- Нүүр
- Сайдын тушаал
- ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА, УРАМШУУЛЛЫН ЖУРАМ
Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/254 дүгээр тушаалын хавсралт
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА, УРАМШУУЛЛЫН ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ (цаашид "хууль" гэх)-ийн дагуу байгуулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүн томилох, чөлөөлөх, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулахтай холбоотой харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
1.2.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улс, олон улсын байгууллагын худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулах төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын үнэлгээний хороог байгуулах, үйл ажиллагааг зохицуулахад энэ журмыг мөрдөж болно.
Хоёр.Үнэлгээний хороо, түүний зохион
байгуулалт
2.1.Захиалагч үнэлгээний хороог хуулийн 50.1-д нийцүүлэн байгуулна.
2.2.Үнэлгээний хороо байгуулах шийдвэрт хуулийн 50.5-д заасны дагуу томилсон хараат бус гишүүнийг тодорхой заах ба түүнийг үнэлгээний хорооны дарга, нарийн бичгээр томилохгүй.
2.3.Нийслэл болон улсын зэрэглэлтэй хотоос бусад орон нутагт захиалагчийн зохион байгуулж буй тендер шалгаруулалтад төлөөлөл оролцуулах боломжтой иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага байхгүй бол аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэ журмын 2.6-д зааснаар хөтлөх жагсаалтад нэр орсон иргэнийг, тийм иргэн байхгүй бол Засаг даргын Тамгын газрын ажилтныг үнэлгээний хорооны хараат бус гишүүнээр томилж болно.
2.4.Орон нутгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан нь тухайн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа байгууллагаас зохион байгуулах тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд хараат бус гишүүнээр ажиллахгүй.
2.5.Аймаг, сумын Засаг даргын Тамгын газар иргэдийг үнэлгээний хорооны хараат бус ажилтнаар бэлтгэх чиглэлээр тогтмол сургалт зохион байгуулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба харьяа нутаг дэвсгэрт амьдардаг, гэрчилгээ авсан иргэний жагсаалт (цаашид "жагсаалт" гэх) хөтөлнө.
2.6.Төрийн албан хаагч бус, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны эрхтэй иргэн энэ журмын 2.5-д заасан жагсаалтад орох хүсэлтээ оршин суугаа аймаг, сумын Засаг даргын Тамгын газарт гаргана.
2.7.Аймаг, сумын Засаг даргын Тамгын газар хүсэлтийг нэгтгэн хүргүүлснээр Иргэдийн төлөөлөгчдийн хурал, эсхүл Хурлын хороо энэ журмын 2.6-д заасан шаардлага хангасан иргэнийг жагсаалтад бүртгэнэ.
2.8.Энэ журмын 2.7-д зааснаар бүртгэгдсэн иргэнийг тухайн орон нутаг, түүний хил залгаа болон бусад орон нутагт байгуулж буй үнэлгээний хороонд хараат бус гишүүнээр ажиллуулж болно.
2.9.Энэ журмын 2.6-д заасан шаардлага хангасан иргэнийг түүний ажил олгогчоос бусад захиалагч байгууллага үнэлгээний хорооны хараат бус гишүүнээр томилж болно.
2.10.Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний ажлын алба энэ журамд зааснаар жагсаалт хөтлөх нь захиалагчийн байгуулах үнэлгээний хорооны хараат бус гишүүнээр ажиллах иргэнийг нэр заан томилох, санал болгох эрхийг олгохгүй.
2.11.Захиалагч үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилох мэргэшсэн ажилтныг мэргэшсэн ажилтны бүртгэлд бүртгэлтэй эсэх, үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах хууль, журамд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгана.
2.12.Захиалагч байгууллагын хүний нөөцөд хуулийн 50.6 дахь хэсэгт зааснаар томилох боломжтой тухайн бараа, ажил, үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн хүн байхгүй, эсхүл нэмэлтээр ажиллуулах шаардлагатай бол өөр байгууллагын ажилтан, албан тушаалтныг ажил олгогчтой нь зөвшилцөн томилж болно.
2.13.Энэ журмын 2.12-т зааснаар томилогдсон ажилтан, албан тушаалтныг үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах боломжийг ажил олгогч нь олгох ба цалин хөлсийг нь бууруулахгүй байна.
2.14.Үнэлгээний хорооны гишүүн хуулийн 52.1-д заасан үүргийг дараах байдлаар хэрэгжүүлнэ. Үүнд:
2.14.1.үнэлгээний хорооны гишүүнээр томилогдохоос өмнө, эсхүл томилогдсон даруйд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан "Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл"-ийн загварын дагуу тухайн худалдан авах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ мэдэгдэх;
2.14.2.тендер шалгаруулалтын явцад ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөл үүссэн, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал илэрсэн бол холбогдох журмын дагуу мэдүүлэх;
2.14.3.албан үүргээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөлөл бий болсон, эсхүл албан үүрэгтэй нь холбогдуулан аливаа этгээд бэлэг, үйлчилгээ, ашигтай нөхцөл байдлыг санал болгосон тохиолдолд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авах.
2.15.Үнэлгээний хорооны гишүүн ашиг сонирхлын зөрчил үүссэн, эсхүл үүсэж болзошгүй тухай мэдүүлсэн мэдүүлэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хориглолт, хязгаарлалтад хамаарахгүй бол захиалагч тус хуулийн 8.7-д зааснаар үнэлгээний хорооны гишүүний тайлбар болон ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл, хувийн ашиг сонирхлын мэдүүлэгт үндэслэн тухайн үнэлгээний хорооны гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх эсэхийг шийдвэрлэнэ.
2.16.Хуулийн 50.9-д заасан үндэслэлээр шинээр байгуулах үнэлгээний хороог захиалагчаас өөр байгууллагад байгуулахгүй.
2.17.Захиалагч хуулийн 50.9-д зааснаар шинээр байгуулсан үнэлгээний хороог тендер нээсэн даруйд чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтой байхаар зохион байгуулна.
Гурав.Үнэлгээний хорооны үйл ажиллагаа,
гишүүний эрх, үүрэг, урамшуулал
3.1.Үнэлгээний хорооны гишүүн бүр саналын нэг эрх эдлэх ба хуралд саналаа илээр өгч оролцоно.
3.2.Захиалагч, түүний томилсон үнэлгээний хороо хуулийн 52 дугаар зүйлд заасан үүргийг хүлээх ба худалдан авах ажиллагаанд холбогдох хууль, журам, аргачлал, зааврыг дагаж мөрдөнө.
3.3.Захиалагч, үнэлгээний хорооны гишүүд хуулийн 52.2-т зааснаар шийдвэр гаргах, шийдвэр гаргахад цаг тухайд нь оролцох үүрэгтэй.
3.4.Үнэлгээний хорооны дарга хуулийн 50.10-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэх ба үнэлгээний хороог зөвхөн захиалагчийн өмнө төлөөлнө.
3.5.Үнэлгээний хороо бусад байгууллага, албан тушаалтантай харилцах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагатай гэж шийдвэрлэсэн бол захиалагчийн шийдвэрээр үнэлгээний хороог төлөөлөх эрх бүхий этгээдийг томилно.
3.6.Үнэлгээний хорооны нарийн бичиг үнэлгээний хороо хуульд нийцүүлэн хэвийн, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог хангахтай холбоотой дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
3.6.1.хурлын товыг зарлан мэдээлэх, хурлыг зохион байгуулах;
3.6.2.холбогдох маягтын дагуу үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл хөтлөх;
3.6.3.тендер шалгаруулалтын хувийн хэргийн холбогдох баримт бичгийг цахим системд нийтлэх, тендер шалгаруулалтын хувийн хэргийг архивын хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн гүйцэд хадгалах, байгууллагын архивд шилжүүлэх;
3.6.4.тендер шалгаруулалттай холбоотойгоор аливаа этгээдтэй бичгээр болон цахим хэлбэрээр харилцсан баримтыг тендер шалгаруулалтын хувийн хэрэгт хадгалах;
3.6.5.энэ журам болон хууль тогтоомжид заасан бусад.
3.7.Захиалагч өөрийн ажилтан, албан хаагч бус мэргэшсэн ажилтныг үнэлгээний хорооны гишүүнээр ажиллуулсан бол үнэлгээний хорооны хуралд оролцсон цаг тутамд Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага болон төрийн захиргааны бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын цалингийн дараах хэмжээний урамшууллыг тооцон өөрийн төсөвт багтаан олгоно:
3.7.1.харьцуулалтын аргаар худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаараас бага төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтын хувьд цаг тутамд ТЗ-7 албан тушаалын зэрэглэлийн нэг цагийн цалинтай тэнцэх;
3.7.2.харьцуулалтын аргаар худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаараас дээш төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтын хувьд цаг тутамд ТЗ-6 албан тушаалын зэрэглэлийн нэг цагийн цалинтай тэнцэх.
3.8.Захиалагч албан тушаалын тодорхойлолтоор худалдан авах ажиллагаа зохион байгуулах чиг үүрэггүй ажилтан, албан тушаалтныг үнэлгээний хороонд ажиллуулсан, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсэнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн цалин, урамшуулал олгох бол өөрийн төсөвт багтаан шийдвэрлэнэ.
3.9.Хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага, эсхүл шүүхээс тендер шалгаруулалтын баримт бичиг өөрчлөлт оруулах, эсхүл тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийх, эсхүл захиалагчийг тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжид хяналт тавихыг даалгасан тохиолдолд захиалагч үнэлгээний хороог хуралдуулж шийдвэр гаргана.
3.10.Захиалагч болон үнэлгээний хороо тендер шалгаруулалт болон гэрээний хэрэгжилтийн явцад оролцогч, гүйцэтгэгчтэй холбоотойгоор хуулийн 56.5-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хүргүүлнэ.
3.11.Үнэлгээний хорооны гишүүний зөрчил гаргасан талаарх мэдээллийг захиалагч хянан үзэж, хууль тогтоомжид заасан шийдвэр гаргана.
Дөрөв.Үнэлгээний хорооны хурал, үнэлгээний
хороо шийдвэр гаргах
4.1.Хуулийн 51.4-т заасан үндэслэлээр үнэлгээний хорооны хурлыг хойшлуулсан бол холбогдох тодруулга авах хүсэлтийг холбогдох этгээдэд яаралтай хүргүүлж, хариу авна.
4.2.Хуулийн 51.5-д зааснаар үнэлгээний хорооны гишүүдийг хуралд цахим хэлбэрээр оролцуулахад тендерийн нууцлалыг хадгалах арга хэмжээ авах ба гишүүнээс бусад этгээд хуралд оролцох боломжгүй байхаар зохион байгуулна.
4.3.Үнэлгээний хорооны хуралд цахимаар оролцож байгаа гишүүн тендер болон бусад баримт бичигтэй нэгэн адил танилцах нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.
4.4.Цахим хэлбэрээр зохион байгуулсан үнэлгээний хорооны хурлын дуу, дүрсний бичлэгийн цахим хуулбарыг тусгай тээгч (зөөврийн хатуу диск, оптик диск)-нд бүрэн эхээр нь хуулбарлаж, тендер шалгаруулалтын хувийн хэрэгт хадгална.
4.5.Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл нь зөвлөмж (цаашид "зөвлөмж" гэх) байх бөгөөд энэ журмын хавсралтад заасан маягтад нийцүүлэн боловсруулна.
4.6.Үнэлгээний хороо бараа, ажил, үйлчилгээний онцлогоос хамааруулан төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан жишиг баримт бичигт нийцүүлэн тендер шалгаруулалтын баримт бичиг, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлт, тендер шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой тодруулгын төслийг боловсруулж, хууль тогтоомжид нийцүүлэн батлуулахаар захиалагчид хүргүүлнэ.
4.7.Үнэлгээний хороо хуулийн 8.9-д зааснаар давуу эрх тооцоход шаардлагатай мэдээлэл, нотлох баримтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгахад гэрээний үүргийн гүйцэтгэлийн явцад давуу эрх олгосон нөхцөлийг хэрэгжүүлж байгаа эсэхийг бодитой хянах боломжтой шалгуур, нотлох баримтад үндэслэнэ.
4.8.Хуулийн 8.7.1-д заасан захиалагчийн зарлах ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтад давуу эрх олгох нөхцөлд тухайн аймагт, шаардлагатай тохиолдолд хил залгаа аймаг, орон нутагт үйл ажиллагаа үйл ажиллагаа явуулж, ажлын байр бий болгосон байх шалгуурыг тодорхойлж тусгана.
4.9.Үнэлгээний хорооны хуралд тухайлсан асуудал бүрээр санал хурааж шийдвэрлэхэд хуралд оролцсон гишүүдийн олонхын дэмжсэн саналаар шийдвэрлэх ба захиалагчид хүргүүлэх зөвлөмжийг эцэслэн батлах эсэхийг үнэлгээний хорооны нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
4.10.Үнэлгээний хорооны хуралд оролцоогүй гишүүн зөвлөмжийг бичгээр гарснаас хойш ажлын нэг өдрийн дотор танилцаж, хуулийн 51.8-д зааснаар баталгаажуулна.
Тав.Захиалагч үнэлгээний дүгнэлтийг
хүлээн авах, түүнийг баталгаажуулах, татгалзах
5.1.Үнэлгээний хороо зөвлөмжийг холбогдох журам, заавар, аргачлалын дагуу боловсруулж, захиалагчаар батлуулах баримт бичиг, шийдвэрийн төслийг захиалагчид хүргүүлнэ.
5.2.Захиалагч зөвлөмжид үндэслэн хуулийн 28.1-д заасан шийдвэр гаргана.
5.3.Захиалагч хуулийн 48.2.3-т заасан эрх, үүргийн хүрээнд зөвлөмж хууль тогтоомжид нийцэхгүй гэж дүгнэсэн бол зөрчлийг арилгуулахаар үнэлгээний хороонд буцаах тухай шийдвэрийг нэн даруй хүргүүлнэ.
5.4.Энэ журмын 5.3-т заасан шийдвэрийг тусгайлан бичгээр үйлдэж хүргүүлснээс бусад тохиолдолд зөвлөмжийн холбогдох хэсэгт хууль тогтоомж зөрчигдсөн гэж үзсэн үндэслэл, тайлбарыг тэмдэглэж, захиалагчийн эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажуулан үнэлгээний хороонд хүргүүлнэ.
5.5.Үнэлгээний хороо энэ журмын 5.3-т заасан шийдвэрийг захиалагчаас хүлээн авснаас бусад тохиолдолд зөвлөмжид өөрчлөлт оруулах, эсхүл шинээр зөвлөмж гаргах эрхгүй.
5.6.Хуулийн 48.3-т заасан захиалагчийг төлөөлөх этгээд зөвлөмж хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих эрхээ үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнд шилжүүлж болохгүй.
5.7.Үнэлгээний хороо захиалагчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдрийн дотор хуралдаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж, захиалагчид хүргүүлнэ. Үүнд:
5.7.1.захиалагчаас ирүүлсэн шаардлага үндэслэлтэй гэж үзвэл хууль тогтоомжид нийцүүлэн зөрчлийг арилгаж, зөвлөмжийг дахин гаргах, эсхүл өөрчлөлт оруулах;
5.7.2.захиалагчаас ирүүлсэн шаардлага үндэслэлгүй гэж үзвэл захиалагчийн үндэслэлтэй холбогдуулан тайлбар хийж, өмнөх зөвлөмжийг дахин хүргүүлж буйг мэдэгдэх.
5.8.Үнэлгээний хорооны нарийн бичиг хуулийн 28.1-д заасан шийдвэрийг нийтлэхээс өмнө зөвлөмжийг цахим системд байршуулах үүргийг хүлээнэ.
5.9.Үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий хуулийн 48.1-д заасан эрх бүхий албан тушаалтан тендер шалгаруулалтын сонирхогч этгээд, оролцогч болон бусад илэрхий болсон нөхцөл байдалтай холбоотойгоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хориглолт, хязгаарлалт үйлчлэх тохиолдолд тус тендер шалгаруулалттай холбоотой захиалагчийн эрх хэрэгжүүлэхээс татгалзаж, захиалагчийн эрхийг хэрэгжүүлэх бүхий этгээдийг өөрийн томилсон дээд шатны албан тушаалтантай зөвшилцөн томилно.
5.10.Захиалагч худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл хүлээн авах ажлын хэсэгт үнэлгээний хорооны гишүүнийг оролцуулахаар томилж болно.
5.11.Үнэлгээний хорооны гишүүн цахим системд нэвтрэх эрхээр дамжуулан зөвлөмжийг баталгаажуулсан нь гарын үсэг зурсанд тооцогдоно.
Зургаа.Бусад зүйл
6.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
6.2.Хуулийн 52 дугаар зүйлд заасан нөхцөл үүссэн мэргэшсэн ажилтан хууль тогтоомж зөрчсөнийг эрх бүхий байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол захиалагч захиалагч хуулийн 61.4-т зааснаар мэргэшсэн ажилтны гэрчилгээг хүчингүй болгох мэдэгдлийг мэргэжлийн байгууллагад хүргүүлнэ.
6.3.Үнэлгээний хорооны хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр ба түүнээс дээш удаа оролцоогүй, зөвлөмжийг баталгаажуулахаас татгалзсан үнэлгээний хорооны гишүүнийг хуулийн 52.2-т заасан үүрэг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
6.4.Мэргэжлийн байгууллага энэ журмын 6.2-т заасан мэдэгдлийг үндэслэн мэргэшсэн ажилтны гэрчилгээг хүчингүй болгоно.
-о0о-
"Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам"-ын хавсралт
(БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭР) ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ /ЗӨВЛӨМЖ/
Огноо Дугаар Үйлдсэн газар
Хурлын огноо /хэлбэр/:
Хурлын ирц:
Хэлэлцсэн асуудал тус бүрээр
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 1:
СОНССОН НЬ:
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 2:
СОНССОН НЬ:
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ...:
СОНССОН НЬ:
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
Захиалагчид хүргүүлэх зөвлөмжийн утга:
[Тендер тус бүртэй холбоотойгоор хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан аль нэг шийдвэр гаргах зөвлөмжийг сонгож бичих]
Гарын үсэг /Баталгаажуулалт/ :
| Зөвлөмжийг дэмжсэн эсэх /дэмжээгүй бол үндэслэлийг заах/ |
Дарга [нэр оруулна уу] |
Тийм / Үгүй |
|
|
Гишүүд |
|
|
|
[нэр оруулна уу] | Тийм / Үгүй
|
[нэр оруулна уу] | Тийм / Үгүй
|
[нэр оруулна уу] | Тийм / Үгүй
|
Тэмдэглэл хөтөлсөн: |
|
Нарийн бичиг: [нэр оруулна уу] |
Тийм / Үгүй |
ЗАХИАЛАГЧИЙН ТЭМДЭГЛЭЛ /Зөвхөн үнэлгээний хорооны зөвлөмжийг хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд үндэслэлийг тодорхой бичих/
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
Баталгаажуулсан:
Захиалагчийг төлөөлөх этгээд:
Гарын үсэг / /
Огноо:
|
Текст томруулах
A
A
A