- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- 2024 ОНЫГ "БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" БОЛГОН ЗАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 481
Улаанбаатар хот
2024 ОНЫГ "БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" БОЛГОН ЗАРЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 12.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласугай.
2."Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.
3.Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төслийн хэлэлцүүлгийг хөгжлийн бүс тус бүрээр болон нэгдсэн байдлаар 2024 оны 01 дүгээр улиралд багтаан зохион байгуулах арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нарт даалгасугай.
4.Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төслийг боловсруулах, холбогдох тооцоо, судалгаа хийх, санал өгөх чиглэлээр хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагад даалгаж, нутгийн өөрөө удирдах байгууллага, улс төрийн нам, эвсэл, мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад уриалсугай.
5.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нарт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
