- Нүүр
- Сайдын тушаал
- УС ХАНГАМЖИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ТАВИГДАХ ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Эрүүл мэндийн сайдын 2023 оны 11 сарын 24-ны өдрийн А/406 дугаар тушаалын 8 дугаар хавсралт
УС ХАНГАМЖИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ТАВИГДАХ ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү дүрмийн зорилго нь ус хангамжийн худаг, ус түгээгүүрийн хоолой, ус нөөцлүүр, ус нөөцлөх сав, ус зөөврийн автомашины усны савны эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг тодорхойлж, хүн амын дунд усаар дамжин өвчлөл үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэхэд оршино.
1.2 Ус хангамжийн байгууллага, аж ахуйн нэгж энэхүү үлгэрчилсэн дүрэм болон Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийг мөрдлөг болгож, тэдгээрт нийцүүлэн ус хангамжийн онцлогт тохирсон дотоод журмыг батлан хэрэгжүүлж ажиллана.
1.3 Ус хангамжийн худаг, ус түгээгүүрийн хоолой, ус нөөцлүүр, ус нөөцлөх сав, ус зөөврийн автомашины усны савыг цэвэрлэх, халдваргүйжүүлэх, угаах зааврыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
Хоёр. Ус хангамжийн барилга байгууламжид тавигдах эрүүл ахуйн шаардлага
2.1 Ус хангамжийн эх үүсвэрийн худаг:
2.1.1 Ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг барих газрын байршил тогтоох, зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулахад эрүүл ахуйн хяналт хийлгэж дүгнэлт гаргуулна
2.1.2 Ус хангамжийн эх үүсвэрийн худгийн байршлыг тогтоохдоо усны хими, биологийн үзүүлэлтээр ундны усны стандартын шаардлага хангаж байгаа талаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулна.
2.1.3 Ус хангамжийн эх үүсвэрийн худагт эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тогтоож, дэглэмийг мөрдүүлнэ.
2.1.4 Эх үүсвэрийн худгийн эргэн тойрны хөрсний бүрэн бүтэн байдал алдагдаагүй, ан цав цууралт үүсээгүй байна.
2.1.5 Худаг нь цооногын хийц, гүн, нассос суулгасан гүн, усны ундарга, байршил зэрэг мэдээллийг агуулсан гэрчилгээтэй байна.
2.1.6 Ашиглалтын явцад усны дээж авах, ундарга, түвшинг хэмжих, ундаргыг сэргээх, цэвэрлэх, шавхалт ба халдваргүйжүүлэлт хийх боломжийг цооногийн хийцэд тусгана.
2.1.7 Худгийн барилга байгууламжид байрлуулах тоноглол, орон нутгийн онцлогоос хамааруулан цооногын амсарыг газраас дээр барилгад эсвэл газрын доор камерт байрлуулж болно.
2.1.8 Худгийн барилга байгууламжийн өндөр газрын дээр ба доор байрлахаас үл шалтгаалан тоног төхөөрөмжүүдийн хэмжээнээс хамаарах бөгөөд 2.4 м-ээс багагүй байна.
2.1.9 Газар дээрх худгийн барилга агаар сэлгэлт хийх боломжтой, байгалийн гэрэлтүүлэгтэй байна.
2.1.10 Цооногын амсрын хийц нь цооногын хоолойгоор дамжин гадны бохирдол гүний ус руу орохоос сэргийлж битүүмжлэгдсэн байна.
2.1.11 Худгийн барилга байгууламжийн хаяавчийг цементэлж битүүмжилсэн байна.
2.1.12 Худгийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд ашиглахгүй цооног байгаа тохиолдолд аюулгүй булж устгана.
2.1.13 Ус хангамжийн эх үүсвэрт цахилгааны нөөц эх үүсвэртэй байна.
2.1.14 Ус хангамжийн нөөц эх үүсвэртэй байх ба үерийн далан сувгийг мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ
2.1.15 Ус хангамжийн эх үүсвэр хуульд заасны дагуу 24 цагийн харуул хамгаалалттай байна.
2.1.16 Худгийн барилга байгууламжид өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийнэ.
2.1.17 Худагт засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийсэн талаарх мэдээллийг тусгасан техник ашиглалтын дэвтрийг ажлын байранд байрлуулсан байна.
2.1.18 Ус хангамжийн эх үүсвэрээс шууд нийтэд усыг түгээдэг бол Ус түгээх байрны стандартын шаардлагыг хангасан байна.
2.2 Ус дамжуулах, түгээх шугам хоолой
2.2.1 Ундны ус хангамжийн ус дамжуулах, түгээх шугам хоолойн тэнхлэгээс хоёр тийш 5 м-т хамгаалалтын зурвас тогтооно.
2.2.2 Шугам хоолойн хийцийн материал ган, ширэм, төмөр бетон, хуванцар байх ба чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан талаар үйлдвэрлэгчийн сертификат, шинжилгээний бичигтэй байна.
2.2.3 Ус дамжуулах, түгээх шугам хоолойд хаалтууд, хий гаргах вантуз, үл буцаах клапан, усны хэмжүүр, даралт, температур зэрэг хэмжих төхөөрөмжүүдээр тоноглож, шаардлагатай газруудад дамжуулах шугамын усыг юүлэх худаг хийж өгнө.
2.3 Ус нөөцлүүр:
2.3.1 Ус нөөцлүүр гэдэгт төвлөрсөн ус хангамжийн түгээх сүлжээний сайжруулсан буюу халдваргүйжүүлсэн усыг хадгалах зориулалтаар газар дор болон ил байрласан савыг ойлгох ба эрх бүхий мэргэжлийн байгууллагын боловсруулсан зураг төслийн дагуу хийнэ.
2.3.2 Ус нөөцлүүр ус оруулах, гаргах хоолой, юүлүүр хоолой, салхивчийн тоноглол, хүн орж гарах, тоног төхөөрөмж зөөх нээлхий, усны түвшин хэмжих, вакуум ба даралтын хяналтын төхөөрөмж, нөөцлүүрээс ус халихаас сэргийлэх төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Юүлүүр хоолой нөөцлүүрийн шалнаас 5 см-ээс ихгүй газар байрлана.
2.3.3 Ус нөөцлүүрийн хийцийн материал бетон, төмөр бетон, ган байна.
2.3.4 Ус нөөцлүүрийн хийцийн материал нь чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан талаар үйлдвэрлэгчийн сертификат, шинжилгээний бичигтэй байна.
2.3.5 Дулаалгагүй байранд буюу гадаа ил байрлах, дулаалгатай байранд газар доор байрлах ус нөөцлүүрийн барилга байгууламжид агаарын хамгийн хүйтэн температурт /-40 градуст/ усны хэм 40 гадусаас дээш байхаар тооцно.
2.3.6 Гадаа ил байрласан ус нөөцлүүрийн барилга байгууламжийг шороон овоолгоор дулаална.
2.3.7 Ус нөөцлүүрийн ханаар нэвтрэн гарах хоолойн хэсгийг ус нэвтрүүлдэггүй материалаар хийнэ.
2.3.8 Усанд замаг үүсэхээс сэргийлж ус нөөцлүүр, ус өгөх, зайлуулах шугам хоолой дахь ус байнгын хөдөлгөөнд байхаар төлөвлөх шаардлагатай.
2.3.9 Ус нөөцлүүрийн нээлхийг ус орох, гарах хоолойн харалдаа байршуулах ба гадны бохирдол орохоос сэргийлж битүүмжлэн таглаж лацадна.
2.3.10 Ус нөөцлүүрт агаарын солилцоо явагдах боломжоор хангаж агааржуулалтын хоолойг төлөвлөнө. Агааржуулалтын хоолой ус нөөцлүүрээс дээш 2 м-ээс багагүй өндөр байх ба малгайвчтай байна.
2.3.11 Ус нөөцлүүрт эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар баталсан журманд заасны дагуу тогтоож, бүсийн хэмжээгээр хашаажуулна.
2.3.12 Ус нөөцлүүрийн хашаанд ажилчидаас бусад зөвшөөрөлгүй хүн нэвтрэхийг хориглоно.
2.3.13 Ус нөөцлүүрийн хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор цахилгааны нөөц эх үүсвэртэй байна.
2.3.14 Ус нөөцлүүрийн багтаамж, хийцийн материал, техникийн үзүүлэлт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийсэн талаарх мэдээллийг тусгасан техник ашиглалтын дэвтрийг ажлын байранд байрлуулсан байна.
2.4 Ус нөөцлөх сав:
2.4.1 Ус нөөцлөх сав гэдэгт усны чанар, аюулгүй байдлыг ханган түр хугацаагаар нөөцлөх эрүүл ахуйн шаардлага хангасан, хэмжих хэрэгсэл бүхий зориулалтын савыг хэлэх ба зөөврийн ус түгээх байр, төвлөрсөн бус ус хангамжийн худаг, ус хангамжийн хэвийн хэрэглээг хангах зорилгоор өндөр барилгуудад байршуулна.
2.4.2 Ус нөөцлөх савыг байршуулах байр байгалийн болон зохиомол гэрэлтүүлэгтэй, агаар оруулж гаргах механик агааржуулалтай байна.
2.4.3 Ус нөөцлөх савны дээд хэсэг байрны тааз хоорондын зай 70 см-ээс багагүй хэмжээтэй байна.
2.4.4 Ус нөөцлөх савыг ган болон хуванцар материалаар хийх ба чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан талаар үйлдвэрлэгчийн сертификат, шинжилгээний бичигтэй байна.
2.4.5 Ус нөөцлөх сав нь ус болон ариутгалын бодистой урвалд орж элдэв амт үнэр үүсгэдэггүй, халдваргүйжүүлж цэвэрлэх боломжтой, зэврэлт үүсдэггүй, савны ёроолд үлдсэн усыг бүрэн юүлэх цорго, усны түвшин хэмжигчтэй байна.
2.4.6 Зөөврийн ус түгээх байрны ус нөөцлөх савны ус хүлээн авах зориулалтын хоолой нь гадна талаасаа битүүмжлэгдсэн тагтай, ус нөөцөлсөний дараа цоожилж, лацдан битүүмжилж аюулгүй байх нөхцлөөр хангана.
2.4.8 Ус түгээх байр, худаг болон ундны устай холбогдож ажилладаг ажилчид эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд жилд 2 удаа хамрагдах ба хөдөлмөр хамгааллын хувцсаар хангагдана.
2.5 Ус зөөврийн автомашины усны сав:
2.5.1 Ус зөөврийн автомашины усны сав ус болон ариутгалын бодистой урвалд орж элдэв амт үнэр үүсгэдэггүй, халдваргүйжүүлж цэвэрлэх боломжтой, зэврэлт үүсдэггүй материалаар хийгдсэн байна.
2.5.2 Усны савыг усаар дүүргэсний дараа таглаж битүүмжлэх ба ус дуустал тагийг онгойлгохгүй байна.
2.5.3 Ус зөөврийн автомашины ус түгээгүүрийн хоолойг бохирдохоос сэргийлэн хошуувч хийж өлгөнө.
2.5.4 Ус зөөврийн автомашины жолооч эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд жилд 2 удаа хамрагдаж, хөдөлмөр хамгааллын хувцсаар хангагдана.
Гурав. Ус хангамжийн эх үүсвэрийн худаг, ус дамжуулах, түгээх шугам хоолой, ус нөөцлүүр, ус нөөцлөх сав, ус зөөврийн автомашины усны савыг цэвэрлэх, халдваргүйжүүлэх, угаах үйл ажиллагаанд тавигдах эрүүл ахуйн шаардлага:
3.1 Худгийн ус нян судлал, аммиак, нитрат, нитритын үзүүлэлтээр стандартын шаардлага хангахгүй болсон тухай дүгнэлт гарах, засвар үйлчилгээ хийсэн тохиолдолд цэвэрлэж лайдан халдваргүйжүүлэлт хийнэ.
3.2 Ус дамжуулах, түгээх шугамыг ашиглалтад шинээр өгөх, урсгал болон их засвар хийсэн, лабораторийн шинжилгээгээр нян судлалын үзүүлэлт удаа дараа муу гарсан тохиолдолд цэвэрлэж халдваргүйжүүлж угаана.
3.3 Ус нөөцлүүрийг шинээр барьж ашиглалтад оруулах, ус нөөцлөх савыг шинээр тавих, ундны ус нян судлал, аммиак, нитрат, нитритын үзүүлэлтээр стандартын шаардлага хангахгүй болсон тухай дүгнэлт гарах, техник ашиглалтын төлөвлөгөөт үзлэг, засвар хийх, графикт хугацаа болсон тохиолдолд цэвэрлэж халдваргүйжүүлж угаана.
3.4 Ус зөөврийн автомашин шинээр авах, удаан хугацаагаар ажиллаагүй зогссон, графикт хугацаа болсон тохиолдолд цэвэрлэж, халдваргүйжүүлж, угаана.
3.5 Ус хангамжийн байгууллага ус нөөцлүүр, ус нөөцлөх сав, ус зөөврийн автомашины усны савны том, жижиг, материалаас шалтгаалж цэвэрлэх, халдваргүйжүүлэх, угаах давтамжийг тогтоож, график гарган байгууллагын даргаар батлуулна.
3.4 Төвлөрсөн ба төвлөрсөн бус ус хангамжийн үйл ажиллагаа эрхэлдэг ус хангагч байгууллага худгийн цооног, ус дамжуулах, түгээх хоолой, ус нөөцлүүр, ус түгээх байрны ус нөөцлөх сав, ус зөөврийн автомашины усны савыг цэвэрлэх, халдваргүйжүүлах, угаахдаа байгууллагын даргын тушаалаар ажлын хэсгийг томилж ажииллуулна.
3.5 Худгийн цооног, ус дамжуулах, түгээх хоолой, ус нөөцлүүр, ус түгээх байрны ус нөөцлөх сав, ус зөөврийн автомашины усны савыг цэвэрлэх, халдваргүйжүүлах, угаахдаа эрүүл ахуйч болон мэргэжлийн ажилтнаар хийлгэх ба дээрх мэргэжлийн ажилтангүй тохиолдолд тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ.
3.6 Худгийн цооног, ус нөөцлүүр, ус нөөцлөх сав, ус зөөврийн автомашины усны сав нь техник ашиглалтын паспорттай байх ба цэвэрлэж, халдваргүйжүүлж, угаалга хийх бүрд тэмдэглэл хөтөлж, актыг хавсаргана.
3.7 Худгийн цооног, ус дамжуулах, түгээх хоолой, ус нөөцлүүр, ус нөөцлөх сав, ус зөөврийн автомашины усны савыг цэвэрлэж, халдваргүйжүүлж, угаах ажиллагааг гүйцэтгэхийн өмнө усанд хийсэн нян судлалын шинжилгээний дүн, савны битүүмжлэл, цоож, лац, ус юүлэх хоолой, ус нөөцлүүрийн шугам, салхивчийн босоо хоолойд техникийн үзлэг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулан, техник ашиглалтын паспортад тэмдэглэнэ.
3.8 Худгийн цооног, ус дамжуулах, түгээх хоолой, ус нөөцлүүр, ус нөөцлөх сав, ус зөөврийн автомашины савны багтаамжаас хамааран угааж, цэвэрлэхэд шаардагдах усны тооцоог гаргах, халдваргүйжүүлэх бодисын сонголтыг хийж, хлорын идэвхийг итгэмжлэгдсэн лабораторид тодорхойлуулсан байна.
3.9 Худгийн цооног, ус дамжуулах, түгээх хоолой, ус нөөцлүүр, ус нөөцлөх сав, ус зөөврийн автомашины савыг цэвэрлэх, халдваргүйжүүлэх, угаах ажлыг гүйцэтгэх ажилтнуудад уг ажиллагаатай холбоотой тодорхой мэдээлэл өгч, ажлын дэс дараалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, халдваргүйжүүлэх бодистой хэрхэн харьцаж ажиллах талаар тодорхой зааварчилгаа өгөх ба зааварчилгаа авсан ажил гүйцэтгэгч гарын үсэг зурж баталгаажуулна.
Дөрөв. Эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох
4.1. Энэхүү дүрмийг дагаж мөрдөх үүрэг хариуцлагыг ус хангагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төв, Сууц өмчлөгчдийн холбоо хүлээнэ.
4.2. Үлгэрчилсэн дүрмийн хэрэгжилтэд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын /ахлах/ байцаагч нар хяналт тавина.
4.3. Зөрчил гаргасан буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол "Эрүүл ахуйн тухай" хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
4.4. Үлгэрчилсэн дүрмийг ноцтой зөрчсөн, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллаагүйгээс усаар дамжих халдварт өвчлөл гарсан буюу гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын /ахлах/ байцаагч нь ус нөөцлүүр, ус нөөцлөх сав, ус зөөврийн автомашины усны савыг түр ашиглахгүй байх акт үйлдэх, зөрчил дутагдлыг арилгуулах талаар үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах арга хэмжээ авна.
Текст томруулах
A
A
A