A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 463

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 222 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам"-д доорх агуулгатай 5.3 дахь заалт нэмсүгэй:

"5.3.Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих авто зам, замын байгууламжийн барилга, их засвар, ээлжит засвар, арчлалтын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр тооцох борлуулалтын үнэлгээ нь нэг шоо метр тутамд 1 төгрөг байна."

2.Мөн журмын 5.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"5.2.Концессын гэрээгээр барих болон тусгай зориулалтын авто зам барихад ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр тооцох борлуулалтын үнэлгээ нь нэг шоо метр тутамд 5000 төгрөгөөс хэтрэхгүй байна."

3.Мөн журмын 5.3 дахь заалтын дугаарлалтыг "5.4." гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ