A

A

A

Бүлэг: 1979

 

Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25 -ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралт

 

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ журмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн (цаашид "хууль" гэх)-д заасны дагуу сонирхогч этгээд, оролцогчоос хуулийн 58, 59 дүгээр зүйлд зааснаар өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар" гэх), санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид "Сангийн яам" гэх)-д гомдол гаргах, хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулна.

 

1.2.Хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу захиалагчид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ журам хамаарахгүй.

 

1.3.Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ.

 

1.4.Гомдол хууль болон энэ журамд заасан бүрдүүлбэр, агуулгад тавигдах шаардлагад нийцсэн байна.

 

Хоёр.Гомдолд тавих бүрдүүлбэрийн шаардлага

 

2.1.Гомдол дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

2.1.1.албан бичгийг хуульд заасан хугацааны дотор гомдол хянан шийдвэрлэх байгууллагад эх хувиар, эсхүл албан бичиг солилцооны дундын систем ("DocX систем")-ээр баталгаажуулж хүргүүлэх;

 

2.1.2.гомдлыг Монгол хэлний тухай хуулийн 6.7-д нийцүүлж монгол хэлээр үйлдсэн байх;

 

2.1.3.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38.1-д заасан бүрдүүлбэрийг хангах;

 

2.1.4.гарын үсэг, тамга /тэмдэг/-ийг эх хувиар хэрэглэсэн байх.

 

2.2.Гомдолд дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:

 

2.2.1.итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс өөр этгээд гарын үсэг зурсан бол гомдол гаргах эрх олгосон итгэмжлэлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

 

2.2.2.гадаадын хуулийн этгээдийн үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг нотлох баримт;

 

2.2.3.гадаад хэлээр үйлдсэн баримт бичгийн монгол орчуулга;

 

2.2.4.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргах гомдолд журмын 3.3-т заасан нотлох баримт;

 

2.2.5.Сангийн яаманд гаргах гомдолд энэ журмын 4.1, 4.2-т заасан нотлох баримт.

 

2.3.Гомдлыг гомдол хянан шийдвэрлэх байгууллагын бичиг хэргийн бүртгэлд бүртгэснээр хүлээн авсанд тооцно.

 

2.4.Гомдол энэ журмын 2.1-2.3-т заасан шаардлагыг хангахгүй тохиолдолд гомдлыг буцаах үндэслэл болно.

 

Гурав.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт
гомдол гаргах, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх

 

3.1.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тендер шалгаруулалтын баримт бичиг өрсөлдөөн хязгаарласан тухай сонирхогч этгээдийн үндэслэл бүхий гомдлыг хуулийн 58.1-д заасан хугацаанд хүлээн авна.

 

3.2.Сонирхогч этгээдийн гомдолд өрсөлдөөн хязгаарласан гэж үзсэн тендер шалгаруулалт, түүний багцын мэдээллийг тодорхой тусгасан байна.

 

3.3.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргах гомдолд энэ журмын 2.7-д зааснаас гадна захиалагчаас урилга хүлээн авсан, эсхүл тендер шалгаруулалтын баримт бичигт заасан журмаар сонирхлоо илэрхийлсэн болохыг нотлох баримтыг хавсаргана.

 

3.4.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хуулийн 58.3-т заасан шаардлагыг хангахгүй гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана.

 

3.5.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахтай холбоотойгоор захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлсэн тохиолдолд энэ тухай мэдээллийг цахим системд нийтэлж, албажсан шийдвэрийг захиалагчид хүргүүлнэ.

 

3.6.Энэ журмын 3.5-д заасан мэдэгдлийг үндэслэн захиалагч тендерийн нээлтийн хугацааг сунгах шаардлагатай бол энэ тухай цахим системд нийтэлнэ.

 

3.7.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлын агуулга, шаардлагаас хамааран шаардлагатай баримт бичгийг цахим системээр нэвтэрч танилцах ба тендер шалгаруулалтын хувийн хэргээс шаардлагатай баримт бичгийг цахимаар, эсхүл бичгээр ирүүлэхийг захиалагчаас шаардаж болно.

 

3.8.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдол хянан шийдвэрлэх явцад ойлгомжгүй, зөрүүтэй нөхцөл байдал үүсвэл захиалагчийн холбогдох албан тушаалтнаас тайлбар авч болно.

 

3.9.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тендер шалгаруулалтын баримт бичиг өрсөлдөөн хязгаарласан эсэхийг гомдлын хүрээнд хянаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:

 

3.9.1.захиалагчийг хууль зөрчсөн гэж үзвэл хуулийн 58.5-д заасан шийдвэрийг гаргах;

 

3.9.2.захиалагчийг хууль зөрчөөгүй гэж үзвэл энэ тухай гомдол гаргагч болон захиалагчид мэдэгдэх.

 

Дөрөв.Сангийн яаманд гомдол гаргах, гомдлыг хүлээн авах

 

 4.1.Хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай гомдлыг хуулийн 28.3-т заасан шийдвэр нийтэлснээс хойш ажлын таван өдрийн дотор гаргах ба дараах шаардлагад нийцсэн байна. Үүнд:

 

4.1.1.гомдол гаргаж буй тендер шалгаруулалт, түүний аль багц болон шийдвэрийг тодорхой дурдсан байх;

 

4.1.2.шийдвэрийг эс зөвшөөрч буй үндэслэлийг нэг бүрчлэн, бүрэн тодорхойлж ирүүлэх;

 

4.1.3.захиалагчийн шийдвэрийн хуулбарыг хавсаргах;

 

4.1.4.тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад гомдол гаргасан оролцогчийн тендерийн баталгаа хүчинтэй бөгөөд гомдол хянан шийдвэрлэх хугацаанд дуусгавар болохгүй байх.

 

4.2.Хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай сонирхогч этгээд, оролцогчийн гомдолд захиалагчид гаргасан гомдлын хуулбарыг хавсаргасан байна.

 

4.3.Хуулийн 28.1.3-т заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай гомдолд захиалагч тус оролцогчийн тендерээс татгалзсан аль нэг үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрөх тухай үндэслэл, тайлбар ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзсан шийдвэрийг хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэж гомдлыг хуулийн 59.3-т заасныг хангахгүй гэж үзнэ.

 

4.4.Тендерийн баталгааны хүчинтэй хугацааг цахим системээр шалгах ба энэ журмын 4.5-д заасан шаардлагыг багцтай тендер шалгаруулалтын гомдол гаргасан багц тус бүрд хамаарна.

 

4.5.Хуулийн 28.1.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай гомдлыг Сангийн яам хянан шийдвэрлэснээр тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийхийг даалгасан нөхцөлд захиалагч өмнөх оролцогчид дахин гэрээ байгуулах эрх олгосонтой холбоотой гомдлыг хуулийн 59.5-д зааснаар шийдвэрлэж хариу өгсөн асуудал гэж үзэж, хүлээн авахаас татгалзаж буцаана.

 

4.6.Сангийн яам энэ журмын 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5-д заасныг зөрчсөн гомдлыг хуулийн 59.5-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж буцаана.

 

Тав.Сангийн яам гомдол хянан шийдвэрлэх

 

5.1.Сангийн яам хуулийн 59.6-д заасан захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэрийг захиалагч, түүний үнэлгээний хорооны гишүүнд утсаар, эсхүл цахим системээр мэдэгдэнэ.

 

5.2.Сангийн яам энэ журмын 5.1-д зааснаар урьдчилан мэдэгдсэн тохиолдолд захиалагч гомдол гаргагчийн тендерийн баталгааг чөлөөлөхгүй байна.

 

5.3.Сангийн яам хуулийн 59.6-д заасан шийдвэрийг захиалагчид бичгээр хүргүүлнэ.

 

5.4.Сангийн яам гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахтай холбоотойгоор тухайн тендер шалгаруулалтын хувийн хэргийн баримт бичигтэй цахим системээр танилцах эрхтэй байна.

 

5.5.Сангийн яам хуулийн 48.4-т заасан тендер шалгаруулалтын хувийн хэргээс цахим системд байршуулаагүй баримт бичгийг цахимаар, эсхүл бичгээр ирүүлэхийг захиалагчаас шаардаж болно.

 

5.6.Энэ журмын 5.5-д зааснаар шаардсан баримт бичгийг тогтоосон хугацааны дотор ирүүлээгүй бол хуулийн 59.9-д заасныг үндэслэн цахим системд байршуулсан баримт бичигт үндэслэн гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна.

 

5.7.Сангийн яам гомдол хянан шийдвэрлэх явцад ойлгомжгүй, зөрүүтэй нөхцөл байдал үүсвэл захиалагчийн холбогдох албан тушаалтнаас тайлбар авч болно.

 

5.8.Сангийн яам гомдлын үндэслэлийн хүрээнд тендер шалгаруулалт хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг хянан шийдвэрлэх нь Сангийн яамны гаргах шийдвэрийн төрлийг хязгаарлах үндэслэл болохгүй.

 

5.9. Сангийн яам гомдол хянан шийдвэрлэхэд хуулийн 59.10-т зааснаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй асуудлаар захиалагчийг хуулийн 48.2.3-т заасан эрх, үүргийн хүрээнд хяналт тавихыг даалгасан бол захиалагч хуулийн 28.1-д зааснаар шийдвэр дахин гаргах эсэхийг шийдвэрлэж, оролцогчид мэдэгдэнэ.

 

5.10. Захиалагч энэ журмын 5.9-д даалгасан асуудлаар үнэлгээний хорооны зөвлөмжид хяналт тавьснаар оролцогчийн тендертэй холбоотой өмнөх шийдвэрийг хүчингүй болгосон бол хуулийн 28.1, 28.2, 28.3-т зааснаар дахин шийдвэр гаргаж, мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт Сангийн сайдын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах, тушаал хүчингүй болсонд тооцох тухай А/119 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан (УНС 2024.07.09 хүлээн авсан)/

5.11.Гомдол гаргагч хуулийн 59.1-д заасан хугацаанаас хойш гомдлын үндэслэлийг нэмэгдүүлэх, өөрчлөх, эсхүл гомдол, түүний үндэслэлээс татгалзсаныг Сангийн яам гомдол хянан шийдвэрлэхэд харгалзан үзэхгүй.

 

5.12.Нэг тендер шалгаруулалттай холбоотойгоор хоёр ба түүнээс дээш этгээд хуулийн 28.1-д заасан шийдвэртэй холбоотой гомдол ирүүлсэн тохиолдолд гомдол хянан шийдвэрлэх хугацааг сүүлийн гомдол ирүүлсэн хугацаанаас тоолно.

 

5.13.Хуулийн 14.6.3-т заасан нөхцөл үүссэн тухай шийдвэрийг хүлээн авсан захиалагч гомдол гаргагчийн 20 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, түүнээс дээш үнийн дүнтэй тендерийг баталгааг хуулийн 14.7-д заасан үнийн дүнгээр Төв төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно.

 

5.14.Захиалагч хуулийн 24.3-т заасан үндэслэлээр шийдвэр гаргах хугацааг сунгах бол энэ тухай шийдвэр гаргаж, цахим системээр оролцогчдод мэдэгдэнэ.

 

Зургаа.Бусад

 

6.1.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

-оОо-