A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ БАГШ, АЖИЛТАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА, МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ШАЛГАЛТЫН ЖУРАМ
Бүлэг: 1979

Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/251дугаар тушаалын хавсралт

 

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ БАГШ, АЖИЛТАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА, МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ШАЛГАЛТЫН ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ журмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ (цаашид "хууль" гэх)-д заасны дагуу худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан (цаашид "мэргэшсэн ажилтан" гэх) бэлтгэх, худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллага, түүний багш, ажилтанд тавигдах шаардлага, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, шалгалтад холбогдох харилцааг зохицуулна.

 

1.2.Худалдан авах ажиллагааны сургалт дараах төрөлтэй байна. Үүнд:

 

1.2.1.мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт;

 

1.2.2.мэргэшүүлэх сургалт.

 

1.3.Энэ журмын 1.2.1-д заасан сургалтад хамрагдаж мэргэшсэн ажилтны гэрчилгээ эзэмшигч нь хуулийн 50.3-т заасан үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах эрхтэй болно.

 

Хоёр.Мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт

 

2.1.Мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт танхимын, танхимын бус болон эдгээрийн хосолсон хэлбэртэй байна.

 

2.2.Танхимын бус сургалт төлбөргүй, суралцагч хөтөлбөрийн дагуу бие даан судална.

 

2.3.Танхимын бус сургалтад зайн, хувилбарт болон цахим дадлага-сургалт хамаарна.

 

2.4.Мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт зохион байгуулах хүн, хуулийн этгээдэд хууль, журмаар шаардлага тавихгүй.

 

2.5.Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид "мэргэжлийн байгууллага" гэх) худалдан авах ажиллагааны цахим системийн "сургалт" хэсэгт мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөр, гарын авлагыг байршуулна.

 

Гурав.Мэргэшүүлэх сургалт

 

3.1.Сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагааны чиглэл бүхий хуулийн этгээд худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх, чадавх бэхжүүлэх сургалтыг зохион байгуулна.

 

3.2.Худалдан авах ажиллагаа, түүнтэй холбоотой сэдвийн хүрээнд холбогдох салбарын албан хаагч, ажилтан, эсхүл сургагч багшаар дамжуулан мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж болно.

 

3.3.Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтыг заах албан хаагч, ажилтан, эсхүл сургагч багш нь худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, бодлого, заавар, журамд нийцүүлэн олон улсын туршлагад тулгуурлан онол, дадлага хослуулан сургалтыг зохион байгуулна.

 

3.4.Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт дараах агуулгыг заавал тусгана. Үүнд:

 

-          Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн танилцуулга;

-          Тендер шалгаруулалт зохион байгуулах;

-          Тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулах заавар, аргачлал;

-          Захиалагч шийдвэр гаргах;

-          Тендер шалгаруулалтын аргын танилцуулга;

-          Худалдан авах ажиллагааны цахим систем;

-          Цахим дэлгүүрээс худалдан авалт зохион байгуулах;

-          Гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээний нөхцөл;

-          Худалдан авах ажиллагааны удирдлага;

-          Гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх;

-          Бусад.

 

3.5.Мэргэжлийн байгууллага нь захиалагч, аж ахуй эрхлэгчийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах зорилгоор худалдан авах ажиллагааны цахим системийн ашиглалт, худалдан авах ажиллагааны талаар сургалт зохион байгуулна.

 

3.6.Сангийн яам, мэргэжлийн байгууллага нь захиалагч нарт болон аймаг, нийслэл, дүүрэг дэх худалдан авах ажиллагааны нэгжийн ажилтан, албан тушаалтны чадавх бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж болно.

 

Дөрөв.Мэргэжлийн байгууллагын эрх, үүрэг

 

4.1.Мэргэжлийн байгууллага мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгох шалгалтыг зохион байгуулна.

 

4.2.Мэргэжлийн байгууллага аймаг, нийслэл, дүүрэг дэх худалдан авах ажиллагааны нэгжийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж сургалт, мэдээлэл өгнө.

 

4.3.Мэргэжлийн байгууллага энэ журмын 4.2-т заасан чиг үүргийг мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

 

4.4.Мэргэжлийн байгууллагын аймаг, нийслэл, дүүрэг дэх худалдан авах ажиллагааны нэгж цахим дэлгүүрээс бараа, үйлчилгээ худалдан авахад дэмжлэг үзүүлж, сургалт зохион байгуулна.

 


Тав.Мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгох шалгалт

 

5.1.Энэ журмын 1.2-т заасан сургалтад хамрагдсан иргэн мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгох шалгалт өгөх эрхтэй.

 

5.2.Суралцагч худалдан авах ажиллагааны цахим системд бүртгүүлж шалгалтад орох эрхийг баталгаажуулна.

 

5.3.Мэргэжлийн байгууллагын аймаг болон нийслэлийн алслагдсан дүүрэг /Багануур, Багахангай, Налайх/ дэх худалдан авах ажиллагааны нэгж мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгох шалгалтыг зохион байгуулж, мэргэжлийн байгууллага хяналт тавьж ажиллана.

 

5.4.Суралцагч оршин суугаа хаяг, харьяаллын дагуу шалгалт өгнө.

 

5.5.Шалгалт зохион байгуулахтай холбогдох хураамжийг шалгалтад оролцогч хариуцна.

 

5.6.Мэргэжлийн байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүн шалгалт өгөх нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллана.

 

5.7.Шалгалтад 90 хувиас доошгүй хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд шалгалтад оролцогчид гэрчилгээ олгоно.

 

5.8.Мэргэжлийн байгууллага шалгалтад оролцогчийн шалгалтын дүнг худалдан авах ажиллагааны цахим системд шалгалт дуусмагц нийтэлнэ.

 

5.9.Мэргэжлийн байгууллага шалгалтад тэнцсэн иргэнийг Сангийн сайдын тушаалаар батлагдсан "Бүртгэл хөтлөх, мэдээллийг баталгаажуулах журам"-д заасны дагуу мэргэшсэн ажилтны бүртгэлд бүртгэнэ.

 

5.10.Суралцагч шалгалт өгөөд тэнцээгүй бол сургалтыг дахин судална.

 

5.11.Шалгалтад оролцогчийг дараах тохиолдолд танхимаас гаргана:

5.11.1.шалгалтад оролцогч бусад иргэн болон шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан;

5.11.2.шалгалтын явцад бусадтай дохио зангаагаар харилцсан, ярилцсан, эсхүл зөвшөөрөлгүйгээр суудлаа орхисон;

5.11.3.шалгалтын үйл ажиллагаанд саад болох, нөлөөлөх зүйлс /гар утас, таблет, ухаалаг цаг болон бусад төхөөрөмж/ ашиглахыг завдсан;

5.11.4.шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавьж буй ажилтны зохих ёсны шаардлагыг биелүүлээгүй.

 

5.12.Шалгалтад өөр иргэн оруулсан, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал мэдүүлсэн тохиолдолд тухайн иргэний шалгалтыг хүчингүй болгоно.

 

Зургаа.Гэрчилгээ олгох, хүчинтэй хугацаа

 

6.1.Гэрчилгээнд эцэг/эхийн нэр, суралцагчийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, сургалтын төрөл, олгосон огноо, нууцлалын код /QR/, бүртгэлийн дугаарыг агуулсан байна.

 

6.2.Энэ журмын 6.1-д заасан QR кодоор цахим хэлбэрээр гэрчилгээний хүчинтэй байдлыг шалгах боломжтой байна.

 

6.3.Мэргэжлийн байгууллага худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээг хугацаагүйгээр олгоно.

 

6.4.Сангийн сайдын тушаалаар батлагдсан "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам"-д  зааснаар үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээлэлд зөрчлийн талаар тэмдэглэл хөтлүүлсэн мэргэшсэн ажилтан нэг жилийн хугацаа өнгөрсний дараа зөвхөн энэ журамд заасан сургалтад хамрагдаж болно.

 

Долоо.Хариуцлага

 

7.1.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

7.2.Мэргэжлийн байгууллага захиалагч, эрх бүхий этгээдээс ирүүлсэн мэдэгдлийн дагуу худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээг хүчингүй болгоно.

 

 

---оОо---

 

 

 

1