A

A

A

Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 10

Улаанбаатар хот

БАГЦ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.8.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах, төлбөрийг нь санхүүжүүлэх журам"-ыг нэгдүгээр, "Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц, төлбөрийн хэмжээ"-г хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /С.Төгсдэлгэр/-д ДААЛГАХ нь:

2.1.Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах үйл ажиллагаанд оролцогч байгууллагууд, тусламж, үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагуудад тогтоолыг танилцуулах, сурталчлах, нэгдсэн удирдлага, бодлогын зохицуулалтаар хангах, хяналт тавих, хамралтыг эрчимжүүлэх, хүртээмжийг сайжруулах ажлыг зохион байгуулах;

2.2.Даатгуулагчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээг үзүүлэх эмнэл зүйн заавар, удирдамж, товлол, давтамж, зохион байгуулалт, холбогдох бусад журамд шаардлагатай үед нэмэлт, өөрчлөлтийг оруулах;

2.3.Даатгуулагчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудын цахим системийг хөгжүүлж, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулах, эрүүл мэндийн даатгалын цахим системд бодит цагийн горимоор холбох арга хэмжээг авч ажиллах;

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (Л.Бямбасүрэн)-т ДААЛГАХ нь:

3.1.Даатгуулагчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх чадавхи бүхий эрүүл мэндийн байгууллагыг сонгож, даатгалын гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

3.2.Иргэд, даатгуулагч, эрүүл мэндийн байгууллагуудад мэдээлэл хүргэх, сурталчлах ажлыг шуурхай зохион байгуулах;

3.3.Эрүүл мэндийн даатгалын цахим програм хангамжинд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах;

3.4.Эрүүл мэндийн байгууллагуудаас үзүүлж буй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг холбогдох эрх зүйн хүрээнд худалдан авах, нэхэмжлэлийг бодит цагийн горимоор хүлээн авч, чанарын болон төлбөрийн хяналтыг үндэслэн санхүүжилтийг олгох;

3.5.Даатгуулагчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний хэрэгжилтэд хагас, бүтэн жилээр үнэлгээ хийж, үр дүнг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд танилцуулах;

4.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналт, санхүүжилт, төлбөр тооцооны програм, цахим системд шаардлагатай нэмэлт хөгжүүлэлтийг хийж, бодит цагийн горимд бүрэн шилжүүлэх, иргэнд чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

6.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

7.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын алба /Т.Батмөнх/-нд үүрэг болгосугай.

ДАРГА С.ЧИНЗОРИГ