- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 107
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-т заасан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийн хэмжээг бууруулахгүйгээр хилийн цэст өөрчлөлт оруулах асуудлыг судлан шийдвэрлүүлэх, уг нутаг дэвсгэрт үүссэн суурьшлын бүсийг нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн иргэдийн хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ авах эрхийг хангах арга хэмжээ авах;
2/Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиар нийслэлийн хэмжээнд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар албадан чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан тул цаашид улсын хэмжээнд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар албадан чөлөөлөхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулж, Монгол Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэх;
3/Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэл Улаанбаатар хотын орон сууцны байшингийн цахилгаан шатны болон дулааны техникийн шинэчлэл /фасад, дээвэр, босоо шугам, хаяавч, узель/-д шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж шийдвэрлэх;
4/Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг 2023 оны 12 дугаар сард багтаан боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
5/Хот байгуулалтын тухай хуулийн 9.4-т заасны дагуу аймаг, нийслэлийн ерөнхий архитекторын эрх, үүргийг мэргэжлийн байгууллага, хуулийн этгээд хэрэгжүүлэх тохиолдолд ерөнхий архитекторын албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд хамааруулсан холбогдох шийдвэрт өөрчлөлт оруулах;
6/Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6.3-т заасан журамд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3, 12.8-д заасан шаардлагыг хангаагүй барилга байгууламжийг хамруулах асуудлыг тусгах;
7/Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох шийтгэл цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд хамаарахгүй байхаар зохицуулах.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Ж.Батжаргал/, Төсвийн байнгын хороо /Г.Тэмүүлэн/, Төрийн байгуулалтын байнгын хороо /Н.Энхболд/, Эдийн засгийн байнгын хороо /Ц.Цэрэнпунцаг/-нд тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A