- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 12 сарын 08 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"19.1.Эрүүл мэндийг дэмжих сан нь хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн өвчтөний эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх болон амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгох зориулалттай байна.
19.3.Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
19.3.1.иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, иргэнд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагаа;
19.3.2.хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлийг тандах, судлах үйл ажиллагаа;
19.3.3.эмийн зохистой хэрэглээг сурталчлан таниулах;
19.3.4.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи шинээр нэвтрүүлэх үйл ажиллагаа;
19.3.5.зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн өвчтөний эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх;
19.3.6.тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөлт нь хуульд заасан хугацааг хангаагүй амьгүй донорын гэр бүлийн гишүүнд олгох нэг удаагийн тэтгэмж."
2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийн "зарцуулах" гэснийг "төвлөрүүлэн зарцуулах" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
