- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 12 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:
1/4.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
"5.Хүн, хуулийн этгээд энэ хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.19 дүгээр зүйлийн 10 дахь хэсэг, 14.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдэж торгох шийтгэлийг хугацаанд нь төлөөгүй нь энэ хуулийн 3.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах үндэслэл болно."
2/6.29 дүгээр зүйл:
"6.29 дүгээр зүйл.Оршуулгын үйл ажиллагааны журам зөрчих
1.Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах, зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг шилжүүлэх журам зөрчсөн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
3/6.30 дугаар зүйл:
"6.30 дугаар зүйл.Нийслэл Улаанбаатар хотод мөрдөх хууль, дүрэм, журам зөрчих
1.Нийслэл хотын дүрэм зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Авто зогсоолын нэгдсэн удирдлагын цахим системд холбогдоогүй, стандартын шаардлага хангаагүй авто зогсоол ажиллуулсан бол зөрчлийг арилгуулж, хууль зөрчиж олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд журам зөрчиж мал нэвтрүүлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
4/7.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэг:
"9.Амьтны хүрээлэн ажиллуулахад тавигдах шаардлагыг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
5/14.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол төлбөл зохих төлбөрийг нөхөн төлүүлж, хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"1.2.хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоолтой байх, хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэх зориулалт бүхий талбайтай байх;"
3 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтын "70 хувиас" гэснийг "60 хувиас "гэж, мөн заалтын "нэг мянган" гэснийг "таван мянган" гэж, "арван мянган" гэснийг "тавин мянган" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
