A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 12 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/3.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалт:

"1.2.нийтэд тустай ажил хийлгэх;"

2/3.4 дүгээр зүйлийн 8, 9 дэх хэсэг:

"8.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлана. Хүн, хуулийн этгээд эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг энэ хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд хязгаарлана. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх, эсхүл холбогдох хууль тогтоомжид заасан бусад аргаар хөдөлгөөнийг нь хязгаарлана.

9.Энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан эрхийг хязгаарлах, эрх бүхий албан тушаалтан, шүүх болон эрх бүхий байгууллага хооронд мэдээлэл солилцох журмыг Улсын ерөнхий прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална."

3/3.5, 3.6 дугаар зүйл:

"3.5 дугаар зүйл.Торгох шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх үндэслэл

Хэвлэх

1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтан, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлэх бол шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлсэн нь зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд албадлагын арга хэмжээ авахгүй байх үндэслэл болохгүй.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлэх үндэслэл энэ хуулийн 5.2, 5.3, 5.4, 5.5, 5.6, 5.7, 5.8, 5.10, 5.11, 5.12, 5.13, 5.14, 5.15, 5.18, 5.20, 6.4, 6.5, 6.6, 6.7, 6.8, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.17, 6.18, 6.20, 6.22, 6.23, 6.26, 6.27 дугаар зүйл, Долдугаар бүлэг, 8.1, 8.6, 8.7, 8.8, 8.9, 9.7, 10.3, 10.7, 10.15, 10.25 дугаар зүйл, Арван нэгдүгээр бүлэг, 12.1, 12.2, 12.3, 12.4, 12.5, 12.6, 12.8, 12.9, 12.10, 12.11, 13.1, 13.2, 13.4, 13.5, 13.6, 14.1, 14.2, 14.3, 14.4, 14.5, 14.6, 14.8, 14.9, 14.10, 14.11, 14.12, 14.13 дугаар зүйл, Арван тав, Арван зургадугаар бүлэг, 17.1 дүгээр зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарахгүй.

4.Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг энэ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шийтгэлийн хэмжээг 50 хүртэл хувиар нэмэгдүүлнэ.

5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлалыг Улсын ерөнхий прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

6.Шүүх, эрх бүхий албан тушаалтан торгох шийтгэлийг нэг жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн бол энэ зүйлийн 1, 4 дэх хэсэг хамаарахгүй.

3.6.Нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл

1.Зөрчил үйлдсэн хүн энэ хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгох шийтгэлийг биелүүлээгүй бол шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл гэнэ.

2.Шүүх нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно.

3.Энэ хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийг биелүүлээгүй бол торгох шийтгэлийн арван таван нэгжийг найман цагийн нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр тооцож солино.

4.Нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй."

2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "үндсэн," гэсний дараа "нийтэд тустай ажил хийлгэх," гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"5.Жолооч:

5.1.согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;

5.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;

5.3.согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна."

4 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалтын дугаарыг "1.3, 1.4" гэж, 3.5, 3.6, 3.7, 3.8 дугаар зүйлийн дугаарыг "3.7, 3.8, 3.9, 3.10" гэж, 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "хоёр зуун" гэснийг "дөрвөн зуун" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР