслын үйлчилгээ, маникюр, педикюр, аппаратаар шарах өрөө г.м) Ажлын байрны өрөө тасалгааны талбайн хэмжээг хүснэгт 1-д тодорхойлов.
3.3.Үйлчилгээ үзүүлэх үндсэн өрөө тасалгаанаас гадна үйлчилгээнд хэрэглэх багаж хэрэгслийг угааж цэвэрлэх, ариутгаж халдваргүйжүүлэх өрөөг заавал тусад нь төлөвлөнө.
3.4.Үсчин, гоо заслын үйлчилгээний газарт ахуй хангамжийн туслах өрөөнүүд байна. Үүнд: өлгүүр, ариун цэврийн өрөө, угаалгын, агуулах, ажилчдын амрах өрөө, хог хаягдал түр хадгалах өрөө г.м.
Үсчин, гоо сайхны газрын өрөө тасалгааны талбайн хэмжээ
Хүснэгт 1
№ |
Өрөөний нэр |
1 ажилтанд ноогдох талбай, м² |
Тайлбар |
1 |
Хүлээлгийн заал
Үйлчлүүлэгчдийн хувцасны өлгүүр |
3 –аас 10 суудалтай бол 1.5
0.3 |
Хүлээлгийн болон хувцасны өлгүүрийн өрөөний нийт талбай 6.0 м²-аас багагүй байна |
2 |
Үс засах үйлчилгээний зал |
6.0-8.0 |
Нэг суудалтай үсчний газрын талбай 15.0 м²-аас багагүй хэмжээтэй байна |
3 |
Угаалгын өрөө ба үс будах, хими хийх өрөө |
8.0 |
10-аас дээш суудалтай үсчний газарт хамаарна |
4 |
Гоо сайхны өрөө |
12.0-16.0 |
|
5 |
Маникюр |
6.0 |
Маникюрын ширээ үйлчилгээний зааланд байгаа тохиолдолд 6.0 м² талбайг нэмж тооцно |
6 |
Педикюр |
8.0 |
|
7 |
Иллэгний өрөө |
9.0 |
|
8 |
Угаалгын өрөө |
9.0 /угаалгын машиныг тооцоод/ |
|
9 |
Ажилчдын амрах, хооллох өрөө |
12 |
|
10 |
Туслах өрөө, агуулах /зөөлөн хэрэглэл, угаалгын бодис хадгалах гэх мэт/ |
10 суудал хүртэл үсчний газарт 1.5, суудал нэмэгдэх бүрт 1.0 м²-ыг нэмж тооцно. |
|
11 |
Халдваргүйжүүлэх болон угаалга цэвэрлэгээний бодис хадгалах өрөө |
10 суудал хүртэл үсчний газарт 1.5, суудал нэмэгдэх бүрт 1.0 м²-ыг нэмж тооцно. |
|
12 |
Хувцасны өлгүүр |
1 ажилтанд 0.3 м² талбай ноогдохоор тооцно. |
|
13 |
Багаж хэрэгслийг угааж цэвэрлэх, ариутгаж халдваргүйжүүлэх өрөө |
5.0 -аас доошгүй |
|
3.5.Үсчний газрын үйлчлэх танхимд сандлуудыг нэг эгнээгээр байрлуулсан тохиолдолд сандлуудын хоорондох зайг 1.8 метрээс, өрөөний хананаас үйлчлэх сандал хүртэлх зай 0.7 метрээс багагүй байна. Хоёр эгнээгээр байрлуулсан тохиолдолд эгнээ хоорондын зай 5 метрээс багагүй байна.
3.6.Үсчний ажлын байр зориулалтын сандал, үс угаах угаалтуураар тоноглогдсон байна. Үсчний газар 3 хүртэл суудалтай тохиолдолд үс угаах нэг угаалтуур байж болно.
3.7.Үйлчилгээний газар 5-аас дээш суудалтай бол ариун цэврийн өрөө үйлчлүүлэгч, ажилчдын гэж тусдаа байна.
3.8.Зөөлөн хэрэглэл, үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүн, угаалгын болон халдваргүйжүүлэх бодисыг тус тусад нь хадгалах тавиур бүхий өрөөтэй байна. 5 хүртэлх суудалтай үсчний газар цэвэр зөөлөн хэрэглэл, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн, угаалгын болон халдваргүйжүүлэх бодисыг туслах өрөөнд хадгалж болно.
3.9.Гоо заслын үйлчилгээний газар нь зориулалтын ор, гоо засалчийн тавиур шүүгээ болон технологи үйлчилгээнд шаардагдах багаж хэрэгслээр хангагдсан байна.
3.10.Гоо заслын үйлчилгээ үзүүлэх өрөөнд гар угаагуур, шингэн саван, гар арчих цаасан салфекта, зориулалтын гар халдваргүйжүүлэх бодис зэргээр хангагдсан байна.
3.11.Педикюрын өрөөнд халуун хүйтэн усаар хангагдсан 2-оос доошгүй хөлийн ваннтай байна. Гар угаах угаагуур тусдаа байна.
3.12.Хэрэглэсэн зөөлөн хэрэглэл, ажилчдын хувцсыг угаах угаалгын өрөөтэй байна.
3.13.Үсчин, гоо сайхны газрын хана, тааз, шал болон тавилга нь тэгш гадаргуутай, бөх бат, ус нэвтрүүлдэггүй, цэвэрлэхэд хялбар, угаалгын болон халдваргүйжүүлэх бодист тэсвэртэй зориулалтын материалаар хийгдсэн байна.
3.14.Дотоод заслын барилгын материал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, шинжилгээнд хамрагдсан байна.
3.15.Үсчний газрын туслах өрөөнд үсний хог хаягдал түр хадгалах тагтай сав байна.
Дөрөв. Ус хангамж, бохир ус зайлуулахад тавигдах шаардлага
4.1.Үсчин, гоо сайхны газар нь цэвэр, бохир усны төвлөрсөн ба төвлөрсөн бус системд холбогдсон, халуун, хүйтэн усаар хангагдсан байна.
4.2.Үсчин гоо сайхны газрын усны чанар, аюулгүй байдал ундны усны стандартын шаардлага хангасан байх ба төвлөрсөн бус ус хангамжийн системийн усыг хэрэглэдэг бол жилд 1 удаа, шугам хоолойд засвар үйлчилгээ хийсний дараа шинжилгээнд хамруулан дүгнэлт гаргуулна.
Тав. Халаалт, агааржуулалтын системд тавигдах шаардлага
5.1.Үсчин, гоо сайхны газрын ердийн агаар сэлгэлт хангалтгүй байгаа нөхцөлд механик агааржуулалтын төхөөрөмжийг суурилуулах ба бичил цаг уурын үзүүлэлтүүд хүснэгт 2-д заасан шаардлагыг хангасан байна.
Хэвтээ /өрөөний гадна хананаас доторх дурын цэг хүртэл/ ба босоо /шалнаас дээш 1.5 м/ байдалд температурыг хэмжихэд ялгаа нь 2 градусаас ихгүй байна.
5.2.Ажлын байрны агаарт химийн хорт бодисын хэмжээ эрүүл ахуйн норм стандартын шаардлага хангасан байна.
5.3.Орон сууц болон нийтийн байранд байрласан үсчин, гоо сайхны газрын агааржуулалтын хоолойг барилгын ерөнхий агааржуулалтын хоолойноос тусад нь төлөвлөж барилгын дээврийн хэсэгт шууд гаргана.
5.4.Хумс заслын өрөөнд агаар сорох механик агааржуулалтын системтэй байна.
Зургаа. Байгалийн болон зохиомол гэрэлтүүлэгт тавигдах эрүүл ахуйн шаардлага
6.1.Байгалийн гэрэлтүүлгийн коэффициент гоо сайхан, маникюр, педикюрын ажлын байранд 1.5%-иас багагүй, үс засах өрөөнд 1%-иас багагүй хэмжээтэй байна.
6.2.Байнгын ажлын байрны /үсчин, гоо сайхан, маникюр, педикюр/ байгалийн гэрэлтүүлгийг цонхны хэмжээгээр тооцно.
6.3.Байгалийн гэрэлтүүлэг хангалтгүй байгаа эсвэл 40-өөс дээш насны ажилчид ажиллаж байгаа ажлын байрны зохиомол гэрэлтүүлгийн хэмжээг нэмэгдүүлж болно.
6.4.Ажлын байран дахь гэрэлтүүлгийн эрүүл ахуйн хэмжээг хүснэгт 3-д заасан хэмжээгээр тооцно.
6.5.Гоо сайхан, маникюр, педикюрын үйлчилгээнд хавсарсан буюу нэмэлт гэрэлтүүлэг ашиглана.
Долоо. Багаж хэрэгсэлд угаалга, халдваргүйжүүлэлт хийхэд тавигдах шаардлага
7.1.Үсчин, гоо сайхны газрын тоноглол, багаж хэрэгсэл, ажлын хувцас, зөөлөн эдлэлд нянгийн бохирдлыг бууруулах зорилгоор халдваргүйжүүлэлт хийнэ.
7.2.Үйлчлүүлэгч бүрт цэвэр багаж хэрэгсэл, зөөлөн эдлэл /алчуур, нөмрөг, сальфетки/ хэрэглэнэ. Нэг удаагийн малгай, нөмрөг, салфетик, алчуур зэргийг хэрэглэж болно.
7.3.Үс засах, гоо сайхан, маникюр, педикюрын үйлчилгээ хийх багаж хэрэгслийн цуглуулга нэг үсчин, гоо сайханчид 3-аас дээш тоогоор байна.
7.4.Ариутгал, халдваргүйжүүлэлт хангалтгүй хийсэн үсчин, гоо сайхны ирмэг, үзүүртэй багаж /хайч, хутга, сахлын машин, сам г.м/ хэрэгслээр гепатит В, С, Дархлалын олдмол хомсдолын вирус болон нян, мөөгөнцрийн халдварууд дамжин тархах эрсдэлтэй тул үсчин, гоо сайхны багаж хэрэгслийг зааврын дагуу угааж, халдваргүйжүүлэх, ариутгах шаардлагатай.
7.5.Үсчин, гоо заслын үйлчилгээнд хэрэглэх багаж хэрэгслийг эрсдлийн түвшингээр нь 3 ангилна.
7.5.1.Өндөр эрсдэлтэй– Арьс, салстыг цоолж, гэмтээх магадлалтай хурц ирмэг үзүүртэй багаж хэрэгсэл (хайч, хутга (бритва), хямсаа, хумсны хутга, мах авагч бахь, түлхэгч, хумс хусагч, өнгөлөх цахилгаан машины хошуу г.м);
7.5.2.Дунд эрсдэлтэй – Арьс, салсттай хүрэлцдэг багаж хэрэгсэл (үсчний сам, хайч, хутга, сормуусны хямсаа, хайч, хумсны хутга, мах авагч бахь, хумсны мах түлхэгч, хумс хусагч, өнгөлөх цахилгаан машины хошуу, хавчигч, хуурай, тоног төхөөрөмжийн датчик, гар хөлийн ванн г.м);
7.5.3.Бага эрсдэлтэй – Гэмтээгүй арьс, салстад хүрэлцдэг багаж хэрэгсэл (алчуур, малгай, бигуди, тор, хавчаар болон багс, бийр г.м нүүр будалтын хэрэгслүүд)
7.6.Бага эрсдэлтэй багаж хэрэгслийг угаалгын бодистой бүлээн усанд угааж, цэвэр усаар зайлж хатаана.
7.7. Дунд эрсдэлтэй багаж хэрэгслийг дараах зарчмаар угааж, халдваргүйжүүлнэ. Үүнд:
I шат- Угаалгын бодистой усанд сайтар сойздож угаагаад, урсгал усаар зайлна.
II шат- Халдваргүйжүүлэх бодисын уусмалд 15 минутаас доошгүй хугацаагаар дүрж халдваргүйжүүлээд, урсгал усанд зайлсны дараа цэвэр цаасан алчуурт хатаана.
I шатны дараагаар зориулалтын ариутгалын төхөөрөмжид (хэт ягаан туяагаар шарах стерилизер г.м) хийж зааврын дагуу халдваргүйжүүлж болно.
7.7.1.Сахлын машины хутгыг /бритва/ 70 градусын этилийн спиртээр 2-оос доошгүй удаагийн давтамжтайгаар арчиж халдваргүйжүүлнэ.
7.7.2.Гоо заслын үйлчилгээний тоног төхөөрөмжийн датчикыг халдваргүйжүүлэх бодисоор норгосон хөвөнгөөр 2-оос доошгүй удаагийн давтамжтайгаар арчиж халдваргүйжүүлнэ.
7.7.3.Гарын болон хөлийн ванныг үйлчлүүлэгч бүрийн дараа цэвэрлэж, халдваргүйжүүлнэ. Дараах аргаар хийж гүйцэтгэнэ. Үүнд:
Энгийн ванн: Угаалгын бодисоор ванны бүх гадаргууг сойздон угаагаад халдваргүйжүүлэх бодисын уусмал дүүргэж 10 минутаас доошгүй хугацаанд байлгаад юүлж, цэвэр усаар зайлж хатаана.
Массажны ванн (усыг эргүүлэх, хөдөлгөөнд оруулах тоноглол хоолойтой) :
Эхлээд ванны дотор талын бүх хана, ёроолын хэсгийг угаалгын бодисоор сойздож цэвэрлэнэ. Ус оруулах эргэлдүүлэх хоолойн таг, салдаг хэсгийг болгоомжтой авч угаалгын бодисоор сойздож цэвэрлээд буцааж таглан, усаар зайлна. Дараа нь ваннд халдваргүйжүүлэх бодисын уусмал дүүргээд усыг эргэлдүүлэх хөдөлгөөнд 10 минутаас доошгүй хугацаанд байлгаад юүлж, цэвэр усаар зайлж хатаана.
Долоо хоног тутамд ванныг сойздож угаасны дараа халдваргүйжүүлэх бодисын уусмал дүүргээд 12 цагаас доошгүй хугацаанд байлган 1-ээс доошгүй удаа халдваргүйжүүлнэ.
7.7.4.Угааж, халдваргүйжүүлсэн цэвэр багаж хэрэгслийг бохирдсон багаж хэрэгслээс тусдаа хадгална.
7.7.5.Халдваргүйжүүлэх бодис нь зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн, тухайн жилд хэрэглэхээр зөвшөөрөгдсөн бодис байна.
7.7.6.Нүүр цэвэрлэх пролон, алчуур зэрэг нь нэг удаагийн хэрэглээнийх байна.
7.8.Өндөр эрсдэлтэй буюу арьс, салстыг цоолж, гэмтээх магадлалтай хурц ирмэг үзүүртэй багаж хэрэгслийг угааж цэвэрлэсний дараа автоклавт ариутгана. Ариутгасан багаж материалыг ариун байдлыг алдагдуулахгүй зориулалтын, битүү шүүгээнд тусдад нь хадгална. Ариутгал хийсэн багаж хэрэгслийн бүртгэл хөтөлнө.
7.8.1.Ариутгалын тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаанд тогтмол дотоодын хяналт тавьж, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг холбогдох журмын дагуу хийлгэнэ.
7.9.Гоо засал, үс засах үйлчилгээнд ашиглаж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь техникийн паспорт, ашиглах заавар болон аюулгүй ажиллагааны заавартай байна. Аюулгүй ажиллагааны зааврыг ажлын байранд ил байрлуулна. Техник ашиглалтын бүртгэлийг хөтөлнө.
7.10.Ариутгалын багажгүй нөхцөлд нэг удаагийн багаж хэрэгслийг хэрэглэх шаардлагатай.
7.11.Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, ариутгалын бодисыг үйлдвэрлэгчээс гаргасан хэрэглэх, найруулах, хадгалах, аюулгүй ажиллагааны зааврын дагуу ашиглана.
7.12.Багаж хэрэгсэл угааж, халдваргүйжүүлсэн талаар бүртгэл хөтөлнө.
7.13.Багаж хэрэгсэл угааж, цэвэрлэх, халдваргүйжүүлэх өрөө тасалгаа нь цэвэр, бохир усны шугамд холбогдсон, гэрэлтүүлэг, агааржуулалтын системтэй, шал, хана, тааз нь цэвэрлэж, халдваргүйжүүлэхэд тохиромжтой материалаар хийгдсэн байна.
7.14.Багаж хэрэгсэл угаах, халдваргүйжүүлэх, ариутгах үйл ажиллагааг гүйцэтгэх ажилтан хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлийг бүрэн өмсөнө.
Найм.Үс засах, гоёлын гоо заслын үйлчилгээнд хэрэглэх бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тавих шаардлага
8.1.Үс засах, гоёлын гоо заслын үйлчилгээнд хэрэглэх түүхий эд, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, тэдгээрийн сав, баглаа боодол нь стандарт, норматив, техникийн баримт бичиг, эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг хангасан байна.
8.2.Түүхий эд, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг үйлдвэрлэгчээс гаргасан хэрэглэх зааврын дагуу хэрэглэнэ.
8.3.Үсчин, гоо засалч нь үйлчилгээнд хэрэглэж буй түүхий эд, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийн үндсэн орц найрлага, хэрэглэх арга, чанар, аюулгүй байдлын талаар үйлчлүүлэгчид мэдээлэл өгнө.
Ес. Ажлын байрны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт
9.1.Үсчин, гоо сайхны газрын өрөө тасалгаануудад өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, ажил дуусахад халдваргүйтгэлийн бодисын уусмалаар цэвэрлэж халдваргүйжүүлнэ.
9.2.Долоо хоногт 1-ээс доошгүй удаа бүх өрөө, тасалгаанд их цэвэрлэгээ хийнэ. Их цэвэрлэгээний үеэр хана, шал, хаалга, тавилга хэрэгслийг халдваргүйтгэлийн бодисын уусмалаар угааж цэвэрлэнэ.
9.3.Шавж, мэрэгчдийн устгалыг мэргэжлийн байгууллагаар жилд 2 удаа хийлгэнэ.
9.4.Хог хаягдлыг ангилан ялгаж, зориулалтын саванд цуглуулан, эрх бүхий байгууллагатай хийсэн хог тээврийн гэрээний дагуу зайлуулна.
Арав. Ажилчдын эрүүл мэнд, хувийн ариун цэвэрт тавигдах шаардлага
10.1.Үсчин, гоо сайхны ажилчид ажилд эхлэн орохдоо холбогдох журмын дагуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан байна.
10.2.Цаашид ажилтан бүр журамд заасан хугацаанд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэрт тэмдэглүүлэн баталгаажуулсан байна.
10.3.Үсчин, гоо сайхны ажилчид ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр хангагдсан байна.
10.4.Гоо заслын үйлчилгээ үзүүлэхийн өмнө гоо засалч гарыг угааж, зориулалтын гар халдваргүйжүүлэх бодисыг хэрэглэнэ. Амны хаалт зүүнэ.
10.5.Химийн бодис бэлдмэлийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу найруулж хэрэглэнэ. Зориулалтын хувцас хэрэгсэл (бээлий, маск, нүүрийн хамгаалалт, нүдний шил г.м) өмсөж хэрэглэнэ.
10.6.Жирэмсэн, хөхүүл, 18-аас доош насны ажилчид халдваргүйжүүлэх бодис бусад химийн хорт бодистой харьцаж ажиллахгүй.
10.7.Үсчний ажлын байран дахь дуу чимээний түвшин эрүүл ахуйн нормын шаардлагыг хангасан байна.
10.8.Ажлын байран дээр хооллохгүй, тамхи татахгүй.
10.09.Анхны тусламжийн эмийн сантай байна.
Арван нэг. Эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох
11.1.Энэхүү дүрмийг үсчин, гоо сайхны үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж даган мөрдөж, дотооддоо хяналт тавьж ажиллана.
11.2.Үлгэрчилсэн дүрмийн хэрэгжилтэд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар хяналт тавина.
11.3.Зөрчил гаргасан буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Эрүүл ахуйн тухай, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Үсчин, гоо сайхны газрын бичил цаг уурын үзүүлэлтүүд
Хүснэгт 2
Жилийн улирал |
Температур,0С |
Гадаргуугийн температур,0С |
Агаарын харьцангүй чийгшил, % |
Агаарын хөдөлгөөний хурд, м/сек |
Хүйтний улирал /Гадаад орчны агаарын хэм +10 градусаас бага/ |
21-23 |
20-24 |
40-60 |
0.1 |
Дулааны улирал /Гадаад орчны агаарын хэм +10 градусаас их/ |
22-24 |
21-25 |
40-60 |
0.1 |
Үсчин, гоо сайхны ажлын байрны зохиомол
гэрэлтүүлгийн хэмжээ
Хүснэгт 3
№ |
Өрөөний нэр |
Харааны зэрэглэл |
Харьцангүй удаан үргэлжлэх ажлын байрны гадаргуу дахь гэрэлтүүлгийн хэмжээ, % |
Зохиомол гэрэлтүүлэг |
Ажлын байрны гадаргуу дахь гэрэлтүүлгийн хэмжээ |
||||
1 |
Гоо сайхны өрөө |
А 1
|
70-аас багагүй |
500 |
2 |
Маникюр, педикюрын өрөө |
А 1 |
70 |
500 |
3 |
Үсчний өрөө |
А 2
|
70 |
400 |
4 |
Үс будах,хатаах, угаах өрөө |
А 2 |
70 |
400 |
5 |
Ажилчдын амралтын өрөө |
Д |
|
200 |
6 |
Хүлээлгийн өрөө |
Д
|
|
200 |
Текст томруулах
A
A
A