A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗОЧИД БУУДАЛ, ЖУУЛЧНЫ БААЗ, АМРАЛТЫН ГАЗРЫН ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Бүлэг: 1979

     Эрүүл мэндийн сайдын 2023 оны 11 сарын 24-ны өдрийн А/406 дугаар  тушаалын 5 дугаар хавсралт

 

 

ЗОЧИД БУУДАЛ, ЖУУЛЧНЫ БААЗ, АМРАЛТЫН ГАЗРЫН ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

 1.1.Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасны дагуу үсчин, гоо сайхны газар нь үйл ажиллагаа, үндсэн зорилго, зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм (цаашид "дүрэм" гэх)-ийг баримтална.

 

1.2.Зочид буудал, жуулчны бааз, амралтын газар нь /цаашид "үйлчилгээний газар" гэх/  Эрүүл ахуйн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, "Хот суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалтын тухай", "Усны тухай", "Хог хаягдлын тухай, "Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, хуулиуд болон бусад холбогдох хууль, тогтоомж тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартыг үйл ажиллагаандаа удирдлага болгоно.

 

1.3.Үйлчилгээний газрын барилга байгууламжийн зураг төсөл зохиох, ашиглалтад хүлээн авахад болон үйл ажиллагааг эрхлэн явуулахад энэхүү үлгэрчилсэн дүрмийг дагаж мөрдөнө.

 

1.4.Үйлчилгээний газрын удирдлагын зүгээс тухайн үйлчилгээтэй холбоотой үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах ажлыг шууд хариуцан зохион байгуулна.

 

1.5.Үйлчилгээний газрын удирдлагын зүгээс тухайн үйлчилгээтэй холбоотой үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах ажлыг шууд хариуцан зохион байгуулна.

 

1.6.Үйлчилгээний газар нь өөрийн үйл ажиллагааны онцлогтой уялдуулан холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрэмд нийцүүлэн дотоод хяналтын журмыг боловсруулан баталж, мөрдөж ажиллана.

 

Хоёр.Барилга байгууламжийн эрүүл ахуйн нөхцөл, шаардлага

 

2.1.Үйлчилгээний газар нь үндсэн болон нэмэлт өрөө тасалгаатай байна.

- Үндсэн өрөө тасалгаанд хүлээн авах хэсэг, зочны өрөө, захиргааны ажилчдын болон техник ашиглалтын ажилчдын өрөө

- Туслах өрөө тасалгаанд соёл амралтын, биеийн тамир, эрүүлжүүлэх эмнэлэг, худалдаа үйлчилгээний болон хурлын заал тус тус орно

 

2.2.Зочны болон албан өрөө нь байгалийн болон зохиомол гэрэлтүүлгийн хэмжээ эрүүл ахуйн шаардлага хангасан байна

 

2.3.Барилгын суурин давхарт таваас дээш автомашины зогсоол төлөвлөсөн тохиолдолд дээд давхарт нь буудлын өрөө төлөвлөхгүй ба механик агааржуулалтын төхөөрөмж төлөвлөнө. Агааржуулалтын хоолойг байшингийн дээвэрт гаргах ба дээврээс 1.5 метр өндөрт гаргахаар тооцоолно.

 

2.4.Үйлчилгээний газрын нийтийн үйлчилгээний өрөө, танхим, хоолны газар, ариун цэврийн өрөө нь агаарын хэвийн солилцоог хангах ердийн ба механик салхивчтай байна.

 

2.5.Үйлчилгээний газрын өрөө, тасалгааны бичил цаг уурын үзүүлэлтүүд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Өрөөний агаарын температур +18-+24°с

- Харьцангүй чийглэг 60%

 

2.6.Үйлчилгээний газар нь цэвэр, бохир усны төвлөрсөн ба төвлөрсөн бус системд холбогдсон, халуун, хүйтэн усаар хангагдсан байна. Усны чанар, аюулгүй байдал ундны усны стандартын шаардлага хангасан байна.

 

2.7.Ундны усны өөрийн эх үүсвэртэй нөхцөлд усны эх үүсвэрийн барилга байгууламж, хамгаалалт, нөөцлөх сан, шугам хоолой нь холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын шаардлага хангасан аюулгүй байна.

 

2.8.Ахуйн бохир ус цэвэрлэх төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж нь ноёлох салхины доод хэсэгт байрласан, цэвэрлэгээний горим болон цэвэрлэсэн бохир ус нь стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан байна.

 

2.9.Зочид буудал, жуулчны бааз, амралтын газруудад ахуйн үйлчилгээ, худалдаа, кафе, буфет, баар, спорт, соёл урлагийн үйлчилгээний газрууд ажиллаж болох ба дуу шуугианы норм, нормативын шаардлагыг хангасан байна

 

2.10.Өрөөнүүдэд ариун цэврийн өрөө байхгүй нөхцөлд нийтийн бие засах газрыг 10 хүнд нэг суултуур байхаар, давхар бүрт төлөвлөнө

 

2.11.Өрөөнүүдэд шүршүүр, банн байхгүй тохиолдолд 10 хүнд нэг шүршүүр байхаар төлөвлөнө.

 

2.12.Үйлчилгээний газар нь дотоод хяналтын нэгжтэй байх ба өөрийн эх үүсвэртэй тохиолдолд  сар бүр ундны усыг нян судлалын шинжилгээнд хамруулна.

 

Гурав.Зочид буудал, жуулчны бааз, амралтын газрын өрөө тасалгаа,  дотоод засалд тавигдах шаардлага

 

3.1.Өрөөний хамгийн бага хэмжээ нь ариун цэврийн өрөө, хонгилыг тооцохгүйгээр:

- Энгийн өрөөний талбайн хэмжээ, нэг хүний – 9 м.кв

- Энгийн өрөөний талбайн хэмжээ, хоёр хүний – 12 м.кв

- Гурав ба түүнээс дээш зочин хүлээн авах боломжтой өрөөний талбай нь хүн бүрт 4 м.кв-аас багагүй байна.

 

3.2.Барилга байгууламжийн дотоод заслыг үйлчилгээний онцлогт тохирсон,  чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан эсэхийг баталгаажуулсан материалаар хийсэн байна.

 

3.3.Хонгилын шалыг дуу шингээгч материалаар бүрнэ /хивс дрож/.

 

3.4.Орны тоогоор сандал, шүүгээ, бичгийн ширээтэй байхаас гадна буйдан, толь, хувцасны шүүгээ түүнийг орлох өлгүүртэй байна. Мөн өрөөний тавилга хэрэгсэл дараах шаардлага хангасан байна. Үүнд:

- Өрөөнүүдийн тавилгыг цэвэрлэхэд хялбар материалаар хийгдсэн, ямар нэгэн дефектгүй байна

- Нэг хүний орны хэмжээ 2000 мм х 900 мм, хоёр хүний орны хэмжээ нь 2000 мм х 1600 мм-ээс багагүй байна.

- Орны матрац нь 120 мм-ээс багагүй зузаантай, пүрштэй байх ба түүн дээр даавуун гадар бүхий гудас дэвссэн байна.

3.5.Зочид буудал, амралтын газар, жуулчны бааз нь дэргэдээ 50 м2-аас доошгүй талбайтай цагаан хэрэглэл угаах газартай байх бөгөөд угаалгын газар нь технологийн нэг чигийн урсгалтай, механик агааржуулалтын системтэй, цэвэр цагаан хэрэглэлийг хадгалах тусдаа өрөө, шүүгээ савтай байна.

 

Дөрөв.Зочид буудал, жуулчны бааз, амралтын газрын өрөөнүүдийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт

 

4.1.Үйлчилгээний газрын өрөөнүүдийг өдөр бүр цэвэрлэх ба өрөөний цэвэрлэгээ хийсний дараа ариун цэврийн өрөөг цэвэрлэж халдваргүйжүүлнэ.

 

4.2.Их цэвэрлэгээг сард 1-ээс доошгүй удаа хийнэ.

 

4.3.Ариун цэврийн өрөөг цэвэрлэхдээ хувийн хамгаалах хэрэгслийг өмсөх ба дараах дарааллаар цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийнэ. Эхлээд гар угаалтуур, дараа нь банн, шүршүүрийн хэсэг, сүүлд нь унитазыг угааж халдваргүйжүүлнэ.

 

4.4.Банн, унитазын таг, суудал, бидэ, ариун цэврийн өрөөний хаалга, бариулыг халдваргүйжүүлэлтийн уусмалаар халдваргүйжүүлнэ.

 

4.5.Хортон шавж, мэрэгчдээс урьдчилан сэргийлж, мэрэгчгүйтгэл, шавжгүйтгэлийг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар гэрээний үндсэн дээр хийлгэж, хийлгэсэн тухай актыг хадгалж, тэмдэглэл хөтөлсөн байна.

 

4.6.Угаалгын болон халдваргүйжүүлэлтийн бодис, гоо сайхны бараа бүтээгдэхүүн нь эрүүл ахуйн шаардлага хангасан баталгаажсан байна.

 

4.7.Угаалгын болон халдваргүйжүүлэлтийн бодисыг тусдаа өрөө тасалгаанд тавиур дээр хадгална. Бие засах газарт хэрэглэдэг цэвэрлэгээний материалыг бусад өрөө тасалгаа цэвэрлэдэг цэвэрлэгээний материалаас тусад нь хадгална.

 

Тав.Ахуйн хог хаягдлыг зайлуулахад тавигдах ариун цэвэр, халдвар хамгааллын шаардлага

 

5.1.Хог түр хадгалах цэгийг салхины доор байрнаас 20-30 метрийн зайд байршуулах ба сав байршуулах талбайн хөрсийг тэгшлэн нягтруулж цементэлсэн байна.

5.2.Хогийн сав 80-120 литрийн хэмжээтэй, цоорч гэмтээгүй, шингэн нэвчихээргүй, угааж цэвэрлэхэд хялбар хуванцар, металл материалаар хийгдсэн тагтай байна.

 

Зургаа.Хөдөлмөрийн нөхцөлд тавигдах ариун цэвэр халдвар хамгааллын шаардлага

 

6.1.Зочид буудал, жуулчны бааз, амралтын газрын ажилтнуудын 80-аас доошгүй хувь нь мэргэшсэн байна.

 

6.2.Үйлчилгээний ажилчид ажлын хувцас, энгэрийн тэмдэгтэй байх ба хувийн хамгаалах хэрэгслээр хангагдсан байна.

 

6.3.Зочид буудал, жуулчны бааз, амралтын газрын ажилчид эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байна.

 

Долоо.Эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох

 

           7.1.Энэхүү дүрмийг дагаж мөрдөх үүрэг хариуцлагыг үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжийн эзэн, дарга, эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч бүр хариуцана.

 

           7.2.Үлгэрчилсэн дүрмийн хэрэгжилтэд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар хяналт тавина.

 

           7.3.Зөрчил гаргасан буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Эрүүл ахуйн тухай, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

           7.4.Үлгэрчилсэн дүрмийг ноцтой зөрчсөн, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллаагүйгээс үйлчлүүлэгчдийн эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл бүрдсэн тохиолдолд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нь тухайн үйлчилгээний газрыг бүхэлд нь буюу хэсэгчлэн үйл ажиллагааг түр зогсоох, зөрчил дутагдлыг арилгуулах талаар үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулах арга хэмжээ авна.