- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГЫГ ТОДОРХОЙЛОХ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Нийгмийн даатгалын ерөнхий ерөнхий газрын даргын
2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн
А/139 дугаар тушаалын хавсралт
ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГЫГ ТОДОРХОЙЛОХ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
НЭГ. Зорилго
Даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох, хэрэглэх, 1995 оноос өмнөх үеийн цалин хөлс нь архивын, эсхүл санхүүгийн баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд үндэсний ажил, мэргэжлийн жишиг цалинг баримтлан тэтгэвэр тогтоолгох харилцааг зохицуулахад энэ журмыг мөрдөнө.
ХОЁР. Хамрах хүрээ
Энэхүү журмаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай /шинэчилсэн найруулга/, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох, итгэлцүүр хэрэглэх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн "Тэтгэвэр тогтоолгох үндэсний ажил, мэргэжлийн жишиг цалин батлах тухай" А/136 дугаар тушаалаар баталсан 1995 оноос өмнөх хугацааны ажил, мэргэжлийн жишиг цалинг хэрэглэх, тэтгэвэр тогтоох, хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбогдох харилцааг зохицуулна.
ГУРАВ. Хамаарах талууд
Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газар, Хяналт шалгалтын газар, Мэдээллийн технологийн төв, аймаг, нийслэл, дүүргийн Нийгмийн даатгалын газар, тасаг, сумын байцаагч, архивын байгууллага, ажил олгогч, даатгуулагч, иргэн, тэтгэвэр авагч.
ДӨРӨВ. Баримт бичгийн хариуцагч
Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газар.
ТАВ. Нэр томьёоны тодорхойлолт
5.1."Цалин хөлс, түүнтэй адилтгах орлого" /цаашид "цалин хөлс" гэх/ Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д заасныг хэлнэ.
5.2."Итгэлцүүр" гэж Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг хэлнэ.
5.3."Үндэсний ажил, мэргэжлийн жишиг цалин" гэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан цалингийн хэмжээг ойлгоно.
5.4."Ажил, мэргэжил" гэж тэтгэвэр авагч, даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа, шүүхийн шийдвэрт бичигдсэн ажил, албан тушаалыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 16 дугаар тушаалаар баталсан "Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт "ҮАМАТ"-08"-ыг баримтлан тодорхойлсныг хэлнэ.
ЗУРГАА. Тэтгэвэр тогтоолгох цалин хөлсийг тодорхойлох, хянах
6.1.Даатгуулагч (иргэн)-ийн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай /шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.4, 7 дугаар зүйлийн 7.4, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шимтгэл төлсөн цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд шимтгэл төлсөн сарын тоонд хуваах замаар тодорхойлно.
Санамж1. Даатгуулагч (иргэн) 5-аас доош жил шимтгэл төлсөн байх нөхцөлөөр хөдөлмөрийн чадвараа алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн боловч уг даатгуулагч нь нийтдээ 60 сараас дээш шимтгэл төлсөн бол 60 сарын цалин хөлсний нийлбэрийг 60 сард хуваах замаар сарын дундаж цалин хөлсийг тодорхойлно.
6.2.Даатгуулагч (иргэн) 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан цалин хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүссэн тохиолдолд түүний тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх өөрт нь ашигтай дараалсан 5 жилийн цалин хөлсний талаар зөвлөж уг хугацаанд авч байсан цалин хөлсний тодорхойлолтыг маягт (Б-НД-5)-аар ажил олгогчийн санхүүгийн баримтыг үндэслэн гаргуулан авна.
Санамж2.Энэ тохиолдолд ажил олгогч нь татан буугдсан зэрэг шалтгаанаар тодорхойлох боломжгүй бол архивын лавлагаа гаргуулан авна.
Санамж3. Нийгмийн даатгалын улсын байцаагч нь даатгуулагч, ажилтны цалин хөлсний тодорхойлолт, архивын лавлагааны үндэслэлийг аж, ахуйн нэгж байгууллагын санхүүгийн баримтад болон Нийгмийн даатгалын ерөнхий газар, Архивын ерөнхий газрын хооронд байгуулсан 2023 оны ХАГ/2023-07,НД-74/23 дугаар "Хамтран ажиллах гэрээ"-нд заасны дагуу архивын баримтад тулгуурлан шалгаж болно.
6.3.Энэ журмын 6.2-т заасан даатгуулагч (иргэн)-ийн 1995 оноос өмнөх цалин хөлс нь архивын баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд энэ журмын 7.1-д заасны дагуу жишиг цалинг баримтална.
Санамж4. 2024 оноос эхлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/136 дугаар тушаалаар баталсан "Тэтгэвэр тогтоолгох үндэсний ажил, мэргэжлийн жишиг цалин"-д заасан холбогдох ажил мэргэжил, албан тушаалд харгалзсан жишиг цалинг баримтална.
6.4.Даатгуулагч (иргэн) нь 1995 оноос хойш ажилласан хугацаанд шимтгэл төлсөн цалин хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүссэн тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх өөрт нь ашигтай дараалсан 5 жилийн цалин хөлсний талаар зөвлөж тухайн хугацааны шимтгэл төлсөн цалин хөлсийг сонгож болно.
Санамж5. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 7.4.1, 7.4.2, 7.4.4-7.4.9, 7.5.2-т заасан даатгуулагч нь нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, улсын төсөв эсхүл нийгмийн даатгалын сангаас төлөгдсөн хугацаанд шимтгэл тооцон төлсөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэтгэвэр тогтоолгох дундаж цалин хөлсөнд оруулан тооцуулах хүсэлт гаргасан тохиолдолд уг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулж болно.
Санамж6. Ажил олгогч нь ажилтныхаа цалин хөлс, ээлжийн амралтын олговор зэрэг хоёр ба түүнээс дээш сарын цалин хөлсийг нэгтгэн нэг сард тайлагнасан нь тухайн үед мөрдсөн даатгуулагчийн шимтгэл төлөх сарын цалин хөлсний дээд хэмжээнээс давсны улмаас уг цалин хөлсийг зөвхөн нэг сард тооцох нөхцөл үүссэн тохиолдолд ажил олгогчийн хүсэлт, залруулгын тайлан, цалин хөлсний санхүүгийн баримтыг үндэслэн нэгтгэн тайлагнасан цалин хөлсийг холбогдох саруудад нь залруулан, үүссэн шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлснээр дундаж цалин хөлсийг тодорхойлж болно.
6.5.Даатгуулагч (иргэн) нь үндсэн ажлын цагаасаа бусад цагт Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээний дагуу хэд хэдэн ажил давхар эрхэлж авсан цалин хөлсийг дундаж цалин хөлсөнд оруулах тохиолдолд "Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил үйлчилгээний орлогод шимтгэл ногдуулах хуудас"-ыг эсхүл нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг хавсаргана.
6.6.Даатгуулагч (иргэн)-ийн тэтгэвэр тогтоолгох дундаж цалин хөлсийг тодорхойлох 5 жилийн буюу 60 сарын хугацаанд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу шимтгэл нөхөн төлсөн хугацаа орохоор бол уг хугацааны сар бүрийн цалин хөлсийг 420.0 мян.төгрөгөөр тооцож тэтгэвэр тогтоолгох дундаж цалин хөлсийг тодорхойлно.
6.7.Даатгуулагч (иргэн)-ийн тэтгэвэр тогтоолгох дундаж цалин хөлсийг тодорхойлох 5 жилийн буюу 60 сарын хугацаанд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу шимтгэл нөхөн төлсөн хугацаа орохоор бол уг хугацааны хөдөлмөрийн хөлсийг тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон тэтгэвэр тогтоолгох дундаж цалин хөлсийг тодорхойлно.
6.8.Ажил олгогч нь шимтгэл төлөлтийн тайланд "даатгуулагчийн төрлийн код"-ыг буруу тайлагнасан нь тэтгэврийн даатгалд төлсөн шимтгэлийн хэмжээнд өөрчлөлт орохооргүй бол тухайн даатгуулагчийн төрлийг залруулахгүй.
Санамж7.Үндсэн ажлын цагаасаа бусад цагт Хөдөлмөрийн тухай хуулийн 57 зүйлд заасан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээний дагуу хэд хэдэн ажил давхар эрхэлсэн эсхүл тэтгэвэр тогтоолгосны дараа ажил хөдөлмөр эрхэлсэн зэрэг даатгуулагчийн тухайн сарын цалин хөлсний хэмжээ нь өөрчлөгдөхгүй тохиолдолд уг цалин хөлсийг бүртгэсэн "даатгуулагчийн төрлийн код"-ыг өөрчлөхийг шаардахгүй байж болно.
6.9.Тэтгэвэр тогтоолгох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор баталсан "Тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүр"-ийг хэрэглэнэ.
Санамж8.Тэтгэвэр бодох сар бүрийн цалинд шинэ итгэлцүүр хэрэглэхдээ сарын цалингийн дээд хэмжээг Засгийн газрын 2023 оны "Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай" 238 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт заасныг баримтална.
Санамж9. Даатгуулагчийн энэ журмын 6.6-д заасны дагуу шимтгэл нөхөн төлсөн хугацааны хөдөлмөрийн хөлс (420.000 төг)-нд Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор баталсан "Тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүр"-ийг хэрэглэхгүй.
Санамж10. Даатгуулагчийн энэ журмын 6.7-д заасны дагуу шимтгэл нөхөн төлсөн хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор баталсан "Тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүр"-ийг хэрэглэнэ.
ДОЛОО.Үндэсний ажил, мэргэжлийн жишиг цалин хэрэглэх
7.1.Дараах тохиолдолд үндэсний ажил мэргэжлийн жишиг цалин /цаашид "жишиг цалин" гэх/-г үндэслэн даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлсийг тодорхойлно:
7.1.1.Энэ журмын 6.3-т заасны дагуу тэтгэвэр тогтоолгосон иргэний сонгосон нийт онуудын эсхүл зарим саруудын 1995 оноос өмнөх цалин хөлсийг тодорхойлох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй, олдохгүй байснаас шалтгаалан сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохгүйгээр тэтгэврийг нь тэтгэврийн доод хэмжээгээр тогтоосон бол тэтгэвэр авагчийн хүсэлтийн дагуу жишиг цалинг баримтлан тэтгэврийг нь өөрчлөн тогтоож болно;
7.1.2.Даатгуулагч 1995 оноос өмнө авч байсан цалин хөлсөө сонгон шинээр тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан боловч тухайн сонгосон онуудын нийт эсхүл зарим саруудын цалин хөлсний хэмжээ нь архивын баримтаар нотлогдохгүй, архивын сан хөмрөгт байхгүй, олдохгүй байгаа бол тухайн саруудын цалин хөлсийг жишиг цалингаар орлуулан тооцож болно.
7.2.Тэтгэвэр авагч, даатгуулагч, иргэн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1995 он хүртэлх хугацааны ажилласан жилээ нөхөн тооцуулсан тохиолдолд түүний тэтгэвэр тогтоолгох цалин хөлсийг тодорхойлоход жишиг цалинг хэрэглэхгүй.
Санамж11.Даатгуулагч (иргэн) өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1994 онд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан хугацаанд ажилласан жил нь тасарсны улмаас уг хугацааг ажилласнаар нөхөн тооцуулсан бол энэхүү хугацааны дундаж цалин хөлсийг тооцоход жишиг цалинг хэрэглэ
хгүй.
7.3.Тэтгэврийг нь сарын дундаж цалин хөлсийг үндэслэн тогтоосон тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг жишиг цалинг хэрэглэн дахин өөрчлөн тогтоохгүй.
НАЙМ. Тэтгэвэр тогтоосон дундаж цалин хөлсийг өөрчлөх
8.1.Тэтгэвэр тогтооход баримталсан дундаж цалин хөлсийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд өөрчлөхгүй. Өөрөөр хэлбэл тэтгэвэр бодуулсан дундаж цалинг өөр онуудын цалингаар солихгүй.
8.2. Дараалсан зургаа, долоон жилийн дундаж цалин хөлснөөс тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг тэтгэвэр авагчийн хүсэлтэд үндэслэн нэг удаа өөрчлөн тогтооно. Энэ тохиолдолд тэтгэвэр авагч шимтгэл төлсөн сүүлийн 20 жил доторх дараалсан өөр 5 жилийн шимтгэл төлсөн цалинг сонгож болно.
8.3.Энэ журмын дагуу тэтгэвэр авагчийн тэтгэврийг өөрчлөн тогтоохдоо Засгийн газрын 2023 оны оны 238 дугаар тогтоолоор баталсан "Тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүр"-ийг хэрэглэнэ.
ЕС. Хяналт, хариуцлага
9.1.Ажил олгогч нь ажилтан, иргэний энэ журмын 6.2-т заасан цалин хөлсний тодорхойлолтыг санхүүгийн баримтаас үнэн зөв гаргаж тодорхойлох үүрэг хүлээнэ.
9.2.Цалин хөлсний тодорхойлолт, бусад баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсний улмаас тэтгэврийг үндэслэлгүй эсхүл илүү тогтоолгон авсан бол буруутай этгээдээр тэтгэврийг нөхөн төлүүлж холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
9.3.Энэхүү журмын хэрэгжилтэд нийгмийн даатгалын байгууллага болон хуулиар тогтоосон чиг үүргийн бусад байгууллага хяналт тавина.
9.4.Энэ журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A