- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 12 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалт:
"9.1.7.эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьсан, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг шилжүүлэх, албадан буулгах зэргээр орц, гарцыг гаргах арга хэмжээг авах."
2/9 дүгээр зүйлийн 9.2-9.5 дахь хэсэг:
"9.2.Энэ хуулийн 9.1.7-д заасан барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг шилжүүлэх, албадан буулгахтай холбоотой зардлыг буруутай этгээдээр гаргуулна.
9.3.Энэ хуулийн 9.1.2-т заасан аймаг, нийслэлийн ерөнхий архитекторын сонгон шалгаруулалтад Барилгын тухай хуулийн 44.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй архитектор, хот төлөвлөлтийн мэргэжилтэн, эсхүл мэргэжлийн байгууллага, хуулийн этгээд оролцож болно.
9.4.Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторын эрх, үүргийг мэргэжлийн байгууллага, хуулийн этгээд хэрэгжүүлэх бол аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулна.
9.5.Энэ хуулийн 9.4-т заасан мэргэжлийн байгууллага, хуулийн этгээд нь энэ хууль болон гэрээнд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж, хариуцлага хүлээнэ."
2 дугаар зүйл.Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"12.6.3.төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна. Хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэх зориулалт бүхий талбайтай байна."
3 дугаар зүйл.Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсгийн "70 хувиас илүүгүй" гэснийг "60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
