- Нүүр
- Сайдын тушаал
- ОРШУУЛГЫН ГАЗРЫН ЭРҮҮЛ АХУЙ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Эрүүл мэндийн сайдын 2023 оны 11 сарын 24-ны өдрийн А/406 дугаар тушаалын 7 дугаар хавсралт
ОРШУУЛГЫН ГАЗРЫН ЭРҮҮЛ АХУЙ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасны дагуу оршуулгын газар нь үйл ажиллагаа, үндсэн зорилго, зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм (цаашид "дүрэм" гэх)-ийг баримтална.
1.2.Оршуулгын газар нь /цаашид "үйлчилгээний газар" гэх/ Эрүүл ахуйн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Хог хаягдлын тухай хуулиуд болон бусад холбогдох хууль, тогтоомж тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартыг үйл ажиллагаандаа удирдлага болгоно.
1.3.Үйлчилгээний газрын үйл ажиллагааг эрхлэн явуулахад энэхүү үлгэрчилсэн дүрмийг дагаж мөрдөнө.
1.4.Үйлчилгээний газрын удирдлагын зүгээс тухайн үйлчилгээтэй холбоотой үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах ажлыг шууд хариуцан зохион байгуулна.
1.5.Үйлчилгээний газар нь өөрийн үйл ажиллагааны онцлогтой уялдуулан холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрэмд нийцүүлэн дотоод хяналтын журмыг боловсруулан баталж, мөрдөж ажиллана.
Хоёр. Оршуулгын газрын газар олголтод тавигдах эрүүл ахуйн нөхцөл, шаардлага
2.1.Хот суурин газрын тусгай зориулалтын бүсэд оршуулгын газар, шарил чандарлах үйл ажиллагаа явуулдаг газрын барилга байгууламжийг төлөвлөж байгуулна.
2.2.Оршуулгын газрыг ундны усны эх үүсвэр, рашаан, гол мөрөн, булаг шандын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсэд болон хөрсний ус газрын гадаргаас 2 метрээс бага зайд байрласан, намаг шалбаагтай газар барьж байгуулахыг хориглоно.
2.3.Хөдөө орон нутагт амралт, сувилал зэрэг үйлдвэр үйлчилгээний газрын хамгаалалтын бүсэд оршуулгын газрыг барьж байгуулахыг хориглоно.
2.4.Оршуулгын газрын эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд оршуулгын, шашны болон зан үйлийн холбоотой объект, ус хангамж, ариун цэврийн байгууламжаас бусад барилга байгууламж барихыг хориглоно.
2.5.Оршуулгын газрыг барьж байгуулахад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэнэ.
Гурав.Оршуулгын газрын эрүүл ахуйн нөхцөл, шаардлага
3.1.Оршуулгын газар нь газар эзэмшлийн гэрчилгээтэй, кадастрын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байна.
3.2.Оршуулгын газрын олгогдсон хэмжээгээр хашаатай байна.
3.3.Газар оршоох оршуулгын газрын хашаанаас 300 метр, шарил чандарлах оршуулгын газрын хашаанаас 1000 метрт эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож тухайн орон нутгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулсан байна.
3.4.Оршуулгын газрын цогцос оршуулах талбай нийт талбайн хэмжээний 70%-иас хэтрэхгүй байна. Үлдсэн талбайд тээврийн хэрэгслийн зогсоол, ёслол, зан үйл гүйцэтгэх барилга, ус, ариун цэврийн байгууламж, ногоон байгууламжийг төлөвлөж хийнэ.
3.5.Оршуулгын газарт зан үйл гүйцэтгэх, цогцос оршуулах, ариун цэврийн байгууламжууд заавал байх ба Оршуулгад хамаарах үйлчилгээ. Ерөнхий шаардлага. MNS 6841:2020-д заасан байгууламж, өрөө, тасалгаагаар хангагдсан байна.
3.6.Шарил чандарлах газар шарил хүлээн авах үүдний танхим, хүйтэн агуулах, шарил чандарлах зуух, чандар боловсруулах, ёслолын, эмгэг судлал, ажилчдын болон ажилчдын ахуй хангамжийн өрөөнүүдтэй байна.
3.7.Чандарласан шарилыг оршуулгын газарт тусгайлан байгуулсан байгууламж, эсвэл байгальд оршуулах буюу оршоож болно.
3.8.Шарил чандарлах зуух нь зориулалтын байх ба температур, хүчилтөрөгчийн хэмжээ, шатаах хугацааг хянах, тохируулах боломжтой автомат удирдлага хяналтын системтэй байна.
3.9.Шарилыг 850°-аас дээш халаасан зууханд 850°-аас дээш температурт, илүүдэл агаартай орчинд чандарлана.
3.10.Шарил чандарлах газрын бүх өрөөнүүд агаар оруулж гаргах механик агааржуулалттай байна.
3.11.Шарил чандарлах зуухны яндангаар хаягдах утаанд хэмжилт хийхэд зориулсан яндангийн нүх, багаж тоног төхөөрөмж тавихад зориулсан тавцантай байна.
3.12.Чандарлах зуухны яндангаар гарах утаанд агуулагдах химийн хорт бодис нь Байгаль орчны хамгаалал. Чандарлах зуух (крематор)-ны яндангаар агаар мандалд хаягдах утааны найрлага дахь агаар бохирдуулах зарим бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5606-1:2016 стандартын шаардлага хангасан байна.
Дөрөв.Оршуулгын газрын ус хангамж, ариун цэврийн байгууламж, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт
4.1.Оршуулгын газар төвлөрсөн бус болон зөөврийн ус хангамжтай байна. Төвлөрсөн бус ус хангамжтай тохиолдолд усны эх үүсвэрт эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож хашаажуулах ба худгийн цооног барилга байгууламжтай байна.
4.2.Ундны усны хими, физик, нян судлалын үзүүлэлтүүд Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018 стандартын шаардлага хангасан байна.
4.3.Төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжтай тохиолдолд /энгийн бие засах газар/ Нүхэн жорлон угаадасны нүх. Техникийн шаардлага MNS 5924:2015-ын шаардлага хангасан байна.
4.4.Бага оврын цэвэрлэх байгууламжтай, механик, биологи цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийдэг бол цэвэрлэсэн бохир ус Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015 стандартын шаардлага хангасан байна.
4.5.Шарилыг оршуулах ажил гүйцэтгэсний дараа тээврийн хэрэгсэл, багаж хэрэгслийг цэвэрлэж халдваргүйжүүлнэ.
4.6.Оршуулгын газрын барилгажсан талбай, ногоон байгууламжийн бүс, тээврийн хэрэгслийн зогсоол, орох хаалганы дэргэд хогийн савыг байршуулна.
4.7.Хогийн сав нь хог хаягдлыг ангилах, ачих, цуглуулах технологид нийцсэн, галд тэсвэртэй материалаар хийгдсэн, салхиар тархах, хур тунадасны ус хуримтлагдахаас сэргийлсэн тагтай байна.
Тав.Оршуулгын газарт тавигдах дотоод хяналт
5.1.Байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй байх ба төлөвлөгөөг хэрэгжүүлэх орчны хяналт шинжилгээний хөтөлбөртэй байна.
5.2.Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт агаар, хөрс, гадаргын болон гүний усанд хяналт шинжилгээ хийх үзүүлэлт, давтамжийг тодорхойлсон байна. Гүний усны чанар, аюулгүй байдлыг хянах хяналтын цооногтой байна. Шинжилгээг итгэмжлэгдсэн лабораторид хийлгүүлнэ.
Зургаа.Оршуулах үйл ажиллагаанд тавигдах тусгай шаардлага
6.1.Цогцсыг нас барсан газраас өөр аймаг, нийслэл, сум, суурин газар авч явахаар бол нас барсан орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас онцгой аюулт халдварт өвчин, тодорхой бус шалтгаанаар нас бараагүй болохыг баталгаажуулсан албан бичгийг авна.
6.2.Онцгой аюултай халдварт өвчнөөр нас барсан шарилыг оршуулахдаа ЭМЯ-ны холбогдох газарт мэдэгдэж, заавар, зөвлөмжийн дагуу гүйцэтгэнэ.
6.3.Эмгэг судлал, анатомийн хог хаягдлыг (эрхтэн, эд эс гэх мэт) модон хайрцагт хийж оршуулгын газрын тусгайлан тогтоосон хэсэгт чандарлах буюу булшилж болно.
6.4.Байгалийн хүчин зүйлсийн нөлөөгөөр эвдэрч сүйдсэн, дахин төлөвлөлтийг эрх бүхий байгууллагаас шийдвэрлэсэн, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон оршуулгын газрыг тухайн орон нутгийн иргэдийн олонхын саналыг үндэслэн эрх бүхий төр захиргааны байгууллагын шийдвэрээр нүүлгэн шилжүүлж болно.
6.5.Оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлсний дараа хөрс орчныг мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэж нөхөн сэргээх ажлыг хийнэ.
Долоо.Хүний нөөцөд тавигдах шаардлага
7.1.Оршуулгын газрын ажилчид ажлын хувцас, амьсгалын замыг хамгаалах хэрэгслээр хангагдсан байна.
7.2.Газарт оршоох үйлчилгээ үзүүлдэг оршуулгын газрын ажилчид /газар шорооны ажил хийдэг/ татран өвчний вакцин хийлгэнэ
7.3.Оршуулгын газрын ажилчид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдана.
Найм. Хариуцлага
8.1.Зөрчил гаргасан гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
Текст томруулах
A
A
A